Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 495

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Нямбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О,

Шүүгдэгч Ш.Ч, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД:0518/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Шгийн Чт холбогдох 1808012860246 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан  дүүргийн 18 дугаар хороо 1-р хороолол ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Шгийн Ч /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Ш.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 03-04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “555” караоке баарны гадна талбайд түүний төрсөн ах Ш.Д “чи муу одоо хүнтэй маргаад” гэж хэлсний улмаас түүний нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би хэргийн газар байгаагүй. ...Миний бодлоор талийгаач нь дүү Чт уурласан үедээ хатуу үг хэлсэн юм болов уу, ...хэрэг гардаг өдөр би гэртээ байгаагүй, аав Ш нь гэртээ байсан. ...гэрийн 4-5 түлхүүр байдаг. Шд, надад, Охин Болорцэцэгт нэг нэг байдаг. Талийгаач, Ч нарт түлхүүр байдаг, тэр өдөр авч явж байсан эсэхийг мэдэхгүй. ...нэхэмжлэх зүйл байхгүй. ... гомдолгүй ..." гэх мэдүүлэг /хх 40, 41 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

2.Шүүгдэгч Ш.Чийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 12-ны өглөө гэрээсээ буюу ХУД-ийн 15-р хороо Дөл хотхоны 97а-66 тоотоос 07 цагийн үед ажилдаа гарсан. Манай ажил СХД-ийн 18-р хороонд Автобус-2 баазын хашаанд байдаг, тэгээд ажилдаа ирээд орой 19 цагийн үед ажил тараад Цамбагарав орж Солонгос хэлний сургалтандаа суусан. Сургалтаас 21 цаг өнгөрч байхад тараад аавынхаа гэр болох СХД-ийн 18-р хороо Угсармалын 8-3 тоотод 22 цагийн үед очсон. Намайг очиход гэрт аав Ш, ах Д нар байсан. Ах бид 2 гоймонтой шөл хийж идээд 23 цаг өнгөрөөгөөд ах Д бид 2 гараад 5 шард байрлах “555” караокед очсон. Очоод 05 литрийн Хараа архи 1 шил, 1 шил /нийслэл байх/ пиво, 1 сав цэвэр ус авсан. Авсан зүйлээ уугаад дуулсан. Тэгээд би караоке дотор 2 хүнтэй маргасан, ах маань намайг болиулсан, тэгээд би ахтайгаа маргаад гадагшаа тамхилах гээд гарсан. Намайг гарсны дараа юм уу эхэнд ч юм уу ахыг гарсныг нь хараагүй байхад ах гадаа бас гараад ирсэн намайг “чи муу одоо хүнтэй маргаад” гээд миний шанаа болон цээж рүү баруун гараараа 4-5 удаа цохьсон. Би тэгээд уурандаа зөрүүлээд баруун гараараа ахынхаа нүүрэн хэсэг рүү нь 3-4 удаа цохьсон. Энэ үед ах бид хоёр газар унасан, би ирээд ахыгаа босгох гэхэд босохгүй хурхираад байсан. Би  ганцаараа өргөх гээд дийлээгүй болохоор аавыгаа дуудах гээд гэрлүүгээ яваад орц руу ороод хаалгаа нүдэхэд аав хаалгаа тайлаагүй. Тэгээд эргээд ах Д дээр ирэхэд цагдаа ирсэн байсан, намайг аваад явсан.  ... ” гэх мэдүүлэг  /хх 118-119, 125-126, 193-194 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

                3.Гэрч Ц.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 555 кафе, паб, буудал байдаг төвд байдаг цайны газарт нь тогоочын ажил хийдэг юм. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 22 цаг 35 минутанд цайны газраа хаагаад харихаасаа өмнө ганц дуулаад гаръя гэж бодоод өөрийн найз Дын хамт 555 төвийн кафены зааланд орж суугаад хүний хоёр, хоёр шил 0.5 литрийн пиво уугаад мөн хүний 100 грамм архи уугаад дуулж байгаад за 2-лаа явья гээд шөнийн 02 цаг болж байхад кафегаас гараад Дын гэрт нь очиж хонохоор болоод яг энэ кафений ардхан талд байдаг гэрт нь ороод байж байтал цагдаа нар орж ирсэн. ...Д бид 2-ыг кароаке дотор ороход нилээн халамцуу согтуу байдалтай 2 залуу дуулаад л хүний ширээ ширээн дээр очоод л дуулаад байсан. ...Д бид 2-ыг гарч явах үед тэр 2 залуу суугаад үлдсэн. ...Дын гэрт байхад цагдаа нар орж ирээд хүн нас барсан байна гэж хэлээд очиж үзэхэд уг кароаке паб дотор үйлчлүүлж байсан тусдаа явсан танихгүй 2 залуугийн нэг залуу нь өнгөрчихсөн байсан. Тэр залуу нилээн халамцуу согтолттой байдалтай, биеэ авч явах чадвар муутай байсан. Мөн хүн хүний ширээн дээр очиж суугаад л танилцья, хамт дуулья, энэ тэр гээд микрофон булаацалдаад л байсан. Надтай бол танилцаагүй. Дын хажууд ирж суучихаад л яриа өдөөд байсан. ...би яг 02 цаг болж байхад л гарсан байх гэх бодож байна. Тэрнээс хойш юу болсон талаар бол мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 45-47 х/,

 

                4.Гэрч Э.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “555” гэсэн нэртэй караокены цайны газар болох ажпын байран дээрээ байж байгаад 01 цагийн үед тогооч Дгийн хамт караокеныхоо заал руу ганц нэг пиво ууж дуулж суухаар орсон. Тэгээд бид хоёрыг караокед ороход үүдний ширээн дээр үл таних хоёр запуу, дараагийн ширээн дээр нь бид хоёр суусан ба бид хоёрын хажуу талын ширээн дээр найз болох Д хоёр найзтайгаа сууж байсан. Бид хоёр ороод нэг нэг пиво аваад 0,5 граммын Улаанбаатар нэртэй архи авч уугаад сууж байтал хажуу ширээний Д бид хоёрын ширээнд ирж суугаад архинаас хамт ууж юм ярьж сууж байгаад хамт явсан хоёр найз нь ирж сууж хамт дуулж, нэмж 0,75 граммын архи Д авч бид нар хувааж уусан. Энэ үед үүдний ширээн дээр сууж байсан тарган намхан залуу манай ширээн дээр суугаад байхаар нь би зөөгчийг нь дуудаж энэ хүнийг ширээнд нь суулга гэсэн шаардлага тавьсан. Тэр хүн нэлээн согтуу тэр хавийн ширээн дээр сууж байсан хүн болгон дээр очоод бүжиглээд янз бүр болоод байсан. Тэгээд бид нар сууж байгаад 03 цагийн үед гарах үед караоке дотор захын ширээн дээр сууж байсан хоёр хүн байхгүй байсан. Тэгээд бид нарыг караокены гадаа гарахад нас барсан гээд байгаа хүн буюу манай ширээнд ирж суугаад янз бүр болоод байсан залуу уначихсан чангаар хурхираад унтаад байсан. Энэ үед хамт явсан залуу нь би ахыгаа аваад харьлаа гэж байсан. ...тухайн үед бид нар болон караоке дотор сууж байсан хүмүүс хоорондоо хэрэлдэж маргаж зодоон цохион хийсэн үйлдэл ерөөсөө гаргаагүй. ...уг караоке хаах үед бөөнөөрөө гарсан гэхдээ бид нарыг гарах үед нас барсан байгаа гэх залуу гараад явчихсан ширээн дээрээ байхгүй байсан. Тэр хоёр залуу хоорондоо хэрэлдэж маргасан үйлдэл гаргаагүй. Дүү нь гэх залуу гарч яваад нэлээн удаж байгаад орж ирж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 48-50 х/,

 

               5.Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны 60 дугаар байрны 12 тоотод 4 давхарт оршин суудаг юм. Өчигдөр манай гэрт нөхөр Б бид хоёр байсан. 2018 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 03 цаг 40 минутын үед байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах 555 караоке паб гэсэн нэртэй баарны гадаа хүмүүс орлилдоод унтуулахгүй байхаар нь цагдаагийн 102 дугаарт 03 цаг 49 минутанд 555 баарны гадаа хүмүүс зодолдоод байна гэж дуудлага өгөхөд дуудлага хүлээн авлаа гэсэн. Тэгээд би унтлагын өрөөний цонх баар руу хойд зүгт харсан байдаг ба нөхөр бид хоёр цонхоор харахад баарны урд харанхуйд нэг машин гэрлээ манай байр луу тусгасан машин маш хурдтай ухраад замын хажуугийн хашлага хүчтэй мөргөөд их дуу чимээ гараад шууд чигээрээ баруун эргээд явсан. Тухайн үед газарт нэг хүн хэвтэж байсан ба би бодохдоо машинтай хүмүүс зодоод зугтаачихлаа гэж ойлгосон. Машин хөдлөөд явсны дараа нэг цагаан өнгийн куртиктай махлаг залуу манай ахыг яаж байгаа юм бэ босгоод ир гээд орилоод байсан. Хажууд нь 3 эмэгтэй бас нэг залуу байсан. Цагаан куртиктэй махлаг эрэгтэй хамт байсан эрэгтэй хүнтэй газар хэвтэж байсан эрэгтэй хүнийг өргөж босгох гээд дийлэхгүй байсан. ...эмэгтэй баараа хаагаад яваад өгсөн ба баарны үүдэнд цагаан куртиктай махлаг залуу, газар хэвтэж байсан эрэгтэй хүн хоёр үлдсэн. Тэгээд би орондоо ороод хэвтэж байгаад 04 цаг 37 минутанд дахиж босож харахад хэвтсэн хүн яг байрандаа хэвтсэн байдалтай, цагаан куртиктай махлаг залуу нь урд талын хашааг налж суугаад манай ахыг яаж байгаа юм бэ ахаа ахаа босоочээ гээд орилоод байсан. ...баарны үүдэнд намайг харахад 3 эмэгтэй хүн, цагаан куртиктай махлах залуу, бас нэг эрэгтэй хүн, бас газар нэг хүн хэвтэж байсан. Өөр хүмүүс байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 51-52 х/,

 

           6.Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 03 цаг 40 минутын үед манай эхнэр намайг сэрээхэд байрны хойд талд байрлах 555 караоке баарны гадаа хүмүүс хэрүүл хийгээд байхаар нь манай эхнэр Э цагдаагийн 102 руу 555 баарны гадаа хүмүүс зодолдоод бие биенээ алах гээд байна гэж дуудлага өгөөд эхнэр бид хоёр унтлагын өрөөний цонх баар руу хойд зүгт харсан байдаг учраас цонхоор харахад 3 эмэгтэй хүн бас нэг залуу байсан. Цагаан куртиктай махлаг эрэгтэй хамт байсан эрэгтэй хүнтэй газар хэвтэж байсан эрэгтэй хүнийг татаж босгох гээд чадахгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 53 х/,

 

              7.Гэрч Л.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018.03.12-ны орой 22 цагийн үед СХД-ийн нутагт байрлах 555 нэртэй караокед багын найз Д, манай аав Лгийн эгч Эгийн Т бид гурав Дын танидаг эгч нь ажилладаг гээд бага зэрэг пиво уусан. Бид нар бүжиглээд дуулаад пиво уугаад 0,5 гр Улаанбаатар арх уугаад дахиад 0,75 л Улаанбаатар архи авч Д тооцоог нь хийсэн. Тухайн үед манай хажуугийн ширээнд 2 эрэгтэй махлаг ах нар байсан, мухрын ширээн дээр 2 танихгүй эмэгтэй байсан. Тэгээд хамт явсан Т хажүугийн ширээнд байсан арай туранхай ахтай баарны гадаа юм яриад байсан. Би араас нь Дыг дуудсан эгчтэй нь гарч тамхилахад гадаа Т хажуугийн ширээний ахтай юм ярьж байгаад тамхиа татаад бууцаад баар луу ороод бүжиглэхэд хажуугийн ширээнд сууж байсан махлаг хоёр ахын арай тарган нь бид нартай сууж байсан эмэгтэйг хамт бүжиглэе гэхэд эмэгтэй дургүйцээд гарахгүй болохоор нь нөгөө ах гараад явсан. Араас нь Д гараад будүүн ахтай коридорт юм яриад зогсож байхаар нь би араас нь гараад Дыг буцааж оруулж ирсэн. Тэгээд бид нар ширээндээ сууж хэсэг байж байгаад Д бид хоёр салхилах гээд гадагшаа гарахад 555 баар луу ордог шатны баруун талд манай хажуугийн ширээн дээр сууж байсан 2 махлаг ах хоорондоо гараараа цохилцоод зодолдоод байсан. Цагаан куртиктай арай туранхай ах нь арай бүдүүн ахыг цохисон чинь газар уначихаар нь Д бид хоёр буцаад баар луу орсон. Бааранд ороод бүжиглээд дуу дуулаад хэсэг байж байгаад дуусаад бөөндөө гарах үед нь би түрүүлээд ганцаараа гарахад цагаан куртиктэй махлаг ах намайг барьж аваад чи яахаараа ахыг зоддог юм бэ гэхээр нь юу яриад байгаа юм бэ чи өөрөө зодоо биздээ гэсэн чинь намайг заамдаж авахаар нь би барьж аваад шатан дээр мушгиад унагаахад араас хамт явсан хүмүүс гарч ирээд машиндаа сууцгаасан. Намайг машинд суух гэхэд зууралдаад байсан. Машины арын суудлын жолоочын эсрэг талын хойд талд суухад хаалга хаалгахгүй намайг зуураад тавихгүй байхаар нь Тг туслаад салгаадах гэсэн чинь намайг татаад машинаас буүлгахад Д саарал өнгийн ПРИҮС-30 машинаа жолоодоод ухраад яваад өгсөн. Би араас нь гүйхэд намайг хаяаад яваад өгсөн. Т бид хоёр үлдээд араас. нь 555 баарны хойд талд байдаг гэр лүү нь очиход байхгүй байсан. Араас хамт бааранд сууж байсан 2 эмэгтэй ирээд Дыг асуухад мэдэхгүй гээд гэр лүүгээ орсон. Т бид хоёр буцаад 555 баарны гадаа очиход Т байрны буланд үлдээд би баарны үүдэнд очиход цагаан куртиктэй махлаг ах хажууд нь суучихсан, нөгөө тарган ах нь нүүр нь цус болчихсон хурхираад сэрэхгүй хэвтээд байсан.  Тэгсэн цагаан куртиктэй ах босгоод манай гэрт оруулий гэхээр нь би зүүн гараас нь сугадаад нөгөө ах баруун гараас нь сугадаад өргөх гэсэн чинь ерөөсөө даагдахгүй байхаар нь үлдээгээд явсан. Тэгээд Т бид 2 замаас такси бариад Нарангийн гол руу явсан. Тэгсэн өглөө унтаж байхад 2 цагдаа ирээд цагдаагийн газарт авчирсан. ...” гэх мэдүүлэг /хх 54-55 х/,

 

           8.Гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... биднийг дуулж, бүжиглэж байхад 40 орчим насны 2 хүний арай ахмад настай нь хажуугаар явахдаа муухай хараад, салаавч гаргаад зохисгүй авир гаргаад байсан. ...хэсэг хугацааны дараа харсан чинь нөгөө 2 хүн гараад явсан байсан. Ж хэсэг байж байгаад гадагшаа тамхи татахаар гарсан юмуу даа орж ирээд нөгөө 2 чинь гадаа зодолдож байна гэж хэлсэн. Тэгэхэд нь гадагшаа гарахад бие биенээ цохиж зодолдож байсан. Тэр 2 бааранд байхдаа ах дүү хоёр гэж ярьж байсан. Цаг барагцаагаар 04 цаг өнгөрч байхад баарнаас бөөнөөрөө гарсан. ...тэгэхэд нөгөө ах дүү 2 ноцолдоод л байж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 56-58 х/,

 

              9.Гэрч Н.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “555” нэртэй караоке баарыг ажиллуулдаг юм. 2018 оны 03 дугаар сарын 12 ны өдөр 15 цагийн орчим би ажил дээрээ ирээд баараа онгойлгож ажиллуулаад шөнө 03 цаг 15 минутын орчим баараа хаахад бааранд 8-р ширээ буюу үүдний ширээн дээр махлаг бор залуу болон цагаан куртиктэй залуу хоёр суугаад зүүн талын ширээ буюу 7 дугаар ширээн дээр 2 хүүхэн, 3-н залуу , голын 6 дугаар ширээн дээр 1 залуу, 1 эмэгтэй, зүүн талын булангийн 5 дугаар ширээн дээр 2 эмэгтэй хүмүүс сууж байсан. Ингээд хүмүүсийг гарахыг хүлээгээд байж байхад 03 цаг 30 миунтын орчимд махлаг залуу, цагаан куртиктэй залуу хоёр гарч яваад үлдсэн хүмүүс нь сүүлийн 3-н бүжиг гээд бүжиглээд цуварч гарч явсаар булангийн ширээн дээр сууж байсан 2 эмэгтэй үлдсэн. ... би тооцоогоо хийгээд байж байтал 7 дугаар ширээн дээр сууж байгаад гарсан 2 хүүхэн, 3-н залуугийн 1 эмэгтэй нь орж ирээд эгчээ гадаа байгаа хүмүүс манай хамт явж байгаа залуучуудтай зодолдох гээд байна ш дээ гэхээр нь гартал баарны үүдэнд цайвар өнгийн суудлын авто машин зогсож байсан, манай баарнаас түрүүнд нь гарсан цагаан куртиктэй залуу арын хаалгыг нь онгойлгоод цээжин биеэ оруулчихсан дотор нь байгаа хүмүүсийг цохиод байгаа бололтой сарвалзаад байж байсан. Тэгээд би очоод чи яаж байгаа залуу вэ? одоо болтол явахгүй юугаа хийгээд байгаа юм гээд татаад салгахад муусайн пизданууд гээд хараагаад тэр үед нөгөөх суудлын машин хөдлөөд явчихсан. Тэр үед цагаан куртиктэй залуутай хамт явсан махлаг бор залуу газарт хэвтэж байхаар нь энэ яачихсан юм бэ? гээд очоод хартал хамраас нь цус гарчихсан байхаар нь цагаан куртиктэй залууд нь чи энэ залуугаа аваад явахгүй яасан юм бэ? хамар амнаас нь яагаад цус гараад байгаа юм гэхэд одоо явлаа барменаар чинь хүргүүлье гээд бармен руу агсраад байхаар нь би барменаа ганцааранг нь явуулахгүй, чи хүлээж бай хамт явна гээд би буцаж ороод хаалгаа цоожлоод гарч ирэхэд махлаг бор залуу нь босоод суучихсан цагаан куртиктэй залуу нь хажууд нь зогсоод ахаа босоо хоёулаа явъя гээд зогсож байсан. Тэгээд би гарч ирээд хүргэж өгөх санаатай хажууд нь очтол булангийн ширээнд найз эмэгтэйтэйгээ сууж байсан эмэгтэйг хэл амаар доромжлоод байхаар нь чи ингээд байх юм бол чамайг хүргэж өгч чадахгүй, чамайг цагдаа дуудаж өглөө гэхэд тэрээр манайх ойрхон одоо ингээд явлаа гэхээр нь тэгвэл бид нар явлаа гээд яваад өгсөн. ...бааранд ямар нэгэн зодоон цохион хэрүүл маргаан болоогүй. Харин гадаа юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 59-61, 62 х/,

 

             10.Гэрч Д.Шгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай бага хүү. Бага насандаа бие бялдар сайтай, гэрээс болон үгнээс гардаггүй, хүмүүжилтэй хүүхэд байсан. Төлөв даруу, бусадтай зүй зохистой харилцдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, бусадтай муудалцаж элдэв асуудалд орж байгаагүй. Манай хоёр хүү хоёулаа хүмүүжилтэй сайн хүүхдүүд, хоорондоо хэрэлдэж, муудалцаад байх зүйл байхгүй. Гэр бүлийнхээ төлөө бие биенээ гэсэн хүүхдүүд. Бусад хүмүүст муу санаад байх асуудал байхгүй. ...Манай гэрийн хаалга хонх байхгүй. Манайх 1-р давхарт байдаг болохоор хүүхдүүд хаалга үүд цохиод өшиглөөд байдаг болохоор бага зэргийн чимээг сонсоод байдаггүй. Би тухайн үед их ядарсан байсан, тэгээд шөнө байсан болохоор ямар ч чимээ сонсоогүй унтсан байсан. Тэр орой 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ч ирэхэд өөрийн түлхүүрээрээ онгойлгож орсон юм шиг байсан, орой гараад хаалгаа цоожлоогүй юм шиг байна лээ би өглөө 09 цагийн үед сэрээд харахад манай хүүхэд гэртээ байхгүй байсан, тэгээд гарах гэтэл хаалга цоожгүй онгорхой байсан, 1 гараад машинаа харчихаад орж ирээд 2 хүүхдийнхээ өрөө рүү ороход Д өрөөнд 2 гар утсаа цэнэглээд орхисон байсан. Чын утас нь гэрт байхгүй байсан, тэгэхээр Ч утсаа аваад гарсан байх гэрийн хаалга онгорхой байсан. Ч гэрийн түлхүүрээ аваагүй гарсан байх саяхан үзэхэд нэг түлхүүр гэрт байсан тэгэхээр тэр хоёрын нэг нь түлхүүрээ аваад гарсан байж магадгүй гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх 63-64, 65 х/,

 

             11.Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... дуудлагын дагуу 04 цаг 15-20 минутын орчим очсон. ...караокены гадаа цас хайлж ус тунасан газрын ирмэг дээр 40 гаран насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай, нүүрэн тус газар нь цус болсон ухаангүй хэвтэж байсан. ... нөгөө цагдаагаа үлдээчихээд тэр хавиар шалгахад Ч гэх залуу ахыг хайж явна гээд 1 дүгээр байрны тэнд явж байхад нь саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 66-67 х/,

 

       12.Шинжээчийн 674 дугаар дүгнэлт.

           1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын салстад зөөлөн эдийн няцрал, шарх, эрүү, зүүн хацарт зулгаралт, хэвлий, баруун нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Тухайн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд үхэлд хүргэхгүй.

3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4.Талийгаачийн цусанд 2.6 промилли, ходоодны шингэнд 4.5 промилли, шээсэнд 2.8 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Талийгаачийн цусанд 2.6 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Талийгаач нь биологийн шинжилгээгээр ВЗ-р бүлгийн цустай байна.

5.Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6.Талийгаач нь осголтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. гэх дүгнэлт /хх 74-75 х/

 

               13.Шинжээч эмч Т.Чимид-Очирын "...-2 градусын хэмд хүн осгох бүрэн боломжтой. ...хүчтэй зэргийн согтолт гэдэг нь цусанд 2,5-3 промилийн спиртийн зүйл илэрч байгааг хэлнэ. ...Хүчтэй зэргийн согтолттой ч гэсэн тухайн хүний бие организм, спирт шингээх чадвараас хамаарч үйл хөдөлгөөн, ухамсарт үйлдэл хийх нь өөр байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 80-81 х/,

 

                14.Шинжээчийн 542 дугаар дүгнэлт

1.Урьд гаргасан 2018.04.03-ний өдрийн 674 шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Агаарын температур -2 градустай гадаах орчинд цусанд 2,6 промилли, ходоодны шингэнд 4,5 промилли, шээсэнд 2,8 промилли спиртийн зүйл илэрсэн, хүчтэй зэргийн согтолттой хүн ямар хугацаанд нас барах боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.

          3.Талийгаач нь амьсгал бүтэлт болон гэмтлийн улмаас нас бараагүй болно.

          4.Талийгаачийн цогцосны гадна үзлэгээр төмсөг татагдсан, дотор эрхтний шинжилгээгээр ходоодны салстад голомтлог цус харвалттай /Вишневский толбо/, эд эсийн шинжилгээгээр тогтоогдсон нь осголтын үед илэрдэг шинжүүд юм. гэх дүгнэлт /хх 178-180 х/

 

          15.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-14 х/

          16.Ш.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 128, 131 х/

          17.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 133 х/

          18.Жолоочийн лавлагаа /хх 134 х/

          19.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 136 х/

           20.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 137 х/  

21.Хувийн байдлын тодорхойлолтууд /хх 143-148 х/

22.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 195 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

  ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ:

                Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн саналаар шинжлэн судлагдсан гэрч Ц.Дгийн мэдүүлэг /хх 45-47 х/, гэрч Э.Дын мэдүүлэг /хх 48-50 х/, гэрч Д.Эгийн мэдүүлэг /хх 51-52 х/-үүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шууд хамааралгүй нотлох баримтууд гэж шүүх үзсэн тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлээгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

           Ш.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 03-04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “555” караоке баарны гадна талбайд түүний төрсөн ах Ш.Д “чи муу одоо хүнтэй маргаад” гэж хэлсний улмаас түүний нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохисон болох нь:

Шүүгдэгч Ш.Чийн “... би караоке дотор 2 хүнтэй маргасан, ах маань намайг болиулсан, тэгээд би ахтайгаа маргаад гадагшаа тамхилах гээд гарсан. Намайг гарсны дараа юм уу эхэнд ч юм уу ахыг гарсныг нь хараагүй байхад ах гадаа бас гараад ирсэн намайг “чи муу одоо хүнтэй маргаад” гээд миний шанаа болон цээж рүү баруун гараараа 4-5 удаа цохьсон. Би тэгээд уурандаа зөрүүлээд баруун гараараа ахынхаа нүүрэн хэсэг рүү нь 3-4 удаа цохьсон. Энэ үед ах бид хоёр газар унасан, би ирээд ахыгаа босгох гэхэд босохгүй хурхираад байсан. ... ” гэх мэдүүлэг  /хх 118-119, 125-126, 193-194 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Гэрч Н.Бийн “... 03 цаг 40 минутын үед манай эхнэр намайг сэрээхэд байрны хойд талд байрлах 555 караоке баарны гадаа хүмүүс хэрүүл хийгээд байхаар нь манай эхнэр Э цагдаагийн 102 руу 555 баарны гадаа хүмүүс зодолдоод бие биенээ алах гээд байна гэж дуудлага өгөөд эхнэр бид хоёр унтлагын өрөөний цонх баар руу хойд зүгт харсан байдаг учраас цонхоор харахад 3 эмэгтэй хүн бас нэг залуу байсан. Цагаан куртиктай махлаг эрэгтэй хамт байсан эрэгтэй хүнтэй газар хэвтэж байсан эрэгтэй хүнийг татаж босгох гээд чадахгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 53 х/,

               Гэрч Л.Жгийн “... Д бид хоёр салхилах гээд гадагшаа гарахад 555 баар луу ордог шатны баруун талд манай хажуугийн ширээн дээр сууж байсан 2 махлаг ах хоорондоо гараараа цохилцоод зодолдоод байсан. Цагаан куртиктай арай туранхай ах нь арай бүдүүн ахыг цохисон чинь газар уначихаар нь Д бид хоёр буцаад баар луу орсон. ...” гэх мэдүүлэг /хх 54-55 х/,

           Гэрч Б.Дын “... Ж хэсэг байж байгаад гадагшаа тамхи татахаар гарсан юмуу даа орж ирээд нөгөө 2 чинь гадаа зодолдож байна гэж хэлсэн. Тэгэхэд нь гадагшаа гарахад бие биенээ цохиж зодолдож байсан. ...” гэх мэдүүлэг /хх 56-58 х/,

              Гэрч Н.Оийн “... би очоод чи яаж байгаа залуу вэ? одоо болтол явахгүй юугаа хийгээд байгаа юм гээд татаад салгахад муусайн пизданууд гээд хараагаад тэр үед нөгөөх суудлын машин хөдлөөд явчихсан. Тэр үед цагаан куртиктэй залуутай хамт явсан махлаг бор залуу газарт хэвтэж байхаар нь энэ яачихсан юм бэ? гээд очоод хартал хамраас нь цус гарчихсан байхаар нь цагаан куртиктэй залууд нь чи энэ залуугаа аваад явахгүй яасан юм бэ? хамар амнаас нь яагаад цус гараад байгаа юм гэхэд одоо явлаа барменаар чинь хүргүүлье гээд бармен руу агсраад байхаар нь би барменаа ганцааранг нь явуулахгүй гэсэн ...” гэх мэдүүлэг /хх 59-61, 62 х/,

               Гэрч Б.Бийн “... дуудлагын дагуу 04 цаг 15-20 минутын орчим очсон. ...караокены гадаа цас хайлж ус тунасан газрын ирмэг дээр 40 гаран насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай, нүүрэн тус газар нь цус болсон ухаангүй хэвтэж байсан. ... нөгөө цагдаагаа үлдээчихээд тэр хавиар шалгахад Ч гэх залуу ахыг хайж явна гээд 1 дүгээр байрны тэнд явж байхад нь саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 66-67 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:  

Ш.Ч өөрийн төрсөн ах Ш.Дгийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдлийн улмаас  хөнгөн гэмтэл учруулсан нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

            Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол Ш.Дгийн эрүүл мэндэд “хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын салстад зөөлөн эдийн няцрал, шарх, эрүү, зүүн хацарт зулгаралт, хэвлий, баруун нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл /хх 74-75 х/ учирсан нь Ш.Чийн түүний нүүрэн тус газар гараараа цохисон үйлдлээс үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас уг гэмтлийн улмаас үүссэн хор уршиг, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 74-75, 178-180 х/  гэж дүгнэсэн зэрэг нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаас харахад Ш.Чийн Ш.Дг зодсон үйлдэл нь түүний өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Ш.Ч нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.  

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.-д ..., төрсөн ... ах ... дүү гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

 

     Шүүгдэгч Ш.Ч, хохирогч Ш.Д хоёр төрсөн ах, дүү нар болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ш.Чийг өөрийн төрсөн ах Ш.Дгийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ш.Чийн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Ш.Чт холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, хор уршгийн хувьд их биш, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг байсан, цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжтой зэргийг харгалзан түүнд 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Ш.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр баривчлагдаж, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 30 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар урьдчилан цагдан хоригдсон 01 хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцоход 30х15000=450,000 төгрөг болж байгаа тул 1,400,000 /оногдуулсан ял/ - 450,000 /цагдан хоригдсон 30 хоногтой дүйцэх торгууль/ = 950,000 /эдлэх ял/ төгрөгийн торгуулийн ялыг эдлүүлэхээр тогтоосон болно.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгч 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Х овогт Шгийн Чийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Чийг 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ш.Чт 1,400,000 /оногдуулсан ял/ - 450,000 /цагдан хоригдсон 30 хоногтой дүйцэх торгууль/ = 950,000 /эдлэх ял/ төгрөгийн торгуулийн ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ш.Чт үүрэг болгосугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ш.Чт мэдэгдсүгэй.

 

   6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            7.Ш.Чинзоргийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, 30 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ