Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Ц.Майбаяр,

  шүүгдэгч Б.Б,

  шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Чин мэргэн овгийн Баярсайханы Билгүүнд холбогдох эрүүгийн 1811010020386 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч мэргэн овгийн Б.Б, 1995 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Сэлэнгэ аймаг Сүхбаатар 2-р баг, Цагаан-Эрэг 1-р хэсэг 17-р байрны 51 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж 67/2 дугаар байрны 5 тоотод түр оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, регистрийн дугаар МЮ95010718.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Centurу ресторан, паб дотор иргэн Б.Одсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Одсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн ард байрлах Centurу ресторанд найз Мөнх-Оргилтой ширээн дээр сууж байхад манай ширээний хажууд сууж байсан үл таних залуу манай ширээ рүү хараад байхаар нь чи юугаа хараад байгаа юм бэ гэтэл чамайг харсан хүнийг яадаг юм гэхээр нь би босч очоод заамдаад чи зүгээр аятайхан байгаараа гэхэд намайг зөрүүлээд заамдаад би чамд юу ч хэлээгүй ш дээ, чи өөрөө зүгээр байгаараа гээд хэсэг маргаж байгаад салсан. Тэгээд би ариун цэврийн ороод гарах гэтэл өөдөөс гэнэт хаалга савахаар нь гайхаад хаалгаа түлхээд гарахад үл таних залуу хоёулаа болчихсон надтай маргаад байсан залуу миний үснээс зулгаагаад толгой, нүүр рүү цохисон. Би зөрүүлээд хэд хэдэн удаа түүний нүүр рүү цохисон. Надтай маргасан залуу миний нүүр рүү гараараа 6-7 удаа цохисон. ...Надтай маргаад байсан залуу намайг ганцаараа зодож энэ гэмтлийг учруулсан. ...Би түүнтэй учир зүйгээ ололцсон, эвлэрсэн, 500.000 төгрөг авсан. , гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-7-9/.

Гэрч С.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сард байх сар, өдрийг сайн санахгүй байна. Найз Билгүүнтэй Засгийн газрын ард уулзаад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Centurу пабад ороод хүний 3 пиво аваад ууж байхад утас дуугараад гэрээс яриад байхаар нь гадаа гараад утсаар ярьчхаад ороод иртэл найз Билгүүн үл таних нэг залуутай муудалцаад байхаар нь боль гээд салгасан. Тэгээд нэг их удалгүй гадаа гарч тамхи татъя гээд замаараа ариун цэврийн өрөө ороод цаашаа хараад бие засч байтал хойно хүмүүс муудалцаад, цохилцоод байхаар нь дундуур нь орж салгаад гараад явсан. ...Манай найз Билгүүн тэр хүний нүүр рүү цохиж гэмтэл учруулсан...” гэжээ /хх-13-14/.   

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №4221 дугаар дүгнэлтэд: 

“1. Одсүрэнгийн биед дээд үүдэн 4 шүдний ирмэг эмтэрсэн, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус хуралт, хамрын ясны хугарал, таславч мурийлт, баруун сарвуун зөөлөн эдийн гэмтэл, зүүн шууны гадна дунд хэсэгт цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө.” гэжээ /хх-16/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-137/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Centurу ресторан, паб дотор иргэн Б.Одсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Одсүрэнгийн “...Надтай маргасан залуу миний нүүр рүү гараараа 6-7 удаа цохисон. ...Надтай маргаад байсан залуу намайг ганцаараа зодож энэ гэмтлийг учруулсан. ...Би түүнтэй учир зүйгээ ололцсон, эвлэрсэн, 500.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч  С.Эрдэнэбаярын “...хойно хүмүүс муудалцаад, цохилцоод байхаар нь дундуур нь орж салгаад гараад явсан. ...Манай найз Билгүүн тэр хүний нүүр рүү цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №4221 дүгээр дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Мөн шүүгдэгч Б.Бд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Б.Одсүрэн нь “...Би түүнтэй учир зүйгээ ололцсон, эвлэрсэн, 500.000 төгрөг авсан. , гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч  Б.Б нь хохирогч Б.Одсүрэнд нийт 500.000 төгрөг хүлээлгэн өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч мэргэн овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН