Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/56

 

 

 

 

 

 

  2024        10        09                                        2024/ДШМ/56

 

                                 Г.Б, Т.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам  даргалж, Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Л.О,  

Шүүгдэгч: Г.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,

Нарийн бичгийн дарга: Б.М нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/289 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Дээд шатны прокурор Ч.Алтансүхийн эсэргүүцлээр Г.Б, Т.Бнарт холбогдох 000  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Харчин овогт Гын Б, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 000 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр баг, 000 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

2. Монгол Улсын иргэн, Малиг овогт Тгийн Б, 000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Монос ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

 Г.Б нь 000 оны 00 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих өдөр шөнийн 02-03 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дүгээр багийн 000 дугаар байрны гадаа Т.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж уруулд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Т.Бнь 000 оны 00 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих өдөр шөнийн 02-03 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дүгээр багийн 000 дугаар байрны гадаа Г.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүн рүү чулуу авч шидэж, дух болон уруулын салстад шарх, хамар дээд уруул, духанд зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, хамар ясанд хугарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/289 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Харчин овогт Гын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Малиг овогт Тгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Гын Б, Тгийн Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ч.Алтансүх эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал" зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх..” гэж заасан хуулийн нөхцөлүүдэд дүгнэлт хийлгүй шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Т.Бнь шүүгдэгч Г.Боос нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Г.Б нь шүүгдэгч Т.Баас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн боловч шүүгдэгч нарыг “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож...”, мөн “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан...” гэж дүгнэлт хийсэн.

Мөн “шүүгдэгч Г.Б, Т.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн атлаа “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй” гэж өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөрчсөн байна.

Шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас сонгон оногдуулахгүйгээр шууд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж дүгнэв.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/289 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “ Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би цагдаа, цэргийн байгууллагад ажиллах сонирхолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Г.Б нь 2024 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих өдөр шөнийн 02-03 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 103 дугаар байрны гадаа Т.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж уруулд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Т.Бнь 2024 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих өдөр шөнийн 02-03 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 103 дугаар байрны гадаа Г.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүн рүү чулуу авч шидэж, дух болон уруулын салстад шарх, хамар дээд уруул, духанд зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, хамар ясанд хугарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Прокуророос шүүгдэгч Г.Б, Т.Бнарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “шүүгдэгч Г.Б, Т.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн атлаа “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж шийдвэрлэсэн  нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан ба хэрэв шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд дээрх ял эсхүл албадлагын арга хэмжээний аль нэгийг хэрэглэх учиртай.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь гэмт хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлтээс бүрдэх учиртай бөгөөд энэ хэсэгт хэрэгт авагдсан болон хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан, тухайн хэргийн талаар тогтоовол зохих нөхцөл байдалд хамааралтай бүх мэдээлэл агуулагдсан байдаг.

Иймээс шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт, баримт сэлт, эд мөрийн баримт нэг бүрийн талаарх мэдээллийг оруулахдаа агуулгын хувьд алдаагүй, товч, ойлгомжтой, логик зохилдлогоог хангасан байдлаар тусгасан байвал зохих бөгөөд  ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх юм.

Нөгөө талаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой болно.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан тул энэ талаар гаргасан Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн  2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/289 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Б, Т.Бнарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                  Т.ДАВААСҮРЭН

                                                                                       Н.БАЯРХҮҮ