| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2310033310856 |
| Дугаар | 2024/ДШМ/1150 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | - |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ДШМ/1150
2024 10 15 2024/ДШМ/1150
А.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/620 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.А-д холбогдох 2310033310856 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
.... овгийн .... А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, э..эгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл .., ..-ийн хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;
Шүүгдэгч А.А нь “Д П” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1- д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн 18.2.2-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”, мөн 18.2.5-д “ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх”, мөн 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх...” үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас “Д П” ХХК-нд техникчээр ажиллаж байсан Б.З-т нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Механик инженерийн сургуулийн байранд цахилгаан гүйдэлд цохиулан нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Адьяаг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А-д тэнссэн 01 жил 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.А-д мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 179.006.489 төгрөг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд төлөгдөөгүй үлдсэн 14.250.000 төгрөгийг шүүгдэгч А.Адьяагаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П-д олгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-гаас оршуулгын зардалд 11.000.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П нь амь хохирогчийг оршуулах зан үйлд буяны компанид төлсөн мөнгөний баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэйг дурдаж, шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П давж заалдах гомдолдоо: “...П миний бие нь 1973 онд Говь-Алтай аймагт төрсөн ба тус аймагтаа нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Дунд хүү Б.З-т маань 2022-2023 онд Улаанбаатар хотод ирж “Д П” компанид техникчээр ажиллаж байгаад тус компаний хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс 2023 оны 08 дугаар сарын 31-нд ажлын байран дээрээ ажлаа хийж байгаад 380-ын тогонд цохиулж 20 насандаа нас барсан хэргийн талаар 2024 оны 08 дугаар сарын 23-нд болсон шүүх хуралдааны 2024/ШЦТ/620 дугаар шийтгэх тогтоолыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Оршуулгын зардалд өгсөн 35.000.000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд оролцуулж байгаа нь харамсалтай байна. Хуулийн дагуу зааснаар сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулахыг хүсэж байна. Хэрэв шүүгдэгч барагдуулж чадахгүй гэвэл 1 жил 6 сарын тэнссэн ялыг биеэр эдлүүлэх ял болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд холбогдуулж хэлэх тайлбар байхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байна. Миний өөрийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж эрдэнэт хүний амь эндсэнд туйлын харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт 14.250.000 төгрөгийг хохирогч талд төлөх ёстой гэсэн байсан. Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. ...” гэв.
Шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Э.Хашчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлын үнийн дүнтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргасан байна. Хоёрдугаарт, “давж заалдах гомдлыг хангахгүй бол А.А-д оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлж өгнө үү” гэсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 200.000.000 төгрөг нэхэмжилсэн тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “хэрэв нэмэлтээр баримт гаргасан тохиолдолд холбогдох зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “мөнгөн төлбөрийг дутуу авсан, сэтгэл санааны хохирлыг гаргуулах ёстой” гэж үзвэл давж заалдах гомдол гаргалгүй, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримттай маргаагүй. Тэрээр хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн. А.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 179.006.489 төрөг төлсөн ба компаниас татвар төлж олгосон үнийн дүнгээр 197.084.698,68 төгрөг болсон. Анхан шатны шүүх энэ үйл баримтаас 35.000.000 төгрөгийг ямар зорилгоор өгсөн тухай тодруулсан. Ингэхдээ энэ мөнгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэрхэн, юунд зарцуулсан болохыг анхаарч, үнэлэлт өгсөн гэж үзэж байна. Тухайн үед А.А нь яллагдагчаар татагдаагүй, гэрчээр мэдүүлэг өгөөгүй байсан. Тэрээр амь хохирогчийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэх буюу сэтгэл санааны хохирлыг багасгах зорилгоор дээрх мөнгийг өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбараас үзвэл дээрх мөнгийг амь хохирогчийн авсан зээлийг төлөх, түүний дүүд машин авч өгөх зэрэгт зарцуулсан болох нь харагдана. Анхан шатны шүүх 6.624.000 төгрөгийг амь хохирогчийн оршуулгын зардалд гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг мөнгөн дүн хэргийн үйл баримттай нийцэж байгаа бөгөөд энэ талаар талууд маргадаггүй. Өөрөөр хэлбэл, өгсөн, авсан мөнгөн дүн, түүнийг зарцуулсан зарцуулалт нь хуульд заасны дагуу зайлшгүй гарах зардал буюу оршуулгын зардалд зарцуулсан мөнгөн дүнгийн талаар талууд маргадаггүй. А.А “14.250.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарлаж байна. Уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд авагдах арга хэмжээний талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдсан бөгөөд миний бие уг асуудлыг шүүгдэгчид тодорхой тайлбарлаж, ойлгуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч А.А нь “Д П” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1- д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн 18.2.2-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”, мөн 18.2.5-д “ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх”, мөн 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх...” үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас “Д П” ХХК-нд техникчээр ажиллаж байсан Б.З-т нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Механик инженерийн сургуулийн байранд цахилгаан гүйдэлд цохиулан нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь:
Гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас /1 хх 17/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 19-21, 69-76/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 22/,
амь хохирогчийн хувцсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 77, 173-176/,
гэрч Ц.Ө-гийн “...D P” ХХК нь барилгын холбоо дохиолол, цахилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд би тус компанид ахлах техникчийн ажил хийдэг. Миний ажлын чиг үүрэг нь барилгын монтаж, суурилуулалтын ажил хийдэг. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн зүүн урд буланд кабел татах ажил хийж байсан ба тус өдөр манай компанийн ажилчид болох Эрдэнэбилэг, Төгөлдөр, талийгаач Золбоот гэх хүмүүстэй ажиллахаар болоод тус өдрийн өглөө 10 цаг өнгөрөөж цуглараад цахилгааны инженер Энхболдыг хүлээж байсан ба тухайн хүн нь ирж бид нарт зааварчилгаа өгөөд, цахилгааны холболт хийх байсан тул бид нар кабелын утсаа бэлдээд бусад ажлуудаа эхлээгүй байж байсан. Харин 11 цаг өнгөрөөд манай компанийн техникч хийдэг залуу талийгаач Золбоот Механик инженерийн сургуулийн зүүн урд талдаа байрлах, урдаасаа нэвтэрч ордог хаалгатай бид нарын тоног төхөөрөмж угсардаг өрөөний баруун хойд буланд байрлах цахилгааны 380 вольттой шийд байсан ба тус шийдийн ард талд нь байрлах модон фанерыг цоолоод цаад тал буюу ард талаас нь кабелын 16,25 мм хэмжээтэй утсыг татаж гаргаж ирэхэд Золбоот нь цахилгааны шийдийн хажууд буюу наад талдаа Эрдэнэбилэг, Төгөлдөр нарын хамт байсан. Цаад талд нь би модон панер цоолоод цахилгааны утсыг шургуулж орхиод тойроод очтол Золбоот нь цахилгааны шийдийн босгон дээр зогсож байгаад хойшоо газар руу буусан ба буусныхаа дараа “ёооё” гэж хэлэнгүүтээ хойшоогоо унаад өгөхөөр нь би очоод хоёр гараас нь барьтал бие нь хөшиж, татсан байдалтай, амьсгалж байхаар нь би “түргэн дуудаарай” гэж хэлээд Эрдэнэбилэгт хэлээд түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийг иртэл нь түргэн тусламжаас юу хийх ёстой талаар асуутал элстэй холбоотой зүйл ярихаар нь гаднаас шуудайтай, нойтон элс авч ирээд бие дээр нь тарааж асгаад байж байтал түргэн 5-10 минутын дараа ирж үзээд
эмч нь шууд зүүн гарын булчин хэсэгт тариа хийгээд цээжин дээр нь хиймэл амьсгаа хийж түргэн тусламж үзүүлсэн. Удалгүй “найдваргүй, нас барсан байна” гэж хэлсэн. Эмч ирэх хүртэл амьсгалж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Манай компани нь олон төсөлтэй, төсөл болгон дээр өөр өөр ХАБ-ын ажилтнууд байдаг, би өнөөдөр л энэ газар ажилласан. Энэ ажиллаж байсан газар хэн гэдэг ХАБ-ын инженер хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллуулдаг болохыг мэдэхгүй байна. Өнөөдрөөс эхэлж ажиллаж байсан Төгөлдөр, Золбоот бид гурав өмнө нь ажиллаж байсан Чингис зочид буудлын баруун талд байрлах “Сансар гарден” хотхонд очиж багаж, хэрэгслээ авахдаа бид гурав хөдөлмөр аюулгүй байдалтай танилцаж ХАБ-ын инженер Зоригтбаатарын өгсөн улаан дэвтэр дээр 9 цагийн үед гарын үсэг зурсан. Тухайн ажилладаг өдөр хамт ажиллаж байсан хүмүүс болон талийгаач Золбоот нь ажлын хувцас хэрэглэл, цахилгаан тусгаарлагч бээлий өмсөж хэрэглээгүй байсан ба тус ажлын газар хөдөлмөр аюулгүй байдлыг хангасан хувцас ажиллаж байсан газраа авч очоогүй. Бид нар кабелыг татаж холболтын газар аваачиж өгөх байсан ба цахилгаанчин нь ирж холболт болон бусад зүйлсийг шаардлагагүй гэж үзсэн. ... Би амь хохирогч Б.З-ттой ямар нэг садан төрлийн холбоо хамаарал байхгүй. 2023 оны 8 дугаар сарын сүүлээр /өдрийг нь одоо мартсан байна/ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Механик инженерийн сургуулийн лабораторид би болон амь хохирогч Б.З-т, мөн Эрдэнэбилэг гэх уг төслийг хариуцаад байж байсан хүн, бас Төгөлдөр гэх техникч бид нар байсан. Амь хохирогч Золбоот, Төгөлдөр, бид гурав бол уг компанид техникч ажилтай бөгөөд тухайн өдөр нь очиж ажиллахыг компаний ахлах инженер Болор-Эрдэнэ урд өдөр нь утсаар мэдэгдсэн ёсоор өглөөний 10 цагийн орчимд очсон. Очоод Эрдэнэбилэг болон бид дөрвөн техникч кабель татах ажлыг ярилцсан. Тухайлбал, “кабелийг эндээс тийш татах” гэх мэтчилэн ярьсан. ... Ингээд уг үйл явдлыг хараад тогонд цохиулсан болохыг ойлгоод түргэн тусламж дуудсан. Энэ талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ дурдсан. Энхболд гэх цахилгааны инженер цахилгааны холболтыг хариуцаж гүйцэтгэх ёстой байсан. Гэвч ямар шалтгаанаар ирээгүй байсан болохыг мэдэхгүй байна. Бид уг цахилгаан угсралтын ажлыг яаж хийж гүйцэтгэхийг мэдэхгүй учраас Энхболд инженер ирж уг цахилгааны угсралтыг хийх ёстой байсан. Ирэхээс өмнө кабелийг татах болон бусад бэлтгэл ажлуудыг хийхээр ярилцсан. Бид уг цахилгааны угсралтын ажлыг бие дааж хийх боломжгүй. Мэргэжлийн инженер ирж угсралтыг гүйцэтгэнэ. Бид уг ажлыг хийх бэлтгэлийг хангаж байсан. Эрдэнэбилэг ирээд “та нар энэ энэ кабелийг татна шүү. Цахилгааны угсралтыг Энхболд өөрөө ирээд хийх байх” гэж хэлсэн тул ер нь хийгдэх бэлтгэл ажил нь тодорхой байх тул хийж гүйцэтгэж байсан. Бид янз бүрийн төсөл дээр ажилладаг бөгөөд уг төсөлтэй холбоотой зааварчилгааг өгдөг. Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн сургалтад хамрагдаж байсан. Цахилгаантай ажиллах үеийн сургалтад хамрагдаж байгаагүй. Улаан алгатай цагаан өнгөтэй ажлын бээлий өгсөн байсан. Бидний хувьд тог, цахилгаантай ажиллахгүй, кабелийг нь ойртуулж өгөхөөр цахилгаан угсралтын бэлтгэл ажлыг хийх л үүрэгтэй байсан. ...” /1 хх 30-31, 2 хх 43/,
гэрч Г.Э-ын “…Би “Д П” ХХК-нд 2022 оны 6 дугаар сараас эхлэн цахилгааны инженерээр ажиллаж байна. Талийгаач манай компаний төсөл хэрэгжүүлэгч хэлтэст харьяалагдан ажилладаг гэж мэднэ, бусдаар уулзаж байгаагүй. “Д П” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Механик инженерийн сургуульд туршилтын онгоцны загварын төсөл дээр ажиллаж байгаа, хэзээнээс эхэлснийг мэдэхгүй, барагцаагаар 1 сарын өмнөөс ажиллаж эхэлсэн байх. Би 09 цаг 40 минутын үед
барилгын төсөл дээр очиж ажилдаа 11 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Механик инженерийн сургуульд ирсэн. Намайг ирэхэд Эрдэнэбилэг сургуулийн үүднээс тосож аваад сургууль руу ороход “манай нэг ажилтан өөд болчихлоо” гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад “цахилгааны кабел татаж байхдаа цахилгааны самбар руу сүвлэж оруулж байгаа самбарын нүүрнээс талийгаач кабел татаж байгаад хүчтэй толгой автоматын хүчдэлтэй ил хэсэгт гараараа хүрээд тогонд цохиулаад, доороо 2-3 удаа үсэрч байгаад ухаан алдаж унаад нас барчихлаа” гэж хэлсэн. Намайг харахад талийгаач дээшээ хараад хэвтчихсэн, 103-ын эмч нар ирчихсэн байсан. Би эмчтэй нь уулзаад “авах арга хэмжээ байгаа юу” гэхэд “арга байхгүй, 10 гаруй минут болчихсон байна” гэж хэлсэн. Тухайн газар туршилтын онгоцны бүхээгийн стэндэндийн тэжээлийн кабелийг татаж байсан гэж хэлсэн. Тухайн үед аюулгүй ажиллагааны зааварчилгааг егсөн хүн байгааг мэдэхгүй байна. Талийгаачийн хариуцаж байсан хүн нь угсралт хийж байсан Эрдэнэбилэг гэх холбоо дохиоллын инженер байсан. ...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Имарт худалдааны төвийн ойролцоо байх манай “Д П” ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан төсөл дээр цахилгааны ажлаар талбайн инженерүүдтэй ажлаа төлөвлөөд ярилцаж байсан. Өдөр нь буюу хэрэг болдог 2023 оны 8 дугаар сарын 31-ний Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Механик инженерийн сургуульд тоног төхөөрөмжийн цахилгааны холболт хийхээр төлөвлөгдсөн байсан. Тэр өдрийн 11 цагийн орчимд Эрдэнэбилэгтэй би залгаж холбогдоод “миний энд хийх ажил дуусчихлаа. Одоо яваад очиж болох уу” гэхэд “болно болно, бэлтгэл ажил хийгдээд дуусаж байна” гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэбилэгт хандаж “одоо ингээд шууд гарлаа. автобусаар очно шүү” гэж хэлсэн. Тэгээд 11 цаг 45 минутын үед хэрэг болсон газар яваад очиход Эрдэнэбилэг гэдэг хүн тосч аваад болсон үйл явдлыг надад хэлсэн. Цахилгааны кабелийг гүйлгэх замыг хананд бэлтгэх, цахилгааны кабелийг самбар руугаа ойртуулах зэрэг бэлтгэл ажил юм. Тухайн бэлтгэл ажлыг Эрдэнэбилэг хариуцаж хийлгэж байсан. Тог цахилгаантай ажиллах үеийн зориулалтын зүйлсээр хангагдаагүй. …” /1 хх 34-35, 2 хх 45/,
гэрч Ж.Э-ийн “...2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн үед Механик инженерийн сургуулийн нисгэгчгүй нисэх ангийн сургалтын лабораторид угсралт суурилуулалт хийж байсан. Тухайн өрөөнд би, ахлах техникч Өлзийнаран, техникч нэрийг нь мэдэхгүй залуу бид 4 ажил үүргийнхээ дагуу ажилдаа ирсэн, хүмүүст ажлаа тайлбарлаж дүгнэлт хийгээд байсан. Би барилгын материал яваад ирэх үед хамт ажиллаж байгаа хүмүүс маань ажлаа эхэлчихсэн байсан. Тэгээд ажлынхаа тоног төхөөрөмж болон туслах материалуудыг үйлдэж байсан. Кабелийн явах замыг бэлдэж байсан. Би болохоор нөүтбүүк дээр суугаад дараагийн хийх ажлаа судалж байх үед буюу 11 цагийн үед талийгаач Золбоот тогонд цохиулаад “яая” гээд орилоод байсан. Тэгээд самбараас салаад үсэрч байсан. Тэгж байх явцдаа бүдэрч унаад хойшоо онгоцны модель далавчийг дагз хэсгээрээ мөргөсөн. Тэр үед би сандраад очиж Золбоотыг мөргөж унасан далавчийг холдуулж 1 метр зайтай голлуулж тавиад түргэн дуудсан. Түргэний эмчээс “тогонд цохиулсан хүнд яаж туслах” талаар асуухад, түргэний эмч “шороо элс хэрэглэх” талаар хэлсэн. Тэгээд бид нар сандраад хажуу талын барилга дээр очоод шуудайтай элс гуйж аваад осолд орсон хүн /З/ дээр асгаж биеийг нь илсэн.
Тэр үед манай туслах компанийн сангийн инженер байсан. Бид нар бүгдээрээ анхны
тусламж үзүүлсэн. Сандраад байж байхад удалгүй түргэн тусламж ирсэн. Түргэн ирээд адерналин тариад, цээжинд иллэг хийснээ “нас барсан байна, цагдаа дууд” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мөн өөрийнхөө удирдлага болон сургуулийн удирдлагад мэдэгдсэн. Манай компанид ХАБ-ын инженер байдаг. Зааварчилгааг ирсэн 3 хүн өгсөн байсан. Тухайн өдөр төсөл дээр оролцож байгаа “Дижитал пауэр” ХХК-аас зааварчилгаа өгөөд, ажлын бээлий авчраад хүмүүстээ өмсгөсөн байсан. Ажлын зориулалтын хувцас өмсдөг ба талийгаач нь халууцаад уг хувцсыг өмсөөгүй байсан. ...” / 1 хх 37/,
гэрч Н.Т-ийн “...2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барилга дотор кабелын бүдүүн утсыг тогны шийд рүү холбоход бэлдээд байж байхад Өлзийнаран бид хоёр кабелын утас хийгээд байж байхад гэнэт тог цохиод хананы цаана байсан Золбоотыг ухаан алдуулсан байсан. Бид хоёр мэдээд сандарсандаа хоёр талаас нь босгох гэж сэгсэрсэн, тэгтэл бие нь татаад ухаан ороогүй. Тэгэхээр нь урд талын барилга руу очиж нойтон элс авчраад биен дээр нь цацсан. Удалгүй эмнэлгийн түргэний машинтай эмч ирж үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тухайн үед Эрка болон
инженер /Г/ нар байсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг ХАБЭА инженер Г өгч гарын үсэг зуруулаад хувцас, ажлын бээлий өгсөн байсан. Харин талийгаач дээгүүрээ ажлын цамц, хүзүүндээ төмөр гинжтэй байсан, гутлаар бол ажлаас хангаагүй, өөрсдийн өмсөж ирсэн гуталтай байсан. Хамгаалах малгайгүй байсан. ...” /1 хх 39/,
гэрч А.О-гийн “...Манай найз залуу Золбоот нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 09 цагийн үед Сансарын Имартын хажууд сүлжээ холбооны төсөл дээр ажиллаж байсан. Тэгтэл өнөөдөр яг нэрийг нь сайн мэдэхгүй байна, өөр тийшээ явж ажиллана гэж надад хэлсэн. Тэгээд 12 цагийн үед над руу ээж залгаад “Золбоотыг зүгээр үү, сая над руу залгаад тогонд цохиулсан гэж байна” гэж хэлэхээр нь “би эргээд хариу хэлье” гээд утсаа салгаад найз залуугийнхаа утас руу залгахад утсаа авахгүй байсан. Цагдаагийн газраас залгахаар нь Золбоотыг нас барсан болохыг мэдсэн. ...Талийгаач уг ажлыг 2022 оноос хойш хийж байгаа, 11 дүгээр сарын хугацаанд уг байгууллагад ажилласан. 2023 оны 8 дугаар сарын 31-ний өглөө ажилдаа явахдаа архи уугаагүй байсан. Ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй байсан. Бид хоёр хамтран амьдраад 5 сар болж байна. ...” /1 хх 42/,
гэрч Г.З-ын “…Д П” ХХК нь холбоо дохиоллын чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд 2023 оны 8 дугаар сард би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансар гардан орон сууцны хороололд галын дохиолол болон холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад өөрийн компанийн ажилчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хяналт тавьж ажиллуулж байхад амь хохирогч Золбоот нь миний хариуцсан ажилчдын дунд ажиллаж байсан. 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай ажилчдаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Механик инженер сургуулийн байранд хэсэг хүмүүс ажиллахаар явахад амь хохирогч Золбоот явж ажиллахаар болсон. 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би ажилчдын хамт “Сансар гардан” төсөл дээрээ ажилласан. Харин Золбоотын ажиллах ёстой газар хөдөлмөр хамгааллын ажилтан томилогдон ажиллаагүй байхад Золбоот ажилчдын хамт ажиллаж байгаад нас барсан золгүй тохиолдол болсон. “Д П” ХХК нь захиалга аваад хийж хэрэгжүүлж байгаа ажилдаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан албан тушаалтнаа томилж хяналт тавьж ажиллуулдаг. Харин амь хохирогч Золбоотын ажиллаж байсан газар хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан албан тушаалтан томилогдоогүй байсан санагдаж байна. Миний хувьд шууд хяналт тавих ямар нэгэн боломж байгаагүй. Амь хохирогч “Сансар гардан” төсөл дээр миний удирдлага дор ажиллах үедээ бараа материал зөөвөрлөх, шаардлагатай газар хана ухаж зүсэх ажлыг хийж гүйцэтгэдэг туслах ажилтан байсан. Механик инженерийн сургууль дээр кабел утас татахад туслах ажилтнаар ажиллана гэж байсан. Золбоот нь цахилгаантай холбоотой ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгэх ажлын байрны тодорхойлолтод заасан зүйл байхгүй. …” /2 хх 48-49/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П-гийн “...Миний хүү Б.З-т нь бага наснаас эцэг, эх, өвөө, эмээгийн гар дээр өссөн. Миний дунд хүү бөгөөд 2002 онд нөхөр бид хоёр Өвөрхангай аймагт ШУТИС-ийн салбар сургуульд суралцаж байх үед төрсөн. Зан байдлын хувьд төлөв даруу үнэнч шударга, хөдөлмөрч дайчин, өрөвч зөөлөн сэтгэлтэй, бусадтай нийтэч, хөгжилтэй хүүхэд юм. Бусдад зааж зөвлөдөг, тэгээд өөрийн зан байдлын онцлог чанараар бусдаас түрүүлж тэр тог, цахилгаантай зүйлд хүрсэн байж болзошгүй гэж бодож байна. Мөн миний хүү их биеэ даасан, аав ээждээ тус болж, дүүгээ сургуульд сургана гэх зэргээр ярьдаг байсан. Миний хүү Б.З-т нь Говь-Алтай аймагт 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тэгээд өөрийн сонирхлоор цэргийн албыг нутагтаа дүйцүүлэх албаар хаагаад, өнгөрсөн намар буюу 2022 оны 9 дүгээр сарын орчим Улаанбаатар хотод ажиллана гээд явсан. Энд ирээд “Д П” ХХК компанид техникчээр ажилд орсон гэдгээ хэлсэн. Тус компанид миний 2 зээ дүү ажиллаж байсан. Тиймээс энэ компанид ажилд орсон байдаг. Ажлынхаа талаар ачаалал ихтэй, амралтын өдөр нэг ч байхгүй, долоо хоногийн турш ажилтай талаар хэлж байсан. 2023 оны 4 дүгээр сард 7 хоног амраад нутагтаа ирсэн. Тэгээд 9 дүгээр сарын 01-ний өдөр 7 хоног амарна гэж байсан. Ажлаа хийж байгаад машинтай болно гээд энэ оны 4 дүгээр сард цалингийн зээлээр спорт машинаа авсан. Миний хүү Б.З-той хамтран амьдрах найз охин Одмаа нь манай нутгийн хүүхэд юм. Салж нийлж байгаад энэ оны 8 дугаар сараас оюутны байранд хамт амьдарч байгаад цаашид гэр бүл болохоор ярьж байсан. 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай бэр золгүй явдал болсон талаар утсаар мэдэгдсэн. Иймд би нөхөр Болдбаатарын хамт нэг хоногийн дараа Улаанбаатар хотод ирсэн. Болсон үйл явдалтай холбоотой би их цочирдож, хорт хавдартай учраас эрүүл мэндийн байдал их муудаж, даралт тогтворгүй эмнэлгээр үзүүлж, тариа хийлгэж байж ирсэн. ... “Д П” ХХК-ийн зүгээс амь хохирогч нас барсантай холбогдуулан 36 сарын төлбөр болох 51.000.000 төгрөг, оршуулгын зардалд 45.000.000 төгрөг, ээлжийн амралтын төлбөрт 1600.000 сая төгрөг, нийт 100.000.000 орчим сая төгрөгийг нөхөн төлбөрт өгсөн. Сэтгэл санааны хохиролд 80.000.000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон. ...” /1 хх 27, 28-29, 2 хх 36/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2332 дугаар “...Талийгаач Б.З-тын цогцост баруун шуунд зулгаралт, баруун хацар, зүүн мөр, бугалга, зүүн шилбэнд зулгаралт, цээжний зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүдээс баруун шууны зулгаралт нь цахилгаан гүйдлийн улмаас, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Талийгаач үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 2023 оны 8 дугаар сарын 31-ний 16 цаг 16 минутын цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 4-6 цаг орчим байжээ. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаач нь цахилгаан гүйдэлд цохиулсаны улмаас нас баржээ. ...” /1 хх 179-188/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний 2023
аны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 05/241 дүгээр “... Шинжилгээнд ирүүлсэн Б.З-тын гарын дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн. Б.З-тын гарын дардас нь санд МN004710001668 дугаараар 1 удаа бүртгэгдсэн. Б.З-тын гарын дардас нь гарын хээний нэгдсэн сангийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /1 хх 81-85/,
Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв ТББ-ын 2023 оны 11 дүгээр сарын
33-ны өдрийн 8031215/013 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 189-198/,
Шинжээч С.Д-гийн /2 хх 40-41/ мэдүүлэг,
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн акт /1 хх 209-211, хурлын тэмдэглэл /1 хх 212-217/,
Ажилд орохыг хүсэгчийн анкет, ажилдаа ирэх, буцах маршрут, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа /1 хх 47-52/,
“Д П” ХХК-ийн Гэрээт ажилтан ажилд авах тухай тушаал /1 хх 55 дахь тал/,
“Д П” ХХК-ийн Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох /1 хх 54/, хөдөлмөрийн гэрээ /1 хх 56-57/,
“Д П” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-гийн 2023 оны 4 дүгээр
сарын 26-ны өдрийн “Б.З-тыг ажилд авах тухай” тушаал /1 хх 53/,
Хөдөлмөрийн гэрээ /1 хх 58-68/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, холбоотой бусад баримтууд /2 хх 64-250, 3 хх 1-138/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн батламж /1 хх 107/, Хөдөлмөрийн аюулгүй байдлын Эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр /1 хх 87-102, 2 хх 11-27/, Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн карт /1 хх 103/, Ээлжит бус давтан зааварчилгаа, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 104-106/, Эрүүл мэндийн хуудас /1 хх 108-111/, Ажлын байрны тодорхойлолт /1 хх 112-118, 226-228/, Ажил гүйцэтгэх гэрээ /1 хх 199-208/, “Шижир гоёл” ХХК-ийн ажлын хувцас хийсэн талаарх тодорхойлолт /1 хх 224-225, 229-230, 2 хх 37-38/, Төслийн талбайд ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм /1 хх 231 -238/, Ажлын хувцасны эдэлгээ норм тогтоох тухай /2 хх 1-10/, Хөдөлмөрийн дотоод журам /1 хх 239-250/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.А-г “...хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П-гээс “...Оршуулгын зардалд өгсөн 35.000.000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд оролцуулж байгаа нь харамсалтай байна. Хуулийн дагуу зааснаар сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулахыг хүсэж байна. Хэрэв шүүгдэгч барагдуулж чадахгүй гэвэл 1 жил 6 сарын тэнссэн ялыг биеэр эдлүүлэх ял болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хууль тогтоомж, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байх гэж тодорхойлсон.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэмжээг тогтоохдоо зөвхөн учирсан хохирол төдийгүй гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог тогтоох ёстой бөгөөд шүүгдэгч А.А-гийн холбогдсон гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй ба үүнд заавал тогтоох үндсэн шинж нь шалтгаант холбоо юм.
Гэмт хэргийн шалтгаант холбоог тогтоохдоо хэргийн бодит нөхцөл байдал, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзах ёстой.
Тодруулбал, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П нь учирсан гэм хор, түүнтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг зөв тогтоож шийдвэрлэсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэхээр байна.
Харин давж заалдах шатны шүүх магадлалыг гаргахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинжийг хянан дүгнэж, шүүгдэгчийн зүгээс хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон хохирлыг төлж барагдуулсан бөгөөд энэ нь хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хохирогчийн эрхийг хязгаарлаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн гэж үзлээ.
Хохирогчийн давж заалдсан гомдолд ямар нотлох баримтыг үндэслэж, хуульд заасан аль хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрхэн яаж хангаж байгаа талаар дурдаагүйгээс гадна, давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж зааснаас өөрөөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах болон хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хүндрүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/620 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/620 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР