Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 265

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж С овогт А.Б-д холбогдох эрүүгийн 1810002020159 дугаартай, 187/2018/0246/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, С овогт А.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........ дэлгүүрийн бэлэн хувцасны ...... брендийн тасгаас эрэгтэй цамц, футболк, куртик зэрэг эд зүйлс хулгайлан хохирогч Д.Б-д 647.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....... дэлгүүрийн бэлэн хувцасны ..... брендийн тасгаас эрэгтэй цамц, футболк, куртик зэрэг эд зүйлсийг хувцас солих өрөөнд авч орон хувцасны мэдрэгчийг эвдэн үлдээж, өөрийн хувцас дээр давхарлан өмсөж гаран хохирогч байгууллагад 647.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч А.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хан-Уул дүүргийн ...... дэлгүүрийн бэлэн хувцасны ....... брендийн тасгаас эрэгтэй цамц, футболк, куртик авсан хэрэгт шалгагдсан...Би хохирогчид 150.000 төлж барагдуулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Би урьд нь авто машины эд зүйл хулгайлдаг байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр оройн 19 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......-н 1 давхарт байрлах ........ дэлгүүрийн хувцас солих өрөөнөөс нэг эрэгтэй хүн эрэгтэй саарал өнгийн куртик өөрийн куртикний дотор талаар өмсөөд гарч байхад нь манай шалгагч Ж.Б нь сэжигтэй санагдаад байхаар нь шалгаад үзсэн чинь мэдрэгчийг нь авчихсан манай куртикийг өмссөн байхаар нь бариад хамгаалалтын ажилтныг дуудаж саатуулаад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Уг этгээд нь урьд 2 өдөр мөн тус дэлгүүрүүдээс цамц, футболк зэрэг эд зүйлс хулгайлсан байсан...4 цамцыг нь хүлээж авсан. Бусад нь төлөгдөөгүй...тухайн дөрвөн цамцыг худалдах боломжгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/

            3. Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр оройн 19 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....-н 1 давхарт байрлах ....... дэлгүүрийн хувцас солих өрөөнөөс нэг эрэгтэй хүн сэжиг бүхий гарч ирэхээр нь дуудаад өөрөө шалгасан чинь дотуураа манай худалдаж байсан саарал өнгийн эрэгтэй хүний куртик өмсөөд гарч байхыг нь саатуулж камерын өрөөнд авч очсон юм. Тэгээд өөр авсан зүйл байна уу гэж асуухад эхлээд байхгүй гэснээ цагдаагийн байгууллагад дуудлага өглөө гэсэн чинь өмдөө тайлаад дотор талаас нь худалдаалж байсан эмэгтэй бэлтгэлийн өмд гаргаад ирсэн. Тэгэхээр нь хяналтын камерын бичлэгийг шүүхэд 3 өдөр дараалан манай ....-н 1 давхарт байрлах ..... болон ...... дэлгүүрүүдээс хаах цаг болж байх үеэр нимгэн хувцаслаж орж ирээд хувцас өмсөхөөр хувцас солих өрөө рүү ороод дохио дуугаргадаг так-ийг салгаж үлдээн хувцасандаа боож орхиод так-гүй хувцасаа дотуураа давхарлаж өмсөөд гарч явдаг нь тогтоогдсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

            4. Шүүгдэгч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....-н нэг давхарын бэлэн хувцасны дэлгүүрээс хувцас хулгайлсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 21:00 цаг дөхөж байхад ороод 3-н ширхэг 88 гэсэн бичигтэй ноосон цамц аваад хувцас солих өрөө рүү орж, чот гэх дэлгүүрээс гарсан...дохиолол дуугардаг зүйлийг нь 2 цамцнаас нь салгаж аваад 2 цамцаа давхарлаж өмсөөд 1 ширхэг цамцанд нь чотоо боож цамцаа эвхээд лангуун дээр нь тавьчихаад гарсан юм. 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр мөн ....-н ...... дэлгүүр лүү орой 20:00 цагийн орчим орж саарал цамц, улаан хүрэн өнгийн цамц давхарлаж өмсөж гарсан. Мөн чотуудыг нь хувцас сольдог өрөөнд нь орхичихоод гараад явчихсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 19 цаг 30 минутын орчим орж хар гадартай дотор нь саарал өнгийн өвлийн куртик өмсөж гарч байтал үүдний шалгагч гэх эмэгтэй таныг камер дээр дуудаж байна гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд би хувцас хулгайлсан юмаа уучлаарай гэж хэлээд цагдаа ирээд намайг аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Б нь 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ....... дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ..... дүүргийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ...... дүүргийн шүүхийн 184 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 55, 58-61, 62, 63/-аар тогтоогдлоо.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар шүүгдэгч А.Б-н тэнсэж хянан харгалзсан хугацаа 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дууссан бөгөөд шүүгдэгчийн ялгүй болох хугацаа буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан 8 жилийн хугацаа /хүнд гэмт хэрэг/ дуусаагүй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан зохицуулалтыг бүхэлд нь хасч, ялтай байдлын талаарх ойлголт хамаарахгүй болсон байх тул шүүгдэгч А.Б-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...... дэлгүүрийн бэлэн хувцасны ..... брендийн тасгаас эрэгтэй цамц, футболк, куртик зэрэг эд зүйлсийг хувцас солих өрөөнд авч орон хувцасны мэдрэгчийг эвдэн үлдээж, өөрийн хувцас дээр давхарлан өмсөж гаран хохирогч байгууллагад 647.100 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч байгууллага болох ........ дэлгүүрийн эрхлэгч Ц.О-н “...2018 оны 5 дугаар сарын 21-нд тус авсан эд зүйлсээ төлж хохиролгүй болсон...” гэсэн тайлбар /хх-ийн 77/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал /...27 настай, эхийн хамт амьдардаг...өмнө хулгайн гэмт хэрэгт 2 удаа, дээрэмдэх гэмт хэрэг 1 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал, өмнө үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийхгүй, засарч хүмүүжихгүй байгаа.../ зэргийг харгалзан үзээд А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч А.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч А.Б-н гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзээд шүүгдэгчийн эдлэх 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С овогт А.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт А.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Б-н эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. А.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР