| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 182/2021/03252/и |
| Дугаар | 210/МА2022/00672 |
| Огноо | 2022-04-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2022/00672
Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/00307 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр, 3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигсүрэн, түүний өмгөөлөгч О.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01772 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Ч.Ц-гээс 172,187,463 төгрөгийг гаргуулж Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ- 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/25 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр, 3 тоот хаягт байрлалтай Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт зохион байгуулахдаа хууль зөрчсөн. Учир нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2020/010190 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээгээгүй атлаа анхны албадан дуудлага худалдаа зарласан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэснийг зөрчсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01772 дугаар шүүгчийн захирамжаар Ч.Ц-гээс 172,367,462 төгрөгийг гаргуулж Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18300211 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч Ч.Ц-д удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх, зарлан дуудах мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр, 3 тоотод байрлах төлбөр төлөгч Ч.Ц-гийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18300211/11 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18300211/14 дугаар тогтоолоор хураасан. Талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Сэлэнгэ-Эстимэйт ХХК 237,913,833 төгрөгөөр үнэлсэн.
Төлбөр төлөгч үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 18/ШШ2021/00260 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 557 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/25 дугаар тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/17 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч НШШГГ-т холбогдох 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан Ч.Ц-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202020600 дугаартай Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр, 3 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэснийг зөрчсөн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр дахь албан дуудлага худалдааг явуулж үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлнэ гэсэн хуульд заасан журмыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Анхан шатны шүүх Нэхэмжлэгч нь анхны албадан дуудлага болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэх тухайд маргаагүй. ...Шүүхээс үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 132/Ш32020/01019 дугаартай захирамжаар ... үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсүгэй гэж шийдвэрлэжээ. ...НШШГГ- нь тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/Ш32020/010190 дугаар захирамжаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан гэж үзэн шийдвэр гүйцэтгэгч анхны албадан дуудлага худалдаа зарласан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч НШШГГ- албадан дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгч анхны албадан дуудлага болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэх талаар маргаагүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
Төлбөр төлөгч Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд төлбөр төлөгч шүүхэд гомдол гаргаж анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд 3 шатны шүүхээр явж, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн 207 дугаартай тогтоол гарсан. Тус тогтоол нь манай байгууллагад 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ирсэн нь бичиг хэргийн бүртгэлд авагдсан. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон захирамжийн үйлчлэх хугацааг дууссан гэж үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа үргэлжлүүлэн анхны дуудлага худалдаанд оруулсан. Нэхэмжлэгч тал түдгэлзүүлэх захирамжийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоолоор сэргээх ёстой гэх тайлбар гаргасан. Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэх хугацаа дууссан гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар.
1.а. Нэхэмжлэгч Ч.Ц- хариуцагч НШШГГ-т холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр, 3 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.
1.а. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны 182/ШШ2017/01772 дугаар захирамжаар нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ ХХК нь хариуцагч Ч.Ц-, Л.Энхтүвшин нарт холбогдуулан гаргасан 443,394,601 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ ХХК нь хариуцагч Л.Энхтүвшингээс болон нэхэмжлэлийн шаардлага болох 443,394,601 төгрөгийн 272,394,601 төгрөгөөс тус тус татгалзаж, үлдэх 171,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр зохигч эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг. (хх-ийн 9)
1.в. Төлбөр төлөгч Ч.Ц- дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 52 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШЗ2018/00427 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг тус тус үндэслэн НШШГГ- 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18300211 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (хх-ийн 40-41,43)
НШШГГ- нь төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18300211/11 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн сарын 25-ны өдрийн 18300211/14 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус нийцсэн ба энэ талаар талууд маргаагүй болно.
Мөн хариуцагч байгууллага төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Ч.Ц- үнийн санал өгөх боломжгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн шинжээчээр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг томилж, шинжээч уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 237,913,833 төгрөгөөр үнэлжээ.
Хариуцагч Ч.Ц- дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/00260 дугаар шийдвэр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 557 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2021/00207 дугаар тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх-ийн 10-17)
Дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Ц- шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2020/010190 дугаар захирамжаар Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүхийн гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. (хх-ийн 132-133)
Иймд Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэр 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гарч, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2021/00207 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх-ийн 10)
1.г. Хариуцагч НШШГГ- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан гэж үзэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/25 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2021/00207 дугаар тогтоол гарснаар шүүхийн гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2020/010190 дугаар захирамжаар шүүхийн гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад анхны албадан дуудлага худалдаа явуулсан гэх гомдол үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаас үзэхэд шүүхээс мөн хуулийн 27.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол гаргах талаар зохицуулаагүй буюу хуулиар эрх олгогдоогүй ажиллагааг хариуцагч байгууллага хэрэгжүүлэхгүй тул шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээгээгүй атлаа анхны албадан дуудлага худалдаа зарласан гэх гомдол үндэслэлгүй болно.
1.д. Нэхэмжлэгч Ч.Ц-гийн гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй гэх гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаар тогтоолоор тус гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/17 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн (хх-ийн 58, 64)
Нэхэмжлэгч тал дээрх байдлаар хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй, харин шүүхэд хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2021/10092 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч иргэний хэрэг үүсгэсэн захирамж, шүүгчийн дээрх 182/ШЗ2021/10092 захирамжийн хамт хариуцагч байгууллагад хоёр дахь албадан дуудлага худалдааг явагдсан өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21/11/31 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Ч.Ц-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх тул хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасныг зөрчиж, хоёр дахь дуудлага худалдааг явуулсан гэх гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахь албадан дуудлага худалдааг явагдсан өдөр, цагаас өмнө хүсэлт гаргаж байгаагүй, дуудлага худалдааг явагдсан мөн өдөр нь хүсэлт гаргасныг хариуцагч байгууллага даруй түдгэлзүүлэх байсан гэж үзэхгүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 27.1.1-д заасан үндэслэл илэрсэн бол шүүхэд, 27.2-т заасан үндэслэл илэрсэн бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэж зааснаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан заавал түдгэлзүүлэх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна хүсэлт гаргаагүй байхад хийсэн ажиллагаа нь хуульд нийцэхгүй юм.
1.е. Хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлснээс хойш 2 сарын хугацаанд дуудлага худалдааг зохион байгуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2020/010190 дугаар захирамжаар Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүхийн гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2021/00207 дугаар тогтоол гарснаар шүүхийн гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан боловч хариуцагч байгууллага 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан гэсэн тайлбар, баримт гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул түдгэлзүүлсэн үндэслэл арилсан болохыг энэ үеэс мэдсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан тайлбар, гомдол үндэслэлгүй.
Мөн төлбөр төлөгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгох байсан гэж үзэх үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэгч тал үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлээ нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/00307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Н.БАТЗОРИГ