| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2406 00646 0902 |
| Дугаар | 2024/ДШМ/1198 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ДШМ/1198
2024 10 29 2024/ДШМ/1198
Д.Г т
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аззаяа /томилолтоор/,
шүүгдэгч Д.Г ийн өмгөөлөгч Г.Баяржаргал,
хохирогч Ц.Г ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/938 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Г т холбогдох эрүүгийн 2406 00646 0902 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Г нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Улаанбаатар хот, Хаягт хохирогч Ц.Г ийн гэрт нь Ц.Г тэй хэрүүл маргаан үүсгэж, зүүн чих рүү нь алгадаж газарт унагаж, татаж босгож, түлхэж унагаах зэргээр хүч хэрэглэн халдан зодож хохирогчийн эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун мөрний үеийн баруун атгаал ясны толгойн хэсгийн ясны эдийн няцрал, мөр, далны шөрмөсний урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос: Шүүгдэгч Д.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Г оос 9.860.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Г т төлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Ц.Г нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.Г ийн үйлдлээс болж хүндэвтэр гэмтэл авсан гэх боловч 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл Д.Г , Х , Р мөн Хэнтий аймгийн 23 иргэдтэй хамт Сингапур улсын далайн эргийн аялалд хамрагдан 17 хоногийн хугацаанд хамт амарч байгаад ирсэн байдаг. Амарч, зорчиж явах хугацаанд хохирогч гэх Ц.Г ийн сонсгол, баруун мөр, дал, гар хэвийн ажиллагаатай, усанд сэлэх өөрийн ачаа тээшээ аяллын явцад зөөж тээвэрлэж хэвийн явж байсан байдаг. Аялаад ирсний дараа шинэ жилийн баяр цэнгүүн, уулзалт архидалт өнгөрсний дараа гэнэт 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад Д.Г ийн үйлдлээс болж гэмтсэн гэж гомдол гаргасан явдалд мөрдөгч, хяналтын прокурор, анхан шатны шүүх анхаарал хандуулаагүй ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
Аяллын дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Ц.Г нь хаагуур явсан, хэнтэй уулзсан, шинэ жилийн баярын арга хэмжээг хэнтэй өнгөрөөсөн талаарх мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулаагүй, нэг ч асуулт тавиагүй байж Д.Г т ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан заалтыг ноцтой зөрчиж байна.
Шүүх хуралдаанд шинжээч эмч Э.Эрхэмбаяр “хохирогч нь шүүх эмнэлэгт үзүүлэх гэж ирэхдээ мөр мултрах үеийн гэмтлийн гэрэл зургуудтайгаа ирж байсан. Мултарсан мөрөө оруулсан болохыг баталгаажуулсан эмчийн бичиг тухайн баримтуудад байгаагүй. Би дүгнэлт гаргахдаа “М” эмнэлгийн хохирогчийн мөрөнд хийсэн үзлэгийг үндэслэсэн. Хохирогчийн мөрөнд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хүндэвтэр гэмтэлд хамаарна. Түүний мөрөнд учирсан гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь хохирогч 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэмтэж шүүх эмнэлэгт 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үзүүлсэн байдаг. Мөр нэг мултарсан бол дахин мултрах магадлал өндөр. Зүүн талын чихний хэнгэрэг цоорол гэмтэл нь чихний сонсголд нөлөөлөх эсэхийг одоогийн байдлаар тогтоох боломжгүй. Хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлтээс харахад уг сонсголтой холбоотой асуудлыг тогтоосон зүйл байхгүй. Мөн хохирогчийн зүүн чихэнд учирсан гэмтлийн улмаас сонсгол нь буурч байгаа эсэхийг эсхүл хуучин байсан идээт бус үрэвслийн улмаас сонсгол нь буурч байгаа эсэхийг хохирогчийн чихэнд хийсэн үзлэг, оношилгооны баримтуудаар ялгах боломжгүй. “М” эмнэлгийн үзлэгийн дүгнэлтэд атгаал ясны гэмтэл, зөөлөн эдийн гэмтлийг тусгасан байсан. Эдгээр гэмтлүүд нь мөр мултрах үед үүсэх боломжтой ясны эдийн хаван, няцрал, далны мөрний шөрмөс гэх гэмтлүүд нь мөрний мултралын үед үүсэх боломжтой. Мөн мөр мултрах гэмтэл нь гараараа тулж унах болон гараараа дугтрах үед үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн байдаг.
Хавтаст хэргийн материалд /хх223 тал/ 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1766 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан. Тус шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэг тогтоосон байдаг. Анхны шинжээчийн дүгнэлт гарах өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 12 цаг 10 минутад хохирогч гэх Ц.Г ийн биед эмнэлийн үзлэг хийсэн байдаг. Үзлэг шинжилгээнд “сонсгол муу, баруун гараар өвдөнө, тухайн үед мөр мултарч байсан гэнэ” гэдэг тодорхойлолт авагдсан байдаг. Харин хэрэг учрал болсноос хойш 53 хоног өнгөрсний дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “М” эмнэлэгт үзүүлэхэд “баруун талын мөрний үеийн баруун атгаал ясны толгойн хэсгийн ясны эдийн няцрал, мөр далны шөрмөсний урагдал, ясны эдийн хаван, 2 чихний хэнгэрэг хальсны цоорол тогтоогдлоо, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэсэн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний төвийн 370 дугаар дүгнэлтээр тогтоосон байдаг. Таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хуралдаан болох үед Б.Г зүгээс тухайн хэрэгт хяналт тавьж байсан улсын яллагч М.Сүхчулуунд “12 дугаар сард 17 хоног Сингапур улсын далайн аялалд явах үед Ц.Г ийн бие эв эрүүл байсан шинэ жилээс хойш Р гэгчтэй хамт амьдрах болсон тухайн үед архидан, согтуурч байж гэмтсэн байх энэ талаар шалгаж өгөөч” гэж хэлж байсан боловч хяналтын прокурор энэ талаарх ямар ч ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны явцад шинжээч Э.Эрхэмбаяр оролцохдоо “...Зөвхөн чихэнд учирсан хэнгэрэг цоорсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн гэмтэлд хамаарч байгаа. Дүгнэлт гаргахдаа “Э” , “М” эмнэлгийн үзлэгт үндэслэж дүгнэлт гаргасан. ...Хохирогчийн мөрөнд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хүндэвтэр гэмтэлд хамаарна. Түүний мөрөнд учирсан гэмтлийн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй юм. Учир нь хохирогч нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үзүүлсэн. Мөр нэг мултарсан бол дахин мултрах магадлал өндөр байдаг. ...хохирогчийн гарын атгаал ясанд учирсан болон мөрөнд учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. ...Аялж байхад нь хэнгэрэг цоорсон эсэхийг хэлж мэдэхгүй. Усанд сэлсний улмаас цоорч болно тэгэхдээ баталгаатай биш. ...хохирогч мөрнийхөө мултралыг оруулсан эмчийнхээ үзлэгийн бичгийг өгөөгүй. Уг эмчийн үзлэгийн бичгээс мөр анх мултрахдаа арагшаа мултралттай байсан уу урагшаа мултралттай байсан уу гэдгийг харах боломжтой гэмтлийг тусгаагүй. Хохирогчийн зүгээс сүүлд гаргаж өгсөн “М” эмнэлгийн үзлэгийн дүгнэлт дээр үндэслэн дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлтэд атгаас ясны гэмтэл, зөөлөн эдийн гэмтлийг тусгасан байсан. Эдгээр гэмтлүүд нь мөр мултрах үед үүсэх боломжтой гэж үзсэн. ...Мөрний мултралыг оруулах талаар анагаахын сургуульд заадаг. Өөрөөр хэлбэл эмч оруулах техникийг мэдэж байх ёстой. Тэгэхдээ эмчийн техник буруу байгаад гэмтэл үүссэн байх боломжтой...” гэж мэдүүлдэг.
Энэ мэдүүлгээр нь шинэ гэмтэл 53 хоногийн дараа тогтоогдох эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тогтоогдож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-т заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй гэж заасан заалтыг ноцтой зөрчиж байна. Эргэлзээтэй нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нотолсон гэж үзэж байна. Хохирогч Ц.Г нь шүүгдэгч Д.Г т зодуулсан үйл баримтыг гэрчилсэн насанд хүрээгүй гэрч М, гэрч А нарын өгсөн “тухайн үед цохисон, мөр, гар нь эвгүй болсон нөхцөл байдалтай байсан” гэх утга бүхий мэдүүлэг байдаг. Хохирогч Ц.Г шүүх эмнэлэгт үзүүлж, “М” эмнэлэгт үзүүлсэн баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд дахин шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтлийн зэрэг тогтоогдсон. Шүүгдэгч Д.Г нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Гэтэл “хүндэвтэр гэмтэл учруулаагүй” мэтээр давж заалдах гомдол гаргасан нь ойлгомжгүй байна. Шинжээч эмч шүүх хуралдаанд мөрний гэмтэлтэй холбоотой асуудлаар “унах үед үүсэх боломжтой, ямар байдлаар оруулсан талаар баримт байхгүй” гэдэг байдлаар мэдүүлсэн. Түүнээс “эргэлзээтэй байна, цаг хугацааны хувьд ийм байгаа тул тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг өгөөгүй. Гэмтлийн зэрэгтэй холбоотой асуудалд маргаан байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад зохих журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан. 01 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж, улмаар шүүх эмнэлэгт үзүүлэх асуудал яригддаг. Шүүгдэгч, хохирогч нар тодорхой хэмжээнд эвлэрсэн байсан. Зовуурьтай байх үедээ Сингапур улсад зорчсон. Өмгөөлөгчийн зүгээс “Сингапур улсад зорчсон, далайд аялсан, тухайн үед эрүүл, зүгээр байсан, энэ нь гадаад паспортоор нотлогддог, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өөр цаг хугацаанд гэмтлүүд учирсан байх боломжтой” гэж байгаа нь үндэслэлгүй байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосныг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Г хүлээн зөвшөөрсөн. ...” гэв.
Прокурор Д.Аззаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Г нь хохирогч Ц.Г ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ц.Г өгсөн мэдүүлэгтээ “Д.Г миний чих рүү алгадаж, мөр хэсэгт түлхсэний улмаас энэ гэмтлийг учруулсан” гэж тогтвортой мэдүүлсэн. Тухайн цаг хугацаанд байсан насанд хүрээгүй гэрч М, гэрч А нарын мэдүүлэг, мөн хохирогч Ц.Г ийн мэдүүлгээр хэргийн үйл баримт тогтоогддог. Хохирогч Ц.Г хэрэг гарснаас хойш 4 хоногийн дараа “Э” эмнэлэгт, мөн 12 дугаар сарын 13, 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тус эмнэлэгт үзүүлэхдээ “хүнд зодуулсан” гэж хэлсэн байдаг. Мөрний гэмтлийн тухайд хохирогч Ц.Г гадаад улс руу явсан тул үзүүлж чадаагүй, 01 дүгээр сарын 24-ний өдөр үзүүлсэн. Шинжээчийн дүгнэлт нь “М” эмнэлэгт үзүүлсэн баримтуудыг үндэслэсэн тул үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүгдэгч Д.Г нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Улаанбаатар хот, Хаягт хохирогч Ц.Г ийн гэрт нь Ц.Г тэй хэрүүл маргаан үүсгэж, зүүн чих рүү нь алгадаж газарт унагаж, татаж босгож, түлхэж унагаах зэргээр хүч хэрэглэн халдан зодож хохирогчийн эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун мөрний үеийн баруун атгаал ясны толгойн хэсгийн ясны эдийн няцрал, мөр, далны шөрмөсний урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Ц.Г ийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст бичгээр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, /хх 6/, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн **** шинжээчийн дүгнэлт /хх 23-24/, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 29-31/, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ц.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн өвчний түүхтэй холбоотой баримтууд /хх 42/, хохирогч Ц.Г ийн өвчний түүхтэй холбоотой баримтууд, /хх 97-108/, хохирогч Ц.Г ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтууд /шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 6 хуудас баримт/, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаартай Нийслэлийн түргэн тусламжийн төвийн албан бичиг /хх 93, 97/,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Г ийн “...Г миний зүүн чих рүү алгадаад, газарт унагаад баруун гарыг маань цохисон. Тухайн үед ухаан алдаад болсон явдлыг тодорхой санахгүй байна...” /хх 10/,
гэрч Б.А-н “...Г, Г эгчийн зүүн чих рүү нэг удаа хүчтэй алгадах үед Г эгч газарт унасан. ...Г эгчийн цамцных нь баруун талын мөр, ханцуй хэсгээс нь зуурч татаж, чангааж байгаад дахин газарт унагасан. ...буйдан дээр 10 орчим минут сууж байгаад гар өвдөөд байна, мөр мултарчихсан юм шиг байна гээд уйлаад байсан, тэгээд түргэн тусламж дуудсан...” /хх 17, 19/,
насанд хүрээгүй гэрч Б.М ийн “ ...Би 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 45-22 тоотод эмээ болох А болон найзууд нь болох Г , О нарын хамт байсан. Тухайн өдөр Г ийн гэрт нь эмээ А унтаж байх үед нь гаднаас Г гэх үл таних эрэгтэй хүн орж ирээд Г эгчтэй юм ярьж сууж байгаад хэсэг хугацааны дараагаар хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд Г эгч болон Г нар унтлагын өрөөнөөсөө гарч ирээд маргалдах явцад Г нь Г эгчийн зүүн чих рүү нь 1 удаа хүчтэй алгадах үед Г эгч газарт унаад өгсөн. Тэгээд О эгч босож ирээд "Г эгчийг яагаад алгадаж байгаа юм бэ" гэж Г руу хэлэх үед Г эгч газарт хэсэг хугацаанд сууж байгаад босож ирэхэд нь Г нь дахин Г эгчийн цамцных нь баруун талын мөр, ханцуй хэсгээр нь зуурч татаж, чангааж байгаад дахин түлхэж газарт унагасан. Тэгээд би тухайн маргааныг салгах үед Г нь гарч явсны дараагаар Г эгч буйдан дээр 10 орчим минут хэвтэж байгаад гэнэт гар өвдөөд байна, мөр мултарчихлаа гээд уйлаад түргэн тусламж дуудаж үзүүлсэн...“ /хх 16/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Г ийг хохирогч Ц.Г тэй хэрүүл маргаан үүсгэж, зүүн чих рүү нь алгадаж газарт унагаж, татаж босгож, түлхэж унагаах зэргээр хүч хэрэглэн халдан зодож хохирогчийн эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун мөрний үеийн баруун атгаал ясны толгойн хэсгийн ясны эдийн няцрал, мөр, далны шөрмөсний урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Шүүх, шүүгдэгч Д.Г ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г ийн өмгөөлөгч Г.Баяржаргал нь “...хохирогч Ц.Г гэмтэл авсан гэх цаг хугацаанаас хойш ямар нөхцөл байдалд байсан нь тодорхойгүй байх ба олон хоногийн дараа тус гэмтлийг Г учруулсан гэж эмнэлгийн байгууллагад хандаж, эмчилгээ хийлгэж, энэ талаар цагдаад гомдол гаргасан байна. ...тухайн гэмтлийг Г той маргаан хийснээс хойш өөр цаг хугацаанд авсан байх боломжтой. Энэ талаар шинжээч эмч Э.Эрхэмбаяр ч мөн мэдүүлсэн байдаг. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” санкцтай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г т 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэдийгээр шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нар “хохирогч Ц.Г ийн биед хүндэвтэр гэмтэл учруулаагүй” гэж маргаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хавтас хэргийн 93, 97 дугаар талд авагдсан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаартай Нийслэлийн түргэн тусламжийн төвийн “...2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 55 минутад **** дугаараас “Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 45 дугаар байрны 22 тоот хаягт “мөр мултарсан” утгатай дуудлага мэдээллийг “найз” гэх иргэн ирүүлсэн. Дуудлагад Ц.Г нь тусламж үйлчилгээ авсан бөгөөд уг дуудлагаас хойш дахин түргэн тусламжийн үйлчилгээ аваагүй байна...” гэх албан бичиг зэргээр шүүгдэгчийг хохирогчийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй ба шинжээч эмч Э.Эрхэмбаярын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “...хохирогчийн чихэнд учирсан хэнгэрэг цоорсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн гэмтэлд хамаарч байгаа. Харин мөрөнд учирсан булчингийн шөрмөс, атгаал ясны няцралт гэх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хүндэвтэр гэмтэлт хамаарна. ...хохирогчийн чихэнд анх үзлэг хийхэд зүүн талын чихний хэнгэрэг шинэ цооролттой, баруун талын хэнгэрэг хуучин цооролттой мөн дунд чихний идээт бус архаг үрэвсэлтэй гэж оношлогдсон. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь түлэхэд, алгадахад үүсэх боломжтой боловч хэрхэн цохиж, алгадсан болох нь нөлөөлнө. ...Хохирогч нь шүүх эмнэлэгт үзүүлэх гэж ирэхдээ мөр мултрах үеийн гэмтлийн гэрэл зургуудтайгаа ирж байсан. Мултарсан мөрөө оруулсан болохыг баталгаажуулсан эмчийн бичиг тухайн баримтуудад байгаагүй. Би дүгнэлт гаргахдаа “М” эмнэлгийн хохирогчийн мөрөнд хийсэн үзлэгийг үндэслэсэн. Хохирогчийн мөрөнд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хүндэвтэр гэмтэлт хамаарна. Түүний мөрөнд учирсан гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь хохирогч нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэмтэж шүүх эмнэлэгт 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үзүүлсэн байдаг. Мөр нэг мултарсан бол дахин мултрах магадлал өндөр. Зүүн талын чихний хэнгэрэг цоорол гэмтэл нь чиний сонсголд нөлөөлөх эсэхийг одоогийн байдлаар тогтоох боломжгүй. Хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлтээс харахад уг сонсголтой холбоотой асуудлыг тогтоосон зүйл байхгүй. Мөн хохирогчийн зүүн чихэнд учирсан гэмтлийн улмаас сонсгол нь буурч байгаа эсэхийг эсхүл хуучин байсан идээт бус үрэвслийн улмаас сонсгол нь буурч байгаа эсэхийг хохирогчийн чихэнд хийсэн үзлэг, оношилгооны баримтуудаар ялгах боломжгүй. “М" эмнэлгийн үзлэгийн дүгнэлтэд атгаал ясны гэмтэл, зөөлөн эдийн гэмтлийг тусгасан байсан. Эдгээр гэмтлүүд нь мөр мултрах үед үүсэх боломжтой ясны эдийн хаван няцрал, далны, мөрний шөрмөс гэх гэмтлүүд нь мөрний мултралын үед үүсэх боломжтой. Мөн мөр мултрах гэмтэл нь гараараа тулж унах болон гараараа дугтрах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлгээр хохирогч Ц.Г ийг хэрэг болсон цаг хугацаанаас өөр цаг хугацаанд дээрх гэмтлүүдийг авсан гэж үзэх боломжгүй мөн энэ талаар үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/938 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Д.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй”, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг тус тус бүхэлд нь нэгтгэж “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г т оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, Эрүүгийн хуулийн буруу хэрэглээг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/938 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг нэгтгэн, зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/938 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Шүүгдэгч Д.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй”,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг бүхэлд нь өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г т оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтыг “Шүүгдэгч Д.Г т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г ийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ