| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0461/Э |
| Дугаар | 500 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 500
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч М.Амарзаяа,
Хохирогч Д.О,
Шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дум овогт Рын А-д холбогдох 1808014600490 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Төвхөн тулга” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы ...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Дум овогт Рын А /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Р.А нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 5-7 тоотод хамтран амьдрагч Д.О, түүний найз Ннарын хамт архидан согтуурах үедээ “Нармандахын согтуу үеийн зургийг авч хүмүүст тараасан” асуудлаас үүдэн маргалдаж Д.Оыг нүүрэн тус газар нь өшиглөх, гарыг хазах, хогийн шүүрээр гуян тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын цус хуралт, баруун гарын 2-р хуруу, зүүн гарын 5-р хурууны хазагдсан шарх, зүүн гуяны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2011 оноос хойш Аптантулгатай хамтран амьдарч байгаа. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр намын дотоод сонгууль болох гээд би ажилтай байсан учир Аыг охиноо сургуулиас нь авчихаарай гэж хэлсэн. Орой 20 цагийн үед хамт ажилладаг Нармандахын хамт гэртээ ирсэн. Н0.75 литрийн Хараа архи авчирсныг хамт ууцгаасан. 2017 онд Нманайд ирж архи уугаад тасраад унасан байхад өмдийг нь шувтлаад зургийг нь авч байсан юм. Тэр талаар ярьж байгаад маргалдсан чинь А нь намайг мэдээгүй байхад нүүр орчим 1 удаа өшиглөсөн, шүд хугалж магадгүй гээд гараараа хаагаад хүзүүн дэх сахиуснаас нь таттал баруун гарын долоовор хуруунаас хазчихсан, нөгөө гараараа хаасан чинь чигчий хурууг хазчихсан, орон дээр хэвтэж байтал миний зүүн гуя орчим газар шүүрээр цохисон, бас миний биеийн бусад хэсэгт цохисон. Тухайн үед ухаан балартсан. Нэг мэдэхэд цагдаа нар ирсэн байсан. ...би гомдолтой байна хуулийн дагуу шалгаж өгнө. ... ” гэх мэдүүлэг / хх 9-11 х/,
2.Хохирогч Д.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... А урьд нь зодчихоод уучлал гуйгаад гараад гэртээ очоод согтуу залгаад дарамталдаг байсан. Намайг байнга хэл амаар доромжилдог. Би 4 шүдээ цөм цохиулаад, хавиргаа хугалуулж байсан, өдөр бүр архи уудаг, ээж нь гуйгаад цагдаа дээрээс аваад явдаг. Намайг байнга дарамталдаг. Салаад явлаа гээд гадуур архи ууж явж байгаад дуртай үедээ орж ирдэг. Атай гэр бүлийн баталгаа байхгүй ч 2011 онд хуримаа хийж, хүүхэдтэй болсон. Ээж нь байнга хэл ам хийдэг. Би имрай тархины бичлэг хийлгэх гэсэн боловч мөнгөгүй хийлгэж чадаагүй байгаа. Би 107 хамгаалах байранд хоносон. Би яахаа мэдэхгүй байна, урьд нь олон удаа гомдолгүй гэж авч байсан. Их гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
3.Шүүгдэгч Р.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би охиноо хараад гэртээ байсан юм. 19 цагийн үед байх О найз Нармандахын хамт ирээд 0.75 литрийн архи хувааж уусан. Би ганц хоёр хундага архи татсан. 1 жилийн өмнө О Нгэрт архи уугаад Ннь согтоод тасраад уначихсан, өөрөө өмдөө тайлаад байхаар нь би гар утсаараа зургийг нь дарчихсан байсан чинь О үзчихээд намайг хардаж уурлаж байсан талаар дахин яриад О миний толгой руу архины шилээр нэг удаа цохисон. Би уурлаж гадаа гарч хэсэг байснаа буцаж ороод Оын толгой нүүр, хамар орчим гартаа байсан цүнхээрээ нилээн хэдэн удаа цохиод авсан. О зөрөөд намайг цамцны захаар боогоод тавихгүй байхаар нь долоовор хурууг нь хазчихсан. Миний зүүж байсан гинжинд чигчий хуруугаа гэмтээчихсэн. Би архи ууж Оыг зодож цохисондоо гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг / хх 38 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.Гэрч З.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Р.Аптантулга нь ааш зан сайтай, хүнтэй эвтэйхэн харьцдаг хааяа л архи уугаад байдаг гэхдээ миний хүүд ямар ч буруу байхгүй. Манай хүү ажил хийхээрээ ажилдаа сайн одоо ажилд явахгүй байгаад байгаа энэ эмэгтэйгээс болж ажилдаа явахгүй байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,
5.Гэрч Ч.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Р.Аын төрсөн ах Р.Алтансүхийн эхнэр нь байгаа юм. Би Р.А болон хадам З.Хгийн хамт нэг хашаанд бараг 10 орчим жил хамт амьдарч байгаа юм. Би энэ айлд бэр болж ирэхэд О гэх эмэгтээтэй Р.А нь хамт яваад байдаг байсан, тэгээд нэг дор хамт амьдарч байсан, таарч тохирохгүй хоорондоо маргалдаад таардаггүй хамт амьдрах ч биш үгүй ч биш хоёрын хооронд яваад байдаг, энэ хоёр дундаасаа нэг охинтой 1-р ангид сурдаг охин байгаа юм. Манай хашаанд амьдарч байхдаа зодож цохиж байсан удаа байгаагүй. О гэх эмэгтэй нь бас Р.Атай хамт архи уучихдаг байсан одоо яадаг талаар би мэдэхгүй байна. Хадам дүү Р.А нь архи уух нь уудаг, уухаараа гайгүй л байдаг, тухайн эмэгтэй О нь бас болдоггүй архи уухаар нь хөөж явуулаад архи уухгүй ажил хйигээд мөнгө төгрөг аваад ирхээр чь гар утсаар дуудаад гэртээ аваачаад мөнгийг нь авчихаад 7-10 хоногийн дараа дахиад уурлаад хэрэлдээд хөөгөөд явуулчихдаг юм. Хадам дүү Р.А архи уудаг нь энэ хүний буруу От бас их буруу байгаа гэж бодож байна. Р.А нь ааш зан сайтай хүний үгээр байдаг цайлган залуу байгаа юм. Би Р.А нь хамтран амьдрагч Оыг зодож байхыг нь би харж байгаагүй маргалдаж байна гэж сонсож байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,
6.Шинжээчийн 3837 тоот дүгнэлт
1.Д.Оын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын цус хуралт, баруун гарын 2-р хуруу, зүүн гарын 5-р хурууны хазагдсан шарх, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 24 х/,
7.Р.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40 х/
8.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 41 х/
9.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42 х/
10.Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх 43 х/
11.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 44 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Р.А нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 5-7 тоотод хамтран амьдрагч Д.О, түүний найз Ннарын хамт архидан согтуурах үедээ “Нармандахын согтуу үеийн зургийг авч хүмүүст тараасан” асуудлаас үүдэн маргалдаж Д.Оыг нүүрэн тус газар нь өшиглөх, гарыг хазах, хогийн шүүрээр гуян тус газар нь цохих зэргээр зодож хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Оын “...А нь намайг мэдээгүй байхад нүүр орчим 1 удаа өшиглөсөн, шүд хугалж магадгүй гээд гараараа хаагаад хүзүүн дэх сахиуснаас нь таттал баруун гарын долоовор хуруунаас хазчихсан, нөгөө гараараа хаасан чинь чигчий хурууг хазчихсан, орон дээр хэвтэж байтал миний зүүн гуя орчим газар шүүрээр цохисон, бас миний биеийн бусад хэсэгт цохисон. Тухайн үед ухаан балартсан. Нэг мэдэхэд цагдаа нар ирсэн байсан. ... ” гэх мэдүүлэг / хх 9-11 х/
Шүүгдэгч Р.Аын “...Би уурлаж гадаа гарч хэсэг байснаа буцаж ороод Оын толгой нүүр, хамар орчим гартаа байсан цүнхээрээ нилээн хэдэн удаа цохиод авсан. О зөрөөд намайг цамцны захаар боогоод тавихгүй байхаар нь долоовор хурууг нь хазчихсан. ... Би архи ууж Оыг зодож цохисондоо гэмшиж байна” гэх мэдүүлэг / хх 38 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээчийн 3837 тоот дүгнэлт
1.Д.Оын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын цус хуралт, баруун гарын 2-р хуруу, зүүн гарын 5-р хурууны хазагдсан шарх, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 24 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:
Р.Аын Д.Оыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хохирогчийг зодсон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.
Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол Д.Оын эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын цус хуралт, баруун гарын 2-р хуруу, зүүн гарын 5-р хурууны хазагдсан шарх, зүүн гуяны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан нь Р.Аын түүнийг зодсоноос үүссэн болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирлын улмаас үүссэн хор уршиг, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн уг гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн зэрэг нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаас харахад Р.Аын Д.Оыг зодсон үйлдэл нь түүний өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Р.А нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Шүүгдэгч Р.А, хохирогч Д.О нар гэр бүлийн баталгаа байхгүй ч гэсэн хамтран амьдардаг, дундаасаа хүүхэдтэй болох нь тэдгээрийн өөрсдийн мэдүүлэг, хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байгаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., хамтран амьдрагч ... дундааасаа хүүхэдтэй этгээд гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.
Иймд шүүгдэгч Р.А нь хамтран амьдрагч, хүүхдийн нь төрүүлсэн эх болох Д.Оын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Р.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Д.О эмчилгээтэй холбоотой төлбөрийн баримтуудаа бүрдүүлж ирүүлээгүй тул энэ тогтоолоор шийдвэрлэх хохирол, төлбөргүй, харин хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Р.А-д холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хамтран амьдардаг эмэгтэй хүний биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ, хохирогчтой харгис хэрцгий байдлаар харьцаж үйлдсэн, хувийн байдлын хувьд архи ихээр хэрэглэдэг, хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж захиргааны шийтгэл удаа дараа хүлээж байсан, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй зэргийг харгалзан түүнд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-д заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэдэг үндэслэлээр гэмт хэргийг хор уршгийг арилгах арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнүүдийг нэмж хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид хохирогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дум овогт Рын Аыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Аыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Р.Ад оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 02 жилийн хугацаагаар тус тус хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Р.А-д мэдэгдсүгэй.
5.Р.Аын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.А-д хохирогч Д.Отой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ