| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 191/2025/03172/И |
| Дугаар | 191/шш2025/07062 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 191/шш2025/07062
2025 08 28 191/ШШ2025/07062
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэгчийн шаардлага: 66,285,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Үйлчнлгээний хөлс болон нэмэлт зардлын тухайд манай "******* ХХК хариуцагч Фарос-Интернэшнл ХХК-тай 2020 оны 06 сарын 11-ний өдөр "Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх 2020/245 тоот гэрээ байгуулсан. Хариуцагч нь тухайн гэрээний дагуу 2023 оны 04 сарын 24-ний өдрийн захиалгаар хотоос хүртэл тоног төхөөрөмж тээвэрлүүлэх 19,680 еврогийн үйлчилгээ авсан. Бид хариуцагчийн захиалгын дагуу ачааны тээвэрлэлтийг зохион байгуулан 2023 оны 05 сарын 25-ны өдөр ачааг хүлээлгэж өгсөн. Хариуцагч ачааг тээврийн хэрэгслээс хугацаанд нь суллаж аваагүй тул 150 еврогийн нэмэлт зардал гарсан. Ийнхүү хариуцагчид Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу тээврийн хөлс 19,680 евро, нэмэлт зардал 150 евро нийт 19,830 еврогийн төлбөр бодогдсон.
'Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.1-т заасны дагуу үйлчлүүлэгч ачаа эцсийн өртөө боомтод ирснээс хойш 30 хоногт багтаан тээврийн хөлс болон тээвэрлэлтийн явцад гарсан нэмэлт зардлыг төлж барагдуулах үүрэгтэй. Үйлчлүүлэгч Фарос-Интернэшнл ХХК 2023 оны 05 сарын 25-ны өдөр ачааг хүлээж авсан тул 2023 оны 06 сарын 25-ны өдрийн дотор тээврийн хөлс болон нэмэлт зардал солох 19,830 еврог төлж барагдуулах ёстой байсан. Гэвч 2023 оны 12 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд огт төлбөр төлөөгүй бөгөөд үүнээс хойших хугацаанд бага багаар тээврийн хөлсийг төлсөн.
Хариуцагч ******* ХХК нь төлбөрийн үлдэгдлийг төлөхөө илэрхийлж байсан бөгөөд 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 1/10 тоот албан бичгээр бартерын ажил гүйцэтгэж төлбөрийн үлдэгдлийг барагдуулах санал гаргаж байсан. Гэвч өөрийн гаргасан саналаасаа татгалзаж, хамгийн сүүлд 2024 оны 07 сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. Үүнээс хойш хариуцагч төлбөр төлөөгүй бөгөөд 7,169 еврогийн тээврийн хөлс болон нэмэлт зардлын төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Алдангийн тухайд хариуцагчтай байгуулсан Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 4.4-т төлбөр тооцоог хугацаанд нь гүйцэтгээгүй бол Үйлчлүүлэгч хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг Зуучлагчид төлөх тухай заасан. Төлбөр төлөх ёстой өдөр буюу 2023 оны 06 сарын 25-ны өдрөөс хойш 2023 оны 12 сарын 19-ний өдрийг хүртэлх 117 хоногт 19,830 еврогоос 0,5 хувийн алданги тооцвол /117 хоног х 99.15 = 11,600.55) 11,600.55 еврогийн алданги бодогдсон байна. Иргэний хуулийн 232.4-т зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нийт бодогдсон алданги 9,915 еврогоор хязгаарлагдаж байна.
Ийнхүү хариуцагч төлбөрийн үүргийг хоцроосноос үүдэн нийт 9,915 еврогийн алданги бодогдсон. Хариуцагч өнөөдрийг хүртэлх нэг жил, долоон сарын хугацаанд тээврийн хөлсний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүйн дээр 7,169 еврогийн тээврийн хөлс болон нэмэлт зардлын үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагч нь 17,084 еврогийн төлбөрийг Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ийн төлбөрийг үүрэгт төлж барагдуулах үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Фарос- интернэшнл ХХК-с тээвэр зуучийн үйлчилгээний хөлс болон нэмэлт зардалд 27,815,720 төгрөг, гэрээний хариуцлага алдангид 38,470,200 төгрөг, нийт 66,285,920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэлийн шаардлага болох 66,285,920 төгрөгийн 18,470,200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 47,815,720 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 10 дугаар сарын 31-нд 27,815,720 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 31-нд 20,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 66,285,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 66,285,920 төгрөгийн 18,470,200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 47,815,720 төгрөгийг хариуцагч дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 10 дугаар сарын 31-нд 27,815,720 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 31-нд 20,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 66,285,920 төгрөгийн 18,470,200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 47,815,720 төгрөгийг хариуцагч ******* ХХК дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 10 дугаар сарын 31-нд 27,815,720 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 31-нд 20,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,380 төгрөгийн тал хувь болох 244,690 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, үлдэх 244,690 төгрөгийг улсын орлогод үлдээж, 244,690 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ