Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1190

 

 

 

 

   2024            10           24                                       2024/ДШМ/1190

 

Ц.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мандуул,

хохирогч Б.Н,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Л.Цэндоо,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 969 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Н, шүүгдэгч Ц.Мы өмгөөлөгч Л.Цэндоо нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ц.Мд холбогдох эрүүгийн 2308022760823 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулга илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайхар овгийн Ц.М, 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5,  эхнэр, гурван хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ............................. тоотод түр оршин суух, /РД:.............................../;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулий тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Шүүгдэгч Ц.М нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................ тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдардаг хохирогч Б.Нийг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж Б.Н-ийн нурууны дал хэсэгт хутгалж биед нь “цээжний баруун ар хэсэг дэх цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын эрхий хурууны зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мы цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Маас 3.302.000 /гурван сая гурван зуун хоёр мянга/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, шилний хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “эд мөрийн баримт устгах комисст”-т даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Мы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би Ц.М-тай 2017 онд танилцаж, 3 хүүхэд төрүүлж хамтран амьдарч байгаа. Хэрэг болсон 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би түүнийг “сохор пизда” минь таксидаж ирээд байхдаа яадаг юм бэ гэж харааны бэрхшээлтэй байдлаар нь доромжилсноос болж хэрүүл маргаан үүсэж, ийнхүү хэрэг гарах болсон. Ц.М нь хувиараа бариа заслын үйлчилгээ явуулж гурван хүүхэд болон биднийг тэжээдэг. Одоо миний биеийн эрүүл мэнд зүгээр болсон учир ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Мы өмгөөлөгч Л.Цэндоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна эхнэр Б.Нийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмчилгээнд зарцуулсан 3.200.000 төгрөгийн хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч Б.Н нь биеийн эрүүл мэндийн хувьд сайжирч зүгээр болсон, 3-5 насны гурван хүүхдийнхээ эрх ашгийн төлөө цаашид хамтран амьдарна. Иймд Ц.М-д ямар нэгэн гомдол саналгүй, цаашид үр хүүхдүүдээ аавтай нь хамт элэг бүтэн амьдруулахыг хүсэж байгаа. Дээр дурдсан нөхцөл байдал болон Ц.Мы насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үнэхээр их гэмшиж байна. Чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Мандуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, ямар үндэслэлээр хэрхэн үгүйсгэх, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг оновчтой шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Харин Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд байх тул энэ талаар тусгайлан хэлэх саналгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...................... тоотод Ц.М нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдардаг хохирогч               Б.Н-ийг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж Б.Н-ийн нурууны дал хэсэгт хутгалж биед нь “цээжний баруун ар хэсэг дэх цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын эрхий хурууны зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-26/,

хохирогч Б.Нийн “...Би хадам ээжийн гэрт байж байхад өдөр 17 цагийн үед М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. ...Гэрийн зүүн талын орон дээр сууж байхад манай нөхөр М хажууд ирж суухад би “чи баяр наадмын өдрөөр битгий хэрүүл хийгээд, архи уугаад бай” гэж хэлсэн. Ц.М буцаж ширээ рүү очоод хоол идэж байгаад буцаж хүрч ирээд миний хажууд суугаад гэнэт чангаар “чи яах гээд байгаа юм бэ, юундаа уурлаад байгаа юм” гэж орилж баруун гартаа барьсан хутгаа миний нуруу ар талын далны доод хэсэгт 1 удаа хутгалж дүрсэн ба миний уушги руу орсон. Түүний дараа Ц.М хутгаа сугалж аваад дахин миний нуруу руу хутгалах гэхээр нь би зүүн гараараа хамгаалан миний зүүн гарын эрхий хурууг зүсэж гэмтээсэн. ...” /хх 31-33/,

гэрч П.Н“...2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бид хэд гэртээ байхад 15 цагийн үед Ц.М такси бариад ирсэн, өлсөөд байна гэхэд М ястай мах гаргаж өгсөн. Тэгтэл Нямгэрэл М руу үг хаяж “чи 20.000 төгрөгөөр такси барьж ирээд байхдаа яадгийн, сохор пизда минь би чамайг цагдаад өгч шүүхээр орж хүүхдүүдээ өөр дээрээ авна гэж хэлсэн. Би “та хоёр хэрүүлээ боль, гэртээ очиж хэрэлдээрэй” гэж хэлээд гараад явсан. Би гэрийн гадаа юм хийгээд байж байтал Ц.М“ээжээ ороод ирээч ээ” гэж чангаар орилсон. Би гэртээ гүйгээд ортол бэр Б.Нийг Ц.М ар нуруун баруун дал хэсэгт нь хутгалсан байдалтай, шалаар цус асгарсан байсан. ...” /хх 41-42, 44-45/,

гэрч Ц.Х“...18 цагийн үед над руу ээж залгаад “Ц.М эхнэрийгээ хутгалчихлаа яаралтай хүрээд ирээч” гэж хэлсэн. Би шууд ээжийн гэр рүү хөдөлсөн. Замдаа явж байтал ээж дахин залгаад “Нямгэрэлийг эмнэлэг аваад явсан, чи гэмтэл дээр тосоод байж бай” гэж хэлсэн. 19 цаг өнгөрөөгөөд Б.Н гэмтлийн машинтай хүрээд ирсэн, тэгээд цааш нь Цэргийн төв эмнэлэг рүү аваад явсан. ...” /хх 47-48/,

насанд хүрээгүй гэрч М.Х“...Ц.М ах, Б.Н эгч хоёр мөнгөний асуудлаас болоод хэрэлдээд байсан. Гэтэл удалгүй гэрт орилолдоод байсан, би гүйгээд ортол Нямгэрэл эгч ор налаад хэвтчихсэн уйлаад байсан. Ц.М ахыг Ц.М эгч цааш нь түлхсэн байдалтай байсан. Ц.М ахын гарт мах иддэг хутга нэлээн цус болсон байсан. Энэ үед эмээ орж ирээд Нямгэрэл эгчийг аваад машиндаа суулгаад явсан. ... ”/хх 54-55/,  

гэрч Ц.М “...Ц.М гаднаас архи уусан байдалтай таксигаар ирээд мөнгө нэхээд байсан. Нямгэрэл эгч Ц.М ахаас мөнгө асуухад хаячихсан байна, мэдэхгүй гэсэн. ...Ц.М ах өлсөөд байна гэхээр нь жижиг гэрээс чанасан мах оруулж өгсөн ба эхнэр Нямгэрэлийн хамтаар мах идээд сууж байсан. Би баруун талын орон дээр хувцас угаагаад сууж байхад бэр эгч Нямгэрэл ахад хандан “чи яахаараа дандаа архи уудаг юм бэ, би чамаас хүүхдийнхээ нэрийг салгаж авна” гэж хэлтэл ах уурлаж мах идэж байсан хутгаараа Нямгэрэл эгчийн нуруу руу дүрчихсэн. Тэгээд зууралдаад байсан ба Нямгэрэл эгч тэр үед гараа зүссэн. .../хх 58-59/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 114 дүгээр “...Ц.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.М нь гэмт хэрэг үйлдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрол болон өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг илрээгүй, нийгмийн аюулын шинжийг ухамсарлан жолоодож чадаж байсан байна. Ц.М нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ үйлдсэн гэх шинж тэмдэг илрээгүй байна. Ц.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ... ” /хх 64-68/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8900 дугаар “...Б.Нийн биед цээжний баруун ар хэсэг дэх цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын эрхий хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Бусадтай эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр гэмтэлгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...”  /хх 87-88/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ц.Мы гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Н-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хутгийг зэвсгийн чанартай хэрэглэж Б.Нийн нурууны дал хэсэгт хутгалж биед нь “цээжний баруун ар хэсэг дэх цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын эрхий хурууны зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, зэвсэг хэрэглэж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан хорих ялаас сонгож 8 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэмт хэргийн улмаас хүний биед учирсан хохирол, хор уршиг болон хувийн байдалд нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогч Б.Н, шүүгдэгч Ц.Мы өмгөөлөгч Л.Цэндоо нарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…” гэж тус тус заасан байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан хорих ялын хэмжээ болон уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэм нийцсэн байна гэж дүгнэв.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Н, шүүгдэгч Ц.Мы өмгөөлөгч Л.Цэндоо нарын “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             Хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 3.302.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Мы хувийн өмчлөлийн газрыг түүний олгосон итгэмжлэлээр худалдан борлуулж олсон орлогоос Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 969 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Н, шүүгдэгч Ц.Мы өмгөөлөгч Л.Цэндоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

             2. Шүүгдэгч Ц.М нь 3.302.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг дурдсугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.М нь 2024оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА