Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2017/0686/з |
Дугаар | 128/МА2018/0159 |
Огноо | 2018-03-06 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 128/МА2018/0159
“Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 937 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 937 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.2, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан “Э м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 460 тоот шийдвэрийн “Э м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-027255(ХА-020316) тоот бүртгэлийн дугаартай өргөдлийн дагуу тус өргөдөлд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.2, 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6/9961 дугаартай албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад явуулсан бөгөөд энэхүү мэдэгдэл хүргүүлсэн нь 20 өдөрт багтаан шийдвэр гаргах зохицуулалтыг зөрчөөгүй. Уг саналд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 тоот албан бичгээр 52 дугаартай “дэмжихгүй” санал ирүүлсэн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж, хангах нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт хамаарах үүрэг юм. Ашигт малтмал газрын тосны газар нь Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1-д заасны дагуу байгуулагдсан Засгийн газрын агентлаг бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх үүрэгтэй төрийн захиргааны байгууллага тул Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” санал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх чиг үүрэггүй юм. Засаг даргын санал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан байна. Захиргааны хэргийн шүүх хуулиар харьяалуулсан хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд өөрт харьяалуулаагүй асуудлаар буюу аймгийн Засаг даргын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй саналд дүгнэлт өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэстэй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр Засаг даргын “дэмжихгүй санал” ирсэн гэх үндэслэлээр нэр бүхий 30 компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байх ба дээрх хуулийн этгээдүүдийн тоонд нэхэмжлэгч “Э м” ХХК оржээ.
Ийнхүү шийдвэрлэснийг “Э м” ХХК эс зөвшөөрч “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Э м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, NE-027255(ХА-020316) тоот бүртгэлийн дугаартай өргөдөлд заасан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцээгүй гэж үзнэ.
Тодруулбал,
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь /хуучнаар/ “Э м” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Эх нэртэй 661,43 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч NE-027255 дугаарт бүртгэн, уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 /Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана/-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6/9961 дүгээр албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаас санал авах мэдэгдэл хүргүүлжээ.
Улмаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/65 дугаар албан бичгээр “дэмжихгүй санал”-аа ирүүлсэн байх бөгөөд үндэслэлээ “нэг иргэний эзэмшлийн өвөлжөөний газартай давхцаж байгаа тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу боломжгүй” гэж тайлбарласан байна.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзвэл Засаг дарга “дэмжсэн санал” ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах, харин Засаг дарга татгалзсан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж ойлгохоор байх тул маргаан бүхий акт гаргасан хариуцагчийг буруутгах боломжгүй.
Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагаас гаргах шийдвэр нь Засаг даргын дэмжсэн, эсхүл татгалзсан саналаас шууд хамааралтай байгаагаараа Засаг даргын санал нь бие даасан эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт бөгөөд Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн тохиолдолд хариуцагч нь тухайн санал хуульд нийцсэн, үндэслэлтэй эсэхийг шалгах үүргийг хуулиар хүлээгээгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал хүчин төгөлдөр байгаа нөхцөл байдлыг анхаараагүй, энэ хэргийн хариуцагч тухайн Засаг дарга биш байхад дэмжихгүй саналын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллагын хуульд заагаагүй чиг үүргийг хэрэгжүүлэхээр шаардан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл бүхэлдээ 2018 оны 1 дүгээр 01-ний өдрөөс хүчингүй болсон, өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг гагцхүү сонгон шалгаруулалтаар олгох эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлснээр хүчингүй болсон хуулийн дагуу гаргасан өргөдөлд заасан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг төрийн захиргааны байгууллагад даалгах боломжгүй юм.
Иймд хариуцагчаас гаргасан “Засаг даргаас ирүүлсэн дэмжихгүй санал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх чиг үүрэггүй, шүүх Засаг даргын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй саналд дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 937 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д /2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/ заасныг баримтлан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Э м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-027255(ХА-020316) тоот бүртгэлийн дугаартай өргөдөлд заасан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч “Э м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН