Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
Хэргийн индекс | 2108 00000 0018 |
Дугаар | 2024/ДШМ/1196 |
Огноо | 2024-10-29 |
Зүйл хэсэг | 10.1.2.8., |
Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ДШМ/1196
2024 10 29 2024/ДШМ/1196
Д.Н ид
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Д.Н /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/977 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Н ид холбогдох эрүүгийн 2108 00000 0018 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Н нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хаягт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ш.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар түүний баруун гуя тус газарт хутгалж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 170 /нэг зуун дал/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497.1, 508.1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Д.Н оос гэм хорын хохиролд 9.126.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М д олгуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүгдэгч Д.Н болон амь хохирогч Ш.Б нарын хоорондын харилцааны талаар нэр бүхий гэрч нарын өгсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн нас барсны дараа сэхээн амьдруулах зорилготой үйлдлийн улмаас олон тооны хавирга хугарсан, цус нэвчсэн гудсыг ор нь дээр эвхэж тавьсан, цусыг арчиж цэвэрлэсэн гэх үйл баримтаар гэм буруутайд тооцсон. Гэтэл шүүгдэгчийн зүгээс мэдүүлэхдээ “Амь хохирогч уурласан, тэгээд ор нь дээр сууж байгаад өөрийнхөө баруун гуй хэсэг рүү хутгалсан, түргэн дуудах гэсэн боловч 2-лаа согтуу байж түргэн дуудаад хэрэггүй гэсэн, шарх боогоод цус цэвэрлүүлсэн” гэжээ.
Мөн цогцост хийсэн шинжээчийн 2021 оны 65 дугаартай дүгнэлтэд “Баруун гуяны баруун дээд хэсгийн ташааны тараагуур судас гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх 11 см гүнтэй, баруун доороос зүүн дээш чиглэлтэй байна. Шарх нь өөрийн гар хүрэхүйц байрлалд байгаа учраас өөртөө учруулах боломжтой” гэж тодорхойлогдсон байдаг.
Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгтэй нөхцөлдөж байгаа ба гагцхүү шүүхээс урьдын харилцааны талаар өгсөн гэрч нарын мэдүүлгүүдийг үндэслэл болгосон нь таамаглалд үндэслэсэн гэж үзэхээр байна.
Нөгөө талаар эд мөрийн баримт болох хутгыг хурааж авсан атлаа шүүхэд ирүүлээгүй нь ойлгомжгүй байгаа ба уг хутганаас гарын мөрдөсүүд илрээгүй байдаг. Шүүгдэгчийн мэдүүлгийн тодорхой байдлыг анхааран үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болсон тул хэргийн бүх ажиллагааг хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр л байсан тул эцсийн эцэст би бурууг нь хүлээж байна. Би хутгалаагүй гэж үзэж байна. Бид хоёр согтуу байсан тул санахгүй байна. ...” гэв.
Прокурор Д.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч Д.Н ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ш.Б ийн гуяан тус газарт хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч Д.Н , амь хохирогч Ш.Б нар байсан. Шинжээчийн дүгнэлтээр “тухайн гэмтлийг өөртөө учруулах боломжтой” гэсэн нь шүүгдэгч Д.Н ийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогддог. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Н ийн өмгөөлөгч Б.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүгдэгч Д.Н нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хаягт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ш.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар түүний баруун гуя тус газарт хутгалж хүнийг алсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2-4/, 2020 оны 12 дугаар сарын 24-ний хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-15/, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-20/, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүний үед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 21-24/, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.Н ийн согтуурлын зэрэг шалгасан тухай “согтуурлын зэрэг 84,2 хувь” гэх тэмдэглэл /1хх 28/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх 34/, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “шар эрээн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох” тухай мөрдөгчийн тогтоол /1хх 43/, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн **** дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх 77-88/,
гэрч Ж.Б-н “...Н уйлаад манай хөгшин хачин болчих шиг боллоо би яах вэ гээд тэвдсэн байдалтай байхаар нь би Н ийг дагаж гэр рүү нь ороход гэрийн баруун талын орны урд газарт Б дээшээ харсан байдалтай толгой нь хойд зүг рүү хоёр хөл нь урд зүг рүү харсан ямар нэгэн хөдөлгөөнгүй байхаар нь судсыг нь барьж үзэхэд бие нь хүйтэн судасны цохилт мэдэгдэхгүй байхаар нь хүүхдийнх нь дугаарыг асуугаад утсаар ярьсан ба түргэн дуудахад удалгүй түргэний эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. ...Н ийн баруун хацар хамрын орчим жижиг шалбарсан шинэ шарх харагдаж байсан...” /1хх 58-60/,
гэрч Ц.Ц-н “...14 цагийн орчим Б над руу залгаад Ц г аваад ороод ир, Н урьд шөнө унтуулаагүй гээд уучлалт гуйх гээд дарс аваад ирлээ гэж хэлэхээр нь Цэцэгээ бид хоёр гэрт нь орж Н ийн авчирсан Алтай дарсыг Б , Цэцэгээ бид гурав хувааж уусан бөгөөд Н гэрээсээ гараад охинтойгоо уулзана гэж гарч яваад удалгүй тортой юм барьчихсан орж ирсэн юм. Тэгээд Н уутнаасаа Арвай нэртэй архи гаргаж ирээд бид гуравтай хувааж уусан бөгөөд Цэцэгээ бид хоёр нэг их уулгүй архийг нь дуусгалгүй гэрт хүүхдүүд хүлээгээд байсан болохоор гэр лүүгээ явсан. ...Н , Б хоёр хамт амьдраад 2 жил болж байгаа. Манай гэрийн ойролцоо ирээд удаагүй болохоор би тэр хоёрын талаар нэг их сайн мэдэхгүй. ...Б нь Цэцэгээ бид хоёрт та хоёр намайг Н ид сайн магтаад өгөөрэй намайг хардаад байна гэж хэлтэл Н энэ уучхаад солиорч байна гэж хэлээд инээгээд орон дээрээ сууж байсан...” /1хх 49/,
гэрч Ш.Ц-н “...Ц орж ирээд Б дуудаад байна, дарс байна ганцаараа ууж чадахгүй байна гэж хэлэхээр нь бид хоёр Б гийн гэрт нь 14 цагийн орчимд очтол Б халамцуу болчихсон Алтай нэртэй дарс гаргаж ирээд миний төрсөн өдөр 26-ны өдөр болохоор манай нөхөр намайг шөнө унтуулаагүй гэмээ цайруулах гээд дарс, пиво авч өгсөн гэж хэлээд Б , Ц бид нар хувааж уугаад гэрээс нь Ц гийн хамтаар 15 цагийн орчимд гараад явсан. ...Б , Н хоёр халчихсан Б гадаадад байдаг хүүхдээ яриад санаад байна гэж хэлээд уйлаад байхаар нь Ц бид хоёр аргадаад дахиж битгий уугаарай гэж хэлж байсан...” /1хх 51/,
гэрч Б.Б-н “...Намайг гэрт орох үед талийгаачийн хажууд түргэний эмч, хадам ээжийн хамтран амьдрагч Д.Н , хажуу хашааны Байгалаа гэх эмэгтэй нар байсан бөгөөд өөр ямар нэгэн хүн байгаагүй ба би гэрт ороод удалгүй цагдаагийн 102 дугаарт өөрийн “96185999” гэх дугаараас “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уул 14 дүгээр гудамж 15 тоотод хүн нас барсан байна, гадны нөлөөтэй байж магадгүй гэж дуудлага өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчим манай хадам ээж “**** ” гэх дугаараас халамцуу залгаад Н агсан тавиад толгой руу цохиод толгой дээр том булдруу үүсээд өвдөөд байна, М гэртээ байгаа бол наашаа явуулчих гэж надад хэлэхээр нь би өөрийн нөхөр М ад ээжийн хэлсэн зүйлийг дамжуулж хэлэхэд М ээж, Н хоёр архи уухаараа дандаа маргалдаад гээд залгадаг ш дээ гээд тухайн өдөр очоогүй ба өнөөдөр намайг гэрт орох үед гэрийн зүүн талын орон дээр ойролцоогоор гарын алаг дарам орчим хэмжээтэй цус мэт зүйл болсон байсан болохоор би гадны нөлөөтэй байж магадгүй гэж дуудлага өгөх үедээ хэлсэн. Би Н болон Б эгчтэй ямар нэгэн зүйл ярилцаагүй намайг талийгаачийн гэрт ирээд удаагүй байхад манай нөхөр гаднаас орж ирсэн ба Н оос юу болсон талаар асуухад Н юу ч дугараагүй ба Б эгчээс манай нөхөр М юу болсон талаар асуухад Б эгч манай нөхөрт Н манайд орж ирээд Б ийн бие нь сонин болчихлоо гэж хэлэхээр нь гэрт нь орж үзэхэд хадам ээжийг өнгөрсөн байсан гэж хоорондоо ярилцаж байхыг сонссон. ...Н манай хадам ээж Ш.Б ийг бид нарын нүдэн дээр цохиж зодож байгаагүй, ээжийн биед заримдаа хөхөрсөн, улаан зүйлс байдаг ба асуухад юманд цохисон, уначихсан гэж хэлдэг...” /1хх 53-54/,
гэрч Д.М ын “...би Б эгчээс юу болсон талаар асуухад Б эгч
надад гэртээ байхад манай хашааны хаалгыг Н цохиод манай хөгшин хачин
болчихлоо та үзээд өгөөч гэж хэлээд намайг гэр рүүгээ дагуулж орсон. Би гэрт нь орж үзээд
түргэн дуудсан гэж хэлсэн ба надад өөр ямар нэгэн зүйл яриагүй. Н оос гадаа тамхи
татаж байх үедээ юу болсон талаар би асуухад өнөөдөр манай гудамд байдаг Ц гэх
эмэгтэй болон манай ээж Б , Н нар пиво аваад хувааж уусан ба Ц г
явсны дараа Н ээж хоёр амрахаар болоод Н зүүн талын орон дээр манай
ээж баруун талын орон дээр хэвтээд унтсан ба манай ээж унтаж байгаад орноос газар
унаад ухаангүй болсон гэж надад хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл надад яриагүй. ...гэрийн эд
зүйлсээс эвдэрч гэмтсэн анхаарал татахаар ...содон зүйл анзаарагдаагүй. Ш.Б
хамтран амьдрагч Н нар архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг эрүүл
үедээ маргаж, муудалцаад байдаггүй архи уусан үедээ хоорондоо маргаж муудалцдаг...”
/1хх 62-63/,
насанд хүрээгүй гэрч Г.М-н “...2020 оны 12 дугаар сарын 23-ны орон Б эмээ, Н өвөө хоёр манайд ирээд хоол идсэн, тэгээд 26-нд миний төрсөн өдөр болно гэж байсан. Тэгээд манай хөргөгчид байсан 2 шил Арвай архи байсныг эмээ харсан. Маргааш нь өдөр 14-15 цагийн орчим би гэртээ байж байсан чинь миний дугаар луу эмээ Б залгаад хөргөгчид 2 архины нэгийг Н өвөөдөө гаргаад өгчих эмээ нь аавд чинь хэлчихсэн гэхээр нь би Баянхошууны шинэ эцсийн буудал дээр Н өвөөд гэрт байсан 0,75 литрийн архийг өгсөн. 15 минут орчмын дараа эмээ над руу залгаад өвөөгийн чинь банкны карт байна уу гэж асуухаар нь надад байхгүй гэж хэлсэн. Эмээ, өвөө хоёр архи уухаараа хоорондоо маргалдах маягтай байдаг, өвөө архи уучихаараа эмээг зоддог байсан байх, эмээгийн гар хөл нь хөхөрсөн байдаг байсан...” /1хх 68/,
гэрч Р.Б-н “...2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би Нийслэлийн
түргэн тусламжийн Сонгинохайрхан дүүргийн салбар эмнэлэгт дуудлагын их эмчээр
ажиллаж байсан. Тухайн өдөр 24 цагийн ээлжтэй байсан ба 20 цаг 10 минутад
Хаягт 50
настай хүн ухаангүй байна гэсэн дуудлага ирсэн. Манай эмнэлгээс тухайн хаяг дээр 20 цаг
21 минутад очиход эмэгтэй хүн дээшээ харсан байдалтай гэрийнхээ баруун орны урд талд
хэвтэж байсан. Тэгээд тухайн эмэгтэйн биед үзлэг хийхэд амьсгал зогссон, зүрх судас
тэмтрэгдэхгүй, хүүхэн хараа 2 талд өргөссөн, гэрлийн урвал байхгүй, эвэрлэгийн рефлекс
байхгүй байсан. Тэгээд гэрт байсан 50 орчим насны эрэгтэй хүн болон хажуу айлын гэх 70
настай эмэгтэй нас барсан байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн ...намайг ороход гэрийн эд хогшил тавилга бүрэн бүтэн байсан. Гэр нь цэвэрхэн байсан шал нь цус мэт зүйл
харагдаагүй байсан. Гэрт байсан гэх эрэгтэй юу болсон талаар хэлээгүй, тухайн эрэгтэй
согтуу байсан мөн хажуу айлынх нь дуудлага өгсөн гэх 70 насны эмэгтэй нь болсон явдлын
талаар яриагүй...” /1хх 71/,
шинжээч эмч Ш.Ц гийн “...амь хохирогч нь дээрх гэмтлийг аваад хэдий хугацаанд амьд явах боломжтойг нарийн тогтоох боломжгүй, тухайн биеийн онцлогоос хамаарч хэдий хугацаанд хэр хэмжээтэй цус алдаж шоконд орох нь хүн бүрд харилцан адилгүй байна. Ер нь гуяны /ташаа/ тараагуур судас нь том судас учраас түргэн хугацаанд их цус алдаж, шоконд орно. Шок гэдэг нь идэвхтэй хөдөлгөөн хийж чадахгүй ухаан алдана гэсэн үг. Ингээд амь хохирогчийг үхэлд хүргэж байгаа юм.
...Давсагны хана, баруун гуяны булчин завсрын цус хуралт нь баруун гуяны гадна дээд хэсгийн ташааны тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархнаас болж үүссэн цус хуралт юм. Зулай хуйх, эрүү, цээж, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн шуунд цус хуралт, дух, баруун хацар, цээж, зүүн бугалганд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, унах үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм...” /1хх72-73, 2хх 196-197/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Н ийг согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ш.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар түүний баруун гуя тус газарт хутгалж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Шүүх, шүүгдэгч Д.Н ийн согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ш.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар түүний баруун гуя тус газарт хутгалж хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нь “...Шарх нь өөрийн гар хүрэхүйц байрлалд байгаа учраас өөртөө учруулах боломжтой гэж тодорхойлогдсон байдаг. ...шүүхээс урьдын харилцааны талаар өгсөн гэрч нарын мэдүүлгүүдийг үндэслэл болгосон нь таамаглалд үндэслэсэн. ...эд мөрийн баримт болох хутгыг хурааж авсан атлаа шүүхэд ирүүлээгүй ...Шүүгдэгчийн мэдүүлгийн тодорхой байдлыг анхааран үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...хүнийг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Н ид 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Анхан шатны шүүхийн “амь хохирогч өөрийгөө гэмтээж амиа хорлосон гэх үндэслэл тогтоогдоогүй, харин шүүгдэгч Д.Н ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан, тухайн өдөр хохирогчийг хутгалсан нь тогтоогдсон, ...шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй мөн мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, ...Нөгөөтэйгөөр шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээх үүрэг хүлээхгүй боловч түүний өөрийгөө буруугүй гэж мэдүүлж буй байдлыг бүрэн бодитой шалган үзэх шаардлага тавигддаг. Гэтэл хэргийн нөхцөл байдлаар түүний мэдүүлэг бусад байдлаар нотлогдон тогтоогдохгүй, харин эсрэгээрээ түүний мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэл, үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. ...хохирогч өөрийн амийг хорлох оролдлого гаргаж өөрийгөө хутгалсан гэж шүүгдэгч мэдүүлж байгаа ч тусламж огт дуудаагүй, богино хугацаанд цус алдаж ухаан балартах талаар шинжээч дүгнэсэн байхад шүүгдэгч цусыг тогтоогоод амрахаар хэвтэцгээсэн гэсэн нь үндэслэлгүй, улмаар цус алдаад хохирогч амь насаа алдсаны дараа хажуу айлын хүндээ хэлж тусламж дуудсан, энэ хугацаанд их хэмжээгээр гарсан цусыг цэвэрлэж, арчих, хохирогч орон дээрээс унасны дараа орон дээрх цусыг арчих, гудсыг эвхэж тавьсан нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон. ...гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн болон шүүх эмнэлгийн дүгнэлтүүд нь харилцан нэгнээ нотолсон, нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, зөвхөн хохирогчийн гар хүрэх газарт хутганы шарх үүссэн гэдгээр эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэх боломжгүй юм. ...Иймд шүүгдэгч Д.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэн бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.” гэх дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нь “Шүүгдэгч Д.Н тусламж үзүүлэх зорилгоор үйлдэл хийх үед хавирга хугарсан гэх үйл баримт тогтоогдоогүй” гэх тайлбар гаргаж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ба хавтас хэргийн 77-82 дугаар талд авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 65 дугаартай шинжээчийн “...давсагны хана, баруун гуяны булчин, завсрын цус хуралт, зулай хуйх, эрүү, цээж, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн шуунд цус хуралт, дух, баруун хацар, цээж, зүүн бугалганд зулгаралт, зүүн талын 2,3,4,5,6,7,8, баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хавирганы хугарал тогтоогдлоо. ...зүүн талын 2,3,4,5,6,7,8, баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хавирганы хугарал нь нас барсны дараа үүссэн...” гэх дүгнэлт болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тухайн үед хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгч Д.Н , амь хохирогч Ш.Б нараас өөр хүн байгаагүй нь тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Н нь амь хохирогчийг нас барсны дараа анхан шатны түргэн тусламж үзүүлэх зорилгоор дээрх хавирганы хугарал бүхий гэмтлийг учруулсан болохыг үгүйсгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасанчлан хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь шалгасан байх ба улмаар хууль буруу хэрэглэсэн, хэрэглэхэд эргэлзээ гарч хэргийг шүүгдэгч Д.Н ид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/977 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н ийн өмгөөлөгч Б.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Д.Н нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/977 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/977 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н ийн өмгөөлөгч Б.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н ийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ