Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00670

 

Түвшин-Энэрэл ХХК-ийн нэхэмжлэлтэй

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Д.Цогтсайхан, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00229 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Түвшин-Энэрэл ХХК-ийн хариуцагч Магнус капитал ХХК-д холбогдох үндэслэлгүй төлбөр нэхэмжилж ус дулааны хангамж болон бохирын шугамыг дур мэдэн хаадаг, цонх хааж чингэлэг тавьдаг, орц гарцыг хааж өмчлөх, эзэмших эрхийг зөрчдөг хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, ус, дулааны хангамжийг нээх, бохирын шугамыг нээх, цонх хааж тавьсан чингэлгийг зайлуулах, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 185 дугаар шүүхийн тогтоолын дагуу нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцаар Түвшин-Энэрэл ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг хариуцагчид даалгаж, эрх зөрчихөөс өмнөх байдалд сэргээлгэж, өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны харуул хамгаалалт, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, харуулын пост халаалтын зардалд нийт 84,674,000 төгрөг гаргуулах, харуул хамгаалалтын нийт төлбөрийн 25 хувь, харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөрийн 25 хувь, прожекторын сар бүрийн төлбөрийн 50 хувийг тус тус төлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алимаа, М.Шинэнэмэх, Ё.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Түвшин-Энэрэл ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 000676982 дугаар, мөн өдрийн 000676963 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Тээвэрчид гудамж, 32/8 тоот хаягт байршилтай 82 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 843 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өмчилдөг. Энэхүү хоёр үл хөдлөх эд хөрөнгө нь Магнус капитал ХХК-ийн эзэмшлийн барилга байгууламжтай зэрэгцээ нэг хашаанд байрладаг. Тус хоёр компанийн орц, гарц нь нийтийн эзэмшилд хамаардаг. Манай компани нийтийн эзэмшлийн талбайн өөрт ноогдох хэсгийн арчилгаа, цэвэрлэгээ, гэрэлтүүлгийг өөрийн хөрөнгөөр хариуцан ажилладаг. Гэтэл Магнус капитал ХХК-аас удаа дараа манай компанийн эрхэнд халдаж, ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй атлаа үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхэмжилж, улмаар манай компанийн эзэмшлийн машинууд болон харилцагч, үйлчлүүлэгчдийг оруулахгүй буцаах зэрэг хууль бус үйлдэл гаргах болсон. Мөн хариуцагч төвийн дулааны шугамыг өөрийн эзэмшлийн газраар дайрч өнгөрдөг гэх үндэслэлээр манай компанид ирэх ус, дулаан хангамжийг таслаж, оффисын цонхыг хааж чингэлэг тавьсан.

1970 онд хийгдсэн зургаас үзэхэд Түвшин-Энэрэл ХХК-ийн эзэмшлийн объектоос улсын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан бохир татуургын шугамууд объектын дотоод сүлжээнээс гадагш 20 орчим метр яваад С9, С10 гэсэн улсын хөрөнгөөр бий болсон худгаар дамжиж, бохир татуургыг одоогоор улсын мэдэлд байдаг төв магистраль шугамд нийлж байгаа. Энэ шугамын бохирыг соруулах үүрэг хүлээсэн Шифр ХХК-тай манай компани байгуулсан гэрээний дагуу сар бүрийн төлбөр тооцоо хийж, бохирын асуудлаа шийдсээр ирсэн боловч Магнус капитал ХХК-аас дахин хууль бус үйлдэл гаргасны улмаас шугамын бохирыг соруулах боломжгүй болж, бохир нь шугамаас давж урссан.

Хариуцагч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилдэг, ус дулааны хангамжийг хаадаг, бохирын шугамыг дур мэдэн хаадаг, цонх хааж чингэлэг тавьдаг, компанийн орц гарцыг хааж Түвшин-Энэрэл ХХК-ийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчиж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, эрхийг зөрчихөөс өмнөх байдалд сэргээх буюу хариуцагчид ус дулааны хангамж болон бохирын шугамыг нээх, цонх хааж тавьсан чингэлгийг зайлуулах, 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар шүүхийн тогтоолд Магнус капитал ХХК-ийн эзэмшил газраас нийтийн эзэмшлийн газар гаргаж, орц гарцын асуудлыг шийдвэрлэх гэсний дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайн орц гарцаар Түвшин-Энэрэл ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах, цаашид Магнус капитал ХХК өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ ямар нэгэн байдлаар Түвшин-Энэрэл ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, Түвшин-Энэрэл ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2012 онд Тал худаг ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн газрын алба нь манай объектын төв хаалганаас Тал худаг ХХК-ийн (одоогоор Түвшин-Энэрэл ХХК-ийн) хаалга хүртэлх замыг дундын буюу нийтийн эзэмшлийн зам талбай болгосон. Гэтэл манай компани өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд энэ дундын зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ, бордьюр будах, солих, замын нөхөөс хийх гэх мэт урсгал засвар, арчилгаа болон орчныг гэрэлтүүлэх зэргийг өөрийн зардлаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр хийж байна.

Манай компани 24 цагийн 5 пост бүхий 3 ээлжийн нийт 15 хамгаалагчтай гэрээт хамгаалалтын үйлчилгээг авч, нийт байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хариуцуулан ажиллуулж байна. Нэхэмжлэгчийн байр манай байгууламжийн дунд хэсэгт байрладаг давуу талаа ашиглан өнөөдрийг хүртэл өөрсдийн бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалтын асуудалд санаа зовохгүй, харуул хамгаалалтын үйлчилгээний ямар ч зардал гаргахгүйгээр бараа материалаа байрандаа хадгалж байна. Объектын төв хаалга болох харуулын 1 дүгээр постод манай компани өөрийн зардлаар гүйдэг хаалга, автомат хаалга тавьсан ба нэхэмжлэгчийн ажилчид, үйлчлүүлэгчид, харилцагчид нэвтрэх, гарах болгонд 24 цагийн 3 ээлжийн хамгаалагчид асууж лавлаж, хаалгыг нээж, хааж үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө манай байгууламжийн дунд байгаагүй бол харуул ажиллуулах, орчноо гэрэлтүүлж, хашаа хаалт барьж, зам талбай, хашаа хайсаа цэвэрлэж, шаардлагатай бүх зардлыг гаргах байсан. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй.

Манай компани Нийслэлийн засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/548 тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж 32, 32/5, 32/6, 32/7, 32/9 хаягт нэгж талбарын 1681210101 дугаар бүхий 6.258 га газрыг эзэмшиж байна. Энэ газрыг Монмебель ХК хувьчлан авсан цагаас хойш буюу 17 жилийн туршид газрын төлбөрийг төлж, зохих ёсны дагуу эзэмшиж байна. Нэхэмжлэгчийн чөлөөлөхийг шаардаж буй газар нь манай эзэмшил газар юм.

Ус, дулаан, бохирын шугамыг нээх шаардлагын тухайд бол манай компани 1970 оны хуучин барилга байгууламжийг хувьчлан авсан ба шугам сүлжээг шинэчлэх, шинэ шугам татах зэрэгт хөрөнгө оруулалт хийсэн. Нэхэмжлэгчийн одоогоор эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийг хувьчлан авсан Тал худаг ХХК нь 15 жилийн турш өөрсдийн барилгын дэд бүтцийн асуудалд ямар ч хөрөнгө оруулалт хийж сайжруулаагүй байтал үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан Түвшин-Энэрэл ХХК нь манай компанийн хувийн өмч болох шугам сүлжээнд холбогдохыг шаардаж, бидний хувийн өмч хөрөнгө рүү халдах эрхгүй. Ус, дулаан, бохирын шугамыг хаагаагүй гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай компани нь харуул хамгаалалтын компаниас гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ авч 24 цагийн 4-5 пост бүхий 3 ээлжийн нийт 12-15 хамгаалагчийг ажиллуулж нийт байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангахын зэрэгцээ нийт объектыг камержуулж, 32 ширхэг иж бүрэн өдөр шөнийн камер суурилуулсан. Тиймээс гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 25 хувь болох 1 постын сар бүрийн төлбөр 1,980,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцон 71,280,000 төгрөг гаргуулах,

Нийслэлийн газрын албанаас 2012 онд манай объектын төв хаалганаас Түвшин-Энэрэл ХХК-ийн хаалга хүртэлх замыг дундын буюу нийтийн эзэмшлийн зам талбай болгож, энэ талбайд манай компани өөрийн зардлаар бетонон зам тавьж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зам талбайг хог хаягдал, цас мөсгүй байлгах 4 улирлын өдөр тутмын цэвэрлэгээ болон зам, гүйдэг хаалга, хашаа, хашлага, хайс, бордюрыг бүрэн бүтэн байлгах буюу будах, солих, нөхөөс хийх, засварлах гэх мэт зам талбайн урсгал засвар, арчилгааг дангаар хариуцан хийдэг. Иймд дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсний 30 хувийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тооцон 5,550,000 төгрөг гаргуулах,

Орчны аюулгүй болон бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор 30 прожектор суурилуулж, шөнийн цагаар нийт объектыг гэрэлтүүлдгээс 6 прожектор нь төв хаалганаас Түвшин-Энэрэл ХХК-ийн байр хүртэлх зам талбайг гэрэлтүүлж байна. Иймд эдгээр 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувь 50,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 24 сарын төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах,

Нэг пост буюу харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөр 234,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 сарын 1,170,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 8 сарын 1,872,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын 702,000 төгрөг, нийт 3,744,000 төгрөг гаргуулах,

Манай компани объектын төв хаалганд өөрийн зардлаар гүйдэг хаалга, автомат хаалтыг суурилуулсан ба эдгээрийг шинэчлэх, засварлах, сэлбэг солих зэргийг өөрсдийн зардлаар хийдэг. Өмнөх хаалгыг шинэчилсэн төлбөрөөс төлөхийг Түвшин-Энэрэл ХХК-аас шаардаж байгаагүй. Харин 2020 оны 12 дугаар сард автомат хаалт эвдэрсэн. Шинэ чиптэй автомат хаалтыг 5,800,000 төгрөгөөр суурилуулж ашиглалтад оруулсан ба үүний 50 хувь 2,900,000 төгрөг, нийт 84,674,000 төгрөгийг Түвшин-Энэрэл ХХК-аас гаргуулна.

Мөн Түвшин-Энэрэл ХХК-д гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний нийт төлбөрийн 25 хувь буюу 1 постын (3 хамгаалагчийн) төлбөр болон харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөрийн 25 хувь (хүйтний улиралд) төлөхийг, 1 дүгээр пост болох төв хаалганаас Түвшин-Энэрэл ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг төлөхийг тус тус даалгаж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Магнус капитал ХХК дур мэдэн нийтийн эзэмшлийн талбайд орох, гарах газрыг хааж хаалт суурилуулан, дураараа тавьсан хаалтын төлбөрийн тал хувийг нэхэмжлэгчээс нэхэмжилж, мөн өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг арчилсан, цэвэрлэсэн, хамгаалсан зардлаа нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Зэрэгцэн оршиж буй талуудын эзэмшлийн талбайг харьцуулбал Магнус капитал ХХК нь нийт 62,580 м.кв талбайг, Түвшин-Энэрэл ХХК нь түүнээс 68 дахин бага хэмжээтэй буюу 924 м.кв талбайг эзэлдэг. Ийм нийт ашиглагддаг 4 харуулын постны 25 хувийг буюу 1 постны төлбөрийг бүхэлд нь, гэрэлтүүлгийн 50 хувь, урсгал зардлын 30 хувь, хаалтын 50 хувийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна...гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчний төвийн бүс, Тээвэрчид гудамж хаяг дахь орц гарцаар нэхэмжлэгч Түвшин-Энэрэл ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг хариуцагч Магнус капитал ХХК-д даалгаж, үндсэн нэхэмжлэлийн бусад шаардлага ус, дулааны хангамжийг хаадаг хууль бус үйлдлийг таслан зогсоох, ус дулааны хангамжийг нээх, бохирын шугамыг нээхийг хариуцагчид даалгах, цонх хааж чингэлэг тавьдаг хууль бус үйлдлийг таслан зогсоох, чингэлгийг зайлуулахыг хариуцагчид даалгах, цаашид өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ Түвшин-Энэрэл ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, Түвшин-Энэрэл ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг хариуцагчид даалгах зэрэг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1, 140 дүгээр зүйлийн 140.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Түвшин-Энэрэл ХХК-аас 44,090,000 (дөчин дөрвөн сая ерэн мянган) төгрөг гаргуулан хариуцагч Магнус капитал ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс илүү шаардсан 40,584,000 (дөчин сая таван зуун наян дөрвөн мянган) төгрөг болон гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний нийт төлбөрийн 25 хувь буюу нэг постын гурван хамгаалагчийн төлбөр төлөхийг нэхэмжлэгчид даалгах, гэрээт харуул хамгаалалтын харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөрийн 25 хувийг төлөхийг нэхэмжлэгчид даалгах, нэгдүгээр пост болох төв хаалганаас Түвшин-Энэрэл ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувийг төлөхийг нэхэмжлэгчид даалгах зэрэг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 1,020,070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 140,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, мөн нэхэмжлэгчээс 378,400 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Магнус капитал ХХК болон Түвшин-Энэрэл ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайн өмчлөгч болон хуулийн этгээдийн хоорондын харилцаа, эрх зөрчигдөж байгааг асуудлыг анхан шатны шүүх буруу дүгнэсэн.

Магнус капитал ХХК нь нийтийн эзэмшлийн талбайд хаалт тавьж Түвшин-Энэрэл ХХК-ийг уг талбайгаар чөлөөтэй зорчих эрхээ эдлэхэд саад болж байна. Үзлэгийн тэмдэглэлээр Түвшин-Энэрэл ХХК болон Магнус капитал ХХК нь хөрш зэрэлдээ оршдог болох нь тогтоогдсон. Энэхүү нийтийн эзэмшлийн зам талбай Түвшин-Энэрэл ХХК-ийн газраас Магнус капитал ХХК-ийн эзэмшлийн газраар дамжин 2 дугаар гол орц гарцтай холбогддог.

Түвшин-Энэрэл ХХК болон Магнус капитал ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 139, 140 дүгээр зүйлийг хамруулах харилцаа холбоо нь зөвхөн эзэмшил газруудын хооронд үүсэх бөгөөд 82 м.кв агуулахын зориулалттай, 843 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон тэдгээрийн сууриар олгогдсон газрын хэмжээгээр үүсэхийг хуулийн эдгээр заалтуудад салаа утгагүйгээр тодорхой заажээ. Иймд Магнус капитал ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайд өмчлөгчөөс болон нийтийн эзэмшлийн зам талбайг ашилах эрхтэй Түвшин-Энэрэл ХХК-тай зөвшилцөлгүй дур мэдэж хаалт, хамгаалалт, харуул байрлуулсанаас үүдэлтэй маргаан үүссэн.

Өөрсдийн хөрөнгөө хамгаалахаар хөлсөлсөн хамгаалалтын албаны пост, хаалтаа өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулан нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хамгаалалт хийдэг гэж тайлбарлан Түвшин-Энэрэл ХХК-аас их хэмжээний төлбөр нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх үүргийн дагуу манай хамт олон өөрийн байгууллагын 50 метрт байх зам талбайг тогтмол цэвэрлэдэг, шөнийн цагаар өндөр хүчин чадал бүхий гэрэлтүүлгээр 3 жилийн турш гэрэлтүүлж ирсэн бөгөөд заавал хийх үүрэгт ажил тул зардлаа өөрсдөө хариуцсаар ирсэн, энэ тухай нотлох баримтаа өгсөн. Харин Магнус капитал ХХК-ийн зам арчилдаг, цэвэрлэдэг, гэрэлтүүлдэг гэх баримтууд нь хийгээгүй ажилд бичигдсэн мөнгөн гүйлгээ байх магадлалтай бөгөөд шүүхийг төөрөгдүүлсэн. Цэвэрлэгээ хийгдэж байгаа гэх үйлдэл нь тэдний хөлсөлсөн гэрээт харуул хамгаалалтын ажилчид тэр орчиндоо хийдэг бөгөөд уулдаж ярилцахад нэмэлт хөлсгүй, хийхгүй бол цалин хөлсийг нь гүйцэт өгөхгүй гэдэг талаар ярьдаг. Эдгээр үзэхэд Магнус капитал ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй. Түвшин-Энэрэл ХХК-ийн цонхыг хааж байрлуулсан чингэлгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг хангахаас татгалзсан шалтгаан болох чингэлэгийн доорх газрын эзэмшлийн талаар манай компани маргаагүй, орчны харагдах байдал хаасан, нарны гэрэл болон агаар салхи ороход саад учруулсан гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх ...чингэлэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан гэж үзэхээгүй буюу үзэгдэх орчин бүрэн хязгаарлаагүй ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Магнус капитал ХХК-ийн хувь уг чингэлгийг байрлуулах өөр газар байгаа атал Түвшин-Энэрэл ХХК-ийн цонхыг хааж тавьсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Түвшин-Энэрэл ХХК-ийн чөлөөлөхийг шаардаж буй чингэлэг байрласан газар нь манай эзэмшлийнх бөгөөд энэ талаар маргаагүй. Тус чингэлэг Түвшин-Энэрэл ХХК-ийн цонхноос хол байрладаг, байгалийн гэрэл, үзэгдэх орчныг хязгаарлаагүй болохыг анхан шатны шүүхийн үзлэгээр тогтоосон. Шүүх 44,000,000 төгрөгийг харуул хамгаалалт, зам арчилгаа, гэрэлтүүлэг, 4 улирлын засвар үйлчилгээтэй холбоотой зардалд хангаж шийдвэрлэсэн. Түвшин-Энэрэл ХХК нь 2018 оны 11 дүгээр сараас хойш төлбөр төлөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчний төвийн бүс, Тээвэрчид гудамж хаяг дахь орц гарцаар нэхэмжлэгч Түвшин-Энэрэл ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг хариуцагч Магнус капитал ХХК-д даалгаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн анхны шаардлага өөрчлөгдсөн байгааг анхаараагүй байна.

2.а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэг шаардлага болох ...орц гарцаар чөлөөтэй нэвтэрч Түвшин-Энэрэл ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхийг даалгах... гэсэн анхны шаардлагаа өөрчилж ...2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар шүүхийн тогтоолд Магнус капитал ХХК-ийн эзэмшил газраас нийтийн эзэмшлийн газар гаргаж, орц гарцын асуудлыг шийдвэрлэх гэсний дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайн орц гарцаар Түвшин-Энэрэл ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах... гэсэн шаардлага гаргасан. (хх-ийн 1, 2хх-ийн 125)

2.б. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/05960 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...С.Баттулга нарын эзэмшиж байсан 1,906 м.кв газраас 1,000 м.кв газрыг хасч, барилгын сууриар 988 м.кв болгож багасгаж ... гэж дүгнэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алимаа ...тухайн 185 дугаар тогтоолын 1000 м.кв газар өнөөдрийн Түвшин-Энэрэл ХХК-д хамааралгүй, Тал нутаг ХХК-ийн 832, 82 м.кв газрын орц гарцын асуудлаар маргаан болж байгаагүй ... гэсэн тайлбар гаргасан. Түүнчлэн, гэрч Д.Нямдаваагийн мэдүүлэг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06/7599 тоот албан бичиг, түүний хавсралт зэргээс үзэхэд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар тогтоолд Магнус капитал ХХК-ийн эзэмшил газраас нийтийн эзэмшлийн газар гаргаж, орц гарцын асуудлыг шийдвэрлэх гэсэн заалт талуудын маргааны зүйлд хамааралтай эсэх нь тодорхой бус байна. (хх-ийн 78, 87, 175, 2хх-ийн 196)

2.в. Тодруулбал, нэхэмжлэгчийн сүүлд өөрчилсөн шаардлага нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар тогтоолд заасан ...Шинэ барилга ХХК-ийн баруун талд орших ЦТП-ийн хажууд орц, гарцын асуудал шийдвэрлэх...-д хамаарч байгаа эсэх, Магнус капитал ХХК-ийн нийтийн эзэмшлийн зам дээр байрлуулсан орц, гарцын хаалтад хамаарч байгаа эсэх нь ойлгомжгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ...Түвшин-Энэрэл ХХК-ийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчиж буй үйлдлийг таслан зогсоох... гэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргасан байхад уг шаардлагыг шийдвэрлээгүй орхисон байна. (2хх-ийн 125)

Нэхэмжлэлийн уг хэсэгт ...үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилдэг, ус дулааны хангамжийг хаадаг, бохирын шугамыг дур мэдэн хаадаг, цонх хааж чингэлэг тавьдаг, компанийн орц гарцыг хааж... гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын агуулга гэхээс илүү үндэслэлд хамаарах үйл баримтууд болох бөгөөд шүүх эдгээр үндэслэлийн талаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрх зөрчигдсөн эсэх талаар үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

4. Шүүхийн шийдвэр биелэгдэх бодит боломжтой байх ёстой бөгөөд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаарлагаас өөр шаардлагыг шүүх шийдвэрлэсэн гэж үзэхээр байхад давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 659,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Н.БАТЗОРИГ