Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 350

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Э.Бадрал,

  шүүгдэгч Х.А/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Иргэд овгийн Хадаагийн Алтандөшид холбогдох эрүүгийн 1711010390345 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Иргэд овгийн Х.А, 1974 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Ховд аймгийн Буянт сумын 5 дугаар баг, Норжинхайрхан гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 84-264 тоотод түр оршин суух хаягтай,

2004 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, регистрийн дугаар ПЭ74052315.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Х.Ань 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхит 12 дугаар гудамжны 247 тоот хашааны гадна хохирогч М.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь дух, зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх гэтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Ань шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.Ууганбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхит 12 дугаар гудамжны 247 тоот хашааны гадаа цэвэрлэгээ хийж байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл таних хүн надаас гар утсаараа яриулаач гэж асуухад гар утас байхгүй гэж хэлсний төлөө үл таних эрэгтэй намайг хэл амаар доромжилж гар утасгүй хүн байдаггүй юм гэх үгнүүдийг хэлж надтай хэрүүл хийх гээд байсан. Тэгэхээр нь би одоо яваа гээд хөөж явуулах гэсэн чинь Алтандөш нь явахгүй газраас чулуу авч над руу шидэж чулууны 2 өнцөг нь миний толгойн дух  хэсгийг онож духны дээд доод хоёр газраас цус гарч Алтандөш зугтаагаад гүйсэн...” гэжээ /хх-20-21/.

              Гэрч М.Мөнхболор мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Гантулга надад хандаж Уугнаа хашааны гадна нэг хүнтэй хэрэлдээд байна гэж хэлсэн. Тэгээд би 2 давхрын цонхоор хартал Уугнаа гаднаа цонхоо онгойлго гээд байхаар нь цонхоо онгойлгосон чинь Болороо цагдаа дуудаарай, Ганааг гараад ир гэж дуудсан. Тэгээд би гэр дотроосоо цагдаа дуудчихаад  хашааны гадаа гараад очтол Ууганаагийн нүүрнээс цус гарсан байдалтай нөгөө үл таних хүнийг газар суулгасан байсан...” гэжээ /хх-23/.

              Гэрч Н.Гантулга мэдүүлэхдээ: “..2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ах Ууганбаяр дэлгүүрийн урд талын хогийг цэвэрлээд зогсож байсан. Мөнхболор бид хоёр гэртээ байж байсан ба би тухайн үед 2 давхрын цонхоор хараад зогсож байхад Ууганбаярын толгойноос цус гарчихсан нэг эрэгтэй хүнийг доороо хийчихсэн утсаар ярьсан байдалтай харагдсан..” гэжээ /хх-88-89/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №13289 дүгээр дүгнэлтэд: 

“1. М.Ууганбаярын биед дух, зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /хх-30/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-104-105/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-108-109/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Ань 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхит 12 дугаар гудамжны 247 тоот хашааны гадна хохирогч М.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь дух, зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх гэтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №13289 дүгээр дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Х.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Мөн шүүгдэгч Х.А-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч М.Ууганбаяр нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...Миний би хэргийн материалтай танилцлаа, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэж тэмдэглүүлсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “..М.Ууганбаяр би Алтандөштэй эвлэрч учир зүйгээ олсон. Хэргийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэсэн байх тул шүүгдэгч Х.Алтандөшийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Х.Ань энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Иргэд овгийн Х.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алтандөшийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ань торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Х.Ань бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Алтандөшид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН