Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 261

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч А.И нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж С овогт А.И-д холбогдох эрүүгийн 1810005170289 дугаартай, 187/2018/0247/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, С овогт А.И

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.И нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ........ хотхоны ...... тоот буюу оршин суух гэртээ эхнэр Ю.Х-г хардалтын улмаас зодож хацрын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.И нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ..... хотхоны ..... тоот буюу оршин суух гэртээ эхнэр хохирогч Ю.Х-г өөрийнхөө ээжтэй золгосонгүй, мөн бусадтай хардах зэргээр маргалдаж хохирогчийн 2 хацар, дал хэсэгт нь гараараа цохих, тохой хэсэгт нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч А.И-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эхнэр Ю.Х бид хоёр хамт амьдраад 11 жил болж байна. Манай эхнэр гэр бүлээс гадна харьцаатай болсон ба үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Нөгөө хүн нь над руу утасдаж сал гэж дарамталж байсан. Би 2 хүүхдээ бодож эхнэрээсээ салаагүй. Манай эхнэр байнга алга болчихдог ба шинэ жилээр 10 хоногоор алга болчихсон, гэрт ирж хоноогүй. Шинэ жилийн дараа гэртээ ирээд би гэр бүлээ сонголоо, дахин тэр хүнтэй холбоо барихгүй гэхээр нь би итгэсэн. Тэгээд Цагаан сарын баярын үеэр мөнгө хэрэг болоод манай эхнэр чи ээжийнхээ тэтгэврийн зээлийг авчих гэхээр би ээжтэйгээ ярихад боломжгүй байна гэсэн. Манай эхнэр тэгвэл би танайхантай золгохгүй гэхээр нь би хүүхдүүдээ аваад өөрийн хамаатнуудаараа явж ирээд гэртээ байж байтал манай эхнэрийн утсан дээр нь нөгөө хүнээс гэрээсээ гарсан уу гэсэн мессеж ирсэн. Тэгээд маргаан гараад би уураа байж дийлэлгүй утсыг нь газар шидэж, хацар руу нь 2 удаа алгадсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би тайван хандаж, хүүхдүүдээ бодож их тэвчсэн...Би тайван хандаж, хүүхдүүдээ бодож их тэвчсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч Ю.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед гэртээ нөхөр А.И, том охин 9 настай И.У, бага хүү 5 настай И.У нарын хамт байж байхад А.И эрүүл үедээ намайг “чи манай ээжтэй шинийн 01-нд очиж золгоогүй” гэж муудалцаад маргаж байгаад А.И миний гар утсыг булаагаад халаасандаа хийчихсэн. Тэгтэл А.И бид хоёр жижиг өрөөнд байж байтал миний утсанд “хаана байгаа юм” гэсэн мессеж миний таньдаг н.У гэх хүнээс ирчихсэн байсан. Тэгтэл тэр мессежийг А.И үзчихээд уурлаад “янхан, чамд ийм мессеж ирж байна, ирсэн мессеж чинь энэ байна, чи ийм л байхгүй юу” гээд намайг шууд багалзуурдаж аваад миний баруун шанаа, завьж руу 2 удаа цохьсон. Ингээд миний утсыг шал руу шидсэн. Гар утас хагарч бутран унасан. Ингээд л хоёулаа маргалдаад би гал тогооны сандал дээр сууж байхад А.И миний баруун тохой руу тавчиктай хөлөөрөө 1 удаа өшиглөөд, миний баруун дал руу гараа зангидаж байгаад 2-3 удаа цохьсон. Ингээд А.И надтай маргаж уурлаж байгаад хүүхдүүдээ аваад ээжийндээ очиж золгохоор явсан. Ингэхээр нь би цагдаад хандаж өргөдөл гаргасан...Манай нөхөр А.И нь намайг 2013 онд гэртээ зодож гэмтэл учруулаад Сонгинохайрхан дүүргийн шүүхээр орж 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан. 2017 оны 12 дугаар сард А.И нь намайг Хан-Уул дүүргийн .... дүгээр хороонд байгаа буюу одоо амьдарч байгаа гэртээ...гэр бүлийн маргаанаас болж эрүүлдээ зодохоор нь би цагдаад өргөдөл гаргаж өгч шалгуулж байсан. Ингэж шалгуулахад надад шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл гараагүй гээд шалгуулсан материалыг хааж шийдвэрлэж байсан. А.И нь өөр намайг цохиж зодож байсан зүйл байхгүй. Харин гэр бүлийн хоорондын үл ойлголцолын маргаанаас болж хоорондоо маргаж муудалцах зүйл байдаг байсан. Би н.У гэх хүнтэй найз нөхдийн харьцаатай юм. Энэ байдлаас болж манай нөхөр А.И намайг хардаад байдаг юм. Би н.У гэх хүнтэй гэр бүлээс гаруур харьцаа байхгүй...Тухайн үед А.И зодуулаад миний баруун хацрын дотор талд хэгзэрч, язарсан шархтай, баруун тохой хөхөрч хөндүүртэй болсон байсан. Одоо эдгээр шархнууд бүрэн эдгэрч хэвийн байдалдаа орсон байгаа...Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 43/

            3. Насанд хүрээгүй гэрч И.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн аав А.И-н эсрэг мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хамгийн сүүлийн цагаан сар болоод хоёр хонож байхад он сар өдрийг нь мэдэхгүй байна. Манай аав А.И, ээж Ю.Х хоёр жижиг өрөөнд маргалдаад, аав уурлаад ээжийн гар утсыг...аваад газар шидэж хагалсан. Би том өрөөнд дүүтэйгээ байсан бөгөөд жижиг өрөөнд ээж Ю.Х уйлаад байсан. Аав А.И ээж Ю.Х-г яг цохиж зодож байхыг нь бол хараагүй. Аав А.И надад ярихдаа ээж чинь намайг хуурсан гэж байсан. Ингээд аав А.И дүү бид хоёрыг аваад эмээгийнд очиж золгосон...Урьд өмнө аав А.И ээжийг зодож цохиж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2643/-ний дүгнэлт:

                        -Ю.Х-н биед баруун хацрын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19/

            5. Аюулын зэргийн үнэлгээний маягт: “...Эрсдлийн түвшин...Өндөр...” /хх-ийн /22-23/

            6. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ: “...Хүчирхийлэл үйлдэж эхлээд 5, 6 жил болсон. Архи уудаг. Ааш зан гаргаж агсам согтуу тавьдаг...” /хх-ийн 54-62/

            7. Шүүгдэгч А.И-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутагт байрлах .... байрны ..... тоотод...гэртээ 16 цагийн...эхнэр Ю.Х, охин 9 настай И.У, хүү 5 настай И.У нарын хамт байсан юм. Шинийн нэгэнд манай эхнэр Ю.Х “танайхантай очиж золгохгүй” гэж хэлсэн. Ингээд шинийн хоёронд би Ю.Х-д “би Өвөрхангай яваад виз хөөцөлдөж өгч байгаа хүнтэй очиж уулзаад, ээжтэй нь золгоод ирье” гэхэд Ю.Х “машин авч явахгүй, машингүй яв” гэсэн. Ингэхээр нь би “би яахаараа машинаа авч явж болдоггүй юм бэ” гээд маргасан. Маргаж байхдаа би Ю.Х-г “чи манай ээж дээр хүртэл очиж золгоогүй” гэж хэлж байсан. Ю.Х намайг “яахаараа танай ээж дээр очиж золгодог юм, чадахгүй” гэхээр нь би маргаж байгаад Ю.Х-н гар утсыг булааж аваад байж байтал утсанд нь мессеж ирсэн. Үзсэн чинь “чи гарсан уу” гэсэн мессеж байсан. Мессеж бичсэн дугаар нь урьд нь манай эхнэртэй бэлгийн харьцаатай байсан н.У гэх хүний...дугаар байсан. Ингэхээр нь би уурлаад “чи энэ хүнтэй харьцаагаа тасласан гэж хэлсэн. Одоо хүртэл харьцаатай байгаа юм байна” гээд уурлаад Ю.Х-н утсыг газар савж, хагалсан. Тэгэхэд Ю.Х “би чамаас сална, хүүхдийг нь гаргасан ч яадаг юм” гэж миний шар малтаад байсан. Ингээд уураа барьж дийлэлгүй Ю.Х-г хоёр хацар луу нь нэг нэг удаа алгадсан. Ингээд би Ю.Х-тай үргэлжлүүлэн хэрэлдэж байгаад гал тогоонд сууж байхад нь баруун тохой руу нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Ингээд би хоёр хүүхдээ аваад өөрийн ээж дээрээ очиж золгосон бөгөөд ээжийнд байхад Ю.Х цагдаад гомдол гаргасан байсан. Тэгээд цагдаа дээрээс намайг дуудаж би ирж тайлбараа өгчихөөд явсан...Нэг удаа буюу 2013 оны эхээр санагдаж байна...Ю.Х надтай хэрүүл маргаан хийж байгаад манай ээжийг янхан гэж хэлэхээр нь би уурлаж босож ирээд Ю.Х-н хамар луу нь цохиж гэмтээж байсан. Үүнийг Ю.Х цагдаад мэдэгдэж шалгуулаад шүүхээр орж 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан. Өөр би Ю.Х-г цохиж зодож байсан зүйл байхгүй...Ю.Х н.У гэх хүнтэй дотно харьцаатай болсон талаар найз н.Б-тойгоо...мессеж бичсэн байхыг нь би үзчихсэн юм...Тэгээд надад тухайн хүнтэй дахиж харьцахгүй байгаа, уулзахаа больсон гэж хэлэхээр нь нэг удаа уучилсан байсан юм. Гэтэл сая цагаан сараар энэ харьцаагаа таслаагүй байгаа нь мэдэгдсэн учраас би уурлаж гар хүрсэн нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.И нь 2005 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ...... аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1/78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2521 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 жил 11 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ..... аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 67 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 4 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, суллагдсан, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ....... дүүргийн шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, өршөөл үзүүлэх комиссын тогтоол, зан байдлын тодорхойлолт, шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог справка /тодорхойлолт/ зэргийн хуулбар /хх-ийн 31, 46-47, 48, 49, 50-51, 52/-аар тогтоогдлоо.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-д “хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар шүүгдэгч А.И-н ялгүй болох 1 жилийн хугацаа /хөнгөн гэмт хэрэг/ 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дууссан байх тул шүүгдэгч А.И-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2643/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч А.И нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ..... хотхоны ..... тоот буюу оршин суух гэртээ эхнэр хохирогч Ю.Х-г өөрийнхөө ээжтэй золгосонгүй, мөн бусадтай хардах зэргээр маргалдаж хохирогчийн 2 хацар, дал хэсэгт нь гараараа цохих, тохой хэсэгт нь хөлөөрөө өшиглөн зодож биед нь баруун хацрын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хохирогч Ю.Х нь шүүгдэгч М.И-тай 2008 оноос хамтран амьдарсан, 2 хүүхэдтэй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, .... хотхон, .... дугаар байрны .....тоот байранд хамтран амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт зэргээс шүүгдэгч А.И нь хохирогч Ю.Х-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч А.И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч А.И нь өмнө 2013 онд хохирогч Ю.Х-н эрх чөлөөнд халдаж зодсон үйлдэлдээ ...... дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байх тул 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогчийг зодсон гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Ю.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед А.И-д зодуулаад миний баруун хацрын дотор талд хэгзэрч, язарсан шархтай, баруун тохой хөхөрч хөндүүртэй болсон байсан. Одоо эдгээр шархнууд бүрэн эдгэрч хэвийн байдалдаа орсон байгаа...Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13, 43/, түүний хувийн байдал /...35 настай, дээд боловсролтой, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг/ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд А.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч А.И-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С овогт А.И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С овогт А.И-г 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.И-д оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. А.И-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.И-д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР