| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/01051/и |
| Дугаар | 207/МА2022/00047 |
| Огноо | 2022-04-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 207/МА2022/00047
Д........, Б........ нарын
нэхэмжлэлтэй, хариуцагч Х........т
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00196 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д........, Б........ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х........т холбогдох,
“Гэм хорын хохирол 36.515.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Д........, хариуцагч Х........ нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б........ цахимаар, хариуцагч Х........, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б........, Д........ нарын гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2017 оны 01 дүгээр сарын 19-ний орой 18 цаг 30 минутын орчим П........ нь Булган аймгийн Рашаант сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Пуужин....... хөшөө гэх газарт Х........ын эзэмшлийн Daewoo маркийн ....... оро улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа З.Х.Д-ийн 11.7-д заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч миний өмчлөлийн Lexus 570 маркийн ....... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 35.772.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Итгэл Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд үнэлгээний ажлын хөлс 736.000 төгрөг зарцуулсан. Баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд 7.000 төгрөг зарцуулсан. Иймд Х........аас нийт 36.515.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х........ын гаргасан тайлбар, татгалзал, түүний агуулга:
Би энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь П........ нь техникийн эвдрэлийн улмаас гэнэт зайлшгүй зогсолт хийгээд байж байхад араас нь маш хурдтай нэг машин ирж манай машиныг мөргөөд тэр эрчээрээ эсрэг урсгалаар явж байсан Lexus 570 маркийн машинтай мөргөлдсөн юм. П........ нь замаа чөлөөлөлгүй зогссон гэж буруутаад 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд араас мөргөсөн машинд сууж явсан хүмүүсийн 3 нь нас барж, тэдний оршуулгын зардал болон машины хохирлыг П........ бид хоёроор төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн. Харин энэ нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс тухайн үедээ шинжээч томилуулж дүгнэлт гаргуулаагүй тул шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Өөрсдөө ч анхан шатны шүүх хуралдаанд ирж байгаагүй юм. Иймд тухайн үед Цагдаагийн байгууллагаар шинжээч томилуулж, машины эвдрэлийг тодорхойлуулаагүй, мөн би энэ хүний машинд эвдрэл учруулаагүй, бас манай машиныг мөргөөд эсрэг урсгалд орсон тэр машины эзэмшигч хариуцах байх гэж бодож байна гэжээ.
Иргэдийн төлөөлөгч С.Шижир шүүх гаргасан дүгнэлтдээ:
570 машины эвдрэл нь гайгүй гарсан байх гэж бодож байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.4., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Х........аас 23.150.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д........од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.365.000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч Б........гийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340.525 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 273.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д........од олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д........ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
...Нэхэмжлэгч миний хууль ёсны дагуу 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “Итгэлт Эстимейт” ХХК-аар хийлгэсэн үнэлгээ бол осолд орсон автомашиныг бодит байдал дээр үзлэг, дүгнэлт хийн, нарийвчилсан байдлаар үнэлсэн ба хууль ёсны нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхүйц үнэлгээний тайлан юм. Шүүхийн байгууллага үнэлгээ тогтоодог эрх бүхий байгууллага биш тул автомашины эвдэрсэн эд ангиудыг үнэлгээний компанийн тайлан дээр бүрэн үндэслэж шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг юм. Хэргийн газарт хийгдсэн анхан шатны өөрөөр ил харагдах эд ангиудын нарийвчилсан бус эвдрэл гэмтлийг мөрдөгчийн тогтоолын дагуу осол болсон үеийн фото зургуудыг үндэслэн Булган аймгийн “Лэндс” ХХК үнэлгээ хийсэн. Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэсэн заалтын дагуу хариуцагч Х........ нь Lexus 570 маркийн ....... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн хариуцах үүргийг хүлээнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний анхны нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 36.515.000 төгрөгийг бүтнээр нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х........ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Хариуцагч Х........ би нэхэмжлэлийн шаардлагаас 5.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн манай өмгөөлөгч тэгж хэлсэн. Тэгэхэд огт зөвшөөрөлгүй гэсэн гэж худлаа. П........ нь машины тормозны хийн даралтын гуурс нь салж асфальтан зам дээр зайлшгүй зогсолт хийсэн бөгөөд машин хөдлөх ямар ч боломжгүй техникийн саатлаас болж зогссон хэдийгээр энэ талаар 2 өөр дүгнэлт гарсан ч сүүлийн гарсан үндэслэлгүй дүгнэлтээр түүнийг шийтгэсэн. ...Тэгэхээр П........ хохирлыг надтай хамт хариуцах ёстой гэж үзэж байна. Шүүгч нар техникийн тусгай мэргэжилгүй гэж бодож байна. Уг нь осол гарсны маргааш нь замын цагдаагийн байцаагч нар, үнэлгээчин ирээд газар дээр нь үзэж дүгнэлт гаргасан юм. Нэг эмэгтэй ирсэн, үнэлгээчин гэж. Тэр хүн харин нүдээр үзэж харсан тул түүний үнэлгээ илүү бодитой юм. Гурван үнэлгээчин 3 янзын эвдрэлийн үнэлгээ гаргаж шүүгчид бас өөрийнхөөрөө эвдэрсэн эд ангиудыг үнэлсэн явдалд дүгнэлт өгөх ёстой гэж үзэж байна. Яагаад ингэж 4 янзаар үнэлэхэд хүрэв. Өөрөөр хэлбэл машины эвдэрсэн зүйлүүдийг нүдээр үзээгүй Итгэлт Эстимейт ХХК нь нэхэмжлэгчийн амаар эвдрэлийг тооцож эвдэрсэн зүйлийг засахад гарах зардлыг тооцож өгсөн. Харин Халиун Капитал ХХК нь хэргийг газар дээр очиж нүдээр үзэж дүгнэлт гаргасан Лэндс ХХК, хохирогчийн хүсэлтээр дүгнэлт гаргасан. Итгэлт Эстимейтийн дүгнэлтэд үндэслэн Халиун капитал ХХК нь шүүхийн захирамжид заасны дагуу хэргийн материалаар буюу дээрх 2 шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гаргасан. Шүүгч нар харин энэ 3 дүгнэлт бодит байдалд нийцээгүй гэдгийг өөрсдийнхөө дүгнэлтээр тогтоосон. Өөрөөр хэлбэл 3 шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байна. Эвдэрсэн гэж үнэлсэн зарим эд анги эвдрээгүй учраас 13.365.000 төгрөгийг хассан байна. Шүүгч нар эвдрээгүй байна гэж үзээд 13.350.000 төгрөгийг хасаж тооцсонд талархалтай байгаа ч бас л дутуу дүгнэсэн гэж үзэж байгаа юм. Иймд хариуцагч Х........ би Лэнд ХХК-ийн үнэлгээг зөвшөөрч байгаа тул шүүхийн шийдвэрт надаас 5.500.000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
1. Б........, Д........ нарын нэхэмжлэлтэй хариуцагч Х........т холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б........ нь гэм хорын хохирол 36.515.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Д........ыг татан оролцуулсан ба шүүх хариуцагч Х........аас гэм хорын хохирол 23.150.000 төгрөг гаргуулж Д........од олгож, 13.365.000 төгрөгийг мөн Б........гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Иргэдийн төлөөлөгч С.Шижир нь 570 машины эвдрэл нь гайгүй гарсан байх гэж бодож байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэх дүгнэлт гаргасан байна.
4. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний орой осол гарч улмаар Lexus 570 маркийн ....... УНҮ улсын дугаартай автомашины эвдрэл гэмтлийг Итгэл Эстимэйт ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр 36.515.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж Халиун капитал ХХК шинжээчийн дүгнэлтээр 33.470.000 төгрөг гэж тус тус тогтоосон бол хариуцагч Х........ нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр уг автомашины эвдрэл гэмтлийг 5.483.750 төгрөгөөр үнэлсэн хэмжээгээр хохирлыг барагдуулна, бусад шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.
5. Нэхэмжлэгч Б........ “.......... УНҮ улсын дугаартай, Lexus 570 маркийн автомашин хэний эзэмшилд байгааг тогтоолгох тухай” хүсэлт гаргасныг шүүх 2021.06.22-ны өдрийн №2721 дугаартай захирамж, 2021.07.08-ны өдрийн №78 дугаартай тогтоолоор тус тус хангаж, уг автомашины эзэмшигчийн талаарх лавлагааг шүүхэд ирүүлэхийг тус аймгийн Авто тээврийн төвд даалгаж шийдвэрлэсэн байна.
6. Шүүх осол гарах үед уг автомашины эзэмшигч нь Д........ байсан, Д........ шүүхэд “...фидуцийн гэрээний дагуу автомашинаа барьцаалан надаас 25.000.000 төгрөгийг зээлж авч улмаар эргүүлэн төлж 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буцаан шилжүүлэн авсан. өмчлөлийн маргаан байхгүй, автомашины өмчлөгч нь Д........ мөн гэсэн” тодорхойлолтыг ирүүлсэн, Д........-Эрдэнийн автомашины өмчлөгчийг тодорхойлсон үйл баримт нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, Орхон аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар нотлогдсон гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.
7. Хэрэгт авагдсан баримтаар осол гарах үед уг автомашины өмчлөгч нь Д........, шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр М.Чулуунбаатар өмчлөгч байсан ба тэрээр нэхэмжлэгч Д........, Б........ нарт шүүхэд төлөөлүүлэх итгэмжлэл олгоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. /2 дугаар хавтас 145,146 дүгээр тал/
8. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5.-т заасан “Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэл тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д........, Б........ нарын нэхэмжлэлтэй гэм хорын хохирол –36.515.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х........т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1. дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Д........, Б........ нарын гэм хорын хохирол -36.515.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х........т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Д........ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340.525 төгрөг, хариуцагч Х........ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.700 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Б.ОЮУНЦЭЦЭГ