2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/00630

 

 

 

 

 

 

     

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, Чонос овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, Тулга овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******ын ******* би 1983 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй. Миний бие 1999 онд *******ын *******той танилцан, үерхэж 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 313 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр охин 3., 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин 3. нар төрсөн. Бид хоёр танилцсанаас хойш бие биендээ хайртай болж, сайхан амьдралыг бий болгох хүсэл тэмүүлэлтэйгээр усны тэргэн дээр хөнжил, гудас, хэдэн хувцсаа тавьж түрээд нийтийн байр түрээслэн тусдаа гарч *******тынх гэдэг айлын гал голомтыг асааж байсан. Гэр бүл болсны дараа миний хань намайг үргэлж өмөөрдөг, хамгаалдаг, хийсэн болгоныг магтаж урам хайрладаг, түргэн ууртай ч дорхноо тайвширч чаддаг, өрөвч цайлган сэтгэлтэй нэгэн байсан. Тийм ч болохоор манай аав, ээж, эгч, дүү нар их сайн, маш их хүндэлдэг хүргэн, хүргэн ах нь байсан. Тусархаг, өрөвчхөн, сайхан сэтгэлтэй тул найз нөхдийнхөө дунд ч нэр хүндтэй. Ханий маань энэ бүхэн надад таалагддаг, бид 2 "...насан туршдаа, өтөл болтлоо сайхан амьдарна, хүүхдүүд маань бидний хүүхэд болж төрснөөрөө бахархаж нүүр бардам амьдрах ёстой тийм болохоор хоёулаа зөв амьдарна шүү гэж ярьдаг байлаа. Миний хувьд ирээдүйн амьдралаа бид 2 үргэлж хамтдаа байхаар төсөөлж, амьдралын илүү сайхан бүхнийг энэ хүнгүйгээр төсөөлдөггүй байлаа. Энэ амьдралд бид хоёр 2 сайхан охины аав, ээж болж тэднийгээ эрүүл саруул өсгөж яваа болохоор, бага залуу насандаа 2 биенээ хайрлаж байсан, амьдралын хэцүү саад болгоныг хамтдаа даван туулж, 0-с эхэлсэн амьдралыг юм юмтай болгосон болохоор сайхан бүхнийг нөхөргүйгээр төсөөлж бодоогүй явж байлаа. Гэтэл жилээс жилд миний хайрлаж, нөмөр түшиг минь болж явсан ханий маань ааш зан аажим аажмаар өөрчлөгдөж, амьдрал сайжрах хэрээр ааш, зан, харилцаа хандлага нь муу тал руугаа өөрчлөгдөж, санаанд оромгүй зан гаргасны улмаас гэр бүл цуцлах шийдвэр гаргахад хүргэж байна. Амьдралын стресс бухимдалдаа надад тунирхаад ганц удаа муухай аашлаад, ганц удаа цохиж аваад, намайг гомдоочихсон бол би ойлгох, уучлаад өнгөрөөх байсан, өнгөрөөж ч байлаа. Харин намайг өнгөрөөх тусам муухай бүхний давталт нь ихсэж, дуртай үедээ янз бүрээр хэлж доромжилж улмаар миний болон 2 охины маань сэтгэл зүй, эрүүл мэнд, амь насанд аюултай байдал бий болж байна. Тухайлбал: Д.******* эрүүл согтуу аль ч үедээ догшин ширүүн авир гаргаж, хэл амаар доромжилж улмаар гарч хүрч зоддог болсон. Зодохоороо толгой руу байнга цохино, ухаан алдтал зодно, хамар хүртэл хугалж байсан. Заримдаа тэсээд зодуулаад өнгөрдөг байсан бол сүүлдээ давтамж нь ихсэх, арга нь танхай балмад болох хэрээр айгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулж байсан. 2012 оны 02 дугаар сард намайг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зодоод шүүхээр орж байсан, 2013 оны 01 дүгээр сард зодож Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж байсан, 2015 оны 9 дүгээр сард ажил дээр агсам тавиад байхаар цагдаагийн байгууллагад хандсан, 2018 оны 10 дугаар сард зодох гээд байхаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан, 2023 оны 7 дугаар сарын 23-нд зодож Баянзүрх дүүргийн шүүхээр Зөрчлийн хуулиар баривчлах шийтгэл эдэлсэн, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэл амаар доромжилж зодсоны улмаас Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан шалгагдаж байна. Цагдаагийн байгууллагад хандсан нь энэ, цагдаа дуудаж, гомдол гаргаагүй олон удаа зодуулж байсан. Цагдаад гомдол гаргасны дагуу шүүхээр шийтгэгдэж баривчилгаанд явж ирсний дараа "...ээжтэйгээ нийлж эр нөхрөө шоронд хийдэг" гэж улам их өширхөж, дарамтлах болсон. Ер нь өмнөх шигээ манай аав, ээж, эгч дүү нарыг ч хүндлэхээ больж, дорд үздэг болсон. Сүүлийн үед уурлах, бухимдах нь хэт догшин, юу ч хийхээс буцахгүй байдалтай байгаа нь ажиглагдаж 2 охин болон миний хувьд улам их айдастай байна. Хайртай хүнтэйгээ 15 настай нялхаараа байхаасаа эхлээд өдий хүртэл 25 жил болохдоо сайдаж муудаж, салж нийлэх тохиолдол байсан ч энэ хугацаанд би нэг ч удаа сэтгэл буруулж байсангүй. Харин тэр маань олон удаа хуурч бэлгийн замын өвчин халдааж байсан. Тэр болгоныг нь "...дахиж тэгэхгүй гэсэн үгэнд нь итгээд олон удаа уучилсан. Нөхрийгөө ...надад хайртай, охидууддаа хайртай юм чинь" гэж урьдынх шиг бодон уучилж ...дахиж тэгэхгүй ээ гэж өөрийгөө итгүүлэн уучилж байсан ч 2023 оны 10 дугаар сард миний таньдаг, бидний үеийн хүүхэнтэй 2 жил явалдаж байсныг нь мэдлээ. Тэр 2 аль хэзээний эхнэр нөхөр шиг нэг гэрт хамт амьдардаг, аль л үнэтэй, тохьтой амралт, буудлаар явж амарч зугаалдаг, тэр хүүхний 2 хүүхэд нь мэддэг төдийгүй манай нөхөр тэдэнд нь санаа тавьж мөнгө төгрөг өгдөг, нөхөр өөрийнхөө картыг тэр хүүхэнд өгч тэр нь дураараа мөнгийг нь зардаг, нөхөр маань тэр хүүхний өр зээлийг нь төлсөн зэргийг мэдээд итгэж чадахгүй маш их гомдсон. Нөхөр маань баригдангуутаа намайг 2 охинтой маань ямар ч эргэлзэх юмгүй хаяад, нөгөө хүүхнээ 2 хүүхэдтэй нь сонгоод үнэтэй байр түрээслээд хамт амьдрахаар явсан. Ингэж явахдаа бид 3-н төлөө ямар ч санаа зовсон, ичиж гэмших байдал огт харуулаагүй. Би нөхөртөө итгэж байсан ба намайг, өөрийн төрсөн 2 охиныхоо далдуур эхнэрийнхээ сайн таньдаг, мэддэг хүүхнийг 2 хүүхэдтэй нь хайрлаж, өөр нэг амьдрал босгоод явж байгаад нь маш их цочирдож, сэтгэл хямарсны улмаас 10 орчим кг жин хаяж, нойргүйдэж, ам мурийж, биен дээр хатиг дахин дахин гарч, зүрх өвдөж хямардаг болсон тул эмч болон мэргэжлийн сэтгэл зүйч, көүчид хандаж туслалцаа авсан. Шилжилтийн насны болон бага насны 2 охин маань хямран хичээлдээ эрс муудаж, хичээл хийх сонирхолгүй болсон, бага охин маань аавын амин охин байсан болохоор маш их стресстэж хуруу гараа иддэг муу зуршилтай болсон. Энэ байдал 6 сар орчим үргэлжилж бид 3-т хэрэг болох байх гэсэн эмч эмнэлэг, сэтгэл зүйч, лам бөө гээд яваагүй газаргүй сайн гэсэн бүхэнд хандаж овоо гайгүй болж байтал 2024 оны 4 дүгээр сард бид 3 дээр эргээд ирсэн. Тухайн үед би 2 охиноо болон 25 жилийн зүтгэж байж босгосон амьдралаа бодоод бүтэн гэр бүл байх гэж хичээж амьдраад уучлах гэж маш их хичээсэн боловч өдөр бүр нөгөө танил эмэгтэй, нөхөр 2 маань байнга бодогдож, гомдож, үзэн ядаж байсан. Энэ хугацаанд нөхөр хэд хэдэн удаа гар хүрч зодсон. 2024 оны 11 дүгээр сарын эхээр нүүр лүү цэр нусаараа нулиман, үсдэж чирэн, хэд хэдэн удаа өшиглөсөн. Ийм байдлаар үргэлж хараал, хэрүүл маргаан, зодоон дунд охидууд маань байнгын айдастай, тайван бус байдаг боллоо. Айл гэрт, эхнэр нөхрийн дунд байдаг жаахан маргааныг хашгичиж босож ирээд цохиж зодох, юм авч шидэх зэргээр гэр оронд айдастай байдлыг бий болгочихдог болсон. Ер намайг үргэлж хэл амаар доромжилж, дээрэлхэх, намайг байнга үгүйсгэж доош нь хийж, миний хийсэн, хэлсэн болгоноос өө хайж гутаан доромжилдог болсон. Хажууд хүн байнга ийм байдалтай байхаар сүүлдээ би өөртөө итгэх итгэлгүй, ажил хийх урамгүй, эрч хүчгүй нэгэн болж байна. Хамгийн гол нь эхнэр, өөрийн төрсөн 2 охиноо орхиод эхнэртэйгээ нас, бие чацуу, миний сайн мэддэг хүүхэнтэй 2 жил орчим нууцаар явж, надад мэдэгдэнгүүт бид 3-н төлөө санаа зовох ч үгүй, хаях л ёстой юмаа хаяж байгаа юм шиг орхиод өөр хүний нөхөр, өөр хүний 2 хүүхдийн эцэг болохоор явчихаад бодвол тэр сонгосон амьдрал нь цааш үргэлжлэх боломжгүй болоод эргээд ирсэн байх. Ингэж өчнөөн доромжилж, гомдоож явчихаад эргэж ирэхдээ буруугаа хүлээж, гэмшсэн байдалгүй харин ч дахин зодож, ширүүн авирлаж буй байдлыг тэсэхийн аргагүй байна. Би оюутан байхаасаа л мөнгө олох гэж гудамжинд жимс зарж, гэрээрээ ноосоор эсгий гар урлалын зүйл хийж жуулчдад борлуулж, гэрийн боорцог хийж дэлгүүрүүдэд тарааж борлуулдаг байсан. 2008 онд том охиноо 1 нас хүргээд амьдралын эрхээр эгчтэйгээ хамт хотод Драгон төвд хоолны газар түрээсэлж ажиллуулж эхэлснээс хойш 7 жил тасралтгүй ажиллуулж 2015 онд бага охиноо 1 настай байхад Өмнөговь аймгийн төвд "Хуушуур хаус нэртэй хуушуурын газраас анх нээснээс хойш ажил маань өдөр өдрөөр өргөжиж, бидний амьдрал дээшилж, аймагтаа "Баянбулаг хороололд хаус авсан. Түрээсийн байранд хоолны газраа ажиллуулж байснаа тэрийгээ худалдаж авч өөрийн болгосон. 2020 онд дахин шинэ ажлын байр худалдан авч "Монгол бууз гэсэн нэртэй шинэ салбар нээн ажиллуулж одоог хүртэл ашиг орлого сайтай, үйл ажиллагаа нь жигдрээд ажиллаж байна. Олон жил гал тогоонд ямар ч амралтгүй ажилласан би шантрах үе олон байсан ч зогсох, шантрах эрх надад байгаагүй. Дахиад жаахан л тэсрээд зүтгээд бүх юм гоё болно гэж өөрийгөө зоригжуулж шүд зуун зүтгэсээр ирсэн. Ажил, амьдрал, ар гэр, үр хүүхэд гээд бүхий л асуудал миний нуруун дээр байсан болохоор хүн л юм болохоор бухимдана, бачуурна, уурлаж гомдолно, тэр болгоноо хажууд байгаа ганц намайг ойлгох хүн болохоор ханьдаа л хэлнэ. Харин хань маань өөдөөс "...албатай юм уу, больчихооч, өөрийгөө нэг их мундаг бизнесмен хүүхэн гэж бодоод байгаа юм уу" гэхчлэн доромжилж, хэрүүл, зодоон болгодог байсан. 2019 онд тээврийн компани байгуулж бидний юм, бидний амьдрал гэж хамт ярилцаж "" ХХК-г үүсгэн байгуулсан боловч ашиг орлоготой болоод ирсэн чинь гэртээ ирэхээ больж, олсон мөнгөө архи уух, мөрийтэй тоглоом тоглох, адуу мал авах, дүү нартаа зарцуулах зэргээр үрж, эхнэр хүүхдээ улам дорд үзэх болсон. Энэ компани нь хэдэн төгрөгний ашиг олж, хэдэн төгрөгний зарлага гаргаж байгааг надад мэдэгддэггүй ба асуухаар "...чамд ямар хамаагүй, чиний толгой хүрэхгүй, хуушуураа л хийгээд яв, чамд өөр чадах юм байхгүй гэж дээрэлхдэг байсан. Уурлаж, хэрүүл зодоон хийж, сална гэж байж дээрх компаний дансыг нь үзэхэд өчнөөн мөнгөний ашиг олсон ч бүгдийг нь үрээд дуусгасан байсан. Тээврийн компани ашиггүй ажиллаад байгаа гээд байнга өр гарч ирээд байхаар оффис дээр нь очиж нягтлангаас нь дансны хуулга аваад үзтэл *******гийн данс руу 100 гаруй сая, дүүгийнх нь данс руу 300 гаруй сая төгрөг гарсан байсан. Энэ асуудал дээр дүү нараа өмөөрөөд намайг хэрүүлч авгай гэж доромжлоод өнгөрсөн. Мөнгөний хэрэгцээ гарч мөнгө авах, мөнгө олох шаардлагатай үед "...ханиа чи бид хоёрын л юм" гэж байгаад авдаг боловч ашиг олохоороо "...чамд хамаагүй" гэчихээд өөрөө дур мэдэн миний оролцоогүй дүү нартаа, архи, мөрийтэй тоглоом, зугаа цэнгэл, явалддаг хүүхэн тэрний хүүхдүүдэд зарцуулдаг байсан юм билээ. Өөрсдөө хичээж зүтгэж байж олсон ашгаараа бий болгосон компаний олсон ашиг, мөнгийг өөрсдөө биш хэн нэгний тансаг хэрэглээ, зугаа цэнгэл гэхчлэн цацаж байгаад яалт ч үгүй бухимдаад хэлэхээр хэрүүл зодоон болоод би өөрөө буруутан нь болоод дуусдаг болсон. Миний эгчээс 200,000,000 төгрөг хүүгүй зээлж тээврийн компани, элсний карьертаа зарцуулчихаад, эгчийг хотод байр авах гээд мөнгөө нэхэхэд эгчийг маань "...я****, г****, сайн явахыг чинь харнаа, 2 хүүхдийг чинь хорлоно" гэж занаад өрөө шүүхдээд аваарай гэсэн. Эрүүл согтуу ямар ч үедээ мессэж бичиж дарамталж байна. Бид 2 хоорондоо ярилцаж байгаад ах эгч 2-гоо шланз маркийн машин аваад манай тээврийн компани дээр явуулаад амьдралдаа нэмэрлэ газ 365,000,000 төгрөгийн үнэтэй машин авахуулсан боловч надтай маргалдаж муудалцахаараа "...төмрийн сэгээ аваад зайл гэж агсарч дарамталсаар байгаад машиныг нь заруулсан. Энэ мэтчилэн сүүлийн үед хэрэлдэж муудалцах болгондоо эд хөрөнгө, Мөнгө төгрөг ярьдаг болсон. Миний 20 гаруй жилийн хөдөлмөрийг үнэлэхгүй, өөрийнхөө зүдэрсэн ядарсныг л гайхдаг, хүнээс хайр халамж шаарддаг хэрнээ өөрөө хань ижил, үр хүүхдээ хайрлаж халамжилж мэддэггүй хүн боллоо. Олон жил ханилсан ханиа, 2 охиныхоо аавыг анх л хайрлаж байсан тэр хүнээр нь байлгаж, тэр хүний эргэж ирэхийг хүлээхдээ "...40 хүрээд ухаан сууна, засарна, намайг ойлгоно гэж өдийг хүртэл тэвчиж, уучилж ирсэн боловч энэ хүн засарсангүй, одоо үнэхээр шантарч тэвчээр минь барагдаж байна. Охин үрүүдээ ч зовоож байна. Би олон жил амьдралаа бүтэн авч үлдэх гэж, 2 охиноо бүтэн амьдралд жаргалтай байлгах сан гэсэн дээ олон олон зүйлийг тэсэж, тэвчиж байсаар маш их ууртай, хараал, муу муухай үг хэллэг хэлдэг болсон төдийгүй бид 2 нэгнийхээ дээр гарах гэж, нэгэндээ бууж өгөхгүй гэж нэгнээсээ илүү муу муухай үг хэлж, доромжлох гэж хичээсээр ямар ч хүндлэл, айж ичих юмгүй болсон байна. Ийм амьдрал дунд өсөж байгаа бидний охидууд энэ байдлаар цааш үргэлжилбэл яаж сайн хань, сайн ээж болж өсөж төлөвших вэ дээ ******* намайг олон удаа зодож, хэл амаар доромжилж бие сэтгэл өвтгөдөг ч би тэр бүхнийг тэсдэг тэвчдэг, уучилж чаддаг, сэтгэлээ тайвшруулж чаддаг байсан. Хүний алдаа оноонд уучилж болдог, уучилж болдоггүй зүйл гэж байдаг юм байна. Намайг хуурч, намайг сайн мэдэх, би ч сайн мэдэх миний танил эмэгтэйг хайрлаж гэр оронд унтаж, нэг гэрт амьдарч /нэг гэрт амьдрахаар явахдаа бид гурвыг ямар ч эргэлзэж тээнэгэлзэлгүй орхиод явсан/, тэрнийхээ төлөө мөнгө төгрөг харамгүй зарцуулж байгааг тэсэж, уучилж, мартаж чадахгүй цаг үргэлж маш их гомдож байна. Энэ их гомдол миний тэвчээрийг барж энэ амьдралыг сайн сайхнаар үргэлжлүүлж чадахгүйд хүрч байна. Хамгийн сүүлд буюу 2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө намайг зүй бус үг хэллэгээр хэлж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул цагдаагийн байгууллагад дуудлага өгч, одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст уг асуудлыг шалгаж байгаа болно. Энэ хүний бид гурвыг гэх байхгүй сэтгэл, зүтгэж байж бий болгосон амьдралаас илүүчлэн бусдын төлөө цацаж буй үрэлгэн зан, хайрлаж байсан хайргүйгээр амь насанд минь аюултайгаар цохиж зодож байгаа, намайг урамшуулж магтаж өмөөрч байсан үг нь доромжилсон, зүхсэн, хараалын үг болон хувирсан, энэ амьдралыг тэсээд тэвчээд цааш үргэлжлүүлэх аргагүй болсон байх тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би өөрөө хөдөлмөр эрхэлж тогтсон орлоготой болсон тул Д.*******гоос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй ба 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр охин 3., 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин З. нарыг Г.******* миний асрамжид үлдээж өгнө үү. Бидний гэр бүл болсноос хойш бий болгосон дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг жичид нь нэхэмжлэх болно гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөр Д.******* буруугаа ойлгоод, эцсийн удаа ганц боломж олгооч гэж гуйсан. Том охин 12 дугаар анги төгсөж, гадаад улсад сургуульд суралцахаар материалаа явуулсан. Охидуудаа бодоод зовж босгосон амьдралаа бүтэн авч үлдэхийг хүслээ. Цаашид нөхөртэйгөө хамтдаа үргэлжлүүлэн амьдрахаар ярилцаж, тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нөхөр Д.*******гийн зүгээс ямар нэгэн дарамт шахалтгүйгээр миний бие өөрийн хүсэл зоригоор нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нь гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлж, нөхөр Д.******* нь буруугаа хүлээж уучлалт хүссэн тул амьдралаа бүтэн авч үлдэхээр ярилцаж тохиролцсон гэх үндэслэлээр хариуцагч Д.*******д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзжээ.

 

Иймд нэхэмжлэгч Г.*******ын хүсэлтийг үндэслэн Д.*******д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь Д.*******д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ