Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00653

 

А.Т-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/00327 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Т-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-д холбогдох,

Гэм хорын хохиролд 5,678,613 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Т-, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагч Б.Б-, түүний өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг,

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлдээ 2016-2021 оны хооронд эмчилгээ, сувилгаа хийлгэхэд зарцуулсан зардалд 678,613 төгрөг, нийт 5,678,613 төгрөгийг гаргуулна.

А.Т- нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дүгээр хороо, 58 дугаар байрны 20 тоотод  гэртээ байхад Б.Б- орж ирж, машин дээр сүү өргөлөө гэж маргалдаж, гэрээс чирч гаргахын тулд гараас нь татаж гэмтэл учруулсан. Улмаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр баруун богтос ясны залааны далд хугарал, баруун тохой, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд цус хуралт гэх эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор Б.Б- шийтгүүлсэн. Өнөөдрийг хүртэл эмчилгээ, сувилгаа хийлгэсэн ч дээрх гэмтэл бүрэн эдгэрээгүй. Баруун бугуйн зөөлөн эдийн няцрал улам сэдэрч 2021 оны 5 дугаар сард бугуйн хагалгаанд орж няцарсан жижиг яснуудыг түүлгэсэн. Тус хагалгааг хийлгэхийн өмнө буюу 2021 оны 5 дугаар сард өгсөн эдийн шинжилгээгээр нэхэмжлэгч яс, зөөлөн эдийн сүрьеэтэй болсон нь тогтоогдсон. Хэрэв хариуцагч гэмтэл учруулаагүй бол ингэж эрүүл мэндээрээ хохирохгүй байсан.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

А.Т- нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр машин дээр сүү цацсан байснаас үүдэн маргалдаж, гарч хар гэж гараас нь барьснаас болж түүний биед баруун богтос ясны залааны далд хугарал, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд цус хуралт гэмтэл учирсныг шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №17064 тоот дүгнэлтээр тогтоосон. Б.Б-г дээрх гэмтлийг учруулсан гэм буруутайд тооцож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор албадан ажил хийлгэхээр шийдвэрлэж энэ хэрэг маргаан дууссан. Шүүх хуралдаан дээр түүнд 100,000 төгрөгийг төлснөөр хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг шүүх дурдаж шийдвэрлэсэн.Гэтэл 6 жилийн дараа бүрэн эдгэрээгүй,2021 оны 05 дугаар сард хагалгаанд орж, няцарсан жижиг яснуудыг түүлгэсэн гэх үндэслэлээр хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. А.Т- нь ясны сүрьеэ өвчтэй байх бөгөөд ясны сүрьеэгийн улмаас баруун гарны сарвууны яс зөөлөрч, уг зөөлөрсөн ясыг түүлгэх хагалгаанд орсон байна. А.Т-гийн биед 2015 онд учирсан гэмтэл нь ясны няцарсан гэмтэл бэртэл биш бөгөөд зөвхөн зөөлөн эдийн буюу арьсанд үүссэн хөхрөлт няцралт байсан. Яс нь няцарсан байсныг одоо түүлгэсэн мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Хөхрөлт няцрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад огт нөлөөлдөггүй, хэд хоноод арилдаг. №17064 тоот шинжээчийн дүгнэлтээр А.Т-гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид энгийн хөдөлмөр чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэсэн.

Тухайн үед А.Т-гийн биед баруун залааны далд хугарал учирсан гэсэн дүгнэлт гарч байсан бөгөөд энэ нь шууны ясыг бүрдүүлж байдаг цацраг яс, богтос яс хоёрын нэг буюу богтос яс байсан юм. А.Т-гийн хагалгаанд орох болсон шалтгаан нь богтос ястай огт хамааралгүй харин сарвууны яснаас зөөлөрсөн яс түүлгэсэн. Шөнө унтаж чадахгүй нойргүйдэх, гарын өвчний улмаас яс янгинах, салганаж чичрэх зэргээс шалтгаалж сэтгэл зүйн хувьд тогтворгүй болсон зэргээс шалтгаалж орчинтойгоо харьцах харьцаа буурч сэтгэл заслын эмчилгээ хийлгэх нөхцөл байдалд хүрсэн нь мөн дээрх гэмтэлтэй холбоогүй. Түүний танин мэдэхүйн хүрээ бууралттай, ой тогтоолт, оюуны ажиллах чадвар буурсан, сульдах, сэтгэл хөөрлийн шинж тэмдэг, өөрийн сэтгэцийн байдалдаа хандах шүүмжлэлт чанар суларсан зэрэг нь түүний нас болон биеийн эрүүл мэндийн ерөнхий байдалтай холбоотой үзүүлэлт болохоос биш 2015 онд баруун гартаа гэмтэл авч байснаас үүдэлтэй шинж тэмдэг гэж үзэх боломжгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-д холбогдуулан 5.678.613 /таван сая зургаан зуун далан найман мянга зургаан зуун арван гурван/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч А.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг зөв үнэлээгүй.

Хариуцагчийн “...тухайн үед А.Т- эгч надтай хамт явж байхдаа хүйтэн усанд гараа дүрэхээр л хавддаг, шөнө нойр хүрдэггүй гэх мэт зүйл хэлж байсан” гэх тайлбар, эмчилгээ хийлгэсэн баримтуудыг дүгнээгүй. Эрүүл мэндэд учруулсан гэм хор одоо болтол үргэлжилж байгаа, хариуцагч нь гэм хорын хохиролд ямар ч төлбөр төлж байгаагүй.

4.2. Баруун гарын хөдөлгөөн хязгаарлагдмал хоол ундаа бэлтгэх чадваргүй болж улмаар уг гэмтлээс болж ясны сүрьеэ гэх оноштой болж байгаа нь нэхэмжлэгчид өдөр тутмын таагүй мэдрэмж, байнгын сэтгэл зовнилын үндэс болж байдаг.

Өвчин намдаах эмийн үйлчлэлээр элэгний үрэвсэл үүссэнийг эмчилсэн. Хариуцагч нэхэмжлэгчээс уучлалт гуйж цаашид гарах эмчилгээний зардал төлбөрийг цаг тухайд нь төлөхөө илэрхийлж амлалт өгсөн. Сэтгэл санааны хохирол учирсан байна гэж дүгнэх шаардлага гарвал хохирлын хэмжээг тусгай мэдлэг эзэмшсэн шинжээчээр томилж шийдвэрлэх ёстой. Шүүх хурлыг нэг удаа хойшлуулж нотлох баримт гаргуулж хэргийг үнэн зөвийг тогтоож шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь ясны сүрьеэ өвчтэй ба үүний улмаас зөөлөрсөн яснуудыг хагалгаанд орж түүлгэсэн, үүнтэй холбогдуулан хэрэглэсэн эм, тосны баримтуудыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон. Сэтгэл санааны хохироод 5,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, энэ талаар баримтгүй бөгөөд хууль зүйн хувьд түүнд сэтгэл санааны хохирол нэхэмжлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч А.Т- нь Б.Б-д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр түүний учруулсан хүндэвтэр гэмтлийн улмаас үүссэн гэх дараах хохирлыг шаардсан. Үүнд:

1.1. Сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг,

1.2. Эмчилгээ, сувилгаа хийлгэхэд 2016 оноос 2021 оны хооронд зарцуулсан зардал 678,613 төгрөг, нийт 5,678,613 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх1-2, 64-66/

 

А.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

А.1. А.Т- нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 58 дугаар байрны 20 тоотод гэртээ байхад Б.Б- орж ирж, машин дээр сүү өргөсөн гэх шалтгаанаар маргалдаж, түүний гараас татажбаруун богтос ясны залааны далд хугарал, баруун тохой, бугуйн зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд цус хуралт” буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор, уг хэрэгт шинжээчээр томилогдсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх3-6/

 

А.2. Уг шийтгэх тогтоолоор Б.Б- нь А.Т-д 100,000 төгрөг төлсөн “бусдад төлөх төлбөргүй” болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх3-5/

 

А.3. А.Т- 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Сэтгэл зүйн оношлогоо хийлгэсэн бөгөөд тус оношлогооны дүгнэлтээр “танин мэдэхүйн хүрээнд бууралттай, ой тогтоолт, оюуны ажиллах чадвар буурсан, сульдал илэрнэ, сэтгэхүйн хүрээнд хийсвэрлэн дүгнэх үйлийн бууралт, сэтгэхүйн онч чанарын бууралт илрэх ба зан төрхийн өөрчлөлт тод илэрнэ, сэтгэл хөдлөл, сэдэл тогтворгүй үүсэх ба сэтгэл хөөрлийн шинж тэмдэг илэрнэ, өөрийн сэтгэцийн байдалдаа хандах шүүмжлэлт чанар суларсан гэж дүгнэсэн нь тогтоогджээ. /хх11/  

 

А.4. Мөн А.Т- нь 2021 оны 5 дугаар сард эдийн шинжилгээ өгсөн байх бөгөөд “баруун сарвууны ясны сүрьеэ” гэсэн онош тогтоожээ. /хх9/

 

А.5. Түүнчлэн А.Т- 2021 оны 5 дугаар сард бугуйн хагалгаанд орж баруун гарын сарвууны няцарсан жижиг яснуудыг түүлгэсэн талаар тайлбарлаж эмнэлгийн өвчтөн илгээх хуудсыг хэрэгт нотлох баримтаар гаргажээ.

 

В. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

В.1. Нэхэмжлэгчийн “2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Б-гийн учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотойгоор 2016-2021 онуудын хооронд 678,613 төгрөгийн эмчилгээ сувилгаа хийлгэсэн” гэх тайлбарыг хариуцагч эс зөвшөөрч “хүндэвтэр гэмтэл ийм удаан үргэлжлэх ёсгүй. А.Т- ясны сүрьеэ өвчнөөсөө болж эмчлүүлсэн” гэж маргажээ.  

 /хх1-2, 64-66/

 

Нэхэмжлэгчийн 2016-2021 онуудын хооронд эмчилгээ сувилгаанд зарцуулсан гэх 678,613 төгрөгийн зардал нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхэд талууд маргаж байна. Хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчид дүгнэлтийн 4-д цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй талаар заажээ. /хх6/ Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар байх бөгөөд 2015 оноос хойш 6 жил үргэлжилсэн гэх хямрал нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэмтэлтэй шалтгаант холбоотой талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилохоор, шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заажээ. Нэхэмжлэгчийн гэмтэл сэдэрсэн, хүндэрсэн гэж байгаа бол энэ нь шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардагдсан асуудал бөгөөд хэргийн талуудаас шинжээч томилуулах хүсэлт гараагүй байна.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн бугуйнаас татаж хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр авсан гэмтлээсээ улбаалан 6 жил хямарч эмчилгээ сувилгаа хийлгэсэн гэж дүгнэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь ясны сүрьеэ, бусад шалтгаант өвчний улмаас эмчлүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх9/

 

Иймд анхан шатны шүүхийн “2016-2021 оны хооронд 678,613 төгрөгийн хохирол учирч эмчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” талаарх дүгнэлтийг зөв гэж үзнэ. Мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын 4.1 буюу хариуцагчийн “... тухайн үед А.Т- эгч хүйтэн усанд гараа дүрэхээр л хавддаг, шөнө нойр хүрдэггүй талаар хэлж байсан” гэх тайлбарыг үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь гэмтэл үр дагаврын шалтгаант холбоо, эмчилгээ хийлгэсэн зэргийг талуудын тайлбараар бус шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн бичиг баримтаар тодорхойлох юм.

 

В.2. Мөн нэхэмжлэгчийн2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэмтэл бүрэн эдгэрэхгүй бие махбодь болон сэтгэл санааны зовиур шаналалтай өдийг хүрсэн сэтгэл санааны хохирол учирсан” гэх байр суурийг хариуцагч эс зөвшөөрч “...нас болон биеийн эрүүл мэндийн ерөнхий байдал, сүрьеэ өвчин зэрэгтэй холбоотойгоор хямарсан” гэж маргажээ. /хх2, 66/

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх талаар заасан.

 

Хуульд тусгайлан заасан тохиолдол болох Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээхээр заасан тул сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын 4.2 буюуБаруун гарын хөдөлгөөн хязгаарлагдмал хоол ундаа бэлтгэх чадваргүй болж улмаар уг гэмтлээс болж ясны сүрьеэ гэх оноштой болж байгаа нь нэхэмжлэгчид өдөр тутмын таагүй мэдрэмж, байнгын сэтгэл зовнилын үндэс болж байдаг” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/00327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД