| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 191/2025/03464/И |
| Дугаар | 191/шш2025/07506 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 191/шш2025/07506
2025 09 11 191/ШШ2025/07506
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэгчийн шаардлага: 17,646,331 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ******* ******* ХХК-тай 22/09 тоот захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж хамтран ажилласан.
Манай компани захиалагч талд техникийн үзүүлэлтийг бүрэн хангах, чанарын баталгаатай бетон зуурмагийг нийлүүлж захиалагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4, 3.4.1-т зааснаар бэлэн төлөлт 60 хувь, бартерт 40 хувиар тооцож харилцан тохиролцсон. Гэвч ******* ******* ХХК нь гэрээний дагуу төлбөл зохих 11,764,221 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-т зааснаар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлнө гэж тохиролцсоны дагуу төлбөр төлөөгүй хоногийхн алдангийг тооцож үзэхэд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмээн заасан тул гэрээний алдангийг гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 5,882,110 төгрөг болж байна.
Иймд үндсэн үнийн дүн 11,764,221 төгрөг, алданги 5,882,110 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ... Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 11,764,221 төгрөгийн 5,882,110 төгрөгийн алдангиас 2,941,055 төгрөгийг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрч байна. Гэрээний үндсэн төлбөр 14,705,276 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 9,705,276 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл үнэ 11,764,221 төгрөг, алданги 5,882,110 төгрөг, нийт 17,646,331 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу 2,941,055 төгрөгөөс татгалзаж, үлдэх 14,705,276 төгрөгийг хариуцагч дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 9,705,276 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу 2,941,055 төгрөгөөс татгалзаж, үлдэх 14,705,276 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК дараах хуваарийн дагуу буюу 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 9,705,276 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 123,091 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ