Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00671

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00532 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЭХЭТ-д холбогдох гэм хорын хохиролд 68,151,114 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, гуравдагч этгээд С.Мын өмгөөлөгч В.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.О- 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин М.Нг эрүүл, хэвийн төрүүлсэн. Төрснөөс хойш 4 сар хүртлээ охин эрүүл бойжиж байсан. М.Н 4 сартай буюу 2009 оны 05 дугаар сард ханиад хүрч Сүхбаатар дүүргийн эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлж байгаад Эх хүүдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжин хэвтэн эмчлүүлсэн.

2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 45 миунтанд тус эмнэлгийн мэс заслын клиникийн мэдээгүйжилт, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Б.Одгэрэл охины баруун эгэмний доорх венийн судсанд сельденгирийн аргаар хаймсуур тавих мэс ажилбарыг хийхдээ уушгийг гэмтээж, улмаар хяналтгүй орхисон. Тус эмнэлгийн их эмч ажилтай С.М тухайн өдөр жижүүр эмчээр ажиллахдаа охиныг хяналтгүй орхиж 8 цагийн дараа үзлэг хийхэд мэс ажилбарын хүндрэл гарч, улмаар тухайн шөнө охины зүрх нийтдээ нэг цаг гаруй хугацаанд зогссоноос болж тархины цусан хангамж байхгүй болж тархины 80 хувь гэмтэж, тархи хэсэгчлэн үхжиж орчны ямар ч харьцаагүй болсон бөгөөд унтдаггүй, байнгын таталт өгдөг, шээж баах, идэж уух рефлексгүй болж, ямар ч эмчилгээгүй гэсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор эмч Б.Одгэрэл, С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож М.Н охинд учирсан гэм хорын хохирлыг иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэхийг дурдаж шийдвэрлэсэн. М.Н охин 13 нас, 1 сартай 158 сантиметр өндөр, 35 килограмм жинтэй, бие нь өссөн ч оюун ухаан нь 4 сар байх үеийнхээрээ зогссон. Мөн охин М.Н леннокса-кастогийн хам шинж, тоник постураль таталт, атоник таталт, абсанс уналт, 3 дугаар зэргийн эмгэгтэй гэх хүнд оноштой, байнгын таталттай эмчилгээ байхгүй ууж, идэх, баах, шээх бүх л хэрэгцээндээ 100 хувь бусдаас хоёроос гурван хүний тусламж авч, байнгын асаргаанд байна. Иймд Эх хүүдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүүхэд асрагчийн цалин 2018 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний байдлаар нийт 35,100,000 төгрөг, живхний үнэ 11,260,864 төгрөг, олох ёстой байсан орлого 16,920,000 төгрөг, тусгай хэрэгцээт нэмэлт хоол 527,850 төгрөг, цэцэрлэгийн нэг сарын төлбөр 200,000 төгрөг, Сонгдо эмнэлгийн шинжилгээний төлбөр 112,400 төгрөг, Альфа эмнэлгийн тархины оношилгооны төлбөр 80,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, тэргэнцрийн үнэ 1,950,000 төгрөг, нийт 68,151,114 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Гэм хор учруулсан талаар маргахгүй. Харин нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд маргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс, олох ёстой орлогыг зөвшөөрөхгүй. Б.О- нийгмийн даатгал төлсөн баримтыг эрх бүхий байгууллага гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн хөлсийг төлөх үндэслэлгүй. Бусад зардлыг төлөхөд татгалзахгүй гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар, татгалзлын агуулга:

2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б.О-, З.Пунцагдулам нарын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ хэрэгт авагдсан. Энэ гэрээний 3 дугаар зүйлд хөлслөгчийн эрх, үүргийг заасан бөгөөд хөлслөгчийн эрх үүрэг дотор хөлслөгч хөлсөөр ажиллаж байгаа хүндээ тусалж, охиноо хамтран асарна гэсэн үүрэг байхгүй. Б.О- олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч олох ёстой байсан орлогыг ...би охиноо том болсон учраас хамт асарсан, энэ хугацаанд орлого олох боломжгүй байсан... гэж тайлбарласан. Хөлслөгчийн хувьд хөлслүүлэгчид хамтран охиноо асрах үүрэг хүлээгээгүй. Гэрчүүд ... ажил хийж байгаагүй гэж мэдүүлснээс ... надтай хамтарч байнга асардаг... гэж мэдүүлээгүй.

Б.О- 2018 оноос 2021 оны 11 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тул хөдөлмөр эрхэлж байсан байна. Тиймээс олох ёстой байсан орлого 16,920,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй.

Мөн өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүх хуралд оролцож байгаа төлөөлөгч нь Б.О-тэй өмгөөллийн гэрээ байгуулсан талаар баримт байхгүй. Иймд олох ёстой байсан орлого болон өмгөөлөгчийн хөлс нийт 18,920,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Гэм буруугийн талаар маргах шаардлага байхгүй. Гэм буруутай учраас хохирлыг төлөх ёстой гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭХЭТ-өөс гэм хорын хохиролд 49,231,114 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 18,920,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 404,016 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 18,920,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шүүх Нэхэмжлэгч Б.О- нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь нотлогдож байх тул хөдөлмөр эрхэлж байсан гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14/ дэх хэсэгт заасан өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх өмгөөлөх, шүүх ажиллагаанд биеэр оролцох гэж заасны дагуу нэхэмжлэгч өмгөөлөгч авах эрхтэй боловч хавтаст хэрэгт Т.Анхцэцэгтэй, нэхэмжлэгч хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ баримт авагдаагүй мөн энэ эрхээ хэрэгжүүлсний зардалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул олох ёстой байсан орлого, өмгөөллийн хөлс нийт 18,920,000 төгрөгийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ гэж дүгнэсэн.

Охин м.н байнгын таталттай, биологийн рефлексгүй тул 2 асрагч байх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6515 дугаар шүүхийн шийдвэрээр охин м.нг 2-3 хүний асаргаанд байх тогтоосон.

Мөн хүүхэд асрагч нар ...м.н охиныг асрахад 2-3 хүн шаардлагатай тул эх Б.О-ийн хамт хүүхдийг хардаг, Б.О- ажил хийдэггүй, гэртээ хамт байж хүүхдээ хардаг гэж мэдүүлсэн. Шүүх гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүй.

Б.О- эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж охин М.Нг 4 сартайгаас нь хойш 11 жилийн турш хүүхдээ асарч хөдөлмөр эрхэлж чадаагүй байна.

Шүүх энэхүү байдлыг нотолсон хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байхад Б.О-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгал төлснийг ажил эрхэлж байна гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. М.Нгоос холдох боломжгүй тул хөдөлмөр эрхэлж чадаагүй нь хариуцагчийн гэм буруутай шууд шалтгаант холбоотой тул олох байсан орлого 16,920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүх хэрэгт хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ авагдсан байхад гэрээ байхгүй гэж дүгнэсэн. Түүнчлэн, өмгөөлөгч Т.Анхцэцэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Б.О- нь байнгын асаргаанд байдаг хүүхэдтэй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Б.О- нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа хэрэгт авагдсан. Шүүх үүнийг зөв үнэлсэн. Өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг нь зөвхөн хууль зүйн хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлсэнтэй холбоотой төлбөр болохоос биш М.Нд гэм хор учруулсан асуудлын бодит хохирол биш. Хариуцагчийн зүгээс тодорхой хэмжээний бодит зардлуудыг хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээд С.Мын өмгөөлөгч В.Г-ын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. М.Нгийн эмчилгээ, асаргааг жилийг 12 сар гэж авч үзэж 6 сарын хугацаанд манай зүгээс хийе гэсэн. Анагаах ухааны шинжээч нар үзэж байгаагаар энэ хүнийг эдгэшгүй гэж байгаа юм. 13 жилийн өмнө эрүүгийн хэрэг үүсэж байхад анагаах ухааны докторын хэлснээр энэ өвчнийг эдгэрэх өвчин байна гэж үзсэн. Хариуцагч талаас 6 сард нь манай зүгээс асран хамгаалъя гэхэд нэхэмжлэгч өөрөө харж хандах ёстой, хүнийг хөлсөөр ажилуулах ёстой гэж байгаа нь хүүхдийг эмчлүүлэх, эрүүл болгох эрхүүдийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Э,ХЭТ төвд холбогдуулан охин М.Нгийн эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд 2018 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хүртэл хугацааны хүүхэд асрагчийн цалин 35,100,000 төгрөг, живхний үнэ 11,260,864 төгрөг, тусгай хэрэгцээт нэмэлт хоолны үнэ 527,850 төгрөг, цэцэрлэгийн төлбөр 200,000 төгрөг, шинжилгээний төлбөр 192,400 төгрөг, тэргэнцрийн үнэ 1,950,000 төгрөг, олох ёстой байсан орлого 16,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 68,151,114 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч байгууллагын төлөөлөгч олох ёстой байсан орлого болон өмгөөлөгчийн хөлс төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

1.б. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолоор Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн мэс заслын клиникийн мэдээгүйжилт, эрчимт эмчилгээний тасагт их эмчээр ажиллаж байсан Б.Одгэрэл нь 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдөр уушгины хатгалгаа оноштойгоор тус төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан охин М.Нд 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баруун эгэмний доорх венийн судсанд Сельденгерийн аргаар хаймсуур тавих мэс ажилбарын үед уг тавьсан гуурс уушгийг хатгаснаас гэмтээж улмаар хяналтгүй орхиж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус төвийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт их эмчээр ажиллаж байсан С.М нь 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байхдаа охин М.Нд баруун эгэмний доорх венийн судсанд Сельденгерийн аргаар хаймсуур тавих мэс ажилбарын дараа буюу хатгалт хийснээс хойш 8 цагийн дараа үзлэг хийснээс мэс ажилбараас гарсан хүндрэлийг эрт оношлоогүй, хяналтгүй орхиж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хорих ял шийтгүүлсэн байна. (1хав-14-21)

Нэхэмжлэгч Б.О-ийн охин М.Н нь асаргаа, сувилгаа зайлшгүй шаардлагатай үйл баримтын талаар талууд маргаангүй болно.

Иймд нэхэмжлэгч Б.О- нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн эмч нарын учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч Э,ХЭТ төвөөс шаардах эрхтэй, хариуцагч байгууллага нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарч буй зайлшгүй бүх зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

1.в. Нэхэмжлэгч Б.О- нь охин М.Нд Альфи долгион мэдрэлийн эмнэлгээр 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 80,000 төгрөгөөр тархины цахилгаан бичлэг хийлгэсэн, УБ сонгдо эмнэлэгт 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 112,000 төгрөгийн үнэ бүхий шинжилгээ хийлгэсэн, Хүслийн ордон цэцэрлэгийн төлбөрт 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөг төлсөн, мөн М.Нг хоёр хүн өргөж явах шаардлагатай тул асрагч нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж хөлс төлсөн талаарх баримт, нэмэлт тэжээл 527,850 төгрөгөөр, живх 11,260,864 төгрөгөөр худалдаж авсан талаар зарлагын баримт, тэргэнцэр 1,950,000 төгрөгөөр худалдаж авсан талаарх баримт тус тус хэрэгт авагджээ. (1хав-54-67, 70-178, 3хав-48-64,103-116)

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.О-т учирсан гэм хорын хохирлын хэмжээг тодорхойлохдоо хүүхэд асрагчийн хөлс 35,100,000 төгрөг, живхний үнэ 11,260,864 төгрөг, тусгай хэрэгцээт нэмэлт хоолны үнэ 527,850 төгрөг, цэцэрлэгийн төлбөр 200,000 төгрөг, шинжилгээний төлбөр 192,400 төгрөг, тэргэнцрийн үнэ 1,950,000 төгрөг, нийт 49,231,114 төгрөгийг зайлшгүй гарах зардалд тооцсон нь үндэслэлтэй, харин олох байсан орлого 16,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 18,920,000 төгрөгийг гэм хорын хохиролд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.    Давж заалдах гомдлын талаар.

2.а. Охин М.Нд байнгын асаргаатай байлгах шаардлагатайн улмаас нэхэмжлэгч Б.О- нь хөдөлмөр эрхлэх боломжгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуусах хүртэл хугацааны олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

Гэтэл анхан шатны шүүх ... нэхэмжлэгч Б.О- нь 2017-2021 оны 11 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийг тухайн онуудад ажил эрхэлж байсан... гэж дүгнэж олох байсан орлого 16,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч хөдөлмөр эрхэлдэггүй, хожим тэтгэвэр тогтоолгох шаардлагатайн улмаас садан төрлийн хүмүүсийн эрхэлдэг компанийн нэр дээр нийгмийн даатгалыг шимтгэл төлдөг гэж тайлбарласныг хариуцагч үндэслэл бүхий баримтаар үгүйсгэж чадаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О-ийг хөдөлмөр эрхэлдэг гэж тайлбарласан боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

2.б. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэнд асаргааны тэтгэмж олгохоор заасан бөгөөд Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 293 дугаар тогтоолоор асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 64,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор асаргааны тэтгэмжийг сард 70,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 227 дугаар тогтоолоор асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 114,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар тогтоолоор 123,100 төгрөгөөр тус тус тогтоосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд дээрх асаргааны тэтгэмжийг хасч тооцохыг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.О- нь Засгийн газрын дээрх тогтоолын дагуу асаргааны тэтгэмжид нийт 4,114,000 төгрөг авсан байх тул үүнийг олох байсан орлого 16,920,000 төгрөгөөс хасаж тооцон 12,806,000 төгрөг олгох нь зүйтэй байна.

2.в. Нэхэмжлэгч Б.О- нь өмгөөлөгч Т.Анхцэцэгтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд 2,000,000 төгрөг төлсөн болох нь ХААН банк ХХК-ийн орлогын мэдүүлгээр тогтоогджээ. (1 хав-7, 199-201)

Нэхэмжлэгч хариуцагч байгууллагын ажилтны гэм буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 2,000,000 төгрөг төлсөн нь эд хөрөнгийн хохиролд тооцох үндэслэлтэй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өмгөөллийн хөлсөнд төлсөн төлбөрийг хохиролд тооцож шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Э,ХЭТ төвөөс олох байсан орлого 12,806,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 14,806,000 төгрөгийг нэмж нийт 64,037,114 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгчийн гэм буруутай тул хохирлыг төлөх ёстой гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байхад анхан шатны шүүх мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д заасныг баримталсан нь буруу болсныг залруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 505.1 гэсний дараа 510 дугаар зүйлийн 510.1 гэж нэмж, 49,231,114 гэснийг 64,037,114 гэж, 18,920,000 гэснийг 4,114,000 гэж,

2 дахь заалтын 41.1.9 гэснийг 41.1.7 гэж, 404,016 гэснийг 478,136 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ