Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 372

 

 ӨХА-ийн ХХ сум дахь СДПГ-ын ХП Ч.Б-ийн

дүгнэлттэй, тус аймгийн ХХ сумын БОХУБ Б.Б-д

 холбогдох зөрчлийн хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                         Б.Мөнхтуяа

                                               Д.Мөнхтуяа

                                               П.Соёл-Эрдэнэ

       Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

ӨХА-ийн ХХ сум дахь СДПГ-ын ХП Ч.Б-ийн: ”Тус аймгийн ХХ сумын БОХУБ Б.Б-гийн үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлт

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 121/ШШ2019/0010 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0458 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гуравдагч этгээд Д.Болдбаатар, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Батзаяа нарыг оролцуулж,

Гуравдагч этгээд Д.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 121/ШШ2019/0010 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн “Тус аймгийн ХХ сумын БОХУБ Б.Б-гийн үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлтийн зарим хэсгийг хангаж, Тус аймгийн ХХ сумын БОХУБ Б.Б-гийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0063661 дугаарт “ШИЙТГЭЛИЙН ХУУДАС”-аар ногдуулсан 28.700.000 /хорин найман сая долоон зуун мянган/ төгрөгийн торгуулийг 21.710.000 /хорин нэгэн сая долоон зуун арван мянган/ төгрөг болгож төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0458 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 121/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1, 54.1.1-д заасныг тус тус баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ӨХА-ийн ХХ сум дахь СДПГ-ын ХП Ч.Б-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

 3. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 121/ШШ2019/0010 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0458 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудаст дурдсанаар Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэн улмаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож, хохирол нөхөн төлбөрт 28.700.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

4. Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуулийн 25.3-д заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхийн эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.”, 25 дугаар зүйлийн 25.3-д “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид “тодорхойлолт" гэх/ олгоно”, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-д “Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,...торгоно" гэж тус тус зохицуулсан.

5. Уг хуулийн заалтуудаас харахад хоёр зүйлийг тодорхой болгосны дараа уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд:

-Тарваганд гарал үүслийн тодорхойлолтыг авах ёстой байсан эсэх асуудалд дүгнэлт өгөх. Энэхүү асуудалд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4 дүгээр дүгнэлт бичсэн нь үндэслэлтэй. Учир нь намайг буруутгасан хуулийн заалтуудад гарал үүслийн тодорхойлолт авах асуудлыг шууд заасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаартай тушаалаар “тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жил хүртэл хугацаагаар хориглосон..." учир гарал үүслийн бичиг олгох, авах асуудал огтхон ч үүсэхгүй юм. 

- Дээр дурдсан хуулиудад худалдсан, худалдан авсан бол гэх хоёр оролцогч дурдагддаг атал худалдсан хүмүүсийг шалгаж тогтоож хариуцлага хүлээлгээгүй нь иргэн миний эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдлыг үүсгэсэн.

6. Учир нь, байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гэх 28.700.000 төгрөгийг зөвхөн надаас гаргуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Гэтэл нөгөө талд тарвага, загасыг надад худалдсан хүмүүс байгаа бөгөөд тэдгээр хүмүүс нь хохирлоос тодорхой хэмжээгээр хариуцах ёстой гэж  үзэж байна.

Тарвага, загасыг худалдан авсан асуудалд иргэн намайг буруутгаж 300.000 төгрөгөөр торгож байгааг бол ойлгож хүлээн авч байгаа хэдий ч уг тарвага, загасыг худалдсан хүмүүсийн өмнөөс нөхөн төлбөрийн хариуцлага хүлээлгэж байгааг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь бусдын хариуцлагыг надад халдаан хэрэглэсэн гэж ойлгогдохоор байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд иргэн Д.Болдбаатар надад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан хариуцлагыг хянаж үндэслэлтэйгээр  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

8. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-ийн дагуу ӨХА-ийн ХХ сум дахь СДПГ-ын ХП Ч.Б-оос “Тус аймгийн ХХ сумын БОХУБ Б.Б-гийн үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлт буюу гомдол гаргасны дагуу анхан шатны шүүх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах алдааг гаргажээ.

9. Үүнд, прокурор буюу гомдол гаргагчаас маргаан бүхий акт болох Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсанд “...68 ширхэг тарваганд оногдуулсан 23,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг хасаж өөрчлөлт оруулах”-аар дүгнэлт бичсэн, гэтэл анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын хэн алиных нь шаардлагыг бүрэн хангах үндэслэлгүй гэж дүгнээд, “торгох шийтгэлийн төлбөрийн хэмжээг 30 хувиар багасгаж 16,310,000 төгрөг болгож шийдвэрлэх нь илүү шударга, бодитой шийдэл болно” хэмээн төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын /хариуцагчийн/ өмнөөс шийтгэл оногдуулсан агуулгатай байна.

10. Хэдийгээр анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасан  “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэснийг удирдлага болгосон байх боловч шүүхээс хуулийн уг зүйл, заалтыг гомдол гаргагч буюу нэхэмжлэгчийн маргаж байгаачлан тухайн маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг бууруулах хууль зүйн үндэслэлтэй тохиолдолд хэрэглэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актаар тогтоосон торгуулийг 30 хувиар багасгаж шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй, гагцхүү өөрийн үзэмжээр /захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглэж байгаа шиг/ “илүү шударга, бодитой” гэх үндэслэлээр торгуулийг багасгасан нь буруу юм.

11. Харин давж заалдах шатны шүүх прокурорын гаргасан дүгнэлт буюу гомдол нь “прокурорын үндсэн чиг үүрэг болон Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1, 54.1.1-д заасныг баримтлан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй.

12. Учир нь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн... дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “гомдол гэж... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлт” гэснийг “шийтгэлийг хөнгөдүүлсэн, эсхүл тухайн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байхад зөрчлийн хэрэг үүсгэн, шийтгэл ногдуулах зэргээр төрийн болон нийтийн эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргасан бол прокурорын дүгнэлт гаргана, харин хариуцлага оногдуулсан шийдвэрийг үгүйсгэж /тухайлбал, хөнгөлж/ дүгнэлт бичихгүй” гэж тайлбарлах боломжгүй юм.

13. Учир нь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар прокурор нь “зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах” бүрэн эрхтэй, энэ хүрээнд зөрчил оногдуулсан шийтгэл хууль ёсны эсэхэд хяналт тавих, хэрэв хууль бус гэж үзвэл хүчингүй болгуулах юм уу өөрчлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих эрхтэй бөгөөд дээрх хуулийн зүйл, заалтад “шийтгэлийг хүндрүүлэх зорилгоор дүгнэлт бичнэ, харин хөнгөрүүлэх агуулгаар дүгнэлт бичихгүй” гэж заагаагүй байна.

14. Иймд, дээрх хууль хэрэглээний алдааг засуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагатай байх тул гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

15. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 121/ШШ2019/0010 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0458 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ