Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2026/0401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Г*******,

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд,

Маргааны төрөл: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2-т заалт буюу “хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Г*******эд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах” хэсэг хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г*******, түүний өмгөөлөгч О.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.Л.Г*******ээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатах тухай” албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2 заалт буюу “Хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Г*******эд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.М******* Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 160 дугаар тогтоолын 1 дэх заалтын 1.4-д “Х******* м*******” ХХК-ийн хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгажээ.

       3.Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай” А/400 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Х******* м*******” ХХК-иас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан гомдолд дурдсан асуудлын хүрээнд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалтын удирдамжийг хавсралтаар баталсан байна.

          Тус ажлын хэсгийн илтгэх хуудасны  авах арга хэмжээний саналд нэхэмжлэгч Л.Г*******ийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 13, 14 дүгээр зүйл, 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.2, Иргэний хуулийн 64.2, 109.2, Компанийн тухай хуулийн 87.1, 88.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байх тул үйлдэлд нь тохирсон хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх талаар зохих арга хэмжээ авахыг дурдсан.

4.Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2-т заалтаар “хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Г*******эд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах талаар дурдсан байна.

5.Нэхэмжлэгчээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2-т заалтыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

6.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“...Миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б640 дугаартай тушаалаар улсын бүртгэгчийн албан тушаалаас халагдсан. Уг тушаалын үндэслэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын  2024 оны 01 дүгээр 1.1 дугаартай албан даалгаврууд байсан. Уг албан даалгаврын нэг дэх хэсэгт нь “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Д*******д: 1.1 дэх хэсэгт “улсын бүртгэлийн Ү-222******* дугаартай С******* дүүргийн 1 дүгээр хороо, соёл амралтын хүрээлэн, олимпын гудамж, 5 тоот хаягт байрлах 14386,5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн барилгын хамтран өмчлөгчөөс “Хуашенконстранкшн м*******” ХХК-ийг хасаж, “Аюуд” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах”, 1.2 дахь хэсэгт “хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Г*******эд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах” гэж даалгасан байсныг 21 сарын дараа хэрэгжүүлж намайг албан тушаалаас халах тушаалыг гаргасан.

 Иймд миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1.1 дугаар албан даалгаврын 1.2 дахь хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаа буюу улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбогдсон нийтлэг харилцаа буюу тодруулбал эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хэн хөтлөх, бүртгэл хуульд нийцсэн эсэхийг хэрхэн хянах, бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлсийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар зохицуулдаг.Харин М******* Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох зэрэг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг, тодруулбал бүртгэлийг хэн, хэрхэн хөтлөх, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрх хэдийд үүсэх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үнэн зөв байх шаардлага, бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл, журам, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргах, мэдүүлгийг хүлээж авах, мэдүүлэг хүлээж авахаас татгалзах журам, өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх үндэслэл, журмыг Эд хөрөнгийн эрх, улсын бүртгэлийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэх”-ээр заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан, тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна” гэж заасан ба хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан тогтоох, зогсоох, зөрчилтэй баримт бичиг,  эд  юмсыг  акт  үйлдэн  хуульд  заасан  журмын  дагуу  шийдвэрлэх,  бүртгэх,  засвар, өөрчлөлт оруулах, төлбөр хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “энэ хуулийн 47.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана” гэж, 48 дугаар зүйлийн 48.4-д “төрийн жинхэнэ албан хаагчид, түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилох бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ноогдуулна” гэж тус тус хуульчилсан байдаг.

 Дээрх хууль зүйн зохицуулалтаас үзэхэд бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх мөн тодорхой эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах, өөрчлөлт оруулах асуудал болон төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, албан тушаалаас халах шийдвэр гаргах, түүнд оролцох эрх хэмжээ нь зөвхөн төрийн захиргааны байгууллагад олгогдоогүй. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх, сахилга хариуцлага тооцох харилцааг нарийвчилж зохицуулсан хууль тогтоомжоор Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг байгууллагын дотоод хяналт шалгалт хийх албан даалгавар нэрийдлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эрхийн хэмжээнд халдаж болохгүй гэж үзэж байна.

2.Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 тоот албан даалгаварт ямар нэгэн хууль тогтоомж, үндэслэл заагаагүй байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудаас үзэхэд тухайлсан эд хөрөнгийн улсын бүртгэлд хяналт шалгалт хийх, улмаар төрийн албан хаагчид хариуцлага тооцох, албан тушаалаас халах эрх олгоогүй болохыг заасан байдаг. Нөгөө талаас миний хийсэн улсын бүртгэлд зөрчил байгаагүй гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 5012 дугаар дүгнэлтэд тодорхой тусгагдсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ноогдуулж болохгүй” гэж хуульчилсан байхад Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2015 онд хийгдсэн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд 2024 онд хяналт шалгалт хийж, албан даалгавар гаргасан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зүгээс заавал биелүүлэх шинж чанартай акт хэмээн хэрэгжүүлж 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дугаар тушаалаар албан тушаал халах шийдвэр гаргасан. Үүнээс үзэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд нь тухайн харилцааг хуулиар зохицуулсан хязгаарлалтыг зөрчиж, бүрэн эрхийг хэтрүүлэн захиргааны акт гаргасан буюу захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 тоот албан даалгаврын 1.2 дахь хэсгийг үйлдсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасныг үндэслэн илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврын 1 2 дахь хэсэгт  хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын байцаагч Л.Г*******эд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээ авах агуулга бүхий албан даалгавар 2024 оны нэг сард гарсан. Энэ талаар ямар нэгэн байдлаар мэдээгүй. Ажлаас халагдсаны дараа уг албан даалгаврын үр дагаврыг мэдсэн.  Улсын бүртгэлийн ерөнхий газраас ажлаас халагдах болсон шалтгааныг албан даалгавартай холбож тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн тэр хамтран эзэмшигч хасах хэлцлийг улсын бүртгэлд  бүртгэсэн нь хууль зөрчсөн учраас төрийн албанаас халах агуулгаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал гарсан байдаг юм.  Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаварт холбогдуулан маргаан гаргахаас өөр аргагүй буюу Л.Г*******ийн хууль ёсны эрх ашиг сонирхолд нөлөөлсөн учраас тухайн албан даалгаврыг хууль бус гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан байгаа. Уг захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл нь Захиргааны ерөнхий 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтад заасан үндэслэл юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд нь төрийн албан хаагчид хариуцлага тооцох эсхүл ажлаас нь халах үүрэг даалгаврыг агентлагийн даргад өгөх эрх хэмжээ байхгүй. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу уг эрх хэмжээ зөвхөн агентлагийн даргад буюу төсвийн ерөнхийлөн захирагчид байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд буюу дээд шатын захиргааны байгууллагаас албан даалгавар өгч заавал биелэгдэх шинж чанартай захиргааны акт гарсан. Уг захиргааны актыг биелүүлэх зайлшгүй шаардлага байсан тул миний үйлчлүүлэгчийн эрх ашигт халдсан. Хэдийгээр хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчөөс Л.Г*******эд хариуцлага тооцох, ажлаас халах талаар маргаан бүхий актад тусгагдаагүй гэж тайлбарлаж байгаа боловч уг актыг биелүүлэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг,  18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт тус тус заасан ерөнхий байцаагч, хяналтын ахлах байцаагч нарын хууль ёсны эрх мэдэлд халдаж, тухайн бүртгэлийг хууль тогтоомж зөрчсөн агуулгаар дүгнэлт үйлдсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь албан даалгавар гаргаснаар уг дүгнэлтийг хийсэн гэсэн үг юм. Зөрчил үйлдсэн нөхцөл байгаа гэдгийг дүгнэсэн боловч хууль ёсны дүгнэлт гараагүй гэдэг нь хэрэгт авагдсан Иргэний хэргийн шүүхийн удаа дараагийн шийдвэрт “Х м*******” ХХК-аас тухайн бүртгэлийн үндэслэл болсон хамтран эзэмшигчийг хасах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар олон удаа хандаж, эцэстээ арбитрын маргаан болсноос харагдаж байна. М******* Улсын Олон Улсын Арбитрт хандахдаа“Х******* м*******” ХХК-ийн зүгээс хандаагүй. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр тухайн хэлцэл нь үндэслэлтэй байсан гэж дүгнэсэн агуулга харагдаж байна. Үнэхээр хууль тогтоомж зөрчсөн бол “Хуашенконстранкшн м*******” ХХК-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй. Гэтэл одоог хүртэл 2015 оны дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд огт хандаагүй, энэ талаар Захиргааны хэргийн шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь бүртгэлийг хүчин төгөлдөр бус, эсхүл хууль тогтоомж зөрчсөн бүртгэл байсныг тогтоогоогүй гэсэн үг юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийг баримталдаг. Уг заалтыг зөвхөн төсвийн ерөнхийлөгч нь төсвийн шууд захирагчид олгогдсон эрх хэмжээ юм. Төсвийн шууд захирагчид олгогдож байгаа эрх хэмжээнд халдаж, сахилгын хариуцлага тооцуулахаар албан даалгавар өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.1 6-д заасан үндэслэл буюу бодит нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл зөрчил байгааг тогтоогоогүй, тогтоосон ямар нэгэн шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын буюу Улсын бүртгэлийн ерөнхий газраас гарсан шийдвэр байхгүй боловч тухайн мэдүүлгийг хууль зөрчиж улсын бүртгэлд бүртгэсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврын 1 болон 2 дугаарт заасан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“...Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ажлын хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоох, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн байгууллагад ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/400 дугаар тушаалаар Дотоод хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, үүний дагуу өөрийн харьяа байгууллагуудад холбогдох шалгалтыг явуулсан байдаг. Улмаар дээрх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Хууль зүй, зүй дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаар “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавраар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Д*******д гаргасан зөрчлийг арилгах, хууль тогтоомж зөрчин улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээ авахыг даалгасан.

Нэхэмжлэгчээ  Хууль зүй дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаар “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2 заалт буюу “Хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн Улсын бүртгэгч Л.Г*******эд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэлдээ “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас халах шийдвэр гаргах, түүнд оролцох эрх хэмжээ нь төрийн захиргааны төв байгууллагад олгогдоогүй, дотоод хяналт шалгалт хийх, албан даалгавар хийх нэрийдлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эрхэд халдаж болохгүй, 2015 онд хийсэн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд 2024 онд хяналт шалгалт хийж, хуулиар зохицуулсан хязгаарлалт зөрчиж, бүрэн эрхээ хэтрүүлэн захиргааны акт гаргасан буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй..." гэж маргасан байна.

М******* Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Гадаад хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай” 160 дугаар тогтоолоор “Х******* м*******” ХХК-иас гаргасан гомдлыг хянан шалгах даалгаврыг Хууль зүй, Дотоод хэргийн сайдад өгсөн байдаг. Үүний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан гомдлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2023 оны 11 сарын 22-ны өдөр А400 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан хянан шалгалт явуулсан. Хяналт шалгалт хийсэн акт нь Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд, Засгийн газрын гишүүний хувьд М******* Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.2, 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасны дагуу Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор харьяа байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан даалгавар өгөх хэлбэрээр Улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэн даалгавар өгөх эрх хэмжээ олгогдсон байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заасан үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/400 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсгийн илтгэх хуудасны авах арга хэмжээний саналд нэхэмжлэгч Л.Г*******ийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 13, 14 дүгээр зүйл, 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.2, Иргэний хуулийн 64.2, 109.2, Компанийн тухай хуулийн 87.1, 88.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байх тул үйлдэлд нь тохирсон хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх талаар зохих арга хэмжээ авахыг дурджээ.

2.Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2-т заалтаар “хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Г*******эд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах талаар дурджээ.

3.Улмаар улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/640 дүгээр тушаалаар дээрх даалгаврыг дурдаж, албан тушаалаас нь халсан байна.

4.Нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ү-220******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэсэн байна.

          Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна” гээд 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж тус тус заажээ.

5.Дээрхээс дүгнэвэл бүртгэл хууль зөрчсөн эсэхийг дээд шатны улсын байцаагчийн дүгнэлтээр эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоохоор байна.

        6.Нэхэмжлэгчийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч нарын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 5012 дугаар дүгнэлтээр хууль зөрчөөгүй талаар дүгнэж, дээрх бүртгэл, дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр байна.

          7.Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын байгуулсан ажлын хэсгийн илтгэх хуудас, маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг хууль зөрчиж бүртгэл хийсэн талаар дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

          8.Учир нь бүртгэл хуульд нийцсэн эсэхийг хуульд тухайлан заасан арга хэлбэрээр тогтоож, зөвтгөх боломжтой болохоос бус хэн нэгэн албан тушаалтны байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоож, тухайн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.

          Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заажээ.

          9.Дээрх ажлын хэсгийн дүгнэлт, тус дүгнэлтийг үндэслэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг  чангатгах  тухай”  албан  даалгаврын  1  дэх  хэсгийн  1.2-т  “хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Г*******эд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах” талаар дурдсан нь хариуцагч өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, түүнийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна.

          10.Учир нь хариуцагч нь бүртэл хуульд нийцсэн эсэхийг тогтоохгүй, Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид хариуцлага хүлээлгэх талаар үүрэг,  даалгавар   өгөх   эрх   олгогдоогүй   тул   маргаан  бүхий  захиргааны  актын  нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, 22 дугаар зүйлийн 22.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан Л.Г*******ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2-т заалт илт хууль бус болохыг тогтоосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ