Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 46

 

 

Н.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1039 дүгээр магадлалтай, Н.Э-д холбогдох 1810024850466 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэрийг гаргаж, миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д гэмт гарсан байдал /гэмт хэргийг  хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг заавал тогтоохыг шаардсан зүйл заалтыг буюу хохирогч С.Э-д учирсан гэх гэмтлийг хэн хэзээ, хэрхэн учруулсан болохыг нотлох баримтанд тулгуурлан шалгаж тогтоолгүйгээр миний үйлчлүүлэгчийг үйлдсэн мэтээр үндэслэлгүйгээр дүгнэсэн.

Учир нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Н.Э нь өөрийн гар утсаар цагдаагийн байгууллагад хандан “эхнэр согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ гэртээ агсан тавиад байна” гэх дуудлага өгсний дагуу цагдаагийн эргүүлийн албан хаагч нар түүний гэрт очиж, эхнэр нь болох С.Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг агсан тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан гэмт үйлдлийг нь таслан зогсоож, С.Э-г эрүүлжүүлэх байранд саатуулсан бөгөөд С.Э нь маргааш нь манай нөхөр намайг зодсон гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан ба шинжээчийн дүгнэлтээр түүнд хөнгөн гэмтэл учирсан байна гэж дүгнэсэн.

Гэтэл С.Э-г эрүүлжүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээн авах, эрүүлжүүлэх байранд хүлээн авах үед түүний эд зүйл болон биед үзлэг хийсэн тэмдэглэлд ... биед үзлэг хийхэд - ил харагдах шарх сорвигүй, согтолт-дунд зэргийн, гэртээ агсан тавьсан, эрүүлжүүлсэн хугацаа эрүүлжүүлэх байранд хонох үед догшин авирласан болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн эргүүлийн албан хаагч нар гэрт нь С.Э-н гэмт үйлдлийг таслан зогсоох хүртэлх хугацаанд түүнд гэмтэл учраагүй байсан, нөгөө талаас түүнд учирсан гэх гэмтэлд миний үйлчлүүлэгч Н.Э нь огт хамааралгүй болох нь хангалттай нотлогдож байна. Анхан шатны шүүх эрүүлжүүлэх байрны тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэхгүй орхигдуулсны улмаас Н.Э-г гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх үед анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ба Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,   Н.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэний гаргасан гомдлыг үндэслэн Н.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.  

Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 46А байрны 1901 тоот өөрийн гэртээ эхнэр С.Э-г бусадтай хардаж, “оройтож ирлээ” гэх шалтгаанаар үснээс нь зулгааж газар унаган нүүрэн тус газар цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.   

Харин анхан болон давж заалдах шатны шүүх Н.Э-н үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ. Учир нь гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон болно.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйчлэлийг зөв тогтоож байх шаардлагатай юм.

Шүүгдэгч Н.Э нь өөрийн эхнэр С.Э-г гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарах шалтгаан болсон, түүнчлэн хохирогчийн амьдралын буруу зан үйл, хэв шинж, зуршлыг засах үүднээс шаардлага тавихад хохирогч хэл амаар доромжилсноос шалтгаалж гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч Н.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээр шүүгдэгч Н.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлгүй алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Учир нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.Э-н үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цолмон-Эрдэнийн гаргасан “... шүүхийн шийдвэрүүд хэргийн бодит байдалд нийцээгүй, хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” агуулгатай гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1039 дүгээр магадлалд “Прокуророос Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй”, “Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Н.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.Э-н өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэний хяналтын шатны шүүхэд гаргасан "Хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай" гомдлыг хангасугай.

 

                                                                ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                                ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                                          Ч.ХОСБАЯР