Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/1197

 

 

 

 

  2024           10            29                                               2024/ДШМ/1197

 

М.Ц д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч М.Ц  /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1008 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ц , түүний өмгөөлөгч Д.Буянзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.Ц д холбогдох эрүүгийн 2406 04344 0653  дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Ц  нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг 05 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн замд Тоёота приус маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч М.Ц ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц-г “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч М.Ц д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ц ийн өмгөөлөгч Д.Буянзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Ц  нь хууль, эрх зүйн мэдлэг дутмаг шүүхээр орж байгаа учир холбогдлыг ойлгоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр зүйлчилсэн асуудлыг ойлгоогүй цагдан хоригдсон байна. Өөрөөр хэлбэл, өмнөх зөрчлийн тухай хуулийн шийтгэвэр нь торгуулийн арга хэмжээг оногдуулсан, дараа оногдуулах шийтгэврийн төрөл хэлбэр баривчлах шийтгэвэр байсаар байхад авч хэрэгжүүлээгүйгээс үр дагавар үргэлжилсэн зөрчлийн үйлдлүүдтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” зарчмуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг 05 минутад 1.14 промиль гэх нотлох баримттай цусан дахь спиртийн хэмжээг тогтоосон эсэх шинжилгээний байгууллагын шинжилгээ байхгүй, ямар төрлийн согтууруулах ундаа болох талаар хөдөлшгүй гэрчийн мэдүүлэг авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, яллагдагчийн өөрийнх нь мэдүүлгээр нь яллаж гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан эсэхийг тогтоогоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 31.10 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй хавтас хэрэгт тусгаагүй. Хувийн байдлыг тогтоосон баримт материал хавтас хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад байхгүй байгааг харгалзаж үзээгүй. М.Ц ийн “хүлээн зөвшөөрсөн” гэх үгээр ял оногдуулсан байна. Хувийн байдлын талаар гэрчийн мэдүүлэг болон нотлох баримтаар авсан бол ар гэрийн зүгээс алга болсон эрэн сурвалжилж хорих ангиас олохгүй байсан. Сүхбаатар аймагт аав, ээж, эхнэр нь бага насны 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Улирлын шинж чанартай барилга дээр ажиллаж намар хадлангаа авч өвөл гэртээ хүүхдээ хардаг.

Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багын засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 352 дугаар тодорхойлолтод “өндөр настай аав, ээжийгээ асардаг бөгөөд 9 сартай өөрийн хүү Ц.Баясгаланг хардаг нь үнэн болно” гэх хувийн байдлын баримтыг хавсаргав. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Ц  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие алдаа дутагдал гаргаж, түрхэн зуурын бодлоор асуудалд хандаж ирсэн гэдгээ шүүхийн шийдвэр гарсан үеэс цагдан хоригдож байх хугацаандаа ойлгож ухамсарлаж байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй бөгөөд дахин ийм алдаа дутагдал гаргавал гарах хор хохирол нь их гэдгийг ойлгож ухаарсан. Иймд хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Итгэл давж заалдах шатны шүүх хуралдаад гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч М.Ц  өмнө нь 3 удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо согтолтын зэрэг нь өндөр байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь энэ хүний хувьд хэвшил болсон мэт харагдаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үед хариу арга хэмжээ авах чадвар их хэмжээгээр буурч, осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг буюу нийгмийн аюулын шинж чанар өндөр тул Эрүүгийн хуульд тусгаж, хорих ял оногдуулж болохоор заасан. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ц д хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Ц , түүний өмгөөлөгч Д.Буянзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч М.Ц  нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг 05 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн замд Тоёота приус маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон болох нь:

Гомдол мэдээллийн бүртгэлийн хуудас /хх 3/, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, жолоочийн согтуурлын хувь 1,14 хувь /хх 4/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх 10-14/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх 18/, бүртгэлийн ****  дугаартай Зөрчлийн хэргийн материалын хуулбар /хх 21-33/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/2781 дугаартай шийтгэвэр /хх 35-37/,

зөрчилд холбогдогч М.Ц ийн “...Би 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чулуутын аманд ажлынхаа гадаа байхдаа 500 граммын аягаар 3 аяга айраг уусан. ...Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хориотой гэдгийг мэднэ. ...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан ба сая 4 сард сэргээх хугацаа нь болсон ч сэргээлгэж амжаагүй юм. Тэгээд 6 дугаар сард шүүхээр ороод нэг жилийн эрх хасах, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл авсан. ...Би драгер багаж үлээхэд 1,14 хувьтай гарсан...”, гэрэл зураг /хх7-9/,

гэрч М.Ц ийн “...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзварт согтуугаар автомашин жолоодож яваад машины араас мөргөөд цагдаад шалгуулаад нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Дараагаар нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүрэг, Ботаник орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад шалгуулахад 2,19 хувийн согтолттой байсан тул шүүхээр орж 400.000 төгрөгөөр торгуулсан...” /хх 39-40/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч М.Ц ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч М.Ц ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Ц  нь “...дахин ийм үйлдэл гаргахгүй ба хоригдож байх хугацаандаа маш сайн ойлгож ухаарсан. Сүхбаатар аймагт байгаа аав, ээж, охин, хүү нараа харж хамгаалж амьдармаар байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн,

түүний өмгөөлөгч Д.Буянзаяа нь “...өмнөх зөрчлийн тухай хуулийн шийтгэвэр нь торгуулийн арга хэмжээг оногдуулсан, дараа оногдуулах шийтгэврийн төрөл хэлбэр баривчлах шийтгэвэр байсаар байхад авч хэрэгжүүлээгүй, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” зарчмуудыг тус тус зөрчсөн. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэх заалтыг зөрчсөн. ...цусан дахь спиртийн хэмжээг тогтоосон эсэх шинжилгээний байгууллагын шинжилгээ байхгүй, ямар төрлийн согтууруулах ундаа болох талаар хөдөлшгүй гэрчийн мэдүүлэг авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, яллагдагчийн өөрийнх нь мэдүүлгээр нь яллаж гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан эсэхийг тогтоогоогүй. ...шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бүрэн тогтоогоогүй. Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргажээ.  

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж,  хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ц ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг ...болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно...” гэж тус тус заасан ба шүүгдэгч М.Ц ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн “...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзварт согтуугаар автомашин жолоодож яваад машины араас мөргөөд цагдаад шалгуулаад нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Дараагаар нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүрэг, Ботаник орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад шалгуулахад 2,19 хувийн согтолттой байсан тул шүүхээр орж 400.000 төгрөгөөр торгуулсан...” /хх 39-40/ гэх мэдүүлэг нь дээрх хуулийн шаардлага хангасан, нотлох баримтаар тооцож үнэлэх боломжтой.

Түүнчлэн, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Г.Чинбаатар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Улиастайн замд үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа М.Ц ийн үйлдсэн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчлийг илрүүлсэн бөгөөд энэ талаар эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэгдэж хавтас хэргийн 4 дүгээр талд авагджээ.

Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын техник, хэрэгсэл ашиглан шалгаж тогтоох” гэж заасны дагуу шүүгдэгч М.Ц ийн тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгерь багажаар шалгаж 1,14 промиль гэж цагдаагийн зохицуулагч, дэслэгч Г.Чинбаатар тогтоосон ба М.Ц  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд дахин шалгуулах хүсэлт гаргаагүй байна.

Мөн хэрэгт авагдсан шүүгдэгч М.Ц ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багын Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд болон давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгч М.Ц ийн өгсөн “...эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ цуцлуулаагүй, хүүхдүүд маань ээжтэйгээ хамт байгаа...” гэх тайлбараас түүний хувийн байдлыг бүрэн тодорхойлох боломжтой ба түүний 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн яллагдагчаар өгсөн “...би 2013 оноос хойш зуны улиралд Улаанбаатар хотод орж ирээд хувиараа барилга дээр ажиллаж байгаад өвөл болохоор хөдөө сум руугаа явдаг...” гэх мэдүүлгээр түүнийг тархины уйланхайтай 9 сартай өөрийн хүү Ц.Б-г харах нэн шаардлагатай нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж хуульчилсан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг заажээ.

Хэдийгээр шүүгдэгч М.Ц  нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдож урьд ял шийтгэл эдэлж байгаагүй боловч түүнийг удаа дараагийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хувьд тус хорих ялыг багасгах, өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1008 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ц , түүний өмгөөлөгч Д.Буянзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч М.Ц  нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1008 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 40 /дөч/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1008 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ц , түүний өмгөөлөгч Д.Буянзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР 

 

                         ШҮҮГЧ                                   Б.БАТЗОРИГ 

 

                                    ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ