Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбат Шинэбаяр |
Хэргийн индекс | 2306048700881 |
Дугаар | 2024/ДШМ/1130 |
Огноо | 2024-10-10 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1130
2024 10 10 2024/ДШМ/1130
Б.У-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Мөнх-Оргил,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.Жамъяан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/948 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.Жамъяан нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.У-т холбогдох эрүүгийн 2306048700881 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
............... овогт ............ У, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... төрсөн, э..эгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................/;
Шүүгдэгч Б.У нь хохирогч С.Д-гийн эзэмшлийн гурил будаа хадгалах зориулалттай агуулахаас 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд уг агуулахын хаалгыг түлхүүрээр онгойлгон нэвтэрч, мөн 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө тус агуулахын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглаж, бусдын эзэмшлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 10.975.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.У-ыг “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэргийг үлйдсэн гэм буруутайд тооцож, Б.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн дүн болох 58.039.063 төгрөгийг түүнээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Н.Жамъяан хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар У миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн дүн болох 58.039.063 төгрөгийг Б.У-аас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэнийг буруу гэж үзэж байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан байна. Гэтэл Уын учруулсан шууд хохирлын хэмжээг 10.975.000 төгрөг гэж прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан байна. У миний бие 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн баасан гаригт өмгөөлөгч Н.Жамъянтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн даваа гарагийн өглөө 10.00 цагт шүүх хуралд орсон. Прокурорын яллах дүгнэлтийг гардаж авах үед прокурор надад тээврийн хэрэгслийн үнэлгээ гэх 58.039.063 /гэмт хэргийн улмаас шууд учруулсан хохирол ойролцоогоор 5 дахин их байгаа нь У миний эрх зүйн байдлыг ноцтой дордуулсан/ төгрөгийг намайг төлөх ёстой гэж огт тайлбарлаж өгөөгүй. Шүүх хуралдаанд энэ тухай олж мэдсэн бөгөөд өмгөөлөгчдөө энэ талаар хэлж чадаагүй хохирлын хэмжээг 10.975.000 төгрөг гэж ойлгож байсан. У би эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүйгээс гэр бүл үр хүүхдээ тэжээж, тэтгэх санхүүгийн боломж муутай, мөн миний хорих ял
эдлэж байгаа байдлыг харгалзан үзнэ үү.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг буюу 10.975.000 төгрөгийг улсын орлогод шилжүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний эрх зүй байдлыг дээрдүүлж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү.
У нь мөрдөн байцаах ажиллагааны үед гэм буруугаа хүлээж, хохирогч
С.Д-д учруулсан шууд хохирол 10.975.000 төгрөгний хохирлыг нөхөн төлж түүнээс уучлалт гуйсан, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа талаар мөрдөн
шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн хохирогч
Дэлгэрмаа нь хохирол төлбөр барагдсан, цаашид нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй
гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Иймд миний хувийн байдал, гомдолдоо дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.У хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрхэм шүүгч та бүхэн миний ар гэрийн байдлыг харгалзаж үзнэ үү. Хохирогчийн хохирлыг барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.У нь бусдын эзэмшлийн эд хөрөнгө болох гурил, будаа, сахарыг өөрийн өмч мэт захиран зарцуулсан байдаг. Энэ үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдож тогтоогдсон тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж үзэж хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.У нь хохирогч С.Д-гийн эзэмшлийн гурил будаа хадгалах зориулалттай агуулахаас 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд уг агуулахын хаалгыг түлхүүрээр онгойлгон нэвтэрч, мөн 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө тус агуулахын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч үргэлжилсэн үйлдлээр бусдын эзэмшлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 10.975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6-7/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12/,
хохирогч С.Д-гийн “... 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед тээшин дээрээ очоод онгойлгох гэтэл манай тээшний цоожийг хөшөөд онгойлгосон байсан. Нэгийг нь болохоор онгойлгоод цоожийг нь зүүсэн байсан тэгээд би Нарантуул олон улсын худалдааны төвийн манаач буюу харуулыг дуудсан. Харуул ирээд “би өнөөдөр гарсан харуулаас асууя гээд 9 дүгээр сарын 24-ний өдөр гарсан харуулаас асуутал “эзэн нь би байна” гээд надад хэлсэн тэгээд удалгүй Нарантуул захын байцаагч н.Одгэрэл мөн тус газрын харуулын дарга нар манай тээшний бараануудаас 31 шуудай 50 кг сахар алга
болсон байсан тус сахар нь 1 ширхэгийн үнэ нь 205.000 төгрөгийн үнэтэй нийлээд 6.655.000 төгрөгийн үнэтэй юм алга болсноо мэдээд “цагдаа явуул” бид хэдийн мөр үлдчих байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Манай тээшний урд Өмнөговь аймаг руу явдаг жолооч надад “9 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед танай тээшний урд том машин орж, ирээд юм ачаад явсан. Би бодохдоо эзэн нь ирээд юм авч байна гэж бодсон” гэж хэлсэн. Б.У гээд миний туслах 2023 оны 8 дугаар сарын 26-нд юм уу 27-нд тээшнээс 4.641.000 төгрөгийн бараа хулгай хийж аваад надад өрөө төлөөд, үнэгүй ажиллаж байгаа “цагдаад битгий хэлээрэй би авсан мөнгөндөө ажлаа хийнэ” гэхээр нь би цалингүй ажиллуулж байгаа. ...Би 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс Б.У нь манай ажил дээр бараа зөөдөг ажил хийхээр манай ажилд орж байсан. Тухайн үед би Б.У-т агуулахаа хариуцуулаад агуулахын түлхүүрийг өдрийн цагаар өгөөд орой нь түлхүүрээ буцааж авдаг байсан. Тэгтэл 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Б.У надаас “3 хоногийн чөлөө өгөөч би хятад явж хүүхдүүдийнхээ хувцсыг бэлдэх гэсэн юм” гэж асуухаар нь би 3 хоногийн чөлөө өгөөд явуулсан. Тэгээд би Б.У-ыг явсны маргааш өдөр нь агуулах руу очоод бараагаа ачих гээд гартал, агуулахад байсан 50 кг-ын Улаанбаатар гурилаас 4 шуудай, орос 50 кг-тай гурилаас 5 шуудай, 50 кг-ын Өгөөж гурилаас 33 шуудай нийт 42 шуудай гурил дутсан байсан. Тэгээд би 3 хоногийн дараа Б.У-ыг ажилдаа ирэхэд нь гурил дутуу байна. Энэ яагаад гурил дутчихсан юм бэ?” гэж асуутал “би төлнө, та миний цалингаас авчих аа би цалингүй тань дээр ажил хийж төлнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “заа тэгвэл би манай ажил дээр ажиллаад өрөө төлөөрэй” гэж хэлээд үргэлжлүүлж ажиллуулахаар болсон. Нийт 6.000.000 төгрөгийн үнэтэй гурил байсан. Хулгай хийсэн өдрөөсөө хойш манай ажил дээр 14 хоног ажлаад дахиад хулгай хийгээд явсан. ...” /хх 20-21/,
гэрч Б.А--ийн “...А-ийн эхнэр болох Б-гийн төрсөн ах Б.У 88... дугаараас миний 88936065 дугаарт залгаад “би хүнээс банкны зээл хийх гээд мөнгө зээлж байгаа юм. Тэгээд өөрийнхөө дансанд авах гэхээр битүүмжилсэн болохоор болохгүй байна. Чиний дансанд хэдэн төгрөг хийгээд авч болох уу?” гэхэд би өөрийн эзэмшлийн 50............ тоот Хаан банкны дансаа өгсөн. Би миний дансанд орсон мөнгөнөөс ямар ч мөнгө аваагүй. Хулгай хийсэн талаар мэдээгүй, цагдаагаас над руу ярих үед би бэр Баярмаагаас болсон талаар асуугаад Б.У-ыг хулгай хийгээд миний дансанд мөнгө авсан байсныг мэдсэн. Тухайн үед Б.У надад хэлэхдээ “хүнээс мөнгө зээлж байгаа дансанд чинь хийгээд авч болох уу? гэж хэлсэн. Тэгэхээр нь дансаа өгч ашиглуулсан. ...” /хх 23-24/,
гэрч С.Б-гийн “...51............ тоот дансыг манай эхнэр Х.Мэндбаяр эзэмшдэг. Манай эхнэр энэ Хаан банкны 51............ тоот дансыг эзэмшээд 30 гаран жил болж байна. 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр над руу нэг дугаар залгаад, мэнд мэдээд би таны дугаарыг Архангай аймгийн тээвэрт явдаг жолоочоос авлаа. Та элсэн чихэр бөөндөж авах уу? Манайх 10.000 төгрөгийн дутуу бөөндөж байна гэж хэлэхээр нь би зөвшөөрч бага хэмжээгээр аваад үзье гэж хэлтэл Архангай аймгийн ачааны машин Нарантуул зах дээр байна ачуулчих уу? гэж хэлэхээр нь би зөвшөөрч миний авсан элсэн чихрийг унаанд тавьчихлаа гэхээр нь би мөнгийг нь шилжүүлсэн. Гүйлгээний утга дээрээ тодорхой ойлгомжтой бичих шаардлагатай байдаг. Дараа нь сарын сүүлд харах асуудал их болдог. 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр замын ачааны машинаар ирсэн ба тухайн үед ямар хүн байсныг санахгүй байна. Улаанбаатар хотын машины номертой ачааны машин байсан. ...” /хх 130-131/,
гэрч Х.М-ын “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Тэрх худалдааны төвийн гадна талбайд гурил, будаа, элсэн чихэр, малын тэжээл, будаа худалдан борлуулдаг. Би 51............ тоот дансыг эзэмшдэг, ашиглаад 30 гаруй жил болж байна. Наймаа хийж эхэлсэн цагаасаа эхэлж, энэ дансыг барьж байна. Бараа хийсэн орлого, зарлага бүгд миний энэ дансаар хийгддэг. Манай нөхөр надад 1 хүн залгаад, хямдхан элсэн чихэр байна, авах уу? гэж хэлж байна гэхээр нь авсан ба манай нөхөр бараа зарах хүн борлуулалт тал дээр ажилладаг. Би тухайн орлого, зарлага гүйлгээг хийдэг. Манай нөхөр болон би гурил будаа, элсэн чихэр зэргийг авахдаа барааны нэр болон өөрсдийн нэрийг бичиж явуулдаг. Яагаад гэвэл энэ нь буцаад маргах болон сарын сүүлд тооцоо хийхээр асуудалтай байдаг. Манай нөхөртэй гар утсаар холбогдсон хүн нь Нарантуул зах дээрээс Архангай аймгийн ачааны машинд тавьсан гэж байсан. Элсэн чихрийг ачааны машинаас авсан. Тухайн үед ямар машин байсан талаар би мэдэхгүй байна. Тэр хүн манай нөхөртэй гар утсаар холбогдож ярьсан байсан ба утасны наана, цаанаас царай зүсээ харалцахгүй итгэлцэл дээр үндэслэн тухайн элсэн чихрийг авсан. ...” /хх 134-135/,
гэрч Д.Б-ын “... ...-... ... улсын дугаартай HINO Ranger загварын цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэл нь 2006 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд би 2023 оны 3 дугаар сард худалдан авсан. Одоогоор банк бус санхүүгийн байгууллагын нэрээр байгаа ч миний зээлийн гэрээтэй, би өөрөө унаж хэрэглэдэг тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын дотор өөрийн эзэмшлийн HINO Ranger загварын цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгслээр ачаа зөөх гээд хүлээж байх үед тэр орой нь над руу Архангай аймагт гурил будаа, сахар зардаг н.Бямбасүрэн /гурилын Бямбаа/ гэдэг хүн 22 цагийн орчимд миний утсанд залгаад надад “2 тонн элсэн чихэр байгаа ачаад аваад ирэх үү?” гэж асуусан. Би н.Бямбасүрэнг огт танихгүй. Би өөрөө Архангай аймгийн фэйсбүүкийн зарын группт 94..... дугаараас ачаа авна, гээд зар оруулсан байсан болохоор тэр зараар надтай холбогдсон байх гэж бодож байна. Би өмнө н.Бямбасүрэнг огт таньдаггүй байсан. Тэгээд би над дээр элсэн чихэр зарах хүн ирэх хүртэл хүлээж байсан бөгөөд намайг хүлээж байхад нэрийг нь мэдэхгүй намхан нуруутай, туранхай биетэй, бор царайтай, эрэгтэй хүрч ирээд манай контенарт очоод авчих надад тэрэг байхгүй байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь контенарт очоод тулаад ачихаар болсон. Ачааг ачихаар, очихоос өмнө танихгүй эрэгтэй түлхүүрээ орхисон байна гэж хэлээд буцаад явсан ба эргэж ирээд контенараа онгойлгосон гэж хэлсэн. ...” /хх 148-149/ гэсэн мэдүүлгүүд,
Б.А-ийн эзэмшлийн Хаан банкны 50............ тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 67-68/,
Б.У-ын эзэмшлийн Хаан банкны 50.............. тоот дансны дэлгэрэнгүй
хуулга /хх 57-66/,
“Дамно" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №Б31-23-1823 дугаар дүгнэлт /хх 33-37/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №531-23-2263 дугаар дүгнэлт /хх 41-45/,
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх 108-110/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 155-156/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №531-24-1477 дугаар дүгнэлт /хх 159-162/, шүүгдэгч Б.У-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.У-ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин, анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-ын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхдээ хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.У нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд тус агуулахын хаалгыг түлхүүрээр онгойлгон нэвтрэн орж 42 ширхэг шуудай 50 кг гурил, мөн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчим агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, 31 ширхэг шуудай 50 кг саахар, 2 ширхэг 50 кг гурил, нийт 10.975.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хулгайлан авч, улмаар хулгайлсан эд зүйлсээ бусдад зарж борлуулсан, Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зах дотор ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байсан Д.Баттулгын эзэмшлийн ...-... ... улсын дугаартай “Hino Ranger” загварын автомашинд тээвэрлүүлэн хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.
Шүүгдэгч Б.У-ын гэмт үйлдэл буюу хулгайлах гэмт хэрэг хэзээ төгссөн болохыг зөв тодорхойлох нь хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой байх ба хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч хулгайн эд зүйлсийг захиран зарцуулах бодит боломж бий болсноор гэмт хэрэг төгссөн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг үйлдэж төгссөний дараа эд зүйлсийг гэрч С.Б-д зарж борлуулан, гэрч С.Б нь Д.Б-тай харилцан тохиролцож, түүний ачааны автомашинд ачиж, тээвэрлүүлэн авсан үйл баримтыг учрах саадыг арилгах зорилгоор урьдчилан бэлтгэж машин механизм ашигласан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд, давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж хангагдаагүй гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлөн зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.
Шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хохирол төлбөрийг бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжтой гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохирно гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.Жамъяан нарын гаргасан давж заалдсан гомдлуудаас “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.У-ын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 38 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/948 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.У-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
1 дэх заалтыг “..шүүгдэгч Б.У-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,
2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын цагдан хоригдсон 38 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР