Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Зориг |
Хэргийн индекс | 2205032141431 |
Дугаар | 2024/ДШМ/1108 |
Огноо | 2024-10-01 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Намжил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2024/ДШМ/1108
2024 10 01 2024/ДШМ/1108
Б.Б, М.Б Б.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Намжил,
шүүгдэгч /хохирогч/ Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Б,
шүүгдэгч М.Б түүний өмгөөлөгч Г.Г,
шүүгдэгч /хохирогч/ Б.А-ийн өмгөөлөгч С.С,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/625 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч/хохирогч Б.Б-ын өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б, М.Б Б.А нарт холбогдох эрүүгийн 2205032141431 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Б.А, 1980 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо, Ө хороолол, … дугаар байрны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ……………/;
2. Х овгийн М.Б, 1996 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хороо, … дүгээр хороолол, … байрны … тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД: …………………../;
3. Х овгийн Б.Б, 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, “А ХХК”-д савлах хэсгийн ээлжийн ахлах ажилтай, ам бүл 5, эх, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хороо, … дүгээр хороолол, … дугаар байрны … тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ……………/;
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацрын цус хуралт, хацрын няцарсан шарх, хүзүү, тохой, өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч М.Б нь Б.Б-тай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.А-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Б нь М.Б-тай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.А-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн маргааны явцад хохирогч Б.А-ийн эзэмшлийн 11-… … улсын дугаартай, Лексус 570 загварын авто тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.050.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Б-ыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.А-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас 896.230 төгрөг, шүүгдэгч М.Б-аас 896.230 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.А-д олгуулж, хохирогч Б.А нь цаашид гарах зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.А бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд, хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ял ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Б.А-ийн биед учирсан баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг шилбэний зулгаралт зэрэг гэмтэл тус бүрийг Б.Б, М.Б нарын хэн нь учруулсан эсэхийг тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтээр Б.А-д учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна гэж дүгнэсэн. Б.А-ийн биед учирсан баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг шилбэний зулгаралт зэрэг гэмтлээс аль гэмтэл нь бусдын цохилтоос үүссэн эсэх, ноцолдох болон газар унахдаа үүсэх боломжтой гэмтэл байгаа эсэх, гэмтэл тус бүр нь олон удаагийн цохилтоор үүссэн эсэх, эсвэл нэг удаагийн цохилтоор үүссэн эсэх нь бүрэн гүйцэд тогтоогдоогүй байдаг. Гэмтэл тус бүрийг хэн учруулсан эсэхийг нэг бүрчлэн нарийн тогтоосноор ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах, хохирол төлбөр, хор уршгийг хэн барагдуулах зэрэг шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт нэг бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийг яллах эсхүл цагаатгах нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг өөр мөрдөгчид болон шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлнэ.” гэж тус тус хуульчилсан байдаг. Хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл үйлдэж, 66-74 дүгээр хуудсанд камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн. Гэтэл хуульд заасны дагуу эд мөрийн баримтаар хураан авсан эд мөрийн баримтыг хадгалах, хамгаалах үүргээ зөрчиж, хэргийн хамт шүүхэд шилжүүлээгүйн улмаас миний үйлчлүүлэгчийн зүгээс өөрт холбогдоод байгаа үйлдэл холбогдлыг цагаатгах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэхүү сиди бичлэгт Б.Б болон Б.А-ын маргаан эхлэх цаг хугацаанаас эхлээд цагдаагийн байгууллагад ирэх хүртэлх цаг хугацаанд холбогдогч тус бүрийн үйлдэл бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.А болон автомашинд Б.Б нь гэмтэл учруулсан эсэх нь тодорхой байдаг. Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан баримт болон мөрдөн шалгах ажиллагаагаар миний үйлчлүүлэгч нь Б.А-ийн биед гэмтэл, авто машинд хохирол учруулсан талаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байхад шүүхээс ял шийтгэл оногдуулсан байдаг. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, Б.Б-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. …” гэв.
Шүүгдэгч /хохирогч/ Б.Б “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч М.Б“тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч М.Б-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед Б.А, Б.Б хоёрыг дээр доороо ороод зодолдож байхад нь салгахаар очиход Б.А яаж байгаа юм бэ гээд өөдөөс нь цохиход нь болиоч та гээд салгахдаа ам руу нь түлхсэн. Тэгээд түүнээс болж 2 шүд нь унасан байх гэж өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч /хохирогч/ Б.А-ийн өмгөөлөгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, гомдолд дурдагдсан Б.А-ийн биед учирсан хохирлын шинжээчийн дүгнэлттэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг ч гомдол, санал, дахин шинжээч томилуулах, эсхүл шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу, ямар нэгэн санал хүсэлт гаргаж байгаагүй. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах шатны шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлт буруу, үндэслэлгүй, эсхүл дутуу гэсэн гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн Б.Б М.Б-ын биед гэмтэл учруулсан мэт ярьж байна. Б.Б М.Б-ын биед гэмтэл учруулаагүй, харин Б.Б болон М.Б нар нийлж бүлэглэж Б.А-ийн биед гэмтэл учруулсантай холбоотой энэ асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл, шүүх энэ талаар дүгнэлт хийсэн. Камерын бичлэгтэй холбоотой сиди алга болсон гэж яриад байдаг. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу үзлэг хийгдэж, тэмдэглэл хөтлөгдсөн бөгөөд үүнээс харахад камерын бичлэгээс ямар нэгэн тодорхой зүйл харагддаггүй тул камерын бичлэгээс тодорхой харагдах байсан гэсэн гомдол ойлгомжгүй байна. Нөгөөтээгүүр, Б.А-ийн унаж явсан автомашины урд шилийг хагалсан үйлдлийн тухайд машинд эвдрэл байсан эсэх талаар машин дотор байж байгаад цохисон гэсэн мэдүүлэг байдаг. Шүүгдэгч гэм буруугаа нотлох ёсгүй учраас үүнийг үгүйсгэдэг. Тэгэхээр шүүгдэгч Б.Б-ын үйлдэл хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гудамж талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Бын зохисгүй үйлдэл, замын хөдөлгөөнд оролцож явсан тээврийн хэрэгсэл рүү халдан урд явсан тээврийн хэрэгслүүдийг цохиж, мөн Б.Алтансүхийн тээврийн хэрэгслийг цохиж согтуурсан үйлдлийн улмаас Б.Ашаардлага тавьснаас болж маргаан үүссэн. Улмаар Б.А, Б.Б нар хэргийн газар харилцан бие бие рүүгээ цохих үйлдэл хийж ноцолдож, цохисон болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Б.Б, Б.А нарын хэрүүл маргааны явцад Б.Б-тай хамт явсан М.Б нь Б.А-ийн нүүр хэсэгт цохиж гэмтэл учруулсан. Б.А“өндөр махлаг биетэй залуу миний шүдэнд гэмтэл учруулсан, бусад гэмтлийг анх ирж маргаан үүсгэсэн залуу надад учруулсан гэж тодорхой мэдүүлсэн. Б.А-ийн үйлдлийн улмаас Б.Б-д хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, М.Б нарыг хүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн гэмтэл учруулсан, Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Сиди дээрх дүрс бичлэгийг хавтаст хэргийн 66-74 дүгээр хуудсанд үйл баримтыг тодорхой тогтоон дүрслэн бичгийн хэлбэрээр буулгасан байгаа. Мөрдөгч сидиг эд мөрийн баримтаар тооцсон боловч хавтаст хэрэгт сиди ирээгүй. Прокурорын зүгээс сиди хэрэгт ирээгүй нь хэргийг шүүхэд шилжүүлэхгүй байх, хэргийг удаашруулах шалтгаан биш гэж үзсэн. Учир нь, хэрэгт бичгийн хэлбэрээр хавсаргагдсан байсан. Мөн гэрч Н.Б-ийн “туранхай залуу машин өшиглөөд салоны шил цохиод байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Б-ийн “тухайн өдөр Б.А-ийн машиныг бид үзэхэд цонх нь хагарсан асуудал байгаагүй” гэсэн мэдүүлгүүд байдаг бөгөөд “UB palace”-ийн хашаанд Б.А тээврийн хэрэгслээ зарахаар найздаа үзүүлээд буцаад явж байсан үйл баримт тогтоогддог. Зөвхөн сиди ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотой оролцогчдоос энэ асуудлыг шалгуулахаар гомдол, хүсэлт гаргаагүй. Б.А-ийн өмгөөлөгчийн зүгээс өмнө нь асуудлыг шалгуулж яваагүй атлаа заавал давж заалдах шатны шүүх хуралдаан дээр яриад байгаа нь хэргийн үйл баримтад ямар ач холбогдолтой юм гэсэн зүйл дурдсан. Тэгэхээр хэргийн материалтай танилцахад сиди дээрх үйл баримт цаасан хэлбэрээр авагдсан байхад танилцсан атлаа энэ талаар яагаад яриагүй юм гэсэн эргэлзээтэй нөхцөл байдал байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацрын цус хуралт, хацрын няцарсан шарх, хүзүү, тохой, өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч М.Б нь Б.Б-тай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.А-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Б нь М.Б-тай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.А-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн маргааны явцад хохирогч Б.А-ийн эзэмшлийн 11-... ... улсын дугаартай, Лексус 570 загварын авто тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.050.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан болох нь:
Б.А-ийн хохирогчоор өгсөн “...Б.Б, М.Б нар намайг хоёулаа зодсон. Анх Б.Б гэж залуу нь согтуу хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн цохиж явж байгаад миний машиныг цохихоор нь машин эвдэрсэн байж магадгүй гэж бодоод машинаас буугаад барьж авах гэхэд Б.Б нь намайг цохиж аваад зодолдоод бид хоёул газарт унасан. Энэ үед М.Б гэх залуу хаанаас ч юм гарч ирээд араас цохихоор нь эргээд харсан чинь шууд нүүр хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалах гээд байж байтал 2 шүд унахаар нь шүд хуга цохьчихлоо гээд М.Б-д үзүүлсэн. Ингээд манай 2 найз болох Б.Б, П.Б нар ирээд Б.Б, М.Б нар намайг зодож байхад болиулах гэсэн боловч салж өгөхгүй байж байгаад цагдаа дуудах үед М.Б нь зугтаагаад олдохгүй байсан. Харин Б.Б миний машинд суугаад агсам тавиад цагдаа нар чадахгүй, би ч гэсэн зодуулсан гээд хаалга өшиглөж байгаад баруун урд талын цонхыг хагалсан байсан. Тэгэхээр М.Б миний шүдийг цохисон ба миний чих рүү бол хэн цохисныг сайн мэдэхгүй байна би газарт унасан доошоо хараад нүүрээ хамгаалаад байж байхад М.Б Б.Б нар хоёул дээрээс цохиж байсан. Миний машинд бол Б.Б л суугаад агсан тавиад би алнаа гээд намайг машиндаа суухад араас орж ирж суугаад хаалга цонх өшиглөөд байсан. Машины баруун талын хаалганы цонх хагарсан ба машины цонх яг бутарч унаагүй, цуурч хагараад дахин ашиглах боломжгүй болсон. Би энэ 2 залуутай цаг орчим ноцолдож зодуулсан. ...” /1хх 102-103/,
Б.Б-ын хохирогчоор өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би өөрийн найз М.Б-тай хамт Баянгол дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын хажууд айлд 15 цагийн үед очсон. Тэндээс орой 20 цаг өнгөрч байхад харихаар болоод М.Б намайг суулгаж өгөхөөр гарсан бөгөөд би машинтай явсан болохоор дуудлагын жолооч дуудаж, машин дээрээ очихоор зам хөндлөн гарах үед гуйваад Lexus маркийн автомашиныг хажуугаараа налчихсан юм. Энэ үед нөгөө машины жолооч надад хандаад уурлаад хэрүүл эхэлсэн бөгөөд намайг цохиж аваад машиндаа суух гэхээр нь би явуулахгүй гээд нөгөө жолоочтой зууралдаж ноцолдсон. Энэ үед манай найз М.Б миний араас ирсэн бөгөөд нөгөө хүн надтай ноцолдож байгаад газар унагаж дээр гараад толгой хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон энэ үед М.Б намайг зодож байсан хүнийг салгах гээд араас нь татсан энэ үед миний нүд цохиулаад чинэрч өвдөөд байсан тул гараараа нүүрээ дараад байж байсан чинь өөр үл таних хоёр ах ирсэн байсан. Би босож ирээд намайг яагаад зодож байгаа юм, нүд хар гэх зүйл хэлсэн бөгөөд тухайн үед жолооч эрэгтэй намайг хэл амаар доромжлоод байсан. Би тухайн хүнтэй хэрүүл хийж байгаад хажууд байсан ТҮЦ-ийн орчим очсон. Тэнд байж байхад манай найз М.Б намайг нөгөө хүнээс холдуулсан. Би буцаад машин дээр нь очоод явах гээд байхаар нь машин дотор нь ороод суусан чинь чи буу гэх зүйл хэлээд намайг чирээд буулгасан, ингээд бид нар хэрүүл хийгээд байж байхад эргүүлийн цагдаа нар ирсэн бөгөөд бид нарыг харилцан зодоон хийсэн байна гээд хэлтэс дээр авч ирсэн. Би тухайн дүгнэлтүүдийг уншиж танилцсан бөгөөд дүгнэлтээр миний биед учирсан гэмтэл болон гарсан хариуг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 38-40/,
гэрч Б.Б-н “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай найз Б.А бид хоёр Улаанбаатар паласын хашааны гадаа уулзсан. Б.А Лексус 570 машинаа зарах гэж байгаа гээд одоо үнэ ханш хэдтэй байгааг асуугаад хурдан борлуулах талаар ярилцаж байгаад хөдөлсөн. Ингээд би араас нь өөрийн нэг найзтайгаа хаалгаар гараад ирсэн чинь битүү түгжрэл болсон байсан ба би нэг зэрвэс харсан чинь түгжрээтэй машинууд дунд Б.А дээш хараад унасан, дээрээс нь нэлээд махлаг эрэгтэй зодоод байгаа бололтой харагдсан бөгөөд би машинаа зогсоогоод гарч нөгөө хэд дээр очсон чинь нэг туранхай өндөр залуу болон махлаг биерхүү эрэгтэй байсан бөгөөд тэнд байсан хүмүүс салгах гэхээр болон хажуугаар өнгөрч байгаа машины жолооч нарт нэлээд ширүүн хандаад агсам тавиад байсан. Бид нар арай гэж маргаан зодооныг болиулаад өөрийн дугаараас 102 дугаарт залгаж цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэх хооронд нөгөө хоёр эрэгтэй хэрүүл маргаан хийсэн. Ингэж байгаад нэг харсан чинь нөгөө махлаг нь зугтаагаад явсан байсан, харин туранхай нь Б.А-ийн машинд орж гараад байхаар нь би суулгахгүй гэж хэлсэн чинь үгэнд орохгүй машин унаа өшигчөөд дотор нь ороод салон, шилийг нь цохиод байсан. ...” /1хх 82-84/,
гэрч П.Б-ийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр найз Б.Б-тай Улаанбаатар палас орчим явж байсан чинь найз Б.А Б.Б-тай утсаар яриад уулзах хэрэг байна, би машинаа зарах гэж байгаа, үнэ нь хэд болох бол мэдээд өгөөч гэж хэлэхэд нь хүрээд ир гээд байгаа газраа хэлээд дуудсан. Ингээд удалгүй Улаанбаатар паласын хашааны гадна уулзаад салцгаасан. Б.А түрүүлж машинаа унаж хөдлөөд араас нь Б.Б бид хоёр 2 хөдлөөд зам түгжрэлтэй явж байхад Б.Б Б.А хүнд зодуулж байна гэхээр нь буугаад машин дээр нь очсон чинь Б.А-н дээр нь бүдүүн мяраалаг залуу гарсан цохиж байхаар нь би салгасан чинь Б.А газраас босож ирээд миний шүд уначихлаа гээд газраас шүдээ хайж байх хооронд бүдүүн залуу нь зугтсан. Тэгэхээр нь би араас нь хөөж очиж бариад цагдаа нарт хүлээлгэж өгөөд Б.А зүрх савлаад машинаа барьж чадахгүй байна гэхээр нь би машиныг нь бариад цагдаагийн хэлтэст ирсэн. Б.Б бид хоёр Б.А-ийг зодуулж байхад нь очиход Б.А газарт унасан байдалтай, бүдүүн залуу нь дээрээс нь цохиод, туранхай залуу нь хажуу талаас нуруу хэсэг рүү өшиглөөд байж байхаар нь би бүдүүнийг салгаад, Б.Б туранхай залууг нь цааш холдуулсан. Анх машиныг үзэхэд бол огт цонх нь хагарсан зүйл байгаагүй. Учир нь, Б.А машинаа зарна гэхээр нь Б.Б бид хоёр нэг бүрчлэн үзэж харсан. Харин арын гүперт л будаг хийвэл хийхээр байсан. Миний харснаар бол бүдүүн залуу нь шүдийг нь цохисон байх. Дээр нь гарсан нүүр хэсэг рүү цохиж байсан. Ер нь хоёул нийлээд манай найзыг зодож байсан. Тухайн үед Б.А-ийг зодож байсан хоёр залуу хоёул нэлээн согтуу байсан. Манай найз анх Б.Б бид хоёртой уулзахдаа зүгээр байсан. Зодуулж байхдаа хамар, амнаас нь цус гарсан, нүд нь хөхөрсөн байсан. Манай найз чих сонсгол нь зүгээр байсан ба зодуулсны дараа чих нь жоохон хатуу болсон, сайн сонсохгүй байх шиг байсан. ...” /1хх 106-107/,
гэрч Э.Э-ын “...Би тухайн үед 24 цагаар Бугат-… чиглэлд цагдаа жолооч С.Б-ийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед 20 цаг 34 минутын орчимд Баянгол дүүргийн … дугаар хороо, Улаанбаатар палас руу эргэх зам дээр 11-… … машинтай согтуу залуучууд хоорондоо зодолдоод байна гэх утга бүхий дуудлага хүлээн авч, 20 цаг 44 минутын орчимд очсон. Улаанбаатар паласын ертөнцийн зүгээр зүүн талын зам дээр очиход саарал өнгийн Лексус 570 машины эзэмшигч Б.А нь нэг найзтайгаа, намхан туранхай эрэгтэйг хоёр талаас нь барьчихсан зогсож байсан. Тэгтэл Б.А-д хандан миний шүд уначихлаа, намайг цохисон хүн энэ хүний найз гэхээр нь регистрийг нь шүүж үзтэл Б.Б гэх залуу гарч ирсэн бөгөөд найзыг нь хаашаа явсан талаар асуутал Б.А зүүн хойшоо чиглэлтэй байран дундуур ороод гүйгээд явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь яваад очтол өөдөөс Б.А-ийг цохисон гэх эрэгтэй ирж байсан. Ирэхээр нь регистрийн дугаарыг нь шүүгээд үзтэл М.Б гэх нэртэй хүн байсан бөгөөд Б.Б болон М.Б нарыг албаны машинд суулгаад Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж, жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Харин Б.А-ийг араас хоёрдугаар хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. М.Б гэх эрэгтэй жоохон халамцуу, архи үнэртүүлчихсэн өөрийн биеэ хянах чадвартай байсан. Б.Б нь нэлээд архи уучихсан согтуу, биеэ авч явж чадахааргүй байсан бөгөөд тааралдсан хүн болгонтой маргалдаад агсраад байсан. Тухайн үед Б.А нь хэлэхдээ хоёр согтуу залуу урд явж байгаад замаас холд гэж хэлтэл миний машиныг цохихоор нь машинаасаа буугаад маргалдаж намайг зодсон гэж хэлсэн. М.Б нь хэлэхдээ тэр машинтай хүн бид хоёрыг дайрах гээд байхаар нь өөдөөс нь хэрэлдэж маргалдсан гэж хэлсэн. Харин Б.Б өөрийгөө илэрхийлж чадахгүй согтуу байсан. Тухайн үед Б.А-ийн дээд шүд нь уначихсан, амнаас цус гарсан байдалтай байсан. Мөн тухайн үед Б.Б, М.Б нарт ямар гэмтэл учирсныг сайн санахгүй байна...” /2хх 19-21/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13198 дугаар шинжээчийн “... Б.А-ийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. ...” /1 хх 45-46/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13201 дугаар шинжээчийн “... Б.Б-ын биед зүүн нүдний зовхи, хацрын цус хуралт, хацрын няцарсан шарх, хүзүү, тохой, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /1 хх 51-52/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13878 дугаар шинжээчийн “... М.Б-ын биед зүүн шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /1 хх 55-56/ гэсэн дүгнэлтүүд,
“Д” ХХК-ийн хөрөнгө даатгалын 2022 оны 10 дугаар сарын шинжээчийн дүгнэлт /1хх 57-60/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 66-74/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Б.А-ийн бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч М.Б-ын бүлэглэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.Б-ын бүлэглэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас 896.230 төгрөг, шүүгдэгч М.Б-аас 896.230 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.А-д олгуулж, хохирогч Б.А нь цаашид гарах зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ц.Б-ээс “...Б.Б нь Б.А-ийн биед гэмтэл, автомашинд хохирол учруулсан талаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул Б.Б-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь Б.А-ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулаагүй, түүний автомашинд гэмтэл учруулаагүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Б.Алтансүхийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б, гэрч П.Б нарын мэдүүлэг, 13198 дугаар шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр няцаагдаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байх бөгөөд хэргийн үйл баримт бүрэн, эргэлзээгүй байдлаар нотлогдсон байна.
Анхан шатны шүүх дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх, буруутгах, зарим шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/625 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/625 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ