Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
Хэргийн индекс | 2406014961903 |
Дугаар | 2024/ДШМ/1189 |
Огноо | 2024-10-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | З.Өлзийхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/1189
2024 10 24 2024/ДШМ/1189
Б.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/972 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Батбаярын бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаар эсэргүүцлээр Б.Дд холбогдох эрүүгийн 2406014961903 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулга илтгэснээр хянан хэлэлцэв.
Цэнд овгийн Б.Д, 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..................... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “....................” нэртэй бааранд хохирогч О.Б гийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан торгох ялыг зургаа /6/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч О.Б нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Дгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Б.Батбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “…шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “ ...улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэг “Төр нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй" гэж заасныг үндэслэл болгон хохирогч О.Бгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн үйлчилгээ авсан гэх 222.000 төгрөгийг тус санд олгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтад “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хамруулахаар заасан. Иргэний нэхэмжлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхойлж, иргэний нэхэмжлэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлэх тул улсын яллагчид иргэний нэхэмжлэгчийн эрх үүрэг хуулиар олгогдоогүй гэж үзэв. Эрүүл мэндийн даатгалын сан нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл” бүхий хуулийн этгээд юм. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар заажээ” гэсэн ойлгомжгүй, хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн байна. Мөн шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой прокурор шүүх хуралдаанд оролцохдоо гаргасан нэхэмжлэлийг бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих, хэрэгсэхгүй болгосон эсэхийн аль нь болохыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эрүүл мэндийн даатгалын сан” гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг” гэж тодорхойлсон бөгөөд энэ нь нийтийн сан юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ” гэж заасны дагуу прокурор хариуцан нэхэмжлэх эрхтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлд прокурор шүүх хуралдаанд оролцох асуудлыг зохицуулсан ба мөн зүйлийн 8 дахь заалтад Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Дээрх хуулиудад заасан нарийвчилсан зохицуулалтуудаар гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг прокурор нэхэмжлэх эрхийг олгосон байхад анхан шатны шүүх прокурорыг нэхэмжлэл гаргах эрхгүй мэтээр дүгнэж, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэж, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор З.Өлзийхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн бөгөөд миний бие уг эсэргүүцлийг дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхээс прокурорын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “прокурор нэхэмжлэл гаргах эрхгүй тул хэлэлцэхгүй орхилоо” гэх байдлаар тайлбарласан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэг энэ талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл, прокурор нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодорхой заагаагүй нь шийтгэх тогтоол тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан. Прокурор хуульд заасан тус эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж, анхан шатны шүүх хуралдаанд энэ тухай саналаа илэрхийлж, нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж, “прокурор нэхэмжлэх эрхгүй” гэж шийтгэх тогтоолдоо дурдсан нь ойлгомжгүй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу эрүүл мэндийн байгууллагыг Эрүүл мэндийн ерөнхий газар гэж ойлгоно. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм. Иймээс прокурор эрүүгийн хэрэгтэй хамтатган гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ................... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...............” нэртэй бааранд хохирогч О.Бгийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч О.Бгийн “...Тухайн үед би ганцаараа явж байсан. 03 цагийн үед тухайн бааранд сууж байсан ширээний ойролцоо намайг үл таних 1 залуу миний нүүр хэсэгт 1 удаа мөргөсөн. Миний хамар хугарсан тэр үед ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл байхгүй. ...” /хх 14/,
шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өгсөн: “...Миний сууж байсан ширээн дээр нэг үл таних улаан өнгийн гадуур хувцастай 20-25 орчим насны залуу ирсэн байсан. Ширээ рүү очоод манай ширээн дээр ирсэн улаан өнгийн гадуур хувцастай үл таних залууг хойш түлхсэн. Энэ үед нөгөө чаддаг юм бол чи намайг цохиорой гэж хэлсэн тул миний уур хүрээд тухайн залуугийн хамар хэсэгт 1 удаа өөрийн дух хэсгээр мөргөсөн. ...” /хх 60-61/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3373 дугаар “О.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хоёр зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 18-19/ гэсэн дүгнэлт,
камерын бичлэгт үзлэг хийж “... бичлэгт баарны бүжгийн талбайд хүмүүс бүжиглэж байв... бүжгийн талбайгаас ирсэн хар өнгийн өмд, хар өнгийн хагас ханцуйтай цамцтай эрэгтэй хүн улаан өнгийн цамцтай эрэгтэйг хамар хэсэгт нь нэг удаа өөрийн дух хэсгээр мөргөж байна. Харин тухайн бааранд байсан хүмүүс уг хоёр залууг хоёр тийш холдуулж буй бичлэг байна...” гэснийг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-25/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Дээд шатны прокурор Б.Батбаяр “...гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг прокурор нэхэмжлэх эрхийг олгосон байхад анхан шатны шүүх прокурорыг нэхэмжлэл гаргах эрхгүй мэтээр дүгнэж, хууль хэрэглээний алдаа гаргасан тул шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.
Хэргээс үзэхэд прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэл гаргаагүй, харин шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо хэлэлцүүлгийн төгсгөлд дүгнэлт хэлэх үедээ иргэний нэхэмжлэлтэй холбоотой зүйл хэлжээ. Энэ нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын тайлбараар давхар нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Төр нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэх заалтыг хэрэглэх тухайд тухайн прокурорын газар нь дээр дурдсан заалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын санг төлөөлөн иргэний нэхэмжлэл гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан иргэний нэхэмжлэгчийн эдлэх эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцох ёстой.
Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхойлж, иргэний нэхэмжлэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлэх тул иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй улсын яллагчид иргэний нэхэмжлэгчийн эрх үүрэг хуулиар олгогдоогүй гэж дүгнэснийг буруутгах эсхүл өөрчлөн дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/972 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Б.Батбаярын бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА