| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 181/2016/00338/И |
| Дугаар | 001/ХТ2017/00044 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2017/00044
“МОНГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2016/00591 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1783 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “МОНГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 7/265 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булганы гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МОНГМ” ХХК нь Кипр Улсад бүртгэлтэй “Смайнекс инвестментс лимитед” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтран ажиллаж байсан боловч “Смайнекс инвестментс лимитед” ХХК хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “МОНГМ” ХХК-иас хувьцааны төлбөрт төлөгдсөн 1 764 852 ам.долларыг гаргуулж, “Смайнекс инвестментс лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. “Смайнекс инвестментс лимитед” ХХК-ийн хувьцааны төлбөрт төлсөн мөнгө нь бидний хамтран байгуулсан компанийн геологи, хайгуулын ажилд бүрэн зарцуулагдан дууссан тул тэдэнд нэхэмжилсэн мөнгийг нь шууд буцаан өгөх ямар ч боломжгүй байсаар өнөөг хүрсэн. Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал нь манай компанийн санхүүгийн чадварт сөргөөр нөлөөлж байгаа боловч төлбөрийг төлөх талаар идэвхийлэн чармайн ажиллаж байгаа болно.Гэвч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 3/19999 дугаар огноотой мэдэгдлийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шуудангаар манай компанид ирүүлсэн. Тус мэдэгдэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан “МОНГМ” ХХК-ийн өмчлөлийн оффисийн зориулалттай барилга, гарааш, газрыг хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоосон тул анхны албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулахыг мэдэгдсэн байсан.Хөндлөнгийн шинжээчээр томилогдсон “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээний байгууллагын үнэлгээчин манай компанийн өмчлөлийн оффисийн барилга, гарааш, газарт үнэлгээ тогтоохдоо үүсгэн байгуулагч Ц.Соёмбо миний биед мэдэгдээгүй, танилцуулаагүй, мөн ямар хууль, дүрэм журмыг баримталж үнэ тогтоосон нь ойлгомжгүй байна. Учир нь манай компанийн оффисийн зориулалттай барилга, гараашийн барилга, газар нь хотын төвд А зэрэглэлийн бүсд оршдог бөгөөд одоо болоод ирээдүйд үнэ цэнэ нь улам их өссөөр байгаа үнэ цэнэтэй объект байтал үнэлгээчин үнэлгээ тогтоохдоо зах зээлийн өнөөгийн бодит ханшаас хэт доогуур үнэлсэн тул дахин зах зээлийн бодит үнэлгээг тогтоож өгөхийг хүсч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр танай гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн хариуг өгсөн.“Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээний байгууллагын үнэлгээчний үнэлсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж, тоот 8 хаягт байрлах оффисийн зориулалттай барилгын үнэлгээ болох 1 451 600 000 төгрөгийн үнэлгээ, мөн тус хаягт байрлах гараашийн барилгын үнэлгээ болох 94 700 000 төгрөгийн үнэлгээ, мөн хаягт байрлах газар эзэмших эрхийн үнэлгээ болох 373 600 000 төгрөгийн үнэлгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “МОНГМ” ХХК-иас хувьцааны төлбөрт төлөгдсөн 1 600 000 ам.доллар, хүү 135 200 ам.доллар, арбитрын хураамж 28 852 ам.доллар, нийт 1 764 052 ам.доллар гаргуулж, Кипр Улсын “Смайнекс инвестментс лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “МОНГМ” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, НҮБ-ын гудамж, 8 тоот хаягт байршилтай оффис, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах гараашийн барилга, газар эзэмших эрхийг 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр битүүмжилж, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хураасан.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3/448 тоот албан мэдэгдлээр өмчлөгч “МонГМ” ХХК, 3/446, 3/347 тоот албан мэдэгдлээр хувьцаа эзэмшигч Г.Энхзул, Р.Оюун нараас тус тус үнийн санал авах тухай мэдэгдлийг хүргүүлэхэд өмчлөгч “МОНГМ” ХХК-иас үнийн саналыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлээгүй тул хөндлөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 74 дүгээр шинжээч томилох тогтоолоор томилж 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 25/Ш дугаар үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг 1 919 900 000 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3/19999 тоот албан мэдэгдлээр үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон 1 343 930 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг талуудад хүргүүлсэн бөгөөд нийтэд мэдээлсэн.Төлбөр төлөгч “МОНГМ” ХХК нь шүүхийн шийдвэртэй төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг удаа дараа гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өнөөдрийн байдлаар нийт 3 удаа түдгэлзүүлсэн бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожиж, шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2010-2016 он хүртэл төлж барагдуулаагүй байна.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Билэгсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2010 онд эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралтай байгаагаас төлбөр авагч “Смайнекс инвестментс лимитед” ХХК их хохирч байна. Үнэлгээ хийлгэхээс өмнө хариуцагчийн дурдсанаар ямар үнээр дуудлага худалдаанд оруулах сонирхолтой байгаа талаар бид асуусан. “Мөнх оргил трейд” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. 1 919 900 000 төгрөгөөр барилга, гарааш, газар эзэмших эрхийг үнэлсэн. Зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэж байх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2016/00591 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах тухай “МонГМ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1783 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2016/00591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МонГМ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч “МОНГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бүрэнбаярын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8-д хуульд заасан бусад эрхээ буюу Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлаж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжилгүй бөгөөд шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлүүлэхдээ өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авч чадаагүйгээс анхан болон давж заалдах шатны шүүх “...шүүх хуралдаан хэлэлцэж эхлэхээс өмнө өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийгээ нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй юм” гэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана”, гэсэн зарчим алдагдаж мөн хуулийн 6 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх заалт хэрэгжих боломжгүй болж үүний үр дагавраар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндсэн шалтгаан болсон байна.Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарласнаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хуульд заасан бүх арга хэмжээ авахуулах, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай бүхий л эрх зүйн туслалцааг авах эрх ноцтой зөрчигдөж хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “... хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан, хэргийн хугацаа дуусч байх үед өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригийн асуудал бөгөөд шүүхээс хориглоогүй, хязгаарлаагүй...”, “...шүүх хуралдаан хэлэлцэж эхлэхээс өмиө ...өмгөөлөгч авах ...үүрэгтэй юм” хэмээн хуульд байхгүй үндэслэлээр дүгнэлт хийж түүнийг хууль, эрх зүйн мэдлэггүй, хариуцагч тал нь эрх зүйч нар оролцож байгаа, өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулж чадаагүйгээс өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж чадаагүй зэрэг байдлыг шүүх харгалзан үзэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь тодорхой гэсэн байр сууринаас хандаж шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” болох нь харагдаж байна.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.Шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан атал нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод оруулахаар үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. Мөн нэхэмжлэгч нь анхан болон давж заалдах, хяналтын гомдол гаргахдаа мөн улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх алдааг залруулах арга хэмжээ аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.3.-т заасан шаардлагад нийцээгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “МОНГМ” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу шүүх 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба иргэний хэргийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр товлосон байна \хх-ийн 20, 85 дугаар тал\.
2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгч авах зорилгоор хойшлуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хэлэлцэж, шүүгчийн захирамжаар хангахгүй орхихдоо “Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1., 71.2.-т заасан хэрэг хянан шийдвэрлэх 60 хоногийн хугацаа дууссан, нэмэлт 30 хоногийн хугацаа дуусаж байх үед өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байгааг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн нь бодит үнэнд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-д заасан “хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног”-ийн хугацаа дуусаагүй, 71.2.-т заасан хэрэг хянан шийдвэрлэх “хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах” ажиллагаа хийгдээгүй, иргэний хэрэг үүсгэснээс хойш 56 хоногийн дараа хийгдэхээр шүүх хуралдаан товлогджээ \хх-ийн 85, 90, 99-100 дугаар тал\.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлөгч оролцуулах эрхээ нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө хэрэгжүүлэх боломжтой байсан гэж шүүх дүгнэсэн боловч шүүх хуралдааны товыг урьд өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нь хүлээн авсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, хэргийн материалтай хэргийн оролцогчид шүүх хуралдаан болох өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр танилцсан зэрэг байдлаас үзвэл нэхэмжлэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангагдаагүй байна \хх-ийн 87, 95\.
Шүүгчийн захирамжид зааснаар “хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригийн асуудал” мөн боловч “өмнө нь” буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч аваагүй явдал нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Өмгөөлөгч авах зорилгоор шүүх хуралдаан хойшлуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамжийн үндэслэл бодит үнэнд нийцээгүй байх тул шүүхийн дүгнэлтийг буруу, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2016/00591 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1783 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН