2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/00392

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *******,*******,******* тоотод оршин суух, Харнууд овогт Сэлэнгийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.*******, А.******* нараас өөрсдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг үндэслэн тэдгээрийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие З.*******тай 2013 онд танилцаж, хамтран амьдарч байсан. Бидний дундаас 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүү Н.******* төрсөн. Би 2016 онд Солонгос улс руу ажиллаж амьдрахаар явсан. Солонгос улсад 6 жил хараар ажиллаж амьдарч байхдаа хүүгээ үнэхээр их санаад байсан. Ковидын дараа хүүгээ Солонгос улс руу авах гэтэл хараар амьдарч байсан тул хүүд маань виз гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Улмаар судлаад үзэхэд хүүгээ өөрийн ээж А.*******д үрчлүүлвэл виз гарах боломжтой байсан учраас хүүгээ ээж А.*******дээ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үрчлүүлсэн. Ингээд хүү ээж хоёрт Солонгос улсын виз гарч, хүүтэйгээ уулзсан. Намайг Солонгос явсанаас хойш З.******* өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэж, бид хоёрын хамтын амьдрал дууссан. З.******* хүү Н.*******ийг ээж А.*******д үрчлүүлэх зөвшөөрөл өгсөн, одоо буцаад үрчлэлт хүчингүйд тооцохыг зөвшөөрч байгаа. Би Монгол улсдаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буцаж ирсэн. Одоо би байнга Монгол Улсдаа хүүтэйгээ хамт амьдрах ба үрчлэлтийг хүчингүй болгож, хүүгээ өөрийнхөө асрамжид өсгөмөөр байна. Иймд хүү Н.*******ийг ээж А.*******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.******* шүүхэд тайлбартаа:

Миний бие С.*******тай 2013 онд танилцаж, бидний дундаас 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүү Н.******* төрсөн. Хүү Н.*******ийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр захирамжаар эмээ А.*******д үрчлүүлсэн. Миний бие хүү Н.*******тэй байнга уулздаг. С.*******аас шүүхэд гаргасан үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, ажилтай тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн охин С.*******, З.******* нараас зээ хүү Н.*******ийг үрчлэн авсан. Одоо төрсөн эцэг, эх нь буцааж хүүгээ авах хүсэлт гаргасан тул миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4.1 Хүсэлт гаргагчаас гаргасан хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, сургуулийн тодорхойлолт, хүүхэд үрчилсний бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар,

4.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн иргэний түүхчилсэн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч С.******* нь хүү Н.*******ийг А.*******д үрчлүүлсэн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т зааснаар үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлт нь онцгой ажиллагаа журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан.

 

2.1 З.*******, С.******* нар 2013 онд танилцаж, хамтран амьдарсан байх ба тэдгээрийн дундаас 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүү Н.******* төрсөн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн төрснийг бүртгэх , хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон.

 

2.2 Хүү Н.*******ийг улсын бүртгэлд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эцэг З.*******, эх С.******* гэж бүртгэж төрсний бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

 

2.3 Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар иргэн З.*******, С.******* нар өөрийн төрсөн хүү 4 настай Н.*******ийг эмээ А.*******д үрчлүүлэх хүсэлт гаргасныг зөвшөөрч шийдвэрлэжээ.

Уг захирамжийг үндэслэн улсын бүртгэлд хүү Н.*******ийг А.*******д үрчилсний бүртгэлийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний иргэний бүртгэлийн газарт бүртгүүлж, хүүхэд үрчилний бүртгэлийн №0020 тоот гэрчилгээг авсан байна.

Ингээд тоот хүүхдийн төрсний гэрчилгээнд 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.*******, эх ийн ******* гэж бүртгэгджээ.

 

3. Хүсэлт гаргагч С.******* нь хүсэлтийн үндэслэлээ ...Солонгос улсад хараар ажиллаж амьдарч байх хугацаанд хүү Н.*******д тус улсын виз гарах боломжгүйгээс хүүгээ авахын тулд эх С.*******ад үрчлүүлсэн. Одоо Монгол Улсад буцаж ирсэн ба хүүгээ өөрийн асрамжид авч хамт амьдарч байгаа. Цаашид хүүгээ өөрийн асрамжид байнга байлгаж, өсгөж хүмүүжилнэ гэж тайлбарласныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.*******, А.******* нар хүлээн зөвшөөрч, маргаагүй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж, 61.2Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус заасан.

 

4.1 Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар хүү Н.*******ийг эмээ А.*******д үрчлүүлэх бүртгэлийг гадаад улсын виз гаргах зорилгоор хийлгэсэн, одоо бодит байдалд хүү Н.******* төрсөн эх С.*******ын асрамжид байгаа болох нь тогтоогдож байна.

 

4.2 Хүү Н.*******ийн төрсөн эцэг З.*******, үрчлэн авагч эмээ А.******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон ба тэд үрчлэлт хүчингүйд тооцохыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн.

 

5. Иймд 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.*******ийг үрчлэгч А.*******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, хүү Н.*******ийг төрсөн эх С.*******ын асрамжид шилжүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, 145.8 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.    

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.*******, А.******* нараас өөрсдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг үндэслэн тэдгээрийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү С.******* /рд:/-ийг үрчлэгч А.*******д үрчлүүлэхээр бүртгэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн байгууллагын үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү С.******* /рд:/-ийг төрсөн эх С.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар хүү С.******* /рд:/-ийн үрчлэлтийн талаар бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний гэрчилгээг төрсөн эцэг гийн ******* /рд:/, эх Сэлэнгийн ******* /рд:*******/ нарт олгохыг Иргэний бүртгэлийн ажилтанд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ