| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0248/Э |
| Дугаар | 270 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 270
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Г.Эсэн,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Т.Б-т холбогдох эрүүгийн 1810003980108 дугаартай, 187/2018/0248/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Т.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б нь Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....-н автобусны буудлын орчим 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг Ө.Х-г зодож түүний бие махбодид “тархи доргилт, зүүн чамархайд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Б нь Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....-н автобусны буудлын орчим 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.Х-г “би Х.А ахыг хүргээд өгье харин та яв” гэж хэлэхэд нь “Муу бацаан минь” гэж хэлэн уурлаж хохирогчийн зүүн шанаа тус газар нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Х.А-н төрсөн өдрийг тэмдэглэж, согтууруудах ундаа хэрэглсэн...Ө.Х автобусны буудал руу явахгүй байсан үүнээс болж маргалдсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Ө.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар ер нь архи уусан байсан. Гэхдээ Х.А, Т.Б хоёр их согтсон. Х.А ах бүр явж чадахгүй байсан. Би бол сүүлийн архинаас согтоод ирэхээр нь уухгүй байсан учир болсон зүйлээ бүгдийг нь санаж мэдэж байгаа. Би толгойндоо эмчилгээ хийлгэж байгаа. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Т.Б эмчилгээний төлбөр тооцоонд 800.000 төгрөг өгсөн. Уг мөнгөөр эмчилгээ хийлгэсэн. Цаашид мөн эмчилгээ хийлгэх 500.000 төгрөг өгөхөөр болсон...Т.Б надаас уучлалт гуйсан бид хоёр сайн дураараа эвлэрсэн...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед .....-н ......-н хажууд ......-д байрлах ........ ХХК ажил дээрээ Т.Б, Х.А нарын хамт 1 шил 0,75 граммтай “Хараа” нэртэй архи хувааж уусан. Ингээд 20 цагийн үед ажлаасаа гараад ........-н хажууд саравчинд дахин бид гурав хамт “Хараа” нэртэй 0,5 граммтай нэг шил архийг хувааж уугаад харихаар 120 мянгатын хотын төв рүү явдаг чиглэлийн автобусны буудал руу хашаа барьсан гудамжаар ороод чиглээд явсан. Тэгээд бид гурав хамт явж байтал Х.А ах согтоод газар унаад босож чадахгүй байсан чинь Т.Б ах бос гээд татаад зулгаагаад дээрээс нь өшиглөх гээд байхаар нь би очоод тэр хоёрыг салгаад би Х.А ахыг хүргээд өгье харин та яв гээд Х.А ахыг Т.Б ахаас салгасан. Тэгсэн чинь Т.Б ах над руу дайрч давшлан “Муу бацаан минь” гэж хэлээд...Т.Б гэмтэл учруулсан...зүүн шанаа хэсэгт баруун гараараа 2-3 удаа цохьсон, өөр цохиж зодсон зүйл байхгүй...Би тэр үед зарим зүйлийг санаад зарим зүйлийг санахгүй байсан намайг үсдэхийн хувьд үсдсэн тэр үед бид 2 босож зогссож байсан намайг цемент мөргүүлээгүй харин баригдаж байсан барилгын...нимгэн төмөр хашаа байсан тэрийг нуруугаараа налахдаа толгойгоороо мөргөсөн би үсдүүлсэн байж байгаад зугтаад гүйсэн согтуу байсан болохоор хөл дээрээ сайн тогтож чадахгүй байсан тэгээд булан тойроод дагзаараа савж унасан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-13, 60-62/
3. Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 05-ны 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрээс залгаад “Танай нөхөр .......-н автобусны буудлын орчимд хүнд зодуулсан байна” гэж надад мэдэгдсэн. Би гэрээсээ гараад цагдаагийн хэлтэс дээр ирээд нөхөр болох Ө.Х-г аваад ГССҮТ-ийн жижүүр дээр нь очоод н.Т гэдэг эмчид үзүүлж, рентген зураг авахуулахад гавлын ясны цууралт, ар дагзны хэсэгт цус хуралттай байна гэж хэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд гавал, тархины тасагт хэвтэн эмчлүүлэхээр болсон...Манай нөхөр 9 хоног ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний зардал нь 1 сая орчим төгрөг болсон...Т.Б гэдэг хүн нь манай нөхөр болох Ө.Х-тай хамт ....... ХХК-д хамт ажилладаг хүн, зүс танина...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
4. Гэрч Х.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн орчимд ажлаа тараад ажлын газрын найз Ө., Т.Б нарын хамт Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... хорооллын урд 750 граммын савлагаатай Хараа архи аваад гурвуулаа тэнцүү хувааж ууж дуусаад ахиад 500 граммын савлагаатай Хараа архи аваад хувааж уугаад бүгд муудаад одоо харьцгаая гээд .....-н автобусны буудал руу алхацгаасан. Архи ууж байсан газраас .....-н автобусны буудал хүртэлх зайд юу болсон талаар сайн санахгүй байна нэг мэдсэн чинь автобусны буудал дээр ирсэн гурвуулаа зогсож байсан. Тэгээд Ө.Х, Т.Б хоёр хорооллын автобусанд сууна гээд үлдсэн би түрүүлээд офицер гэсэн унаанд суугаад явсан намайг явснаас хойш юу болсон талаар би мэдэхгүй байна...Ө.Х, Т.Б ахаа гээд зүгээр л байдаг. Тэгж муудалцаж зодолдож байхыг нь би харж байгаагүй...Бүгдээрээ нилээн согтсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 63-64/
5. Гэрч Х.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 00-01 цагийн үед манай нөхөр болох Т.Б их хэмжээний согтолттой орж ирээд хоол идээд дараа нь унтсан. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр болох Т.Б нь хамт ажилладаг Ө.Х-г зодоод гэмтээчихсэн юм шиг байна гэж хэлсэн тэр оройдоо 21 цагийн үед ГССҮТ-д очиж Ө.Хасыг эргэж биеийн байдлыг асууж лавласан Ө.Х гарч ирээд ойролцоогоор 10 гаруй минут уулзсан...Ө.Х-г би сайн танихгүй урьд хэдхэн удаа харж байсан...Манай нөхөр болох Т.Б, Ө.Х-н хооронд ямар нэгэн өш хонзон, өр авлагатай асуудал байхгүй хоорондоо ажлын найзууд заримдаа хамт явж архи уудаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2459/-ний дүгнэлт:
-Ө.Х-н биед баруун чамархай, зулай ясны шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээр цус хуралт, тархи доргилт, зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Баруун чамархай, зулай ясны шугаман хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 30/
7. Шүүгдэгч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад хамт ажилладаг Х.А, Ө.Х нарын хамт явцгаасан. Явж байх замдаа урьд өдөр нь Х.А-н төрсөн өдөр байсан болохоор Х.А-тэй хамт ганц шил архи уухаар болж гурвуулаа мөнгө нийлүүлж нэг шил 0,75 граммын Хараа архи, ундаа, аяга дэлгүүрээс авч ..... хорооллын байрнуудын дунд ууцгаасан. Архиа гурвуулаа яг тэнцүү хувааж ууцгаагаад дахин нэмж архи уухаар болоод дэлгүүрээс 0,5 граммын Хараа архи авч дахин хувааж уусан. Ингээд ууж байгаад би ухаангүй болоод тасарчихсан байсан. Ө.Х-тай яагаад муудалцсан, зодолдсон эсэхээ мэдэхгүй байна. Ө.Х-г зодсоноо мэдэхгүй байгаа юм...Би Ө.Х-тай урьд өмнө маргаж муудалцаж байгаагүй, хуурай ах дүү хоёр шиг л байдаг хүмүүс. Бид 2-ын хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2459/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Т.Б нь Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....-н автобусны буудлын орчим 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.Х-г “би Х.А ахыг хүргээд өгье харин та яв” гэж хэлэхэд нь “Муу бацаан минь” гэж хэлэн уурлаж хохирогчийн зүүн шанаа тус газар нь гараараа 2-3 удаа цохиж биед нь тархи доргилт, зүүн чамархайд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Ө.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг эмнэлэгт хэвтэж байхад Т.Б эмчилгээний төлбөр тооцоонд 800.000 төгрөг өгсөн...Цаашид мөн эмчилгээ хийлгэх 500.000 төгрөг өгөхөөр болсон...Т.Б надаас уучлалт гуйсан бид хоёр сайн дураараа эвлэрсэн...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-13, 60-62/, түүний хувийн байдал /..., “.......” ХХК-д туслах ажилтан ажилтай, ........./ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан зэргийг тус тус харгалзан үзээд Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Т.Б-г 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-т оногдуулсан 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Т.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Б-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР