Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2026/0463

 

 

 

 

2026 05 12 128/ШШ2026/0463

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ми******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.М*******

Маргааны төрөл: Онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундааг худалдан, борлуулсан гэх зөрчилд холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, хариуцагч татварын улсын байцаагч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ду нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Цэцэнзул хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.М*******ын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт алга зүйн газар болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран баталсан 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Цахим-Архи худалдаа хамтарсан хяналт шалгалт хийх ажлын тусгай удирдамжийн дагуу 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, ******* дугаар хороолол, Н тоот хаягт байрлах М МД-125 дугаар салбарт Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Б.М******* хяналт шалгалт хийжээ.

 

2.2. Уг шалгалтаар онцгой албан татварын тэмдэггүй буюу акцгүй архи согтууруулах ундаа худалдаалсан зөрчлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 30 минутад илрүүлэн зөрчлийн хэрэг нээсэн байна.

2.3. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйл Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих, 1 дэх хэсгийн 1.1-т Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан зөрчилд 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1 Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: ...Манай компани нь сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол улсын зах зээлд хэдийнээ танигдсан салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгж билээ. 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүрэг 43 дугаар хороо, Н тоот хаягт байрлах Ми******* 125 салбар дэлгүүрт Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, Цагдаагийн байгууллагын хамтарсан Цахим архи шалгалтаар тус дэлгүүрийн лангуун дээрээс онцгой албан татварын тэмдэггүй 96 шил согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг хураан авч улмаар эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2606001087 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэсэн. Улмаар татварын улсын байцаагч Б.М*******ын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанийг 10,000 нэгжээр торгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь тухайн хураагдсан онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнүүд нь 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дэлгүүрийн өөртөө үйлчлэх лангуун дээр өрөгдсөн бараа бөгөөд тухайн үед нь дэлгүүрийн зүгээс мэдэж, лангуунаас буцаан татаж авах, худалдан борлуулахгүйгээр нийлүүлэгчид мэдэгдэж буцаалт хийлгэхээр хандсан байсан бөгөөд энэ талаарх байдлыг гэрчлэх тус дэлгүүрийн салбарын менежер, дотоод хяналтын менежер зэрэг хүмүүсийг гэрчээр мэдүүлэг авхуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх үүргээ биелүүлээгүй, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болно.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна 1.1-д Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх 1.3-д Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь тухайн үйлдэл, эс үйлдэхүй Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн шинжийг хангасан гэдгийг нотлох баримтаар тогтоох ёстой. Гэтэл манай компани дээрх акцгүй согтууруулах ундааг худалдан борлуулсан нь тогтоогдоогүй байхад худалдсан гэж үзэж зөрчлийн шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцээгүй байна.Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан худалдсан, борлуулсан гэх ойлголт нь төгс үйлдэгдэж зарж худалдаж дуусгах, үнэ авч арилжин худалдан авагчийн өмчлөлд барааг шилжүүлэн өгөх тухай ойлголт бөгөөд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг бусдад худалдсан борлуулсан тохиолдолд зөрчилд тооцогдохоор заасан байтал дэлгүүрийн лангуун дээр байршсан байдлыг худалдсан, эсхүл борлуулсан үйлдэлтэй төсөөтэй ойлгож, хуулийг буруу хэрэглэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1.5-д Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хүртэл хоногоор сунгах, 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ хэмээн тус тус заасан. Гэтэл Зөрчлийн хэргийн материалд авагдсан 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Удирдах албан тушаалтны тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл буюу хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлж нийт 17 хоногоор сунгаж, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны сунгасан хугацааг дуусгавар болсноос хойш 3 хоногийн дараа Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2026 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 185 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хугацааг 2026 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-д Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна гэж заасныг болон хуулиар тогтоосон хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Б.М*******ын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнө хэлсэн тайлбарт нэмж хэлэх зүйл байхгүй. Акц гэдэг бол жижиг цаас байгаа. Тэр нь салдаг, унадаг. Худалдааны байгууллагын хуульчаар ажиллаад 5 жил болж байна. Ийм асуудал гардаг. Онцгой албан татвартай тамхи, архи эдгээрт тусгай зөвшөөрөл авдаг. Худалдан борлуулах тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Нийлүүлэгчид шаардлагаа тавих нь хууль ёсны хэрэг. Худалдан борлуулах үйлдэл хийгээгүй. Зөрчил гаргасан нь бид нарын буруу. Лангуу дээр тавьсан нь худалдан борлуулсан гэдэг хуулийн шаардлагыг хангаж байна уу гэвэл үгүй. Зөрчилтэй байсан уу гэвэл зөрчилтэй байсан. Кассаар гаргаад бичсэн байж худалдан борлуулсан гэдэг шинжийг хангана. 14 хоногийн хугацаанд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг байцаагч хийх ёстой байсан. Тэрийг хэрэгжүүлээд сунгах хүсэлт гаргаад сунгасан. Сунгахдаа буруу сунгасан буюу 18 хоногоор сунгасан. Эрх бүхий албан тушаалтны сунгасан хугацаа дууссан байхад сунгасан үйл баримт буруу. 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш тооцоход эрх бүхий албан тушаалтны сунгах 14 хоног, прокурорын сунгах 30 хоног гээд 44 хоногийг нэмээд үзэхэд 04 дүгээр сарын 01-ний өдрөөр энэ хугацаа дуусгавар болж байна... гэв.

3.3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Цахим-архи худалдаа хамтарсан хяналт шалгалт хийх удирдамжтай ажлын хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М*******, Б.М*******, Баянзүрх дүүргийн Олон нийтийн цагдаа Ч.У*******, Б.С, Д.Д, Н.Ж, О.М, хороо хариуцсан цагдаа Т нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалт хийсэн.

Тус шалгалтаар татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй Ми******* ХХК (РД:*******)-ний Баянзүрх дүүргийн 42-р хороо Н хаягт байрлах Ми******* 125-р салбар дэлгүүрийн хэрэглэгчид өөртөө үйлчлэх зааланд 96 ширхэг онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундаа байсныг илрүүлж Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйл Онцгой албан татварын тэмдгийг олгох, хэрэглэх, 4.2 -т Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байх тул 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хураан авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Илэрсэн зөрчилд Ми******* ХХК (РД:*******)-д холбогдох 2606001087 дугаартай зөрчлийн хэрэг нээж тус дүүргийн Прокурор Ю.Б******* хяналтан дор хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж ажилласан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчилд холбогдогч Ми******* ХХК (РД:*******)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* /ТД:*******/-аас 3 удаагийн холбогдогчийн мэдүүлэг авсан, холбогдогчийн мэдүүлэгтээ онцгой албан татварын тэмдэггүй, архи согтууруулах ундааны акц нь хууларч ховхорч унадаг, акцын цавууны наалдах шинж муугийн улмаас хадгалалтын явцад унасан гэж тэмдэглэгдсэн бөгөөд онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундааг агуулахаас хураагаагүй, онцгой албан татварын тэмдэг байсан наагдсан эсэх, унасан ховхорсон нь нотлох баримт, бичлэг зэргээр нотлогдоогүй. Шалгалтын явцад холбогдогч Ми******* ХХК (РД:*******)-ийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд байрлах, Ми******* дэлгүүрийн хэрэглэгчид өөртөө үйлчлэх заалнаас нийт 96 ширхэг хураан авсан онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундааг шинжилгээнд өгч шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдогч Ми******* ХХК /РД:*******/-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйл Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих, 1 дэх хэсгийн 1.1-т Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох үндэслэлтэй байх тул хариуцлагын арга хэмжээг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан. Иймд татварын улсын байцаагчийн № дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...7 хоногийн дотор шийдвэр гаргасан гэж байна. Хугацаа дээр ач холбогдол өгөөд байна. Хугацаа сунгуулах тухай санал гаргана гэдэг нь эцсийн шийдвэр биш. 14 хоногт багтаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж амжихгүй, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гээд 14 хоногийн хугацаагаа дахиад 14 хоногоор сунгуулах хэлбэр. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д 14 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулна гэж байгаа. 14 хоногийн дотор шийдвэрлэж болно гэсэн агуулгатай болохоос биш. Санал гаргах хугацаа нь шийдвэрийн агуулгыг илэрхийлээгүй. Прокурорын хяналтад ажилладаг учраас хугацаа дээр сайн хяналт тавьж ажилладаг. 02 дугаар сарын 16-ны өдөр гэдэг бол баяр наадмын өмнөх өдөр. Байцаагч саналаа гаргаж байж 14 хоногийн хугацаанд багтааж удирдах албан тушаалтан сунгах эсэхийг шийдвэрлэнэ. 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн нь дараагийн долоо хоногийн нэг дэх өдөр нь баяр наадам дуусаж байгаа. Удирдах албан тушаалтан тухайн саналыг сунгах боломжтой эсэх хугацааг зөрчлийн хэргийн хугацаанд 7 хоногийн хугацаанд гаргаад санал гаргасан өдрөөс 14 хоногийг тоолно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. 14 хоногийн хугацааг дуустал зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдах боломжгүй нөхцөл үүсэж байгаа нөхцөлд 14 хоногоор нэмж сунгаж байгаа. Үүнийг прокурор хуулийн хугацаа хэтрүүлсэн гэж үзвэл үргэлжлүүлж 30 хоногоор сунгах хуулийн зохицуулалт байхгүй. Эрх бүхий албан тушаалтан 02 дугаар сарын 16-ны өдөр санал гаргасан. Цаашид ийм ажиллагаа хийгдэх шаардлагатай байгаа учир 14 хоногоор сунгуулах санал гаргасан. Энэ 28 хоногийг прокурор үргэлжлүүлж 30 хоногоор сунгах хугацаа нийт 58 хоног болно. Энэ хугацаанд багтааж шийдвэрлэнэ. 59, 60 хоног болбол зөрчлийн хэрэг хүчингүй болно гэдэг хуулийн хугацааг хэрэглэж байгаа. Тухайн бараа бүтээгдэхүүнд акц байсан эсэх, акцгүй бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгчээс авч цааш нь борлуулсан гэдэг байдлаар Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар торгууль, шийтгэлийн арга хэмжээг аваагүй. Онцгой албан татварын тэмдэгтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх гээд тусдаа импортлох, худалдах, тэмдэгтийг хуурамчаар үйлдэх, борлуулах гээд тус бүрд нь хориглоно гэж заасан байгаа. Үүнийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн эсвэл импортолсон эсвэл худалдсан эсвэл борлуулсан гээд тус бүрд нь хэрэглээний утгыг илэрхийлсэн байдаг. Энэ нөхцөлд тухайн 96 шил архи, бараа бүтээгдэхүүн нь акцгүй бол бүрэн бүтэн байдал алдагдаж байна гэж үзнэ. Акцгүй бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар нийтийн зааланд байршуулж байгаа нь худалдан борлуулах нэг хэлбэр. Энэ үүргээ гүйцэтгээгүй, хууль зөрчсөн үйлдэлд нь шийтгэл ногдуулахаар татварын улсын байцаагч шийтгэлийн хуудас бичсэн. 96 шил архийг акцгүй байсныг хүлээн зөвшөөрдөг. Худалдан борлуулсан гэдгийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж хэрэглэж байна. Зөрчлийн тухай хуулийн гол зорилго хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд шийтгэл ногдуулах замаар хууль ёсыг тогтоох бэхжүүлэхэд оршиж байгаа. Энэ хуулийн зорилтын хүрээнд улсын байцаагч шийтгэлийн хуудсыг бичсэн байгаа. Тухайн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Ми******* ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, Цагдаагийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Цахим-Архи худалдаа хамтарсан хяналт шалгалт хийх ажлын тусгай удирдамжийн хүрээнд эрх бүхий этгээдүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад буюу 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргагч хуулийн этгээдийг онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундааг борлуулсан зөрчлийг илрүүлж, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 2606001087 дугаартай зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

 

3. Ми******* ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 43 дугаар хороо, Н тоот хаягт байрлах Ми******* 125 салбарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/447 дугаар захирамжийг үндэслэн Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундааг худалдах тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгожээ.

 

4. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Б.М******* 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Ми******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундааг худалдан, борлуулсан зөрчил үйлдсэн үндэслэлээр арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

 

5. Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ ...нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ биелүүлээгүй оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, согтууруулах ундааг худалдан борлуулсан нь тогтоогдоогүй байхад шийтгэл оногдуулсан нь хууль ёсны зарчимд нийцээгүй, дэлгүүрийн лангуун дээр байршсан байдлыг худалдсан, эсхүл борлуулсан үйлдэлтэй төсөөтэй ойлгож, хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж, хариуцагчаас ...Хэрэглэгчид өөртөө үйлчлэх зааланд 96 ширхэг онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундаа байсныг илрүүлж шийтгэл ногдуулан, хураан авсан, холбогдогчийн төлөөлөгч мэдүүлгийн үеэр акц буюу тэмдэг нь хууларч ховхорч унадаг, акцийн цавууны наалдах шинж муугийн улмаас хадгалалтын явцад унасан гэж тайлбарласан боловч шалгалтаар тийм нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус тайлбарлан маргасан.

 

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 2 дахь хэсэгт Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан бөгөөд уг заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг дээр дурдсан хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлсэн болох нь 2026 оны 02 дугөар сарын 03-ны өдрийн хяналт шалгалтын тэмдэглэл, хураан авсан акц тэмдэггүй согтууруулах ундааны жагсаалт, тухайн онцгой албан татварын тэмдэггүй барааны фото зургууд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ЕГ0326/2069, 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №ЕГ0326/2068, №ЕГ0326/2066, 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №ЕГ0326/2067, 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №ЕГ0326/2065 дугаартай дүгнэлтүүд болон лабораторийн сорилын дүн мэдээлэл, холбогдогчоос авсан мэдүүлгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

7. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс онцгой албан татварын акц, тэмдэггүй 96 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн нь дэлгүүрийн өөртөө үйлчлэх хэсгийн лангуун дээр өрөгдсөн байсан үйл баримттай маргаагүй боловч энэ нь худалдан борлуулсан үйлдэлд хамаарахгүй гэх агуулгаар тайлбарласан.

 

8. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэх бөгөөд шийтгэлийн хуудаст хариуцагчийн баримталсан мөн хуулийн Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь согтууруулах ундаа, тамхийг онцгой албан татварын тэмдэггүй л бол бэлтгэн нийлүүлэх, экспортлох, худалдах, борлуулахыг бүх үе шат, дамжлагад ямар ч тохиолдолд хориглосон зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалт нь бэлтгэж нийлүүлсэн, экспортолсон, худалдсан, борлуулсан гэх бүртээ бие даасан зөрчил болохыг хуульчилсан байна.

 

9. Мөн Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байна, 4 дүгээр зүйлийн 4.1-д Онцгой албан татварын тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг, импортын согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно, 4.2-т Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно, 4.5-д Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна гэж тус тус заажээ.

 

10. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий этгээдэд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон бөгөөд тухайн тохиолдолд холбогдогч Ми******* ХХК нь дэлгүүрийн лангуу дээр бусад бараа бүтээгдэхүүний хамтаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг ил өрж тавьсан нь худалдан, борлуулах зорилготой гэж үзнэ.

 

11. Өөрөөр хэлбэл, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлийг хориглоно гээд 21.1.3-т онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх гэж зааснаар онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахыг хориглосон ба худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байх тул эрх бүхий этгээдээс гомдол гаргагч Ми******* ХХК-д шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

 

12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно, 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна, мөн зүйлийн 2-т зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж тус тус зааснаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа нь хэрэг нээсэн өдрөөс хойш 58 хоног байна.

 

19. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, зөрчлийн хэрэг бүртгэлтийн Удирдах албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хугацааг мөн өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 14 хоногоор, хариуцагч улсын байцаагчийн саналын дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаартай тогтоолоор 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 30 хоногоор тус тус сунгажээ.

 

20. Хэдийгээр хариуцагч нь дээрх байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг хуульд зааснаас зөрүүтэй сунгаж, хоног хугацааг буруу тоолж хэрэглэсэн алдаа гаргасан байх боловч энэ нь зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчлийг үгүйсгэж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохуйц үндэслэл биш байна.

 

21. Энэ тохиолдолд улсын байцаагчаас 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн, энэ өдрөөс эхлэн хэрэг бүртгэлтийн 58 хоногийн хугацааг тоолоход мөн оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дуусах байсан. Харин маргаан бүхий шийтгэлийн хуудас 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гарсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацааг зөрчөөгүй байх тул хэрэг бүртгэлтийн хугацаа дууссаны дараа шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Б.М*******ын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Ми******* ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Ми******* ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА