Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/55

 

 

 

 

 

 

  000        10        09                                        000/ДШМ/55

 

А.Дд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Т,  

Шүүгдэгч: А.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А, Б.М,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Э,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Б,

Нарийн бичгийн дарга: Д.Нинжбат нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  000 оны 000 дугаар сарын 25-ны өдрийн 000/ШЦТ/000 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Аын давж заалдах гомдлоор А.Дд холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 000 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Цахар овогт Аийн Д, 000 оны 000 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 000тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 000 оны 000 дугаар сарын 29-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тэнсэж хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 000 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан /регистрийн дугаар 000/.

А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 02 дугаар сарын 00-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 00тоотод Э.Бтой “илүү гарсан мөнгөөр архи авсангүй” гэж маргалдан, толгой, хөл, хэсэг рүү нь цохиж, биед нь тархинд битүү гэмтэл болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хурсан, доод зовхинд шарх, зүүн нүдний салстад цус хуралт, хоолойд зулгаралт бүхий гэмтэл учруулж, дээрх гэмтлийн улмаас амь хохирогч Э.Б 000 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 000-000 цагийн орчим амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 000 оны 000 дугаар сарын 25-ны өдрийн 000/ШЦТ/000 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Цахар овогт Аийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аийн Дг 11 (арван нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аийн Дд оногдуулсан 11 (арван нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дгийн цагдан хоригдсон 128 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-т зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн нэхэмжлэлээс оршуулгын зардалтай холбоотой 12,738,542 /арван хоёр сая долоон зуун гучин найман мянга таван зуун дөчин хоёр/ төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 115,500,000 (нэг зуун арван таван сая таван зуун мянга) төгрөг, нийт 128,238,542/ нэг зуун хорин найман сая хоёр зуун гучин найман мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг шүүгдэгч А.Дгээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эд олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э нь гэм хорын хохиролтой холбоотой зардал 2,388,0007 (хоёр сая гурван зуун наян найман мянга, жаран долоо) төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Агар нэртэй архины шил 0.7 литрийн хэмжээтэй 1 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нойлын цаас 4 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, бага зэрэг элэгдсэн 40 размерын хос гутлыг шүүгдэгч А.Дд буцаан олгож баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-р зүйлд заасан тухайн гэмт хэргийг хэзээ, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад огт тогтоож чадаагүй байгааг мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянах, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг хэрэгжээгүй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож шалгаагүй, дутуу шалгаад байгаад анхан шатны шүүх огт дүгнэлт хийсэнгүй.

Үүнд:

Хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг архины шил, цус мэт зүйлээр бохирлогдсон 4 ширхэг нойлын цаас /зураг 15/-нд гарын хурууны хээний ул мөр болон цусны ДНК-н шинжилгээ огт хийгээгүй, уг цус мэт зүйл хэний цусаар бохирлогдсон эсэх, хүний цус мөн эсэх, хэний цус болохыг тогтоож шалгах үүрэг хэрэгжээгүй. Мөн 2 дугаараар дугаарлагдсан цустай газар /зураг 15,16/ -аас зохих журмын дагуу дээж авч нотлох баримт цуглуулж бэхжүүлж авсан эсэх, хэрэв авсан бол энэ талаар холбогдох шинжилгээ хийгдсэн эсэх нь тодорхой бус байдал нь нотлох баримт цуглуулж бэхжүүлэх журам зөрчигдсөн нөхцөл байдалд анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг, шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд шүүгдэгчийн зүгээс гомдолтой байдаг. Шүүгдэгчийн хувьд өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг эргэлзээгүй ойлгомжтой байдлаар тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгуулах, нотлох баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлээд шалгаад өгөөч гэсэн хүсэлттэй байгааг анхан шатны шүүх огт хүлээж авахгүй байгаад миний үйлчлүүлэгч гомдолтой байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа юм.

Мөн шүүх “гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг шийтгэх тогтоолын дүгнэлтдээ тодорхойлохдоо шүүгдэгч Д нь амь хохирогч Бтой илүү гарсан мөнгөөр архи аваагүй гэх шунахай сэдэлтээр түүний амь насанд халдаж гэмт хэрэг үйлдэхэд хүрсэнгэж дүгнэсэн нь мөн л ойлгомжгүй, эргэлзээтэй байдалтай үлдэж байгаад харамсдаг. Учир нь гэрч Н, Ж, Н нарын мэдүүлэгт “...Д амь хохирогч Бод хандаж чамд Буяагаас шилжүүлсэн 20,000 төгрөгийн үлдэгдэл 15,000 төгрөг байгаа тэрүүгээр 1 шил архи авчих гэсэн. Б надад мөнгө байхгүй гэсэн чинь Д нь утсаа гаргаад ир, мэдээллийг чинь харъя гэж хэлсэн. Бын утсыг үзэж байгаад дансанд нь 1,000,000 /нэг сая/ төгрөг байна, би буруу хараад байна уу гээд дансны үлдэгдлийг нь Буяа бид хоёрт харуулаад байсан...” гэх хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан тухайн нөхцөл байдалд мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Мөн амь хохирогч Б болон тухай өдөр хамт байлцсан гэрч нарын гар утас, дансны мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа хийх нь хэргийн бодит байдлыг тогтоох, нотлоход чухал ач холбогдолтой байгааг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар удаа дараа хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх энэ талаар шалгах шаардлага байхгүй, хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан” гэж дүгнэсэн нь мөн л шүүгдэгчийн хувьд ойлгомжгүй эргэлзээтэй нөхцөл байдалд үлдээж гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байдаг.

Гэрч Бын мөрдөн байцаалтын шатанд эхний удаа өгсөн мэдүүлэгт /Хавтаст хэргийн 35-р тал “...би тасарчихсан байсан, 23 цагийн үед миний архи гарч сэргэсэн, тэгсэн Н гараад явчихсан байсан, талийгч Б хоймор хэсэгт унтаж байгаа харагдсан, ...Ж надад хандаж чамайг сая Д зодсон шүү, Быг ч бас Д зодсон гэхээр нь би унтаж байгаа Быг харахад зүүн нүд нь улаагаад эвгүй болсон байсан..., би Жгээс нүд нь яасан юм бол гэж асуухад Д Быг цохисон гэж хэлсэн..., Би бол тэр үед унтаагүй гэхдээ юугаа ч мэдэхгүй тасарчихсан байсан байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч Ж, Н, Н, Г нарын мэдүүлгүүдэд шүүгдэгч Д Бын толгойн тус газарт өшиглөсөн эсэхийг хараагүй өшиглөх шиг болсон, хаана нь өшиглөснийг бол хараагүй гэх мэдүүлгүүдийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий гэж үзээд байгаа гэрч нарын мэдүүлгүүд харилцан зөрүүтэй, мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байхад анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлгүүдийг нийтлэг байдлаар шийтгэх тогтоолын үндэслэл болгож дүгнэсэн. Мөн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго гэж тодорхойлоод байгаа амь хохирогч Бын дансанд илүү гарсан гэх мөнгө байсан эсэх, дансны үлдэгдэл, орлого, зарлагын гүйлгээ, дансны гүйлгээний цаг хугацааг магадлан шалгахгүй байгаа нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 000 дугаар сарын 25-ны өдрийн 000/ШЦТ/000 дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

Шүүгдэгч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдох хэргийг эргэлзээгүй, ойлгомжтой байдлаар шалгаж тогтоохыг хүсэж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ ...Хэргийг дахин шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүүг А.Д хөнөөсөн гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа тул хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Прокуророос А.Дг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 02 дугаар сарын 00-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 00тоотод Э.Бтой “илүү гарсан мөнгөөр архи авсангүй” гэх шалтгаанаар маргалдан, толгой, хөл, хэсэг рүү нь цохиж, биед нь тархинд битүү гэмтэл болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хурсан, доод зовхинд шарх, зүүн нүдний салстад цус хуралт, хоолойд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хүргүүлжээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдаанд оролцогчдын  тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэн заасан байна.

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр, тохироог хангахад чухал шаардлагатай.

Хохирогч Э.Б 000 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 000-000 цагийн орчим гэрч Ц.Нгийн гэрт амь нас хохирсон үйл явдлыг мөрдөн шалгах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг анхан шатны шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзсэний эцэст хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, А.Дг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, хохирогч Э.Ж, гэрч Н.Б, Ц.Н, Л.Н, Д.Ж, П.Г, шинжээч М.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хохирогч Э.Быг гэрч Ц.Нгийн гэрт хамт архи ууж байхдаа “илүү гарсан мөнгөөр архи авсангүй” гэх шалтгаанаар А.Д нь амь хохирогчийн толгой, хөл, хэсэг рүү нь цохиж, биед нь тархинд битүү гэмтэл болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хурсан, доод зовхинд шарх, зүүн нүдний салстад цус хуралт, хоолойд зулгаралт бүхий гэмтэл учруулж уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийснээс гадна үүндээ тулгуурлан хэргийг зөв зүйлчилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.Дд 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...эд мөрийн баримтаар хураагдсан 2  ширхэг архины шил, цус мэт зүйлээр бохирлогдсон 4 ширхэг нойлын цаасанд гарын хурууны хээний ул мөр болон цусны ДНК-ын шинжилгээ огт хийгээгүй, ...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий гэж үзээд байгаа гэрч нарын мэдүүлгүүд харилцан зөрүүтэй, мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байхад анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлгүүдийг нийтлэг байдлаар шийтгэх тогтоолын үндэслэл болгож дүгнэсэн. Мөн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго гэж тодорхойлоод байгаа амь хохирогч Бын дансанд илүү гарсан гэх мөнгө байсан эсэх, дансны үлдэгдэл, орлого, зарлагын гүйлгээ, дансны гүйлгээний цаг хугацааг магадлан шалгахгүй байгаа нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан...” гэх агуулга бүхий гомдлын тухайд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Нөгөөтэйгүүр архины шилийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан үйл баримт тогтоогдоогүйн дээр цус мэт зүйлээр бохирлогдсон нойлын цаасанд ДНК-ын шинжилгээ хийлгэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэхээргүй байна.

Мөн амь хохирогч Э.Б нь А.Дтэй маргаан үүсгэж цохиулснаас хойш дахиж босож ирээгүй, идэвхтэй үйлдэл хийгээгүй талаар гэрчүүд тогтвортой мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  000 оны 000 дугаар сарын 25-ны өдрийн 000/ШЦТ/000 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                 Т.ДАВААСҮРЭН

                                                                                      Н.БАЯРХҮҮ