Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/1155

 

 

 

 

         2024           10                  16                              2024/ДШМ/1155

 

Ж.Э, С Г нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч С Г, түүний өмгөөлөгч Т.Б, А.Э, орчуулагч Г.Б,

шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ч.Э, Б.Б,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/790 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ч.Э нарын гаргасан давж заалдах гомдлууд, дээд шатны прокурор А.Ж.Эын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Ж.Э, С Г нарт холбогдох эрүүгийн 2102005450284 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С Г, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжиан муж Цанжи хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ш Ш” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ................................ тоот оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 943 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /гадаад пасторын дугаар ....................../;

Б овгийн Ж.Э, 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ....................... тоот оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

Монгол Улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай “Ш Ш” ХХК, 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Барилга засвар, засал чимэглэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан, ............................ тоотод байрлах хаягтай, /РД: ......................../;

“Ш Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал .................. гадаад паспорттай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Г нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс ............ регистрийн дугаартай, “Ш Ш” ХХК-нд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх 3421601623 тоот томилолтын дагуу 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Татварын улсын байцаагч Ж.Э, Д.Б нарт хяналт шалгалт хийхэд нь Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн “Ш Ш” ХХК-ийн 3,930,317,798.28 төгрөгийн буюу их хэмжээний татвар ногдох орлогын нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор, татварын тайланд тайлагнаагүй “Ш Ш” ХХК-ийн зөрчлийн дүнг 119,538,660 төгрөг болгон бууруулж, акт тогтоолгон, давуу байдал бий болгох, “Ш Ш” ХХК-ийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Геологийн төв лабораторийн авто зогсоол дээр Д.О-ээр дамжуулж, Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч Ж.Эд 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль өгсөн,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Г нь “Ш Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс .......... регистрийн дугаартай, “Ш Ш” ХХК-нд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх 3421601623 тоот томилолтын дагуу 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Татварын улсын байцаагч Ж.Э, Д.Б нарт хяналт шалгалт хийхэд нь Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 3,930,317,798.28 төгрөгийн буюу их хэмжээний татвар ногдох орлогын нуун дарагдуулсан, татварын тайланд тайлагнаагүй зөрчлийн дүнг 119,538,660 төгрөг болгон бууруулж акт тогтоолгохын тулд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Геологийн төв лабораторийн авто зогсоол дээр Д.О-ээр дамжуулж Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч Ж.Эд 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль өгч, татвар төлөхөөс зайлсхийсэн,

шүүгдэгч Ж.Э нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасагт татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан 5238242 регистрийн дугаартай, “Ш Ш” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч Д.Б-н хамтаар татварын хяналт шалгалт хийх 3421601623 тоот томилолтын дагуу 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн, татвар  төлөхөөс зайлсхийх зорилгоор 3,930,317,798.28 төгрөгийн буюу их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татварын тайланд тайлагнаагүй “Ш Ш” ХХК-ийн татварын зөрчлийн дүнг 119,538,660 төгрөг гэж бууруулж 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №НА-34210000107 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт” тогтоохдоо хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн захирал БНХАУ-ын иргэн С Г-ээc 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Геологийн төв лабораторийн авто зогсоол дээр Д.О-ээр дамжуулж 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

 С Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч БНХАУ-ын иргэн С Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт зүйлчилж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр, мөн шүүгдэгч С Г-ийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн буюу гадаадын хөрөнгө оруулалттай “Ш Ш” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч БНХАУ-ын иргэн С Г /S/-ийг Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С Гий нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С Г нь торгох ялыг 6 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С Гий шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдсан хугацааг торгох ялд дүйцүүлэн 30.000 төгрөгийг түүний эдлэх торгох ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа, шүүгдэгч С Гий нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эаас хураан авсан 48,500 ам.доллар, 67-89 УБА улсын дугаартай, AVU650028730 арлын дугаартай, Toyota Harrier XU60 маркийн тээврийн хэрэгсэл, Iphone 13 promax маркийн rap утсыг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 48,500 ам доллар Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд, тээврийн хэрэгслийг Цагдаагийн ерөнхий газрын Хангалт, үйлчилгээний төвийн хашаанд хадгалж байгааг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эаас нийт 73,842,340.00 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд байршуулсныг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын 2022.11.14-ний өдрийн 22 дугаар тогтоолоор шүүгдэгч С Гий өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206039577 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж 109 дүгээр байрны 9 тоот орон сууцыг битүүмжилснийг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 ширхэг дискийг хэрэгт хадгалж, “сим”-ийн үүр 1 ширхийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч Ж.Эаас хураан авсан 67-89 УБА улсын дугаартай, AVU650028730 арлын дугаартай, Toyota Harrier XU60 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, автомашины түлхүүр, ягаан өнгийн гэртэй, Iphone 13 загварын гар утас 1 ширхэгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч С Г, Ж.Э нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Эд урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, шүүгдэгч С Гд урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар анхнаасаа маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, учруулсан хохирлоо төлж барагдуулах талаар санаачлага гаргаж, хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан. Миний хувьд бөөрний архаг дутмагшилийн 2 дугаар үеэс хүндрэл өгч, өвчлөл 3 дугаар үерүү орсон байх магадлалтай байгаа бөгөөд цагдан хоригдсон өдрийн маргаашнаас эхлэн хамт оношлогдсон цусны өвчний шинж тэмдэг, удамшсан чихрийн шижин өвчний хүндрэл зэрэг хавсарсан өвчний улмаас хорих байгууллагын эмнэлэгт хэвтсэн ба даралт байнгын ихсэж, бүтэн бие хавагнасан байдалтай байна. Би өөрийн буруугаа чин шударгаар хүлээж байгаа бөгөөд миний оношлогдож хяналтад байгаа бөөрний дутмагшил байнга хүндэрч зэрэг нь нэмэгдэж байгаа нь амь насанд минь аюул учруулах хэмжээнд хүрснийг эрхэм шүүгч та бүхэн харгалзан үзэхийг хүсье. Миний ар гэрийн хувьд бага насны 2 хүүхэдтэй, өндөр настай эхийн хамт амьдардаг. Эх маань хорт хавдрын улмаас 2 удаа маш хүнд хагалгаанд орсон. Би өөрийн үйлдэл, түүнд халдаасан зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, өөрийн гэм буруугаа хүлээж байна. Өмгөөлөгч болон миний зүгээс хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан өвчний түүх, цагдан хорих ангид очсон өдрөөс хойш эмнэлэгт эмчлүүлсэн онош, дагалдах шинжилгээ зэргээс миний өвчний онош нь 2019 оны Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын А/152, А/366 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт” 2 дахь заалтын 2.1.15.5 дахь хэсэгт заасан “Бөөрний архаг дутмагшлын 2-3” дугаар үед хамрагдаж байгааг анхан шатны шүүх дүгнээгүй байгаад анхаарлаа хандуулж, миний амь насыг эрсдэлээс аварч өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Та бүхэн надад нэг удаа боломж өгвөл цаашид хууль зөрчсөн аливаа үйлдэл хийхгүй, зөв шударга замналаар амьдрахаа илэрхийлж байна. Иймд миний амьд явах эрхийг болон гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, торгуулийн ял оногдуулахад төлж барагдуулахад зарцуулах өөрийн өмчлөлийн эд хөрөнгөтэй талаарх болон Австрали улсад амьдарч байгаа өөрийн төрсөн эгчийн зүгээс надад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн тодорхойлолт, харилцах дансны хуулга зэрэг нотлох баримт, нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолоор надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгч, надад өвчнөө эмчлүүлж, хэдэн өдөр 2 хүүхэддээ амьд байж, хамт амьдрах боломж олгож, миний амь насыг аварч өгнө үү хэмээн гуйж байна. Учир нь тус ангид хоригдсоноос хойш миний өвчин илтэд хүндэрч биеэр цусан толбууд туурч, даралт 150-иас буухгүй байгаа нь миний амь нас эрсдэх аюулд ороод байгаа бөгөөд мэргэжлийн эмч болоод нарийн мэргэжлийн эмнэлэгт яаралтай хандах болоод 3 дугаар шатлалын эмнэлэгт эмчлүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа маань хорих ялыг үргэлжлүүлэн эдлэх нөхцөлд миний амь нас аврагдах боломж тун муу болох нь надад илтэд мэдрэгдэж байна. Би буруу зүйл хийснээ зөвшөөрч, өөрийгөө зэмлэж, үүндээ өдөр бүр шаналсаар байгаа бөгөөд хийсэн гэм буруудаа маргах зүйлгүй, цорын ганц хүсэлт бол энэ хүнд өвчний улмаас хорих байгууллагад амь нас минь эрсдэх нөхцөл үүсээд байгаагаас та бүхэн амь насыг минь аварч, эмчлүүлэх боломжоор хангаж, хорих ялыг минь торгох ялаар сольж өгнө үү гэж гуйж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Ч.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар анхнаасаа маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, учруулсан хохирлоо төлж барагдуулах талаар санаачлага гаргаж хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хангалттай бүрдсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял оногдуулах улсын яллагчийн санал нь нийгмийн хор аюулд тохироогүй гэж дүгнэхдээ шүүгдэгчийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг бодитой үнэлж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүйгээс шүүгдэгч Ж.Эын эрүүл мэндийн нөхцөл байдал нэн дордоод байна. Бөөрний архаг дутмагшлийн II дугаар үеэс хүндрэл өгч өвчлөл III үе рүү орсон байх магадлалтай байгаа бөгөөд цагдан хоригдсон өдрийн маргаашнаас эхлэн хамт оношлогдсон цусны өвчний шинж тэмдэг, удамшсан чихрийн шижин өвчний хүндрэл зэрэг хавсарсан өвчний улмаас хорих байгууллагын эмнэлэгт хэвтсэн. Эрүүгийн хуулийн цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хор, хохирлыг барагдуулах үндсэн зарчмын хувьд, шүүгдэгч Ж.Эын хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтын бүртгэлд хамрагдах онош, гэм буруугаа чин шударгаар хүлээж байгаа зэргийг бүхэлд нь харгалзан дүгнэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг торгох ялаар өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ж.Эын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан өвчний түүх, шүүгдэгчийн цагдан хорих ангид очсон өдрөөс хойш эмнэлэгт эмчлүүлсэн онош, дагалдах шинжилгээ зэргээс шүүгдэгчийн өвчний онош нь 2019 оны ХЗДХ сайд, Эрүүл мэндийн сайдын А/152, А366 дугаартай хамтарсан тушаалын 2-р хавсралт “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт” -ын 2 дахь заалтын 2.1.15.5 дахь хэсэгт заасан “бөөрний архаг дутмагшлын 2-3 үед хамрагдаж байгаад анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3-р зүйл, Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг хөндөхөд хүргэж байгаад давж заалдах шатны шүүх бодитой дүгнэж өгөхийг хүсье. Миний үйлчлүүлэгчийн хувьд улсад болон бусдад төлөх төлбөргүй болно. Иймд хуулийн энэрэнгүй ёсны болон нийгэмшүүлэх зарчим, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон хүний эрхийн талаарх Олон улсын гэрээ, конвенци, “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-ын 2 дахь заалтын 2.1.15.5 дахь хэсгийг удирдлага болгон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/970 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3.2, 4.1 дэх заалтын шүүгдэгч Ж.Эд холбогдох хэсгийн “2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “торгох” ялаар гэж өөрчлөлт оруулж өгөхийг давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүнээс хүсэж байгааг хүлээн авна уу. Шүүгдэгчийн өөрийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгчийн хувьд торгуулийн ял оногдуулсан нөхцөлд өөрийн хөрөнгөөр болон төрөл төрөгсдийн санхүүгийн эх үүсвэрээр төлж барагдуулах бүрэн боломжтой. ...” гэв.

Дээд шатны прокурор А.Ж.Э бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүх шүүгдэгч С Г-ийг холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Учир нь, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэсэн заалтыг шүүхээс тайлбарлаж хэрэглэхдээ шүүгдэгч С Гийг компанийг төлөөлөн шийдвэр гаргах эрхгүй хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч учир гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн заалтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна. С Г нь гүйцэтгэх захирал биш боловч компанийн 49 хувийн хувьцааг эзэмшдэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч С Г нь өөрийн хувьцаа эзэмшдэг компанийн 4 тэрбум орчим төгрөгийн татварын зөрчлийн дүнг бурууулж акт тогтоолгож буй үйлдэл нь өөрийн хувьцаа эзэмшдэг компанид давуу байдал бий болгох зорилгоор улсын байцаагч Э.Ж.Эд 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль өгсөн үйл баримт нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж дүгнэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөхөөр тус тус хуульчилжээ. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/790 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.Эын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа. Ар гэрийн асуудал хүнд байгаа. Өндөр настай ээж, бага насны хүүхдүүд сургуульд явж чадахгүй байна. Нөхөр нь архины хамааралтай гэр бүлээ орхиод олон хоногоор архи уугаад явчихдаг. Энэ бүгдийн ард бага насны хүүхдүүдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа талаар анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан байдаг. Ж.Эд өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн зөвлөгөө өгөх гэж 461 дүгээр ангид очиход Ж.Э байнгын өвчин намдаах тариа хийлгэсэн байдалтай байсан. Тэрээр 2, 3 дугаар шатлалын эмнэлэгт болохоор бөөрний архаг дутмагшлын үед яаралтай тусламжийн аппарат нь байдаггүй талаар эмч нар нь хэлж байсан. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулиар хариуцлага хөнгөрүүлэх үндэслэл байгаа. Үүнийг хэрэглэх нь ганц гомдлоор хязгаарлахгүй. Хэрвээ торгох ял оногдуулах боломжтой гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хийвэл өөрийн эд хөрөнгө, Австрали улс ажиллаж амьдарч байгаа төрсөн эгч нь тодорхойлолт гарсан, нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Ж.Эд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Ж.Э болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдолд ял шийтгэл хөнгөрүүлэх талаар дурдаж байгаа учраас, эсэргүүцлийг дэмжиж байгаа агуулгаараа тайлбар хэлэх боломжгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч С Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг зөвшөөрөхгүй байгаа. Ж.Э, түүний өмгөөлөгч нарын гомдолтой холбоотой хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч С Гийн өмгөөлөгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Эын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулж хэлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу ял хөнгөрүүлэх боломжоор нь хангаж өгнө үү. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд дараах тайлбарыг хийе. Анхан шатны шүүх дээр маш тодорхой яригдсан. С Гийг 2021 онд Төрийн банкнаас авсан зээлтэй нь холбогдуулж хорих ял шийтгэж уг хорих ял эдэлж байх хугацаанд нь татвараас зайлсхийсэн байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ ямар учиртай гэхээр С Г хорих ял эдлэж байх үедээ компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Компанийн 49 хувьцаа эзэмшигч гэдэг бол хамтын шийдвэр гаргах эрхтэй этгээд биш байгаа. Шүүгдэгч Ж.Эд өгсөн 400,000,000 төгрөгтэй холбоотой хамтын шийдвэр гараагүй. Хуулийн этгээдийг Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх боломжгүй гэж үзэж анхан шатны шүүхээс тухайн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, С Гтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С Гийн өмгөөлөгч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд тайлбар хийе. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо шүүгдэгч С Гийг эрх бүхий төлөөлөх албан тушаалтан биш гэж үндэслэл бүхий болсон. Эрх бүхий албан тушаалтан гэдэг нэг ойлголт, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан гэдэг нэг ойлголт яригдах ёстой. Прокурорын эсэргүүцэлд бичигдсэн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой албан тушаалтнуудыг заасан ба энэ албан тушаалтнуудыг эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж байгаа. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төлөөлөх гэх үг байхгүй. Төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэдэг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан. Гэтэл Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг, 83 дугаар зүйлийн 8 дахь хэсэгтэй адил ойлгож болохгүй. Эрх бүхий этгээдийн ойлголт тусдаа, төлөөллийн ойлголт тусдаа энэ талаар Компанийн тухай хуулиар ялгаж өгсөн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан төлөөлөх эрх бүхий буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх албан тушаалтан өөрөө субьектив талын хувьд гүйцэтгэх удирдлага байна гэж тусгасан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал нь өөрөө компанийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан юм. Иймд эсэргүүцэлд дурдсаны дагуу Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тушаалтнуудыг төлөөлөх эрхтэй гэж үзэх боломжгүй. Мөн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтнуудын гаргасан шийдвэр болон компанийн үйл ажиллагаанд оролцсоны хүрээнд ямар хариуцлага хүлээдэг талаар Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт “Компанийн эрх бүхий албан тушаалтан дор дурдсан хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Түүнээс эрүүгийн хариуцлага хүлээх албан тушаалтан гэж эдгээр албан тушаалтныг үзэхгүй. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан албан тушаалтны үйлдэл болон үйлдэл эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлээр журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар татах боломжгүй. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж заасныг журамлаж шийдвэрлэнэ. Авлига өгсөн асуудал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж заасан. С Гийг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд “Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх” гэж заасны дагуу эрх, үүрэг хүлээнэ мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж заасны дагуу хувьцаа эзэмшигч эрх бүхий албан тушаалтан учраас компанийн үйл ажиллагаанд оролцдог гэх хийсвэр ойлголтоор шүүгдэгч С Гийг яллагдагчаар татаж эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй. Шүүгдэгч С Г “Ш Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч учраас эрүүгийн хариуцлага дээр төлөөлөх эрхгүй хүн яллагдагчаар татагдсан. Энэ асуудлыг анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Э, С Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлууд болон дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С Гийг гадаадын хөрөнгө оруулалттай “Ш Ш” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С Гийг “Ш Ш” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тус компанийн албан татвар ногдуулалтыг бууруулах зорилгоор хахууль өгсөн гэж зүйлчилж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч С Г нь “Ш Ш” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч байх ба /“Ш Ш” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм /1хх 9, 62-66/, улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 20-21/ түүний Ж.Эд хуулийн этгээдийн татварыг нуун дарагдуулах ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна гэж үзэхээр байна.

Тодруулбал, С Г нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс “Ш Ш” ХХК гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлөгдөн Ж.Бизъяабалыг гүйцэтгэх захирлаар томилсон байх боловч тэрээр компанийн 49 хувийн хувьцааг эзэмшдэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч С Г нь “Ш Ш” ХХК-ийн 3,930,317,798.28 төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, зөрчлийн дүнг 119,538,660 төгрөг болгон бууруулахаар буюу өөрийн 49 хувийн хувьцааг эзэмшдэг компанид давуу байдал бий болгох зорилгоор улсын байцаагч Э.Ж.Эд 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль өгсөн үйл баримт нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж дүгнэх хангалттай үндэслэл болохоор байна.

Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С Г-ийн хувьд тус компанийн гүйцэтгэх захирал биш хэдий ч компанийн зохих хувьцааг эзэмшдэг, компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад шууд болон шууд бусаар оролцдог эрх бүхий этгээд гэж үзнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/790 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор А.Ж.Эын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ч.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ж.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С Г-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/790 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С Г-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР

 

                       ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ