| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0751/Э |
| Дугаар | 802 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 802
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Хохирогч С.Гэрэлчимэг,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Бд холбогдох 1806 03628 0877 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод оны дугаар сарын -ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь, КҮП-ийн автоматик мэргэжилтэй, Б дүүргийн дүгээр цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ч дүүргийн дүгээр хороо, Бага тойруу гудамжны дугаар байрны тоот хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д Б /РД:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 7 дугаар гудамжны 11-Б,В тоотод эхнэр С.Гэрэлчимэгийн зүүн хөл рүү өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Гэрэлчимэгийн өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүүхдийн маань төрсөн өдөр болоод хүүхэд маань тухайн үед өөрөө байгаагүй юм, ээж та минь баярлаарай гээд надад хэдэн төгрөг өгсөн. Тухайн өдөр нөхөр маань гэртээ ирэхдээ нэг шил архи барьчихсан нэлээн халамцуу ирээд бие өвдөөд байна гээд авчирсан архиа надтай хувааж уусан. Тэгэхдээ би тухайн архинаас 3 хундагыг л уусан. Тэгээд нөхөртөө одоо архичин болно гэсэн чинь, чи бие муутай ээж рүүгээ зайл гээд намайг хөөсөн. Би өмнөх өдрүүдэд нь ээжийгээ сахиж байгаад гэртээ ирсэн. Би чинь хүн юм байгаа биз дээ гэр орондоо баймаар байна гэж маргалдаад, гэр орноо янзлаад байж байхад, ширээний доор байсан сүхийг аваад намайг айлгаж дайрсан. Тэгээд урд нь сууж байгаад салсан авгайгаараа чамайг зодуулна эд нар гээд намайг их доромжилсон. Тэгээд байж байгаад сүхээ унагаахыг нь намайг сүхээр цохичихлоо гэж би айсандаа бодсон юм шиг байна лээ. Тэгтэл сүхээр цохиогүй намайг өшиглөсөн байсан. Тэр доороо булчин зангираад босоод явах гэсэн чинь босч явж чадахгүй, арай гэж босоод би цагдаа дуудлаа гээд гар утсаа аваад гарсан чинь Д.Б гараад зугтаасан. Цагдаа ирэх гэж нэлээн удсан. Ирээд Д.Быг хайж, хайж жалганаас олж аваад эрүүжүүлэх рүү явсан. Тэгээд би маргааш нь гомдол гаргасан. Нөхөр маань цаашид ийм асуудал гаргахгүй гэж уучлалт гуйж байгаа болохоор надад гомдол, санал байхгүй байна. Урьд 2017 оны 03 сард нэг удаа намайг зодож цагдаад эрүүлжүүлэгдсэн. Сүүлийн 2 жилд өөр зодож цохисон асуудал болж байгаагүй...” гэх мэдүүлэг,
Цагдаагийн байгууллагад хохирогч С.Гэрэлчимэгийн өгсөн: “... Д.Б нь удаа дараа намайг зодон хүчирхийлж би Бага тойргийн том бандит Баадай, миний дүү Тамгын газрын дарга Баатарням чи яах юм бэ? гэж дээрэлхдэг... чи муу тэр өвчтэй ээж дээрээ оч, би энд авгай авна, сууя гэсэн гичий байна гээд булчин руу өшиглөөд сүхээр далайснаа хажууд байсан Тайгер пивонь савыг дундуур нь нүдсэн...” гэх өргөдөл /хх.8/,
Хохирогчийн аюулгүйн зэргийн үнэлгээ /хх.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Гэрэлчимэгийн өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр Д.Б гаднаас 0.75 литрийн хэмжээтэй “Цагаан” гэх архи авчираад хамт уугаад байж байтал гэнэт л намайг би 5 ширхэг тамхи авчирсан чи хоёрыг нь татсан байна архи, тамхины мөнгө өг гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэхэд миний зүүн хөлний шилбэний булчин руу өшиглөсөн, тэгээд сүх бариад сүхдэнэ гээд байсан. Тэгэхээр нь би цагдаад хэлнэ гэсэн чинь гараад зугатсан...” гэх мэдүүлэг /хх.11/,
“... Орой 20 цагийн орчимд унтахаар хэвтэхэд, чи хурхирлаа гээд 2 удаа өшиглөсөн, уржигдар нь бас агсан согтуу тавьсан тул би тэвчилгүй хэрүүл маргаан хийсэн. Тэр манайхан, танайхан гээд хэрүүл хийгээд сүх барьж дайрсан. Тайгер гэдэг пивоны савыг 3 хэсэг болгосон. Намайг айлгах гэж тэр. Намайг ална гэж заналхийлэн доромжилж хор шар хөдөлгөөд байхаар нь би тэвчилгүй ... цагдаа дуудахад зүүн талын хөлний эрээн булчин руу 2 удаа өшиглөсөн...Ер нь бол архи уухаараа агсам тавин зодож хүчирхийлдэг. Эрүүл үедээ үг хэлээр доромжилж найз, нөхөдтэй утсаар яриулж уулзуулдаггүй. Өмнө нь зодож битүү хөх няц болтлоо зодуулан хутгалуулж 2 удаа шүүх эмнэлэгт үзүүлж байсан... надтай суугаад 30 жил болж байна. Шөнө хогоо асгана гэж гараад л архи уудаг байсан...” /хх.12-13/,
“... манай нөхөр Баатарчулуун 20 цагийн үед нэг шил архи барьчихсан ирээд тэр архиа гэртээ ууж согтоод, намайг гэрээс хөөн, чи өвчтэй ээж дээрээ оч гээд хөөгөөд байхаар нь би явахгүй гэж хэлсэн чинь ширээний хажууд байсан жижиг сүх аваад ална гээд над руу далайж байгаад сүхний ар талын хэсгээр нь миний зүүн талын булчин хэсэгт нэг удаа цохисон, тэр үед миний зүүн хөл хөдөлж, гишгэж болохгүй байхаар нь би шууд цагдаа дуудсан... Баатарчулуун байнга архи уун, ар гэртээ агсам согтуу тавьж танхайрдаг, тэр болгонд би цагдаа дуудаж өгдөг боловч эрүүл мэнд нь тэнцэхгүй гээд гаргадаг байсан... 1997 онд 14 хоног 111 гэх саатуулах газар 14 хоног саатуулагдсан... эрүүлжүүлэх байранд бол олон удаа орж байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бы гэрчээр өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Гэрэлчимэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан... эхнэр бид хоёр, хоёр талын хамаатан садан, болон группийн мөнгөнөөс болж маргалдаад би эхнэр Гэрэлчулууны зүүн талын хөл хэсэг рүү хүчтэй нэг удаа өшиглөж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4824 дугаартай дүгнэлтэд:
“1. С.Гэрэлчимэгийн биед зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/,
Зөрчлийн бүртгэлийн АСАП сангийн лавлагаа /хх.27-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бы яллагдагчаар өгсөн: “... Тухайн хэрэг гарсан өдөр эхнэртэй би хоёр талын хамаатан садан, болон группийн мөнгөнөөс болж маргалдаад би эхнэр Гэрэлчулууны зүүн талын хөл хэсэг рүү хүчтэй нэг удаа өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан... энэ гэмтлийг би эхнэр Гэрэлчимэгийг зодож учруулсан” гэх мэдүүлэг /хх.38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 7 дугаар гудамжны 11-Б,В тоотод эхнэр С.Гэрэлчимэгийн зүүн хөл рүү өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Гэрэлчимэгийн өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр Д.Б гаднаас 0.75 литрийн хэмжээтэй “Цагаан” гэх архи авчираад хамт уугаад байж байтал гэнэт л намайг би 5 ширхэг тамхи авчирсан чи хоёрыг нь татсан байна архи, тамхины мөнгө өг гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэхэд миний зүүн хөлний шилбэний булчин руу өшиглөсөн, тэгээд сүх бариад сүхдэнэ гээд байсан. Тэгэхээр нь би цагдаад хэлнэ гэсэн чинь гараад зугатсан...” гэх мэдүүлэг /хх.11-16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4824 дугаартай дүгнэлт /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бы яллагдагчаар өгсөн: “... Тухайн хэрэг гарсан өдөр эхнэртэй би хоёр талын хамаатан садан, болон группийн мөнгөнөөс болж маргалдаад би эхнэр Гэрэлчимэгийн зүүн талын хөл хэсэг рүү хүчтэй нэг удаа өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.38/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Гэрэлчимэгийн өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Бы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Д.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Д.Бы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Гэрэлчимэг нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Гэрэлчимэг нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Бы “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Бы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Д.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Гэрэлчимэг нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР