Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1160

 

 

 

 

 

 

  2024            10            17                                         2024/ДШМ/1160

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

хохирогч Ж.З,

шүүгдэгч Б.М,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/745 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Мд холбогдох эрүүгийн 2409000000940 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн   Б.М, 1982 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, Номин холдинг бизнес хөгжлийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Шүүгдэгч Б.М нь 2024 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангри-Ла зочид буудлын үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамгаалагчаар ажиллаж байсан хохирогч Ж.Зыг “Миний нүдний шил хаана байна” гэх зүйлээр маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 968,840 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Зт олгож, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардал болон сэтгэцэд учирсан хор уршгаа, баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Би 2024 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө иргэн Ж.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Уг үйлдлийг үйлдэх үедээ биеэ хянах боломжгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний бие өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байсан бөгөөд хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахаа мэдэгдсэн болно. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр явагдсан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан нээлттэй явагдсан бөгөөд тухайн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Эрдэнэбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” хэмээн тодорхойлж 950,000 төгрөгөөр торгох саналтай байгаагаа илэрхийлсэн. Харин шүүгч 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Шүүгч Б.Мөнх-Эрдэнийн оногдуулсан ялын хугацаа нь нийт ажлын 33 хоног буюу 1.3 сартай тэнцэж байгаа бөгөөд энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс авахгүй байх нь өнөөгийн нөхцөл байдалд хүнд тусч байна. Миний бие 4 болон 15 насны 2 хүүхэдтэй бөгөөд хичээлийн шинэ жил эхэлсэн, мөн сар болгон төлдөг зээлтэй учраас ажил, хөдөлмөр эрхлээгүй байх “1.3 сар” нь манай гэр бүлийн хувьд маш хүнд нөхцөл байдлыг авчирч байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг торгох ял болгож өгнө үү…” гэв.

Хохирогч Ж.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Мд оногдуулсан ял шийтгэлийн талаар саналгүй. Сэтгэцэд учирсан хохирлын асуудлаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд очиход заавал шүүгчийн захирамжтай байж гаргана гэсэн. Би сэтгэцэд учирсан хохирлоо одоо нэхэмжлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч Ж.З ажлаа хийж байхад шүүгдэгч Б.М ямар ч шалтгаангүйгээр түүнийг цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлж барагдуулаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд яагаад хохирол төлөх ёстой вэ гэдэг байдлаар хандаж, гэм буруугаа ойлгохгүй байсан. Прокуророос торгох ялын санал гаргасан боловч шүүхээс шүүгдэгч Б.Мд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Иймд шүүгдэгч Б.Мд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.М нь 2024 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангри-Ла зочид буудлын үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамгаалагчаар ажиллаж байсан хохирогч Ж.Зтай “Миний нүдний шил хаана байна” гэж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ж.Зын “... 2024 оны оны 06 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө өөрийн ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл шөнө 04 цагийн үед хамгаалагч Г гэх залуу “...буудлын үүдэнд 2 залуу зодолдоод байна..." гэж станцаар хэлсэн. Би тухайн газарт очсон ба Г бид хоёр зодолдож байсан хүмүүсийг салгасан. Тэгж байтал нэг залуу нь эвлэрч байгаа дүр үзүүлээд нэгнийгээ цохиж авсан. Тэгэхээр нь Г бид хоёр дахин салгаад цохисон залууг Г буудал руу дагуулж орсон ба цохиулсан гэх залуу “...миний шил хаана байна..." гээд нүдний шилээ хайгаад байсан. Би буцаад явж байтал нөгөө залуу араас цэвэр усны шил шидсэн ба буудлын үүдэнд зогсож байсан машинуудын хажууд хагарсан. Би хагарсан шилийг янзлахын тулд Гд "... хогийн шүүр аваад ир...” гээд захиад байж байтал нөгөө эрэгтэй над дээр ирээд “...миний шил хаана байна...” гэж байснаа намайг цохиж авсан. Би хойш ухарч хамрын цусаа тогтоогоод, цагдаа дуудуулсан. Намайг цохисон залуу нэгэн үл таних залуутай маргалдаж байсан. Би хэн нэгний биед халдаагүй. 175-180 см орчим өндөртэй, саарал цэнхэр өнгийн өмдтэй, бор царайтай, махлаг залуу намайг нэг удаа цохиж авсан. Намайг цохихдоо миний хамар луу зүүн гараараа нэг удаа цохисон. ...” /хх 7/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №7772 дугаартай “... Ж.Зын биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, унах үйлчлэлээр, 2024.06.07-08-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 12/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-21/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Б.Мын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Мын “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.Мын хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад хуульд заасан харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих үндэслэл бүрдээгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх ялын төрөл, хугацаатай бөгөөд анхан шатны шүүхээс Б.Мд тухайн зүйл хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгох оногдуулж, хугацааг 260 цагаар тогтоосон нь тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/745 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.М нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогчид хохирлоос 500,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Ж.Зын хувьд ажилгүй байсан хугацааны цалин, цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгож, баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/745 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.М нь хохирлоос 500,000 төгрөгийг хохирогч Ж.Зт төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                                              ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ