Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00673

 

Г-СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00553 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Гранд СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б-д холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,962,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч Л.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Л.Б- нь 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр 1,962,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулна. СӨХ-ны төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн. Л.Б- сард 49,050 төгрөг төлөх үүрэгтэй гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Г-СӨХ нь төлбөрийг өндөр тогтоосон, агааржуулалтын систем ажилладаггүйгээс гараашид утаа үнэртдэг, харуул хамгаалалт ажилладаг эсэх нь мэдэгдэггүй айлуудад хулгай ордог, СӨХ хангалтгүй ажилладаг, 1,000,000 төгрөгийг хугацаа тохироод төлөх боломжтой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нарванчин овогт Лхагвын Батцэрэнгээс 1,962,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,342 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 46,342 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

4. Харицагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар дангаар өмчлөх сууцны орон сууцны бус сууц зориулалттай хэсэг болох гол зуух, ариун цэврийн өрөө, угаалын өрөө, өрөө хоорондыг холбосон кордиор зэрэг талбай СӨХ-д хамаарах учир хуулийн заалт зөрчигдсөн гэж үзэн төлбөрийг зөвхөн сууцны зориулалттай талбайн хэмжээгээр тооцож төлнө. СӨХ нь манай орон сууцны талбайг 103 м.кв-аар тооцож төлбөрийг нэхэмжилсэн. Цээнтэй-Атешер ХХК-аар орон сууцад хэмжилт хийлгэхэд 98,79 м.кв талбайтай гэж тогтоосон. Үүнээс орон сууцны зориулалттай талбай нь 64 м.кв, сууцны зориулалтын бус талбай нь 34,79 м.кв тул төлбөрийг 64 м.кв-аар тооцож төлнө. СӨХ-нд төлөх төлбөрийг 64 м.кв талбайн төлбөрийг 37,350 төгрөгөөр тооцож төлнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч Г-СӨХ нь хариуцагч Л.Б-д холбогдуулан Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал 1,962,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

1.б. Хариуцагч Л.Б- нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 14 дүгээр байрны 42 тоотод байрлах орон сууц өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар тухайн холбооны гишүүн бөгөөд мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргийг хүлээнэ.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж заасан.

1.в. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 14 дүгээр байр нь Г-СӨХ-д харьяалагддаг болох нь тус СӨХ-ны гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байх бөгөөд Г-СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн хэмжээг нэг өрхийн 1 м.кв талбайд сар тутам ногдох хураамж 300 төгрөг, лифт ашиглалтын хураамж сард 8,000 төгрөг, автомашины зогсоол эзэмшигчдээс зуны сард төлөх хураамж 25,000 төгрөг, цэвэрлэгээний хураамж 4,550 төгрөг, хог тээвэрлэлтийн хураамж 2,000 төгрөг, орцны харуул хамгаалалтын зардал 3,000 төгрөг, баримтын зардал 100 төгрөг байхаар тогтоожээ. (хх-ийн 4, 5)

1.г. Хариуцагч Л.Б- нь нэхэмжлэгч Г-СӨХ-д дээрх орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг 2018 оны 06 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуусах хүртэл хугацаанд төлөөгүй болох нь Төрийн банк ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон байхаас гадна Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 14 дүгээр байрны 42 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх болох талаар талууд маргаангүй байна. (хх-9)

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Г-СӨХ нь хариуцагч Л.Б-гээс 2018 оны 06 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал хүртэл хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зардалд 1,962,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

1.д. Анхан шатны шүүх хариуцагч Л.Б-д нэхэмжлэгч Г-СӨХ-ны нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гардуулсан бөгөөд тэрээр 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор тайлбар (нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт)-ыг ирүүлэх үүрэг хүлээсэн баримтад гарын үсэг зурсан байх боловч 14 хоногийн дотор тайлбар, нотлох баримт ирүүлээгүй. (хх-ийн 13)

Мөн шүүхээс хариуцагч Л.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан буюу эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг тус тус тайлбарлан танилцуулсан баримтад гарын үсэг зурсан байх боловч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна. (хх-ийн 15)

Хариуцагч Л.Б- нь төлбөрийг өндөр тогтоосон, агааржуулалтын систем ажилладаггүй, гараашид утаа үнэртдэг, харуул хамгаалалт ажилладаг эсэх нь мэдэгдэггүй, айлуудад хулгай ордог, СӨХ хангалтгүй ажилладаг гэж тайлбарлаж байгаа боловч сууц өмчлөгчийн хувьд энэ талаар сууц өмчлөгчдийн хуралд саналаа хэлж, шийдвэрлүүлэх эрхтэй ба тэрээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Ийм учраас анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэрэгт үндэслэн хариуцагч Л.Б-гээс нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал 1,962,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г-СӨХ-нд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус нийцсэн байна.

2. Хариуцагчийн давж заалдах гомдлын талаар.

2.а. Хариуцагч Л.Б-гийн ...сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны талбайг 103 м.кв-аар тооцож нэг сард 49,050 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд 98,79 м.кв талбайтай болох тогтоогдсон тул үүнээс сууцны бус зориулалттай 34,79 м.кв талбайд ногдох төлбөрийг сард 37,350 төгрөгөөр тооцож төлнө... гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргана гэж заасан. Хариуцагч Л.Б- нь анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны талбайн хэмжээ болон төлбөрийн хэмжээ үндэслэлтэй эсэх талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй болно.

2.б. Хариуцагч Л.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд ... анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үнийн дүнг өөрөөр хэлсэн, гэтэл бичгээр гардаж авсан шийдвэрт өөр дүнг бичсэн... гэж тайлбарласан боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар гомдол үндэслэлгүй. Шүүх хуралдааны оролцогч нь тэмдэглэлд засвар оруулах эрхтэй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн, засвар хийж, тэмдэглэлд тусгаж баталгаажуулсан гэх байдал тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00553 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 46,342 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Н.БАТЗОРИГ