Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 502

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Б.Энхбат,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бухнууд овогт Ций Бт холбогдох 1808003620656 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бухнууд овогт Ций Б /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ц.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 53 дугаар байрны авто зогсоолд Ч.Гын автомашиныг хааж тавьсан асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар 2 удаа гараар цохиж зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, уруулын баруун дээд хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулийн дотор салстын цус хуралт, язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч Ч.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө ажилдаа гарах гээд байрныхаа гражнаас өөрийн эзэмшлийн таксинд явдаг “Хюндай Элентра” маркийн ...УНН улсын дугаартай автомашинтайгаа гарах гэтэл миний машины ард ...УНТ улсын дугаартай Приус-10 маркийн автомашин хаагаад тавьсан байхаар нь машин дотор байсан дугаараар нь 3-4 удаа залгасан боловч дуудуулаад авахгүй байхаар нь жижүүр Гад хэлээд автомашины эзний гэр лүү явуулсан, тэгсэн манаач хэлчихлээ гэсэн түүнээс хойш 20 орчим минут хүлээгээд ирэхгүй байхаар нь дахин манаачийг явуулсан чинь манаачтай хамт машины жолооч /сүүлд нь нэрийг нь мэдсэн/ Б гэдэг залуу хоёр залуугийн хамт гурвуулаа хүрээд ирэхээр нь түүнд хандаж дуудлага гараад байна хурдан машинаа холдуулчих гээд хэлсэн чинь гаргахгүй гэсэн хүнийг чи яадаг юм гээд машинаа холдуулахгүй байхаар нь би түүнтэй маргалдаж байтал тэр залуу миний хамар орчимд нэг удаа цохисон, хамарнаас цус гарчихаар нь би ойрхон нойл орж цусаа угааж байтал нөгөө залуу тоосго бариад цонхыг чинь хагална гээд агсараад байхаар нь гартаа бээлий өмсөөд тэр залуугийн нүүрэнд нэг удаа цохисон, тэгтэл хамт явсан залуу машиныг холдуулсан би машинаа асаагаад гарах үед Б гараа атгаж байгаад урууланд нэг удаа цохиж авсан, намайг гаргахгүй гээд байхаар нь цагдаа дуудсан. ...миний нүүр аманд гараараа 2-3 удаа цохиж байхдаа гэмтлийг учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13 х/,

 

            2.Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны орой 00:00 цагийн үед хоёр найзын хамт хөдөөнөөс ирээд байрныхаа гражид өөрийн эзэмшлийн ...УБТ улсын дугаартай приус-11 маркын автомашинаа байрлуулж тавиад гэртээ орсон юм. Өглөө 06 цагийн үед гражын манаач хаалга цохиход нь яасан юм гэсэн чинь машинаа холдуулаа машин гарах гээд байна гэж хэлсэн, би найз Чийн хамт гэрээс гараад гражид орсон чинь /сүүлд нэрийг нь мэдсэн/ Г машинаа холдуул ажил алдчихлаа орлого байхгүй болчихлоо гэж хэлсэн би зөрүүлээд маргалдаж байгаад түүнийг нэг цохиод авсан чинь Г зөрүүлээд намайг цохисон тэр үед манаач, манай найз хоёр биднийг салгасан. Ийм л асуудал болсон. ...би хоёр удаа гараараа цохисон, гэм буруугаа хүлээж байна, хохиролд 300,000 төгрөг төлсөн ...” гэх мэдүүлэг /хх 31-34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  1. Гэрч Я.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед манай байранд амьдардаг Г өөрийн автомашинаа гражид тавьсан, шөнөөр мөн байрны Б машинтайгаа ирээд Гын машины ард хааж тавиад гэртээ орсон юм. Өглөө Г 06 цагийн үед машинаа гаргах гэтэл хаагаад тавьсан байна жолооч нь утсаа авахгүй байна дуудаад өгөөч гэж надад хэлсэн, би хүүгээ Бийн гэр лүү явуулж дуудуулсан Б ирэх үед Г чи хүн удаан хүлээлгэлээ гэж аашилсан, удалгүй Г, Б хоёрын хооронд зодоон болж нэг нэгийгээ цохиж авах үед би салгасан. Ийм л асуудал болсон. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/,

 

4.Шинжээчийн 1206 тоот дүгнэлт

1.Ч.Гын биед баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, уруулын баруун дээд хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулийн дотор салстын цус хуралт, язарсан шарх бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 24 х/,

 

5.Ц.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36, 41 х/

6.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 44 х/

7.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54 х/

8.Эвлэрсэн тухай баримт /хх 61 х/

9.Хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх 60 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Ц.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 53 дугаар байрны авто гражид иргэн Ч.Гын автомашиныг хааж машинаа тавьсан асуудлаас болж түүнтэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ч.Гын “... тэр залуу миний хамар орчимд нэг удаа цохисон хамарнаас цус гарчихаар нь би ойрхон ариун цэврийн өрөө орж цусаа угааж байтал нөгөө залуу тоосго бариад цонхыг чинь хагална гээд агсараад байхаар нь гартаа бээлий өмсөөд тэр залуугийн нүүрэнд нэг удаа цохисон, тэгтэл хамт явсан залуу машиныг холдуулсан би машинаа асаагаад гарах үед Б гараа атгаж байгаад урууланд нэг удаа цохиж авсан, намайг гаргахгүй гээд байхаар нь цагдаа дуудсан. ...миний нүүр аманд гараараа 2-3 удаа цохиж байхдаа гэмтлийг учруулсан. ...” гэх мэдүүлэг/хх 12-13 х/,

           Шүүгдэгч Ц.Бийн “... Г машинаа холдуул ажил алдчихлаа орлого байхгүй болчихлоо гэж хэлсэн би зөрүүлээд маргалдаж байгаад би түүнийг нэг цохиод авсан чинь Г зөрүүлээд намайг цохисон тэр үед манаач, манай найз хоёр биднийг салгасан. Ийм л асуудал болсон. ...” гэх мэдүүлэг /хх 31-34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Я.Гын “... Б ирэх үед Г чи хүн удаан хүлээлгэлээ гэж аашилсан удалгүй Г, Б хоёр хоорондоо зодоон болж нэг нэгийгээ цохиж авах үед би салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:

Ц.Бийн Ч.Гыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Ч.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Ц.Б түүний нүүрэн тус газар цохисноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 24 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

Шүүгдэгч Ц.Б өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Ц.Б хуулиар тогтоосон насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Ч.Г эмчилгээний зардалд 300,000 төгрөг авсан болох нь хохирол төлсөн баримт /хх 60, 61 х/-аар тогтоогдсон тул Ц.Басуурийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн гэж шүүх үзсэн.

 

             Ц.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Бухнууд овогт Ций Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ц.Бт үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Бт мэдэгдсүгэй.

  5.Ц.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 300,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ