Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 57

 

Ц.Ч-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 564 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1054 дүгээр магадлалтай, Ц.Ч-д холбогдох 1910013650488 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1962 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ц.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад “...Ц.Ч-г...” гэж, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Ц.Ч-д ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасны дагуу хэргийн хөнгөрүүлэх нөхцөл болон бусад байдлуудыг бодитойгоор харгалзан үзэлгүй хүнд ял шийтгэл оногдуулсан. Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан ялын доод хэмжээ болох 2 жил хорих ялаас доогуур ял оногдуулах боломжтой байсан.

Шүүгдэгч Ц.Ч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэдгээ шүүхэд бичгээр илэрхийлсэн.

Гэтэл анхан шатны шүүх энэ бүхнийг харгалзахгүйгээр хууль буруу хэрэглэлээ гэж үзэн давж заалдах шатны шүүхэд гаргасан.

Ц.Ч нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж, тэнсэн хянан харгалзсан ба тэнсэнгийн хугацаа нь 2015 оны 01 дүгээр сарын 07-нд дууссан байхад давж заалдах шатны шүүх хүндрүүлэх шалтгаан болгосонд гомдолтой байна.

Мөн Ц.Ч нь 57 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, 4-11 насны 2 зээ хүүгийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Тэрээр биеийн эрүүл мэнд муутай, хувиараа хөдөлмөр эрхэлж өвчтэй эхнэр зээ хүүхдүүдийнхээ амьдралыг авч явдаг зэрэг хувийн байдлыг огт харгалзан үзээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг доош татан 1 жил хүртэл хөнгөлж өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Ц.Ч-д холбогдох хэргийн хохирогч 1939 онд төрсөн 80 настай эмэгтэй, тэтгэврийн мөнгөө авч яваад түлхэгдэн унаж, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Шүүгдэгч нь орцны хяналтын камерийн бичлэг харсны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх нь нь хуулиар олгогдсон үүрэг биш. Анхан шатны шүүх шүүгдэгчид үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээ буюу 2 жил 2 сар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Чгийн өмгөөлөгч Н.Баярын гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ц.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 дугаар давхарт хохирогч Г.Н-г хүч хэрэглэж, түлхэж унагаан түүний эд зүйлийг дээрэмдэж 434.000 төгрөгийн хохирол болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Ч-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ц.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсаныг өөрчлөн дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ч-д тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээнд буюу 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын түвшин, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн хүнд хэрэглэж болох шүүхийн эрх хэмжээнд хамаарах зохицуулалт тул энэхүү зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярын гаргасан “... ял хөнгөрүүлэх” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 564 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1054 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.Ч-ийн өмгөөлөгч Н.Баярын хяналтын шатанд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                                        ДАРГАЛАГЧ                               Б.ЦОГТ

                                                        ШҮҮГЧ                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР