Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Бт холбогдох 1806 02776 0978 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, З аймагт 1 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураг хөдөлмөрийн багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  дүүргийн  дугаар хороо, М хотхоны -С байрны  тоотод оршин суух, С.Б /РД:

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.Б нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхоны автомашины зогсоолд байсан иргэн Б.Уранзаяагийн эзэмшлийн 28-48 УНЕ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Рав-4 маркийн автомашины их гэрэл, толь зэрэг эд ангийг эвдэж 1,420,000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уранзаяагийн өгсөн: “... цагдаа та машинаа нэг шалгаадахаарай, тэгээд манай байгууллагад очоод гомдол гаргаж болно гээд явахаар нь 03:00 цагийн орчим зогсоол орж машинаа харахад миний машины урд 2 их гэрэл дохио, урд 2 нэмэлт гэрэл, гадна 2 толь, 2 шил арчигчийн гар, гадна эвэр толь зэргийг хугалж эвдээд, зүүн хойд хаалга, баруун хойд хаалга зэргийг цохиж гэмтээсэн байсан... дуудлагаар ирсэн цагдаа нь Болдбаатар эхнэртэйгээ муудалцаж байхдаа эвдсэн байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Цэрэнбадамын өгсөн: “... би араас нь дагаад явахад нөхөр Болдбаатар Монгол хотхоны 66-С байрны гражид байсан Уранзаяагийн 28-48 УНЕ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Рав-4 маркийн машины урд 2 их гэрэл, 2 талын толь зэрэг эд зүйлийг эвдээд гараа зүсчихсэн цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх.12/,

Автомашины техникийн эвдрэл, хохирлыг тогтоосон “Хөрөнгө Эстимэйт” ХХК-й 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10107063 дугаартай үнэлгээний тайлан /хх.7/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Б нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхоны автомашины зогсоолд байсан иргэн Б.Уранзаяагийн эзэмшлийн 28-48 УНЕ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Рав-4 маркийн автомашины их гэрэл, толь зэрэг эд ангийг эвдэж 1,420,000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уранзаяагийн өгсөн: “... 03:00 цагийн орчим зогсоол орж машинаа харахад миний машины урд 2 их гэрэл дохио, урд 2 нэмэлт гэрэл, гадна 2 толь, 2 шил арчигчийн гар, гадна эвэр толь зэргийг хугалж эвдээд, зүүн хойд хаалга, баруун хойд хаалга зэргийг цохиж гэмтээсэн байсан... дуудлагаар ирсэн цагдаа нь Болдбаатар эхнэртэйгээ муудалцаж байхдаа эвдсэн байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Цэрэнбадамын өгсөн: “... би араас нь дагаад явахад нөхөр Болдбаатар Монгол хотхоны 66-С байрны гражид байсан Уранзаяагийн 28-48 УНЕ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Рав-4 маркийн машины урд 2 их гэрэл, 2 талын толь зэрэг эд зүйлийг эвдээд гараа зүсчихсэн цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх.12/,

Автомашины техникийн эвдрэл, хохирлыг тогтоосон “Хөрөнгө Эстимэйт” ХХК-й 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10107063 дугаартай үнэлгээний тайлан /хх.7/,

Шүүгдэгч С.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

С.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Быг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар С.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэж гэмтээсэн автомашиныг засварлаж хохиролгүй болгосон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Уранзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

С.Бын “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

С.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, С.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэрэг үйлдэж гэмтээсэн автомашиныг засварлаж хохиролгүй болгосон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Уранзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР