Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбат Шинэбаяр |
Хэргийн индекс | 2403002260361 |
Дугаар | 2024/ДШМ/1148 |
Огноо | 2024-10-15 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ДШМ/1148
2024 10 15 2024/ДШМ/1148
Э.З-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
шүүгдэгч Э.З-гийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1788 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар эсэргүүцлийг үндэслэн Э.З-д холбогдох 2403002260361 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
............... овгийн .... З, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ...-ийн хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ............/;
Яллагдагч Э.З нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины замын зохицуулдаггүй гарцан дээр “Toyota Prius 41” загварын ..-... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарц дээр О.Ц-ийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Э.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллагдагч Э.З нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогч нь өөр нэг хүнтэй хамт явж байсан. Хамт байсан хүн нь бас согтуу байсан. Машинд дайруулсан хүн дээрээ гүйж очоод түргэн тусламж дуудаж байх үед яваад өгсөн байсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй...” гэж мэдүүлсэн бөгөөд яллагдагчийн мэдүүлэгт дурдагдсан хохирогч О.Ц-ийн хамт зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг олж тогтоон гэрчээр асуух, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 753 дугаар мөрдөгчийн магадлагааны 6.1 дэх заалтад “Тоёота Приус 41” загварын ..-... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” мөн 6.2 дахь заалтад “Явган зорчигч О.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж тус тус заажээ. Яллагдагч Э.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...яг замын голд зогсож байгаад л хойшоо алхалт хийгээд ороод ирсэн.” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч О.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 /б-д “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэж заасныг зөрчсөн эсэхийг тогтоох шаардлагатай байна. ...” гэж үзэн Э.З-д холбогдох эрүүгийн 2403002260361 дугаар хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлууд, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан цагийн байдал, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар жолооч Э.З нь явган хүний зохицуулдаггүй гарцаар нэвтрэхдээ хурдаа хасаж, зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөлгүй мөргөсөн бодит байдал хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд түүний үйлдэлд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйлд заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж , уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийх бүрэн боломжтой бөгөөд шүүх холбогдогчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэж байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Э.З нь “яг замын голд зогсож байгаад л хойшоо алхалт хийгээд, согтуу хүн тэнцвэр алдаад хойш алхсан. Тэр үед би хурдаа сааруулж 2 хүн байна гэдгийг хараад 1 дүгээр эгнээ рүү дарж орохын хооронд л хойшоо алхалт хийгээд ороод ирсэн.” гэж мэдүүлсэн байх ба Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйлд заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан ба явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байгаа зорчигчид гарцаар гартал нь зогсож, зам тавьж өгөх зохицуулалт бөгөөд дээрх дүрмийн заалтыг мөрдөөгүй нь осол гарах шалтгаан болсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар явган зорчигч О.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлийн б-д заасан “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэх дүрмийн заалт зөрчсөн болох нь тогтоогдоогүй, мөн түүний хамт явсан гэх хүнийг заавал олж тогтоон мэдүүлэг авах шаардлагагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтаст авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1788 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Э.З-гийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хохирогч н.Цэдэвдорж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болохыг үнэн, зөвөөр тогтоож, бүрэн гүйцэт шалгаагүй. Яллагдагч Э.З шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “хохирогч хоёулаа явж байсан” гэж тайлбарладаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт холбогдох баримтыг хавсаргасан зүйл байдаггүй. Дээрх гэрчийг асууж, тодруулах зайлшгүй шаардлагатай. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг прокурор, мөрдөгчийн зүгээс зайлшгүй шалган тогтоох шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос Э.З-г “...2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины замын зохицуулдаггүй гарцан дээр “Toyota Prius-41” загварын ..-... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарц дээр О.Ц-ийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. ...” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцээд, “...хохирогч О.Ц-ийн хамт зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг олж тогтоон гэрчээр асуух, ... яллагдагч Э.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...яг замын голд зогсож байгаад л хойшоо алхалт хийгээд ороод ирсэн.” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч О.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 /б-д “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэж заасныг зөрчсөн эсэхийг тогтоох шаардлагатай байна. ...” гэж дүгнэж дээрх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгахад, Э.З-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон байх ба шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Э.З-гийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” заасныг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна.
Хэрэв тус шүүх хуралдааны явцад прокурорт зарим асуудлыг даалгах үндэслэл илэрсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болно.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1788 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Д.Агарын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.
2. Яллагдагч Э.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР