| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 101/2024/02039/И |
| Дугаар | 191/шш2025/07214 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 191/шш2025/07214
2025 09 02 191/ШШ2025/07214
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт ******* ******* /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч П.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч С.******* би ( нэгж талбарын дугаартай ) болон ( нэгж талбарын дугаартай ) хаягт байрлалттай газруудыг тус тус өмчилж, эзэмшдэг.
Гэтэл хаягт байрлалтай газрын өмчлөгч Г.******* нь өөрийн өмчлөлийн газрын хэмжээг дур мэдэн өөрчилж, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн зүүн тал руу нь буюу нийтийн эзэмшлийн газар талбай дээр авто угаалгын газраа сунган барьж үйл ажиллагаагаа явуулж нэхэмжлэгч миний эзэмшлийн газрьга орц гарцыг нарийсгаж, том оврын тээврийн хэрэгсэл орох боломжийг хааж, намайг газраа хууль заасны дагуу эзэмшиж, өмчлөх аргагүйд хүргэн эрх ашгийг маань хөндөж хохироосоор байна.
Хариуцагчийн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй нийтийн эзэмшлийн талбайг эзэмшиж байгаа зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргахад авто угаалгын газрын эзэн Г.******* нь өөрийн эзэмшлийн газрын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбайд авто угаалгаа сунгаж барьсан зөрчил нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчил арилгуулах тухай хугацаатай даалгавар хүргүүлсэн талаар надад хариу мэдэгдсэн.
Мөн холбогдох байгууллагуудаас удаа дараа газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн гэдэг боловч хариуцагч нь төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үл биелүүлэн миний хөршийн эрхийг зөрчиж хохироосоор байгаа тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.
Иймд хаягт газар өмчлөгч Г.*******ын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн хууль бусаар эзэмшиж байгаа газрыг албадан чөлөөлөх шийдвэрийг гаргаж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч 2024.03.11-ний өдрийн хариу тайлбартаа: Г.******* миний өмчлөлийн хаягт байрлах барилга нь хэмжээнээсээ илүү гарч баригдсан нь үнэн. Сүүлд мэдсэн тул барилгын илүү хэсгийг буулгахад татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгч С.*******тай маргах зүйл байхгүй. Манай барилга дундуур болон илүү байгаа хэсэг дээр дулааны шугам болон узель байрласан байдаг тул тус шугамыг ******* би дур мэдэн буулгах эрх байхгүй тул тус байгууллагад хандана уу гэжээ.
3. Хариуцагч 2025.05.21-ний өдрийн хариу тайлбартаа: Г.******* миний бие нь өөрийн өмчлөлийн газар дээрээ байшин барих явцдаа нийтийн эзэмшлийн талбай руу хэртрүүлснээ дараа нь мэдсэн. Хуулийн дагуу илүү барьсан байшинг буулгаж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж өгсөн. Манайх ямар нэгэн орц, гарц хааж бусдад саад учруулсан зүйл байхгүй гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: ... өмгөөлөгч миний бие өөрийн үйлчлүүлэгч Г.*******ын өмнө нь шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд удаа дараа гаргасан. П.******* миний бие нэхэмжлэгчийн шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа болно. Учир нь шинжээчийн дүгнэлтээр илүү гарсан 3 метр талбайг бүрэн чөлөөлж дууссан ба 2 метр орчим шороо хашсан хундаам хэсгийг буулгаж чөлөөлнө, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хаягт газар өмчлөгч Г.*******ын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн хууль бусаар эзэмшиж байгаа газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нь өөрийн өмчлөлийн газраас зүүн тийш 3 м.кв талбайгаар илүү барилга байгууламж барьсан болох нь тогтоогдсон. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэсэн тайлбарыг удаа дараа шүүхэд гаргасан, түүний гаргасан тайлбарыг өмгөөлөгч шүүх хуралдаанд дэмжин оролцож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршууласан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг талуудын хэн алин нь гаргаж байна.
Иймд хариуцагч Г.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.*******ын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Г.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.******* сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ