Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 263

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Бурмаа /ҮД:0-025/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Г.Г-т холбогдох эрүүгийн 1710009490170 дугаартай, 187/2018/0245/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Б овогт Г.Ганцэцэг

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Г нь Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ...... хорооллын .... дугаар байрны .... тоотод 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч болох хамтран амьдрагч Б.Б-тэй гэр бүлийн харьцаанаас болж маргалдан, улмаар хутгаар хацар, сарвууг нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Г нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, .... хорооллын .... дугаар байрны .... тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр болох хохирогч Б.Б-тэй “хаашаа яваад ирснээ хэлсэнгүй” гэх зүйлээс болж маргалдан улмаар өөрийг нь зодоход, эд зүйл авч шидэн гараараа зүүн дал, зүүн шууг нь маажих, хутга авч хохирогчийн хацар, сарвууг зүсэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Г.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Урьд өдөр нь худал хэлээд алга болсон, үүнээс болж маргаан гарсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Б.Б байнга худал хэлж алга болчихдог, бид хоёр гэрлээд 6 жил болж байна. Би 2 хүүхдээ өөрөө өсгөсөн, ажлаас гадуур худал хэлж алга болчихдог...Би тухайн үед сэтгэл санааны байдлын улмаас пиво уусан байсан...Би өөрийгөө хамгаалж, айлгана гэж бодсон. Хутгалах санаа зорилго байгаагүй...Тухайн өдөр намайг цохьсон. Намайг эрүүлжүүлэхэд өгсөн болохоор тухай өдөр би шүүх эмнэлгээр үзүүлж чадаагүй, урьд нь бас миний толгойг хагалж байсан...Б.Б байнга худал ярьдаг, би ажил хийж чадахгүй гэртээ 2 хүүхдээ харж суудаг. Хоол ундгүй байхад хаяаад явдаг байсан...Би тухайн үед их ууртай байсан, одоо гэм буруугаа ойлгосон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай ажил дээр ...............-н цугларалт болж арга хэмжээ зохион байгуулсан...Манай .......-н удирдлага зохион байгуулж нийт 52 ...... ........ нарыг кино үзүүлэх болсон...кино үзээд 22 цаг 30 минутанд...дууссан. Тэгээд би найзынхаа машиныг аваад орой 23 цаг 10 минутын орчим гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр Г.Г, 5 настай охин Б.У, 3 настай охин Б.У нар сэрүүн байсан. Би тэр өдөр эхнэртээ кино үзэх гэж байгаа талаараа хэлсэн. Тэгтэл намайг кино үзэж байх үед манай эхнэр намайг хэнтэй банзалдаад байгаа юм бэ гээд над руу мессеж бичээд залгаад байсан. Тэгэхээр нь би хамт кино үзэж байгаа хүмүүсийнхээ зургийг явуулсан. Тэгтэл манай эхнэр итгэхгүй байсан. Тэгэхээр нь би ярихгүй гэж хэлээд утсаа аваагүй. Намайг гэртээ орж ирээд хувцасаа тайлаад сууж байхад манай эхнэр надтай хэрүүл хийгээд уурлаад над руу юм аваад шидсэн...2 охиноо жижиг өрөөндөө оруултал миний араас ирээд маажсан. Тэгээд эргээд гараад ирэхэд эхнэр хоолны хутга аваад над руу хутгалах гээд дайраад байсан...манай эхнэр над руу ална гэж хэлээд дайраад байсан. Тэгэхээр нь би хутгыг нь гараараа барьж аваад гараа зүсүүлсэн.Тэгээд миний гарнаас цус гарахаар нь би галын өрөөний алчуураар гараа боогоод ариун цэврийн өрөөнд орсон. Тэгтэл манай эхнэр миний араас варианы шил шидсэн...Тэгээд над руу дахиад дайрахаар нь би эргээд хартал миний зүүн шанааны хэсэгт хутгаар зүсэгдсэн...Г.Г тухайн үед над руу орилж хашгираад гэртээ тамхи татаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн...Би өөрийн эхнэр Г.Г-тэй байнга маргалддаг. Намайг хардаад хэрүүл маргаан хийдэг...Ерөнхийдөө хардалтаас болж маргаан болдог юм...Зүүн хацар, 2 сарвуунд зүсэгдсэн шархыг Г.Г хутгаар зүсэж гэмтэл учруулсан. Зүүн дал, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтлүүд нь маргалдаж байхад намайг маажсан гэмтлүүд байгаа юм...Би Г.Г-г зодож цохиж гэмтэл учруулж байгаагүй...Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол гэх зүйл байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19, 20-21/

            3. Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр намайг орой 23 цагийн үед гэртээ амарч байхад манай төрсөн эгчийн нөхөр болох Б.Б өөрийнхөө дугаараас над руу залгаад...ахын дүү 2 хүүхэд аваад явчих...гэж хэлсэн...би...Б.Б ахын гэрт нь очихоор...байрны гадна очоод орц руу орох гэхэд манай эгч Г.Г, хүргэн ах Б.Б болон 2 хүүхэд нь хамт 2 цагдаатай хамт 6-уулаа гараад ирсэн. Тэгээд би юу болсон талаар Б.Б ахаас асуухад “Танай эгч архи уучихаад унтуулахгүй байна” гэж хэлсэн. Тэр үед Б.Б ахын баруун хацар дээр нь шалбарсан, нэг гарын хуруугаа боочихсон харагдаж байсан...Тэгээд би эгчийн 2 хүүхдийг дагуулаад гэртээ харьсан. Тэгээд гэрт харьчихаад эгч рүү юу болж байна гэж асуухад эгчийн утсыг нэг эмэгтэй хүн аваад “Эгчийг төмөр замын эрүүлжүүлэхэд байна, өглөө ирж аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Б ах руу эргэж залгаад “Эгчийг эрүүлжүүлэхэд хийсэн байна шдээ” гэж асуухад “Харин цагдаа дээр очтол, эрүүлжүүлэхэд хийчихлээ” гэж хэлсэн. Ерөнхийдөө Б.Б ах өөрөө цагдаа дуудсан гэж хэлэхгүй байсан...Б.Б ах маргааш өглөө нь ирээд 2 хүүхдээ авах гэхээр нь манай ээж өгч явуулаагүй. Тэгээд надад гар утас дээрээ хийсэн бичлэгээ үзүүлсэн. Тэр бичлэг дээр манай эгч гартаа хутга барьчихсан Б.Б ах руу далайгаад байгаа харагдаж байсан. Би Б.Б ахад та эгчийг тайвшируулаад унтуулахгүй яасан юм бэ гэж хэлэхэд ямар нэгэн юм ярихгүй байсан...Б.Б, Г.Г нар хоорондоо таарамжгүй байдаг, яг юунаас болоод маргалдаад байдаг талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/

            4. Гэрч Р.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин Г.Г нь түргэн ааштай, гэхдээ элдэв муу санаа байхгүй, ард нь юу болох вэ гэдгийг боддоггүй, гэнэн цайлган зантай хүн байгаа юм...Б.Б нь анх манайд хүргэн болж ирэхдээ төлөв даруу зантай хүн шиг л харагддаг байсан. Гэтэл том охиноо төрөхийн өмнөх үеэс эхлээд манай охинтой маргалдаж хэрүүл маргаан гаргах болсон...юунаас болж маргалддаг талаар мэдэхгүй байна, ямар ч байсан их маргаантай байдаг...Манай охин надад нөхөртэйгөө маргалдаж зодолдож байсан талаараа хэлдэг байсан. Тэгээд би охиноо сал гэж хэлж байсан боловч миний үгэнд орж байгаагүй...Б.Б манай охиныг ажилгүй, би ганцаараа ажил хийж байна гэж дарамталж харьцдаг байсан...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр намайг орой ажил дээрээ ажиллаж байсан хүргэн Б.Б над руу залгаж “Хүүхэд чинь намайг хутгалах гээд байна” гэж хэлсэн. Тухайн үед би охиноо ийм үйлдэл хийнэ гэж бодоогүй  утсаа салгаад өөрийн хүү болох Г.О-г очоод юу болж байна үзээдэх гэж хэлүүлсэн. Тэгтэл манай хүү Б.Б-н гэрт нь очиход цагдаа ирээд манай охиныг аваад явж байсан гэсэн. Харин манай хүү Б.Б-н 2 хүүхдийг аваад гэртээ авчирсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/

            5. Гэрч Г.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б-г 2003 оноос хойш мэдэх болсон. Бид 2 ...... их сургуульд хамт сурч байсан, тэр цагаас хойш мэдэх болсон. Харин Г.Г-г 2010 оноос хойш мэдэх болсон...Би Б.Б-тэй хамт ажилладаг. Сүүлийн 2-3 жилийн өмнөөс Б.Б, Г.Г нар хоорондоо маргаантай байх болсон. Б.Б ажилдаа ирэхдээ гар, нүүрэндээ маажуулсан байдалтай ирдэг байсан...Хамгийн сүүлд эхнэртээ хутгаар зүсүүлсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/

            6. Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б нь манай эгч Г.Г-тэй 2011 оноос хойш үерхэж эхэлсэн. Б.Б нь манай гэрт амьдардаг байсан. Манай гэрт хамт амьдарч байхдаа манай эгчтэй маргаан гаргадаг байсан боловч эгчийг зодож цохиж байгаагүй...Тусдаа гарсанаас хойш хэрүүл маргаан ихсээд ирсэн гэж бодож байна. Манай эгч надад хэлэхдээ манай нөхөр хэдэн төгрөгийн цалин авдагаа надад хэлдэггүй, хоол хүнсний юм авах мөнгө байхгүй, хэзээ хаашаа явах гэж байгаа талаараа хэлдэггүй, хэзээ ирэх гэж байгаа талаараа хэлдэггүй, гэнэт ороод ирдэг гэж удаа дараа хэлж байсан. Эгчийг 2 хүүхэдтэйгээ хоолгүй байна гэхээр нь олон удаа хоол хүнсний зүйл гэрт нь хүргэж өгч байсан...2016 оны хавар манай эгч над руу залгаад “Б.Б бид 2 маргалдаад миний толгойг хагалчихлаа...” гэж хэлж байсан...Б.Б ах хаашаа явах гэж байгаа талаараа хэлдэггүй, хэдэн төгрөгийн цалин авдагаа хэлдэггүй энэ нууцлаг байдлаас нь болж маргаан гардаг гэж боддог. Мөн манай эгч 2 хүүхэд дарааллан гаргаад тэрнээс болоод өөрөө ажил хийж чадаагүй, хураасан мөнгө байхгүйгээс болж Б.Б ахын гарыг харж амьдардаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/

            7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14402/-ний дүгнэлт:

                        -Б.Б-н биед зүүн хацар, хоёр сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн дал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь ир үзүүл, ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 46/

            8. Шүүгдэгч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай нөхөр Б.Б-н найз...болох Г.Б нь манай найз охин н.Э рүү манай анги ажлаараа кино үзнэ гэж бичсэн үүнийг нь манай найз н.Э надад хэлсэн. Тэгээд би нөхрийгөө кино үзнэ гэдгийг нь өөрөө хэлэх байх гэж бодтол хэлээгүй,...18 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ явж байхдаа нөхөр рүүгээ утсаар ярьж ирж байна уу гэж асуухад юманд явж байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би утас руу нь “чи үнэнээ хэлэхгүй байдгаас болж дандаа хэрүүл болдог, танай ажлынхан кино үзэх гэж байгааг би өчигдөр мэдсэн, чамайг үнэнээ хэлэхийг хүлээж байлаа” гэж мессеж бичсэн. Ингээд орой 23 цаг өнгөрч байхад манай нөхөр гэртээ ирэхээр нь би нөхөртөө хэлтэл манай нөхөр үсдэж байгаад өшиглөж зодоод байсан. Тэгэхээр нь би айсандаа өөрийнхөө биеийг хамгаалах гэж хөргөгчинд байсан хутгыг аваад урдаа бариад зогсож байтал манай нөхөр намайг цохих гэж байгаад хутганд гараа зүссэн. Ингээд манай нөхөр цагдаа дуудсан...Миний барьж байсан хутганд баруун гарынхаа хурууг зүсчих шиг болсон...Манай нөхөр надад дандаа худлаа ярьдагаас болж маргааны асуудал гардаг байсан. Мөн манай нөхөр надтай амьдарч байхдаа н.У гэх эмэгтэйтэй гэрлэлтээ батлуулсан байсан...Гэр бүлийн баталгаа байхгүй. Гэрлэлтээ батлуулъя гэхээр хүүхдээ том болоод бие нь эдгэрсний дараа батлуулна гээд батлуулдаггүй байсан...Хөргөгчинд байсан хутгыг биеэ хамгаалах зорилгоор авсан. Тэгэхдээ Б.Б-г хутгаар зүсэж ална гэсэн бодол байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Г нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14402/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.Г нь Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, .... хорооллын .... дугаар байрны .... тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр болох хохирогч Б.Б-тэй “хаашаа яваад ирснээ хэлсэнгүй” гэх зүйлээс болж маргалдан улмаар өөрийг нь зодоход, эд зүйл авч шидэн гараараа зүүн дал, зүүн шууг нь маажих, хутга авч хохирогчийн хацар, сарвууг зүсэх зэргээр биед нь зүүн хацар, хоёр сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн дал, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол гэх зүйл байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19, 20-21/, хохирогчийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан “...эхнэр Г овогтой Г-т холбогдох хэрэгт гомдол саналгүй болно, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 176/, шүүгдэгчийн хувийн байдал /...31 настай, эмэгтэй, 250 дугаар цэцэрлэгт туслах ажилтан ажилтай, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл /хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан/-ийг харгалзан үзээд Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Г-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Г.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Г.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Г-т сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР