| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | 128/2026/0196/З |
| Дугаар | 128/ШШ2026/0452 |
| Огноо | 2026-05-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2026/0452
2026 05 08 128/ШШ2026/0452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б******* /РД:*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Маргааны төрөл: Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэртэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Б.Б*******д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Т тоот /хуучнаар/ хаягт байрлах 410 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн № дугаартай гэрчилгээг олгожээ.
2.3. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай А/602 дугаар захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр багцын 23.6 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Ж ХХК-ийг шалгаруулж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг Ж ХХК-д олгожээ.
2.4. Нэхэмжлэгч Б.Б******* болон төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК-ийн хооронд 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ГХДТ-Б/161 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч нь эзэмшлийн 410 м.кв газраа тухайн байршилд төлөвлөж буй Шинэ амьдрал цогцолборын 2017 оны IV улиралд ашиглалтад орох 2-р ээлжийн орон сууцны барилгын 11 давхарт 70,29 м.кв талбай бүхий 3 өрөө байраар солихоор тохиролцжээ.
2.5. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/1009 дугаар захирамжаар ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтад үндэслэн Б.Б*******ы эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр зам, тоот хаягтай 409 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
2.6. Ингэхдээ нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагааны Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газраа 2 жил дараалан ашиглаагүй, т хамгаалалтын бүс газарт газар эзэмшигч дараах нэгж талбар бүхий иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдэж байна гэх мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын цахим хуудаст байршуулсан байна.
2.7. Нэхэмжлэгч болон нэр бүхий иргэдээс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон Орон сууцны бодлогын газарт хандан ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2015, 2016 онд нийслэл болон төсөл хэрэгжүүлэгчийн бидэнтэй байгуулсан боловч тамгалуулахаар авч яваад өгөөгүй гэрээ болон гэрчилгээг гаргуулах, гуравласан гэрээ байгуулж, орон сууцжуулахыг төсөл хэрэгжүүлэгчид үүрэг болгох талаар, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлээс зохион байгуулж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг дэмжиж Ж ХХК-тай 2 талт гэрээ байгуулсан. Төсөл хэрэгжүүлэгч компани иргэдтэй байгуулсан гэрээг тамгалуулахаар авч яваад эх хувийг иргэдэд өгөөгүй бөгөөд бүх гэрээг Нийслэлд хүргүүлсэн гэх тул ...2 талт гэрээ болон гэрчилгээ зэрэг баримтуудыг авах хүсэлтэй байна гэх хүсэлтийг Нийслэлийн орон сууцны бодлогын газарт тус тус гаргажээ.
2.8. Үүний хариуд Нийслэлийн орон сууцны бодлогын газраас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1387 тоот албан бичгээр ...Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу төслийн байршил дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч иргэн гурван талт гэрээ байгуулах эрхтэй гэж, Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/6851 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны акт илт хууль бус болох тохиолдлыг тодорхой заасан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна гэх хариуг тус тус өгчээ.
2.9. Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан бөгөөд шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШЗ2026/0972 дугаартай захирамжаар нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Б******* нь Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар тухайн үеийн хаяг байршлаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Т тоотод газар эзэмшдэг байсан. Нийслэлээс дахин төлөвлөлтийн ажил эхэлж тухайн байршилд Ж ХХК-иас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх авах гэж байгаа гэж уулзалт хийсэн тул дэмжиж, ГХДТ-Б/161 дугаартай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд төлөвлөж буй Шинэ амьдрал цогцолборын 2-р ээлжийн А-2 орон сууцны барилгын төслийн 11 давхарт 3 өрөө 70,29 м.кв байраар эзэмшил газраа сольж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлэхээр тохиролцсон.
Нэхэмжлэгчийн оролцоотойгоор Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах, 18.2 Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ гэж тус тус заасны дагуу 80-аас доогүй хувийн зөвшөөрөл авч гэрээ байгуулснаар төсөл хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдсэн тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 9 дүгээр хурлаас гарсан шийдвэрийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр багцын 26.3 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Ж ХХК шалгарсныг батламжилсан.
Нэхэмжлэгч нэгэнт төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулсан, төсөл хэрэгжүүлэгч төсөл эхний гудамж болох нэхэмжлэгчийн эзэмшлийн Т 10 дугаар гудамжнаас эхэлнэ гэж мэдэгдсэн тул газар дээрээ буухгүйгээр тохиролцсоны дагуу орон сууц ашиглалтад орохыг хүлээж байсан. Нэхэмжлэгч газрын төлбөрөө төлж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны А/325 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулж, цар тахал болсон тул төслийн ажил удааширч байгааг ойлгож хүлээсэн.
Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга А/1009 дугаартай захирамж гаргаж нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан уг захирамж нэхэмжлэгчийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлсэн газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор Ж ХХК-иас газраа орон сууцаар солихоор байгуулсан гэрээний үүргийн биелэлтээ шаардах, уг гэрээний дагуу гурван талт гэрээ байгуулах, Ж ХХК төсөл хэрэгжүүлэгчээс шалгарсан эрхийнхээ хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах талбайгаар ашиглах шаардлагагүй болж улс тусгай хэрэгцээнд авахаар болсон тохиолдолд газраа нөхөх олговортойгоор эргүүлэн авах, улс тусгай хэрэгцээнд эргүүлэн авахгүй тохиолдолд зориулалтын дагуу иргэний ахуйн зориулалтаар ашиглаж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.
Иймд нэхэмжлэгч өмгөөлөгч М.Хгаар төлөөлүүлэн Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06/1631 тоот албан бичгээр гомдол гаргах хугацаа дууссан тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье гэж хариу өгсөн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 19 иргэний хамт нэхэмжлэл гаргасан. Шүүх 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/Ш32023/3867 дугаар захирамжаар тус тусдаа нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/Ш32023/4277 дугаар захирамжаар шүүхийн захирамжид заасан хугацаанд бүрдүүлбэрээ хангаж ирүүлээгүй гэж нэхэмжлэлийг буцаасан тул 2023 оны 06 дугаар сарын 13-ний өдөр тусдаа нэхэмжлэл гаргахад 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/5207 дугаар захирамжаар "...иргэн Б.Б*******ы гаргасан гэх нэхэмжлэлд иргэн М.Х төлөөлөн гарын үсэг зурсан боловч нэхэмжлэлд итгэмжлэл хавсаргаагүй байна." гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн эзэмшил газар дээрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах ажил захиалагч нараас шалтгаалахгүйгээр удаашралтай байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК-нийн 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан 1 дүгээр ээлжийн орон сууц 2024 оны 4 дүгээр улиралд, 2017 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан 2 дугаар ээлжийн орон сууц 2025 оны 2 дугаар улиралд тус тус ашиглалтад орсон бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу орох ёстой байсан орон сууцандаа орж чадаагүй нь Баянзүрх дүүргийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/1009 дугаартай илт хууль бус захиргааны акттай шууд хамааралтай тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр нэг гудамжны иргэдийн хамт дараах байгууллага, албан тушаалтанд дахин хандсан болно. 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК төсөл хариуцсан ажилтан А /утас *******/-тай уулзахад одоо наад асуудал чинь манай Компанид хамаагүй, дүүрэг, хорооны Засаг даргатайгаа уулз гэж хариу өгсөн. Хариуг албан бичгээр авъя гэтэл өгөөгүй.
2. 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн орон сууцны бодлогын газарт 11-11 төвөөр дамжуулж гомдол гаргасан. Нийслэлийн орон сууцны бодлогын газраас Ж ХХК-нд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэдтэй уулзалт зохион байгуулж асуудлыг шийдвэрлэн албан бичгээр 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлнэ үү гэсэн 3/913 тоот албан бичиг хүргүүлсэн. Ж ХХК-иас Нийслэлийн орон сууцны бодлогын газрыг албан бичигт түүгээрээ хариу өгсөн байх бөгөөд уг бичигт бидэнтэй гэрээгээр тохиролцож байсан 1, 2 дугаар ээлжийн орон сууцыг 2024 онд ашиглалтад оруулсан, бидний эзэмшиж байсан газрын зураг төслийг бидэнд мэдэгдэлгүй өөрчилсөн болохыг мэдсэн.
3. Холбогдох баримт бичгийг хавсарган дахин 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэр бүхий 21 иргэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/1009 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно гэж заасны дагуу хамтран нэхэмжлэл гаргасан. Шүүгч 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/Ш332025/5343 дугаартай захирамжаар 1. Нэхэмжлэлийг шаардлагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийн тухайд ...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэж 2. Нэхэмжлэлийн шаардлагын Ж ХХК-д холбогдох хэсгийн тухайд ...хувийн эрх зүйн харилцааны хүрээнд аливаа эрх зүйн этгээдтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна. гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлж Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраар бус Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлэхээр 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад нэр бүхий 21 иргэний нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч би иргэдийн нэрсийг нэг бүрчлэн бичиж итгэмжлэлийг хавсарган гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 08 дугаар сарын 27-нд "Танаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн гомдлыг судалж үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/1009 захирамжийн хавсралтад /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ иргэн таны нэр байхгүй байсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хүсэлтэд дурдсан асуудлыг тодорхой болгож, холбогдох баримтыг хавсарган дахин хүсэлт гаргах боломжтой." гэж хариу өгсөн
5. Дахин 2025 оны 09 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газраас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 3/1387 тоот албан бичгээр гурван талт гэрээ байгуулах эрхтэй гэсэн хариу ирүүлсэн.
6. Хэдийгээр нэхэмжлэгчийн эрхийг хүлээн зөвшөөрсөн хариу гэж үзэж болох хэдий ч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж хүчин төгөлдөр байгаа тул гурван талт гэрээ хийх боломжгүй тул шүүгчийн 128/Ш332025/5343 дугаартай захирамжаар 1. Нэхэмжлэлийг шаардлагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийн тухайд ...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй. гэсэн татгалзлыг арилгаж, 2. Нэхэмжлэлийн шаардлагын Ж ХХК-д холбогдох хэсгийн тухайд ...хувийн эрх зүйн харилцааны хүрээнд аливаа эрх зүйн этгээдтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна. гэсний дагуу Ж ХХК-нд холбогдох хэсгийн хасаж нэхэмжлэлийн шаардлагаа" өөрчилж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Шүүгч 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШЗ2025/6282 дугаар захирамжаар С.А*******, Н.М, О.О, С.Э нарт маргаж буй газрын өвтэй холбоотой өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх нь тодорхойгүй, мөн Ж.Э******* тухайд хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж буй нь тус тус ойлгомжгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тухайн газар эзэмших эрхийн асуудлаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандсан эсэх тодорхойгүй... бүрдүүлбэр хангуулах нь зүйтэй гэж үзэж бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон. Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2025 оны 10-р сарын 05-нд гомдол гаргасан ба бүрдүүлбэр хангуулах хугацаанд хариу ирээгүй тул шүүгч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 128/ШЗ2025/6673 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн Нийслэлийн газрын эрхийн маргаан туслах зөвлөлөөс 2025.10.23-ны өдрийн 05-02/6851 тоот албан бичгээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна гэж хариу ирүүлсэн.
7. Уг хариуг үндэслэн дахин Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгч 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2025/7620 захирамжаар бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 128/Ш32025/8237 захирамжаар 1. та нар тус бүр өмнө нь шүүхэд хандаж байсан. 2. ... нэхэмжлэгч тус бүр тусдаа нэгж талбар бүхий газар эзэмшиж байсан. 3. ... иргэн бүрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол өөр, өөр гэж... 4.... нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа нь дахин ирсэн нэхэмжлэл гэж үзэхээр байх тул хэмээн нэхэмжлэлийг буцаасан болно.
8. Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 0755 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам"-ын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж, нэхэмжлэлийг бичгээр гаргаж, түүнчлэн нэхэмжлэлийг шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох холбогдох баримтыг хавсарган дахин хүргүүлж байна.
Нэхэмжлэлийн үндэслэл:
Дээрх үйл баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаартай захирамж илт хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдоно. Үүнд:
1. Сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26.1. Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 32.1.Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно. гэж тус тус хуульчилсан. Гэтэл эдгээр заалтуудыг зөрчиж захиргааны акт гаргаж нэхэмжлэгч тайлбар, санал гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
3. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, Захирамжийн захирамжлах хэсэгт иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлдээ Газрын тухай хуулийн 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтуудыг үндэслэсэн боловч 45 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход хүргэсэн зөрчлийг захирамжийн 1 дэх заалтад дурдахдаа газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хавсралтад дурдсан 45 (дөчин тав) иргэний 18967 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосугай. гэж тодорхой зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт Нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдахаар болж орон сууцжуулах болсон тул дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарч газрын иргэний ахуйн буй гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь дахин төлөвлөлтийн барилгажуулах зориулалттай болж өөрчлөгдсөн тул Маргаан бүхий газар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбай болох нь одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа учраас нэхэмжлэгч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчээс хамаарах шалтгаан биш бөгөөд Нийслэл болон төсөл хэрэгжүүлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилгажуулах ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргах нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1. хуульд үндэслэх;, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 60.1.4. шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх; гэх заалтуудыг зөрчсөн нь мөн хуулийн 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлтэй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч нь 2022 онд өөрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл хугацаанд газар эзэмших эрхтэй байсан. Газар эзэмших эрхтэй байх хугацаандаа Ж ХХК-тай хоёр талт гэрээ байгуулсан байдаг. Уг газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон ба дахин төлөвлөлтийг төр хэрэгжүүлж, төслийг Ж ХХК хэрэгжүүлж байгаа. Ж ХХК-аас хоёр талт гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч өөрийнх нь гаргаж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын зургаас харахад Б-161 дугаартай гэрээ байгуулсан гэдэг нь нотлогддог. Энэ нь нэхэмжлэгч гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжсэн, сайн дураараа газраа чөлөөлж өгсөн гэдгийг нотолж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын А/602 дугаартай захирамж буюу Ж ХХК нь нэхэмжлэгчийн газар орсон нийт 26.3 га газар дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх захирамж хүчин төгөлдөр байгаа. Мөн тус хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлэх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд тухайн шийдвэрийн дагуу төрийн ажлыг зогсолтгүй үргэлжлэх ёстой гэж үзэн өөрийн эзэмшлийн газраа сайн дураар чөлөөлж өгсөн нэхэмжлэгчийн газрын эзэмших эрхийг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгох нь илт хууль бус байна. Илт хууль бус актын нэг шалгуур нь хэзээ хүчинтэй байх вэ гэдэг ойлголт байдаг. 2022 онд гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаж байгаа газрын эзэмших эрхийг цуцлах шийдвэр гарсан өдрөөсөө хүчингүй байх ёстой. Гарсан даруйдаа хүчингүй байх нь илт хууль бус захиргааны актын нэг шинж гэж үзэж байгаа. Хэрэв шүүхээс уг актыг хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон хүмүүсийн эрх ашиг давхар зөрчигдөнө. Нэхэмжлэгч өөрийн газрыг сайн дураараа чөлөөлж өгсөн, гэр хорооллын дахин төлөвлөлт 2024 онд эхэлсэн ба 40 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаад эхэлсэн бол тухайн байршилд байгаа бүх газар эзэмшигч, өмчлөгч нартай зөвшилцөлд хүрэн хоёр болон гурван талт гэрээ байгуулах нь төрийн зорилго ба энэхүү зорилгоо төр өөрөө биелүүлэх ёстой. Тухайн зөвшилцлийг зөвшөөрсөн иргэдэд тухайн газрыг битгий ашигла, бүтээн байгуулалт хийнэ гэж хэлж газрыг нь чөлөөлүүлсний дараа сүүлд нь зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь тухайн акт гарахаасаа эхлэн илт хууль бус акт байна. Анхнаасаа энэ акт гарах ёстой байсан эсэх нь том шалгуур болно гэж үзэж байгаа. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Б*******ы Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргэж байна. Тус маргаан бүхий газартай холбоотой Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Газар зохион байгуулалтын алба-аас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-аас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/1612 дугаар Хамтран ажиллах тухай албан бичиг тус тус ирүүлсэн билээ.
Албан бичигт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын т шугамыг тавих ба ашиглахын тулд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн тавдугаар зүйлийн б-д ... т бүх шугамын дагуу 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ... гэж, ...дээр дурдсан зурвас газруудаас гадна техникийн байшин барилга (үүний дотор цахилгаан станц, гидростанц) ба тэдгээрт туслах чанарын байруудыг босгох, түүнчлэн төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээний барилгын материал /үүний дотор мод/ бэлтгэхэд зориулагдах хэсэг газруудыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ... хэмээн тогтоож өгсөн байдлыг тодорхойлсон байдаг.
Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа т зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа т зурвас газарт газар олгосон нэгж талбаруудын судалгааг нягтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгох тус тус чиглэл өгсөн байдаг.
Тус чиглэлийн хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан нөхцөл байдал тус тус тогтоогдсон нэгж талбаруудыг нягтлан хүчингүй болгосон.
Б*******ы нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн шүүх хуралдаан нь маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явагдаж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дугаар заалтыг Улсын дээд шүүхээс тайлбарласан байдаг. Захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргасан, илэрхий алдаатай байхыг ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл маргаан бүхий акт нь уг тохиолдолд хамаарахгүй ба Газрын тухай хууль болон холбогдох хуулиудын зүйл заалтуудыг үндэслэн гарсан. Тухайн захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.1. Нэхэмжлэгч Б.Б*******д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо, Т тоот хаягт байрлах, 410 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр, мөн даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж тус тус шийдвэрлэжээ.
1.2. Нэхэмжлэгч нь дээрх газрыг эзэмших хүсэлтдээ ...Т тоотод амьдардаг ба өөрийн эзэмшил газаргүй тул одоо энд амьдарч байгаа газраа эзэмших хүсэлтэй байна гэсэн өргөдөл, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын эхнэрийн хамт Т тоотод оршин суудаг гэх тодорхойлолт, амьдардаг болохоо нотолсон хашааны фото зураг зэрэг баримтыг хавсаргасан байна.
1.3. Шүүхийн үзлэгээр Б.Б******* нь уг газарт амьдардаггүй байхаас гадна тухайн газарт хүн амьдарч байсан гэх ямар ч нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2/773 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн нэгж талбарын ******* дугаар бүхий 410 м.кв газрын 2014, 2015, 2017-2019, 2021, 2022 онуудын агаар сансрын зургаас тодорхой харагдаж байна. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10/181 тоот албан бичиг, уг албан бичигт хавсаргасан зургаар маргаан бүхий газар нь т зурвас газрын гадна боловч хамгаалалтын бүстэй шууд залгаа буюу зэрэгцсэн газар болох нь тогтоогдож байна.
1.4. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтдээ өмнө амьдарч байсан газар хэмээн дурдсан нь үндэслэлгүй төдийгүй Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13 болон 24 дүгээр, 2014 оны А/30 дугаартай тогтоолуудаар баталсан 2013, 2014, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуун овоо, Т хаяг, байршилд иргэний гэр бүлийн хэрэгцээнд шинээр газар эзэмшүүлэхээр тусгаагүй байхад Баянзүрх дүүргийн Засаг даргаас төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт нэхэмжлэгчид шинээр газар эзэмшүүлсэн гэж үзэхээр байна.
1.5. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б*******д тухайн газрыг эзэмших эрх олгохоос 1 сарын өмнө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/23 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллоор тогтоон, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, уг дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгчээр Ж ХХК-ийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар батламжилсан байна.
1.6. Шүүхээс Ж ХХК-аас нэхэмжлэгч Б.Б*******тай 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хоёр талт гэрээ яагаад хэрэгжээгүй талаар тодруулахад 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/26 тоот албан бичгээр ...Ж ХХК нь Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо /хуучнаар 12 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт ... багцын сонгон шалгаруулалтад оролцохдоо иргэдийн дэмжлэгийг авах зорилгоор 2015 онд тухайн байршлын газрын бичиг баримттай иргэдтэй, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан тохиолдолд тодорхой нөхцөлөөр 3 талт гэрээ байгуулах тухай урьдчилсан тохиролцоог баталгаажуулж 2 талт гэрээ байгуулж байсан, Б.Б*******ы газар нь нарны замын өргөтгөлд хамаарч байх тул 3 талт гэрээ байгуулах боломжгүй гэх хариуг ирүүлсэн.
1.7. Дээрх нөхцөл байдал нь 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Б******* Ж ХХК-ийн хооронд ГХДТ-Б/161 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдсан, харин үүний дараа буюу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар Ж ХХК нь уг дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан байгаа үйл баримтаас тогтоогдож байна.
1.8. Замын хөгжлийн газраас шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02/804 тоот албан бичгээр ...иргэн Б.Б*******ы ******* нэгж талбарын дугаар бүхий газар нь Дэлхийн банкны санхүүжилтийн эх үүсвэрээр Н******* ХХК зураг төслийн ажлыг гүйцэтгэн, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 247/2025 тоот магадлалын дүгнэлтээр батлагдсан Баянзүрх дүүрэг, 12, 37 дугаар хороо, Нарны замын зүүн өргөтгөлийн инженерийн нарийвчилсан зураг төсөлтэй давхцалтай байна гэх баримтыг ирүүлсэн.
1.9. Мөн нэхэмжлэгч нь 2015-2022 онуудын газрын төлбөрт 12,702 төгрөгийг төлөх ёстой боловч төлөөгүй болох нь 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газрын төлбөр тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.
2. Шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хийсэн дүгнэлтийн тухайд:
2.1. Нэхэмжлэгч нь шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба тус нэхэмжлэлийн үндэслэлээ ...Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, мөн захиргааны акт гаргахын өмнө тайлбар, санал гаргах боломж олгох, шийдвэртэй холбоотой баримт бичигтэй танилцах боломж олгох, шийдвэрийн заалт хоорондоо болон бусад эрх бүхий этгээдийн шийдвэртэй зөрчилдөхгүй байх шаардлагуудыг тус тус зөрчсөн, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй... илт хууль бус акт гэж, хариуцагчаас ...маргаан бүхий актыг гаргахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас ирүүлсэн хамтран ажиллах тухай албан бичиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн чиглэлийн хүрээнд нөхцөл байдлыг нягталж, хуульд заасан үндэслэл тогтоогдсон тул нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актийн шинжийг агуулаагүй гэж тус тус тайлбарлан маргасан.
2.2. Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...илт хууль бус болохыг тогтоолгох-оор тодорхойлсон тул шүүх Баянзүрх дүүргийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/1009 дугаар захирамжийг гаргах эрх хэмжээтэй байсан эсэх, мөн уг шийдвэрийг гаргах эрх зүйн зохицуулалттай эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хууль заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан, эсхүл тухайн үндэслэл болсон хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээг зөрчих зэрэг эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн илт хууль бус алдаа, тохиолдлыг ойлгоно.
2.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 20.2.1-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах, түүний эрхийг дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж тус тус заажээ.
2.3. Харин 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга гэснийг Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гэж өөрчилсөн. Үүнээс үзвэл 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн маргаан бүхий А/1009 дугаартай захирамж гарах үед тус хуулийн 40.1 дэх хэсэг дэх Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байжээ.
2.4. Тухайн тохиолдолд, маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр хэрэгжиж байсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж зааснаар дүүргийн Засаг дарга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар шийдвэр гаргах эрхтэй бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.
2.5. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх заалтуудыг үндэслэл болгон дурдсан байна. Эдгээр нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан шууд хэрэглэгдэх үндэслэлүүд бөгөөд захиргааны байгууллага уг зохицуулалтыг хэрэглэсэн нь өөрөө эрх зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэл биш юм.
2.5. Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа холбогдох байгууллагуудаас ирүүлсэн чиглэл, мэдээллийг харгалзан үзсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/1009 дугаар захирамж нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
2.6. Нэхэмжлэгчээс сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны цахим хаягаар нийтэд мэдээлсэн байна.
2.7. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д тайлбар, санал гаргах боломж олгох, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гээд 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх 32 дугаар зүйлийн 32.1-д шийдвэртэй холбоотой мэдээлэлд нэвтрэх боломж олгох шаардлагуудыг хэрэгжүүлэх хэлбэр нь тухайн нөхцөл байдлаас хамааран ялгаатай байж болох бөгөөд олон тооны этгээдийг хамарсан шийдвэрийн хувьд нийтэд мэдээлэх хэлбэрийг хэрэглэсэн нь уг ажиллагааг огт явуулаагүй гэж тус тус заасан.
2.8. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, захиргааны байгууллагаас гаргах гэж буй тухайн шийдвэрийн агуулгад хамаарах нөхцөл байдлыг зөв тогтоох зорилгын хүрээнд нэг цаг хугацаанд ижил үйл баримтаар нэгэн зэрэг холбогдсон бөгөөд үндэслэл нь ижил нэг шийдвэрийн үр дагаварт өртөж буй олон этгээдүүдийн тоо 21 хүрсэн тохиолдолд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ уг хуулийн 27.2.2-т заасан журмыг баримтлахаар байна. Энэ тохиолдолд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга маргаан бүхий захирамжийн хавсралтад дурдагдсан 45 иргэний 18967 м.кв газрын эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дээрх байдлаар албаны цахим хаягаар нийтэд мэдээлсэн байх тул сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах боломжгүй байна.
2.9. Нөгөө талаас нэхэмжлэгч нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчтэй 2 талт гэрээ байгуулсантай холбоотойгоор газраа ашиглаагүй талаар тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн газарт 2 талт гэрээг хүчин төгөлдөр болгох гурван талт гэрээ байгуулагдаагүй, мөн нэхэмжлэгчээс газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх эзэмших эрхтэй болсон цаг хугацаанаас хойш бодитоор огт ашиглаагүй нь тогтоогдсон. Гэвч эдгээр нөхцөл байдал нь маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусд тооцох үндэслэлд хамаарахгүй.
Иймд дээрх байдлаар маргаан бүхий захиргааны акт нь тодорхой эрх зүйн зохицуулалтад тулгуурлан гарсан, огт үндэслэлгүй, илэрхий хууль зөрчсөн шинжгүй, захиргааны үйл ажиллагааны ноцтой зөрчил агуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх илт хууль бус захиргааны акт биш байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА