Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00725

 

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00725

 

“М” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00672 дугаар шийдвэртэй,

“М” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

М.С-т холбогдох

Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 7 дугаар орц “00” тоот техникийн өрөөг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Чингэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч М.С-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “М” сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22 а болон 14 дүгээр байрны оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалж ажилладаг. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу тус байрны “00” тоот техникийн өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаардаг болно.

Тухайн техникийн өрөө нь тус байрны 72 айлын цахилгааныг тэжээлээр хангаж байсан боловч цахилгааны ерөнхий самбарыг холбогдох техникийн нөхцөл, газардуулгагүйгээр, лифтний хажуу талын хонгилд хууль бусаар зөөн шилжүүлж, М.С- нь зөвшөөрөлгүйгээр олон жил эзэмшилдээ байлгаж ирсэн. “М” сууц өмчлөгчдийн холбоо нь М.С-т 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зөвшөөрөлгүй тохиолдолд чөлөөлж өгөхийг мэдэгдэж мэдэгдэл хүргүүлж байсан. Гэтэл тус хугацаанаас хойш дундын өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй өдий хүрсэн тул сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 09 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дахин мэдэгдэл өгсөн боловч М.С- нь өнөөдрийг хүртэл “00” тоот техникийн өрөөг сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгөөгүй байна.

Иргэн П.З-ыг тухайн өрөөг эзэмших эрхийн бичигтэй гэдгийг сүүлд мэдсэн. Сууц өмчлөгчдийн холбоонд П.З-ын талаар мэдээлэл байхгүй. Эзэмших эрхийн гэрчилгээ нь хууль батлахаас өмнө олгогдсон байна.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, оршин суугчдын эрх, ашигт хохирол учруулж буй үйлдлийг таслан зогсоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох “00” тоот техникийн өрөөг М.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие М.С- нь тус “М” сууц өмчлөгчдийн холбоонд 2000 оноос хойш 2019 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Миний нөхөр болох Т.Баатарчулуун нь 2012 оноос тус сууц өмчлөгчдийн холбоонд өнөөдрийг хүртэл лифтчинээр тасралтгүй 10 жил ажиллаж байгаа. Бид ам бүл 5, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 7 дугаар орцны “00” тоотод 2013 оноос хойш амьдарч байна.

Уг “00” тоот өрөө нь 2003 онд иргэн П.З-ын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Улмаар тэрээр Орон сууц ашиглалтын 6 дугаар контортой гэрээ байгуулан эзэмших эрхээ авсан байдаг. Засгийн газрын 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 140 дугаар тогтоолоор төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд шилжүүлэх зөвшөөрлийг Төрийн өмчийн хороонд даалгасан. Төрийн өмчийн хороо 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1а/924 албан бичигт иргэдийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн талаар тусгагдсан байна.

Иргэн П.З-ын зөвшөөрлөөр 2013 оноос эхлэн эзэмшиж байгаа. Тухайн үед цахилгааны шит байгаагүй. Бидний гэр бүл нь уг “00” тоотоос өөр орох оронгүй, олон жил тус сууц өмчлөгчдийн холбоонд үр бүтээлтэй ажиллаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 14 дүгээр байр, 7 дугаар орц, “00” тоот техникийн өрөөг хариуцагч М.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “М” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С-аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх бусдын эзэмшлийн орон сууцыг сууц өмчлөгчдийн холбооны өмч гэж тайлбарлаж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр иргэн П.З-ын эзэмшлийн орон сууцнаас намайг албадан чөлөөлөх шийдвэр гаргасан нь буруу болжээ. Уг “00” тоот өрөө нь иргэн П.З-ын эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх “2003 онд эзэмших эрх олгогдож байсан П.З- нь сууц өмчлөгчдийн холбооны хуулиар олгосон өмчлөх эрхийг хязгаарлах боломжгүй” гэж дүгнэсэн нь хууль бус юм. Тус байр иргэн П.З-ын эзэмшилд байдаг эсэхийг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Улмаар иргэн П.З- болон миний эрхэнд халдсан үндэслэлгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчээс тухайн “00” тоот өрөөг сууц өмчлөгчдийн холбооны өмч гэж тайлбар гаргаагүй. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар тухайн техникийн өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооных бус сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаардаг. Хариуцагч 2013 оноос хойш тухайн техникийн өрөөнд амьдарч байгаа талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч талаас тухайн тоотод амьдарч эзэмшилдээ байлгаж байгаа нь хууль бус гэх асуудал дээр маргаж байгаа юм. Нэхэмжлэгч талаас “00” тоотод амьдарч байгаа М.С-тай маргаж байгаа, П.З-тай холбоотой асуудал тус хэрэгт байхгүй. сууц өмчлөгчдийн холбооноос тухайн өрөө М.С-ын эзэмшилд бодитоор байгаа учир эзэмшил нь үндэслэлтэй эсэх талаар холбогдох баримтаа өгөхийг шаардаж байсан. М.С- нь П.З-тай холбоотой баримтыг үзүүлж байгаагүй. Эзэмших эрхийн гэрчилгээг 2003 онд авсны дараа Сууц өмчлөгчдийн холбооны хууль батлагдсан. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших гэж байгаа бол Сууц өмчлөгчдийн холбооноос зөвшөөрөл авч, холбогдох гэрээгээ байгуулах ёстой.

Нэхэмжлэгчийн зүгээс П.З-ыг хамтран хариуцагчаар оруулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийг өгсөн боловч тухайн нэхэмжлэл хуулийн шаардлага хангаагүй учир шүүх хүлээн авахаас татгалзсан. Шүүх талуудын өгсөн баримтын хүрээнд дүгнэлт хийсэн.

Энэ сууцыг зориулалтын дагуу ашиглах ёстой. 2015 онд техникийн өрөөний зориулалт алдагдсан. Цахилгааны самбар зориулалтын бусаар суурилуулсантай холбоотой мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох дүгнэлт гарсан, айл өрхийн галын, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрх зөрчигдөж байгаа учир Сууц өмчлөгчдийн холбоо нэхэмжлэл гаргасан. П.З-ын эрхэд халдсан гэх асуудлыг энэ маргаанд шийдвэрлээгүй. П.З- нь  зөвшөөрсөн гэх баримтыг гаргаж өгсөн, өөр ямар ч баримт гаргаж өгөөгүй. Иймд хариуцагчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2.а. Нэхэмжлэгч “М” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.С-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 14 дүгээр байр, 7 дугаар орц, “00” тоот техникийн өрөөг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.б. 2013 оноос эхлэн одоог хүртэл М.С- нь маргаж буй “00” тоот орон сууцанд оршин суудаг үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

3. Нэхэмжлэгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул уг “00” тоот техникийн өрөөг М.С- хууль бусаар эзэмшиж байна гэж тайлбарласан.

 

3.а. Хэрэгт Улаанбаатар хотын АДХ-н гүйцэтгэх захиргаанаас 2003 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн П.З- маргаж буй “00” тоот нэг өрөө сууцыг эзэмшүүлж, Орон сууц ашиглалтын 6 дугаар контортой гэрээ байгуулахыг зөвшөөрч, орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон баримт авагдсан. /хх 31/ Улмаар П.З- нь уг “00” тоот сууцанд М.С-ыг гэр бүлийн хамт оршин суух зөвшөөрөл олгосноо илэрхийлж, бичгээр тайлбар гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шүүхэд ирүүлжээ. /хх 32/

 

3.б. Засгийн газрын 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай” 140 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын 2003 оны 27 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг үндэслэн төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

 

3.в. П.З-т олгогдсон орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болж уг маргаан бүхий техникийн өрөөг дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч “М” сууц өмчлөгчдийн холбоог Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан уг сууцны өмчлөгч гэж үзэх боломжгүй. 

3.г Орон сууц эзэмших эрхийн бичгийг П.З-т олгосны дараа буюу 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн нь эзэмшигч, өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М.С-ын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 7 дугаар орц “00” тоот техникийн өрөөг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “М” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА