Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00668

 

МИФББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00203 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МИФББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ё.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 106,198,272.59 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, өмгөөлөгч М.Цогтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга C.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

МИФББСБ ХХК нь Ё.Этай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20190920/060808 дугаартай зээлийн гэрээг байгуулж 15,000,000 төгрөгийг 1 сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор талууд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгч шилжүүлэн авсан. Автомашин нь Ё.Эын эзэмшилд байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны зээлийн төлбөр үндсэн зээлийн үлдэгдэл 14,998,991.2 төгрөг, зээлийн хүү 3,679,279.07 төгрөг, нийт 18,678,270 төгрөг болно.

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20190930/03000007 дугаартай зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг 1 сарын 3,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Баянмонгол хороолол Нарны зам гудамж, 420 байр зоорийн давхар 605 тоот 18 м.кв автозогсоол, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 46 байр 97 тоот 29 м.кв орон сууцыг тус тус барьцаалсан. Үндсэн зээлийн үлдэгдэл 59,745,643.84 төгрөг, зээлийн хүү 27,774,358.46 төгрөг, нийт 87,520,002 төгрөг болно. Иймд Ё.Эаас нийт 106,198,272 төгрөгийг гаргуулна. Ё.Э нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн дүнд маргахгүй. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хүү 517,808.22 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 535,068.39 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээл 15,000,000 төгрөг болон 3 дахь сарын зээлийн хүү 517,808.22 төгрөгийг төлөх хуваарьтай байсан.

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 60,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөх хуваарь хийгээгүй. Гэхдээ өмнөх хуваарьтай ижил 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээлээс Ё.Э 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 517,808.22 төгрөг төлсөн, 12 дугаар сарын 27-ны өдөр 1,173,698.57 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 55,999.69 төгрөг, 03 дугаар сарын 02-ны өдөр 755,233.13 төгрөг, 03 дугаар сарын 9-ний өдөр 504,600.8 төгрөг, 06 дугаар сарын 04-ний өдөр 535,069.23 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 1,052,876.87 төгрөг, 09 дүгээр сарын 22-ны өдөр 1,882,369.08 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 2,795,978.64 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийн зээлээс 11,755,232.07 төгрөгийг төлсөн. Зээлийн хүүд 517,808.22 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцоод хүүгийн үлдэгдэл 3,244,767.93 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 8,183,585.78 төгрөг төлсөн. Нийт 11,428,353.71 төгрөгийг төлөх ёстойг хүлээн зөвшөөрч байгаа.

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14,000,000 төгрөг, 10 дугаар сарын 02-ны өдөр 46,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийн зээл авснаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,149,500 төгрөгийн хүү төлсөн. Үүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 5,176,965.74 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 02 дугаар сарын 03-ны өдөр 2,089,838.87 төгрөг, 03 дугаар сарын 09-ний өдөр 2,317,083.92 төгрөг, 04 дүгээр сарын 06-ны өдөр 2,131,200.77 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 4,193,653.13 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 6,324,853.92 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,856,207.13 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12,305,966 төгрөг, нийт 37,395,769.24 төгрөг төлсөн. Мөн 1,149,500 төгрөгийн хүү төлсөн. 60,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 31,995,774.89 төгрөг болно. Үүнд ногдох хүү 22,604,231 төгрөг болно. 60,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс 66,028,359.36 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ё.Эаас зээлийн гэрээний үүрэгт 106,198,272.59 төгрөгийг гаргуулж Монголиан импакт финанс ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.1.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ё.Эт холбогдуулан гаргасан үүргийг барьцаа хөрөнгийг худалдсан үнээс хангуулах тухай нэхэмжлэгч МИФББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 829,341 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 688,941 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Ё.Эт холбогдуулан гаргасан МИФББСБ ХХК-ийн үүргийг барьцаа хөрөнгийг худалдсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ё.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан.

Ё.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 60,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг МИФББСБ ХХК болон Г.М- нар байгуулж Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 46 дугаар байрны 97 тоот 29 м.кв орон сууцыг барьцаалсан.

Түүнчлэн, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2019/0920/0600008 дугаар 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 10-33 УБЗ улсын дугаартай Lexus RX 400H маркийн автомашиныг зээлдүүлэгчид шилжүүлсэн.

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20190930/03000007 дугаар 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 20190930/06000007-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг МИФББСБ ХХК нь Г.М-тэй байгуулж Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 46 дугаар байрны 97 тоот 29 м.кв орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээ нь зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулж барьцаагаар хангахаар гэрээнд заасан. Шүүх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20190920/06000008 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г гэрээг гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй...тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэнийг нотлох хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байхгүй, бараа хүлээлцсэн акт баримтаар хөрөнгийг хэнээс хэнд шилжүүлж хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд тодорхой тайлбар гаргаагүй, нэхэмжлэгч хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийн талаар өмчлөлд шилжүүлэх, худалдсан үнээс үүргийг хангуулах зэргийг зааглаж ялгамжтай тодорхойлоогүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхой бус, ойлгомжгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүх тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх учиртай. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бараа хүлээлцэх актад барьцааны зүйлийг үзүүлэлтийн хамт дурдаад ...үзүүлэлт бүхий чанарын болон биет байдлын доголдолгүй автомашиныг хүлээлгэн өгөв..." гэж тодорхой заасан. Зээлдэгчийг төлөөлж Ё.Э, нөгөө талаас МИФББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Гүнбилэг нар гарын үсэг зурсан. Мөн худалдсан үнээс үүргийг хангуулах зэргийг зааглаж ялгамжтай тодорхойлоогүй гэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгч үүргийг барьцаа хөрөнгийг худалдсан үнээс хангуулах шаардлага гаргаагүй. Шүүх мэдэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь эд хөрөнгө өмчлөлд нь шилжүүлэх гэрээ /фидуци/ байдаг. Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, маргаангүй байхад шүүх ойлгомжгүй гэх дүгнэлтээр шаардлагыг хангахгүй орхих нь үндэслэлгүй. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20190930/03000007-1 болон 20190930/03000007-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний тухайд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах байсан. Дээрх хоёр барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг ямар тохиолдолд хангуулах талууд харилцан илэрхийлсэн байхад шүүхээс Ё.Этай барьцааны гэрээ байгуулагдаагүй талуудын хооронд үүрэг үүсээгүй, шаардах эрх үүсээгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасныг Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар 21-ний өдрийн тайлбарын 2.4-т ...Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасан хуулийн заалтын баримтлалгүй зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг буруу тогтоосон.

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээл төлөх сүүлийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бөгөөд үүнээс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуваарийн дагуу төлсөн 517,808.22 төгрөгийн хүүг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөр болох 18,265,218.65 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох байсан. Зээлдэгчийн дансны хуулгаас үзэхэд нийт 11,755,232.07 төгрөгийг төлсөн. Зээлийн үлдэгдэл 3,244,767.93 төгрөг байна. Үүнээс нэхэмжлэл шүүхэд гаргах хүртэл хугацаа буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хүү 8,183,585.78 төгрөг, нийт 11,428,353.71 төгрөг төлөх ёстой.

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 60,000,000 төгрөгийн зээл төлөх сүүлийн өдөр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бөгөөд үүнээс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуваарийн дагуу 1,149,500 төгрөгийн хүү төлсөн. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн бүх төлбөр болох 37,395,769.24 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох байсан. Зээлдэгчийн дансны хуулгаас харахад нийт 37,395,769.24 төгрөгийг төлсөн. Зээлийн үлдэгдэл 22,604,230.76 төгрөг байна. Үүнээс нэхэмжлэл шүүхэд гаргах хүртэл хугацаа буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хүү 31,995,774.88972 төгрөг, нийт 54,600,005.65 төгрөг төлөх ёстой. Зээлдэгч Ё.Э 2 зээлийн гэрээгээр зээлсэн нийт 75,000,000 төгрөгөөс 1,667,308.22 төгрөгийн хүүг хугацаандаа төлж, хугацаа хэтэрсэн ч нийтдээ 50,818,309.53 төгрөгийг төлсөн. Энэхүү төлбөрийг анхан шатны шүүх үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцохгүй.

Үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,244,767.93+22,604,230.76= 25,848,998.69 төгрөг. Үүнд ногдох хүүгийн төлбөр 8,183,585.78 + 31,995,774.88972 = 40,179,360.67 төгрөгийг зээлдэгч Ё.Э төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Ё.Э нь бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор өөрийн амьдарч буй орон сууц, автомашин, гараашийг барьцаалан зээл авсан боловч цар тахал, хорио цээрийн улмаас бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон хэдий ч зээлийн хүүд нийт 49,151,092.94 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл 25,848,998.69 төгрөг, зээлийн хүү 40,179,360.67 төгрөг,нийт 66,028,359.36 төгрөгөөс зээлийн хүү 40,179,360.67 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 50 хувиар багасгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Талууд гэрээндээ нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийг барагдуулахаар тохиролцсон. Зээлийг ашигласан хугацааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлийг олгосноос хойш бүрэн төлж дуусах хүртэлх хугацааг зээл ашигласан хугацаанд тооцдог. Иймд эхлээд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийг төлөх ёстой тул энэ дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчдын давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч МИФББСБ ХХК нь хариуцагч Ё.Эт холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20190920/06000008 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,998,991.22 төгрөг, зээлийн хүү 3,679,249.07 төгрөг, нийт 18,678,270.29 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20190930/03000007 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 59,745,643.84 төгрөг, зээлийн хүү 27,774,358.46 төгрөг, нийт 87,520,002.3 төгрөг, бүгд 106,198,272.59 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт 66,0258,359.36 төгрөг төлөх төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

1.б. Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20190920/06000008 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч МИФББСБ ХХК нь зээлдэгч Ё.Эт 15,000,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч нь 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд сарын 3,5 хувийн хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Мөн талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 201909360/03000007 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч МИФББСБ ХХК нь зээлдэгч Ё.Эт 60,000,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч нь 60,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд сарын 3,5 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцжээ. (хх-ийн 7-9, 19-20)

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. (хх-ийн 12-14)

1.в. Зээлдүүлэгч МИФББСБ ХХК нь дээрх 2 зээлийн гэрээний дагуу нийт 75,000,000 төгрөгийг зээлдэгч Ё.Эт шилжүүлэн өгсөн болон гэрээний хугацаа дууссан, зээлийн эргэн төлөлт нийт 33,860,158 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг хэрэглэх эсэхэд маргасан байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж тайлбарласан байна. [1]

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын ...төлөх хугацаа болсон өр гэдэгт талуудын тохиролцсон гэрээний хугацаа дуусах үед биелэгдээгүй үлдсэн өр болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр аль аль нь хамаарна. Үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллыг баримтлах нь гэрээний талуудын хэн алинд нь давуу байдал үүсгэхгүй, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэг болон 9 дүгээр зүйлийн 9.4.3-т нийцнэ.[2]

Иймд Ё.Эын зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох нь дээрх хуулийн зохицуулалттай нийцнэ.

1.г. Зээлдүүлэгч МИФББСБ ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20190920/06000008 дугаартай зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг зээлдэгч Ё.Эт шилжүүлсэн, зээлдэгч нь тус гэрээний хуваарийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,570,684 төгрөг, нийт 16,570,684 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. Гэвч зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлийн хүү 517,808.22 төгрөг төлсөн ба зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусахад зээлдэгч үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 1,052,876 төгрөг, нийт 16,052,876 төгрөг төлөөгүй байна. (хх-ийн 9)

Хариуцагч Ё.Эын зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг тооцвол, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үндсэн зээл 15,000,000 төгрөг төлөгдөөгүй гэрээний хүү 1,052,876 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 122,500 төгрөг төлөх үүрэг үүсчээ. (15,000,000 төгрөг х 3,5 хувь = 525,000 төгрөг (нэг сарын хүү), 525,000 төгрөг : 30 хоног = 17,500 төгрөг (1 өдрийн хүү), 7 хоног х 17,500 төгрөг = 122,500 төгрөг.) 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 1,174,698 төгрөгийг үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс хасахад үндсэн зээлийн үлдэгдэл 13,826,302 төгрөг бөгөөд үүнээс дараагийн төлөлт хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хэтэрсэн хугацааны хүү 96,784 төгрөг (13,826,302 х 3,5 хувь :30 = 16,130.68 х 6 хоног =96,784 төгрөг), үндсэн зээлийн үлдэгдэл 13,826,302 төгрөгөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 55,999,69 төгрөгийг хасахад 13,770,302 төгрөг, үүнээс дараагийн төлөлт хийсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны хүү 481,960 төгрөг (13,770,302 х 3,5 хувь = 481,960 төгрөг), 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 755,233 төгрөгийг үндсэн зээл 13,770,302 төгрөгөөс хасахад 13,015,069 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 1 сар 6 хоногийн хүү 546,633 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 13,015,069 төгрөгөөс мөн өдөр төлсөн 504,000 төгрөгийг хасахад 12,511,069 төгрөг үлдэх ба дараагийн төлөлт хийсэн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 28 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 408,695 төгрөг, мөн өдөр төлсөн 535,069 төгрөгийг 12,511,069 төгрөгөөс хасахад үндсэн зээл 11,976,000 төгрөг, дараагийн төлөлт хийсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 сар, 24 хоногийн хэтэрсэн хүү хугацааны 1,165,648 төгрөг. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 1,052,876 төгрөгийг 11,976,000 төгрөгөөс хасахад 10,923,124 төгрөгөөс дараагийн төлөлт 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 2 сар, 23 хоног хэтэрсэн хугацааны хүү 1,057,723 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 1,881,367 төгрөгийг үндсэн зээл 10,923,124 төгрөгөөс хасахад үндсэн зээлийн үлдэгдэл 9,041,757 төгрөг үлдэж, дараагийн төлөлт хийсэн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил, 9 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 3,892,476 төгрөг, мөн өдөр төлсөн 3,000,000 төгрөгийг үндсэн зээл 9,041,757 төгрөгөөс хасахад үндсэн зээл 6,041,757 төгрөг бөгөөд үүнээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 11 хоногийн хүү 77,536 төгрөг болно. (хх-ийн 61-73, 100)

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан ба гэрээний 3.3-т зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү сарын 3.5 хувь, жилийн 42 хувь байна гэж хэтэрсэн хугацааны хүүгийн талаар талууд тохиролцсон нь хуульд нийцсэн байна.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр тооцож зээл, гэрээний хугацаан дахь зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй тул 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20190920/06000008 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагч Ё.Э үндсэн зээл 6,041,757 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 8,902,831 төгрөг, нийт 14,944,588 төгрөг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардаагүй тул нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

1.д. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20190930/03000007 дугаартай зээлийн гэрээний талаар. Зээлдүүлэгч МИФББСБ ХХК нь зээлдэгч Ё.Эт 60,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар зохигч маргаангүй байна.

Зээлдэгч Ё.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 4,200,000 төгрөг (60,000,000 төгрөг х 3,5 хувь = 2,100,000 төгрөг (нэг сарын хүү) х 2 сар= 4,200,000 төгрөг) төлөхөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 1,149,500 төгрөгийг хасч тооцвол зээлийн гэрээний хугацааны хүү төлөөгүй байна.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Зээлдэгч Ё.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас дараагийн төлөлт хийсэн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 27 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 1,890,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 5,176,966 төгрөгийг үндсэн зээл 60,000,000 төгрөгөөс хасахад үндсэн зээл 54,823,034 төгрөг үлдэх бөгөөд үүнээс дараагийн төлөлтийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 29 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 1,854,846 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 745,644 төгрөгийг үндсэн зээл 54,823,034 төгрөгөөс хасахад үндсэн зээл 54,077,390 төгрөг бөгөөд үүнээс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 9 хоногийн хугацаа хэтэрсэн хүү 567,812 төгрөг, мөн өдөр төлсөн 2,089,839 төгрөгийг үндсэн зээл 54,077,390 төгрөгөөс хасахад үндсэн зээл 51,987,551 төгрөг үлдэх бөгөөд үүнээс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 сарын хүү 1,819,643 төгрөг, мөн өдөр төлсөн 2,317,084 төгрөгийг үндсэн зээл 51,987,551 төгрөгөөс хасахад үндсэн зээл 49,670,467 төгрөг үлдэх бөгөөд үүнээс 2020 оны 04 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 сар, 3 хоногийн хүртэл хэтэрсэн хугацааны хүү 1,912,312 төгрөг, мөн өдөр төлсөн 2,131,200 төгрөгийг үндсэн зээл 49,670,467 төгрөгөөс хасахад үндсэн зээл 47,539,267 төгрөг үлдэх бөгөөд үүнээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 сар, 27 хоногийн хүү 4,825,235 төгрөг, мөн өдөр төлсөн 4,193,653 төгрөгийг үндсэн зээл 47,539,267 төгрөгөөс хасахад үндсэн зээл 43,345,614 төгрөг үлдэх бөгөөд үүнээс 202 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 2 сар, 23 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 4,197,300 төгрөг, мөн өдөр төлсөн 6,324,854 төгрөгийг үндсэн зээл 43,345,614 төгрөгөөс хасахад үндсэн зээл 37,020,760 төгрөг үлдэх болно. Үүнээс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жил 20 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 16,412,537 төгрөг болох тул хариуцагч үндсэн зээл 37,020,760 төгрөг, хэтэрсэн хүү 36,530,185 төгрөг, нийт 73,550,722 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүрэгтэй. /хх-ийн 30,31, 61-70, 101/ Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардаагүй тул нэмэгдүүлсэн хүүгийн тооцоо хийж гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

1.е. Иймд хариуцагч Ё.Эаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 88,495,310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МИФББСБ ХХК-д олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

2. Талууд дээрх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20190930/0300007 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан байна. Үүнд:

МИФББСБ ХХК болон Г.М- нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 20190930/03000007-1, 20190930/03000007-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулжээ. (хх-ийн 21-24)

Дээрх гэрээгээр 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр МИФББСБ ХХК болон Ё.Э нарын байгуулсан 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүрэг, 26 хороо, Баянмонгол хороолол, Нарны зам гудамж, 420 байр зоорийн давхар 605 тоот хаягт байрлалтай Г.М-ийн өмчлөлийн 18 м.кв автозогсоол, мөн Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, 46 байр 97 тоот хаягт байрлалтай Г.М-ийн өмчлөлийн 29 м.кв орон сууцыг тус тус барьцаалсан байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч Ё.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч МИФББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар өмчлөгч Г.М-тэй барьцааны гэрээг байгуулсан.

Гэтэл нэхэмжлэгч МИФББСБ ХХК нь хариуцагч Ё.Этай барьцааны гэрээ байгуулаагүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүнээс шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч МИФББСБ ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20190930/03000007-1, 20190930/03000007-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний үүргийг өмчлөгч Г.М-ээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

3. Нэхэмжлэгч МИФББСБ ХХК болон Ё.Э нарын хооронд 2019 оны 09 сарын 20-ны өдөр 20190920/06000008 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх (фидуци) гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 10-33 УБЗ дугаартай Lexus RX 400H маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. (хх-ийн 10-13)

 

Анхан шатны шүүх фидуцийн зүйл болох автомашиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шийдэлийн хувьд зөв боловч энэ талаар хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нэхэмжлэгчид автомашиныг бодитоор шилжүүлэн өгснөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэх гэрээ дуусгавар болж, хариуцагчийн 14,944,588 төгрөг төлөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох юм.

Гэтэл нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг гаргуулан авахыг хүсээгүй, харин уг зүйлээс үүргийг хангуулах агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлж мөнгө шаардсан тохиолдолд нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзэхээс гадна талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчид үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх мөн үүсэхгүй байна.

Хэрэгт 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дээрх үзүүлэлт бүхий чанарын болон биет байдлын доголдолгүй автомашиныг хүлээлгэн өгөв..." гэсэн агуулга бүхий Ё.Э, Э.Гүнбилэг нарын гарын үсэг зурсан бараа хүлээлцэх акт гэсэн баримт авагдсан байх боловч энэ нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор фидуцийн зүйлийг бодитой гаргуулан авсан баримт гэж үзэх үндэслэлгүй, харин фидуцийн гэрээ байгуулах үеийн баримт бөгөөд нэхэмжлэгч тал автомашин хариуцагчийн эзэмшил ашиглалтад байгаа гэж тайлбарласан тул уг баримтыг байна. (хх-ийн 12, 104)

Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1

дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ё.Эаас 88,495,310 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МИФББСБ ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,702,962.59 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 688,941 ... гэснийг ... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 600,427... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 358,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Н.БАТЗОРИГ

 

 

 

 

 

[1] УДШ Иргэний хуулийн 44,45,46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай, 2006, тогтоол № 53, х2, м7

[2] УДШ (Иргэний хэргийн танхим) , 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол №001/ХТ2021/00658, х7, м4,5