Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 510

 

   Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч Б.Эын хууль ёсны төлөөлөгч Ц.Ж,

насанд хүрээгүй хохирогч Б.О хууль ёсны төлөөлөгч А.Д, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Д.Өлзийсайхан /ҮД:2064/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Тын Эд холбогдох 1803000340164 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

         Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү, хүүхдийн хамт Төв аймаг Заамар сум ...дугаар гудамж 23 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Тын Э /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Т.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 50 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдон автомашинд сууж явсан зорчигч Б.Эын амь насыг хохироож, зорчигч Б.О эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Жгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 09 цагийн орчим манай төрсөн хүүхдүүд болох Т.Э, Б.Э нар Төв аймгийн Заамар сумын Шижир алт тосгоноос Улаанбаатар хот луу Т.Эын ...улсын дугаартай Т.Приус маркийн автомашинтай явсан юм. Явахдаа талийгаачийн ангийн Т, О нарыг авч явсан юм. Эдгээр 3 хүүхэд нь насанд хүрээгүй 17 настай хүүхдүүд тухайн үед манай охин Т.Э машин бариад явсан. Тэгээд гэртээ байж байтал 14 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Б над луу утсаар яриад СХД-ийн 32 дугаар хороо эмээлтийн зам дээр осолд орсон байна гэж хэлсэн тэгээд л би сандраад шууд Улаанбаатар хот луу гарсан юм. Тэгээд би 2008 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн орчим ирэхэд манай хүүхдүүд осолд ороод манай төрсөн хүүхэд Б.Э нас барсан мөн хамт явсан хүүхэд болох О гэх хүүхдийн хүзүү хугарсан ГССҮТ-д эмчлэгдэж байсан. Талийгаачийг Б.Э гэдэг байсан. 2000 оны 01 дүгээр 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 18 настай хүн байсан. Эцэг эхээс 4-лээ айлын 3 дахь хүүхэд дээрээ нэг эгч, нэг ахтай тэгээд 2 ихэр эрэгтэй хүүхдийн нэг нь байгаа юм. Гомдол санал гэх зүйл байхгүй. ... нэхэмжлэх зүйлгүй ...” / гэх мэдүүлэг /1 хх 175-176 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            2.Насанд хүрээгүй хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би Заамар сумын Хайлааст 3 дугаар багаас Улаанбаатар хот орох гээд Файсбүүк дээр зар тавьсан байсан чинь нар руу нэг эмэгтэй хүн залгаад Улаанбаатар хот руу явах уу гээд манай гэрийн гадаа 10 цаг 35 минутын үед ирээд хот руу явлаа гараад ир гэсэн. Би уг жолоочид 20.000 төгрөг өгөөд Улаанбаатар хотруу хөдөлсөн. Намайг машинд суухад жолоочоос гадна 2 хүн сууж байсан. Би машины хойд суудалд зүүн хаалган талд суусан, Жолооч заамар сумаас гарахдаа шатахуун түгээх станц орж бензин түгээгчээс хотруу явах хүн байна уу гэж асуугаад Улаанбаатар гараад явсан. Хотруу явж байх замдаа Атар өнгөрөөд зогсож машинд сууж явсан 2 залуу бууж бие засаад цааш явсан. Тэгээд Улаанбаатар хот руу чиглэлтэй явж байгаад жолооч утсаар яриад явж байсан ба замын уруу хэсгээр уруудаж яваад эргэлтээр эргээд машин тэгшрээд гэнэт шарваад гулгаад баруун талаараа автомашин хөндлөн гулгаж байгаад онхолдоод нэлээн олон өнхөрсөн. Тэгээд автомашин баруун талаараа тогтсон байсан ба би машин дотор байсан, тэнд байсан хүмүүс ирж машиныг түлхэж дөрвөн дугуйн дээр нь босгоод жолооч болон миний хажууд сууж байсан хүүхэд машинаас гарсан. Би босох гэтэл босч чадахгүй байсан ба тэнд байсан хүмүүс намайг машинаас гаргаад дээш нь харуулаад хэвтүүлсэн. ...Би гэмтлийн эмнэлэгт ирээд хүзүүндээ үе шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж мөн нугас чөлөөлөх хагалгаа хийлгэж 1 дүгээр сарын 15-нд эмнэлгээс гарсан. ... Эрүүл мэндээрээ хохирсон одоо өвчний улмаас хичээлдээ явж чадахгүй ийм байдалтай болсонд маш их гомдолтой байна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Жолооч ерөөсөө тоохгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 35-37 х/

 

          3.Насанд хүрээгүй хохирогч Б.О хууль ёсны төлөөлөгч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 09 цагийн орчим миний төрсөн хүүхэд Б.О Төв аймгийн Заамар сум Шижир алт тосгоноос Улаанбаатар хот луу Т.Эын ...улсын дугаартай Т.Приус маркийн автомашинтай явсан юм. 15 цаг өнгөрч байхад манай хүүхэд О над луу утсаар яриад СХД-ийн 32 дугаар хороо эмээлтийн зам дээр осолд орсон гэж хэлсэн тэгээд л би сандраад шууд Улаанбаатар хот луу гараад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн орчим ирэхэд манай Б.О ГССҮТ-д эмчлэгдэж байсан. Уг ослоос болж манай хүүхдийн хүзүү хугарсан байсан болохоор 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүзүүний үе шилжүүлэн суулгах хагалгаанд орсон юм. Мөн зүүн гарын шуу хугарсан өвдөг нь шалбарсан байсан. Одоо болтол хэвтрийн босож чадахгүй байгаа. Гэхдээ биеийн байдал нь хуучнаа бодвол бага зэрэг сайжирсан байгаа. Одоогоор эмчилгээнд 20 гаран сая төгрөг гарсан байгаа үүнийг баримтаар гаргаж өгнө. Манай хүүхдийг Баттулгын О гэдэг. 2000 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 17 настай. Эцэг эхээсээ 2-лаа айлын бага хүүхэд дээрээ нэг ахтай. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөгөөд 2006 онд Төв аймгийн Заамар сумынхаа сургуульд 2017 онд 12 дугаар ангиа төгсөөд МУИС-д элсэн 1 дүгээр дамжаанд суралцаж байсан. Жолооч талаас 2.500.000 төгрөг л гаргаж өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 30-31 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          4.Насанд хүрээгүй хохирогч Б.О хууль ёсны төлөөлөгч А.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний хүү О маш хүнд гэмтэл авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр амь насанд нь аюултай онц хүнд гэмтэл гэж гарсан. Бид цаг хугацаа, ирээдүй, эдийн засаг, сэтгэл санаагаар маш их хохирч байна, маш их гомдолтой байна. Өнгөрсөн 6 сарын хугацаанд хүүхдээ эмчлүүлэхийн тулд өрөнд орж, банкны хүүгээ төлж чадахгүй байна. Миний хүү хүнд хагалгаа хийлгэсэн болохоор удаан хугацаагаар буудалд байх боломжгүй тул байр түрээслэн хотод амьдарч байна. Монголд нугасны няцралтыг эмчлэх боломжгүй гэж хэлсэн тул Солонгос улсад эмчлүүлэхээр болсон. Анх баримтаар нэхэмжилсэн 36.803.791 төгрөгөөс хоол хүнсний болон давхардсан зардлыг бүрэн хасаж үлдэгдэл нь 28.448.359 төгрөг болсон. Үүнээс эмчилгээний зардалд 10.690.203 төгрөг, шатахууны зардалд 1.682.800 төгрөг, банкны хүүнд сар бүр 540.800 төгрөг төлдгөөс 6 сарын хүүнд нийт 3.244.800 төгрөг, хүүхдийн хувцсыг урж хайчилсан хэрэглэх боломжгүй болсон тул хувцасны 533.000 төгрөг, таксинд төлсөн 35.000 төгрөг, хүүхдээ эмчлүүлэхийн тулд эд хөрөнгөө ломбарданд тавьсан, “Согоот” ломбардад 5.000.000 төгрөгөөр эд зүйлээ тавьсан, “Начин заан” ломбардад 2.000.000 төгрөгөөр эд зүйлээ тавьсан, нийт 7.000.000 төгрөг дээр хүү нь нэмэгдээд нийт 8.350.000 төгрөг болсон. Манайх “Зууны манлай” нэртэй гоо сайханы дэлгүүр, үсчин ажиллуулдаг. Ослын улмаас ажлаа хийж чадахгүй байна. Манайх сар бүр 13.600.000 төгрөг олдог байсан, 6 сар ажлаа хийгээгүйн улмаас 81.600.000 төгрөгийн хохирол учраад байна. Солонгос улсаас миний хүүхдийг 80 хувьтай эмчилж өгнө гэсэн баталгаа гаргаж өгсөн ба бид баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Энэ эмчилгээнд 27.000.000 вонн шаардлагатай гэж хэлсэн. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг авч байж би хүүхдээ Солонгос улсад эмчлүүлэхээр явна. Шүүгдэгчийн ар гэрээс осол гарсны дараа 2.500.000 төгрөгийг өгчихөөд их хэмжээний мөнгө өглөө гэж таагүй хандаж байсан нь надад их хүндээр тусаж байсан. Дараа нь эмчилгээний мөнгөгүй болоод шүүгдэгч рүү залгахад 500.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Шүүгдэгч нийт 3.000.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөөр миний хүүгийн эрүүл мэнд, цаг хугацаа, ирээдүйг үнэлэх боломжгүй. Би маш их гомдолтой байна. Одоо ч миний хүүхэд маш хүнд, асаргаа сувилгаа ихтэй, хэвтэрт байна. Шүүгдэгчтэй удаа дараа холбогдоход хуулиараа шийдүүлнэ, надад мөнгө байхгүй гэсэн тоомжиргүй байдлаар ханддаг. Манай хүүхэд 10 хоногийн хугацаатай схемтэй эмчилгээ хийлгэдэг. Эмчилгээ таслахад хүрээд арга буюу өмгөөлөгч Өлзийсайхантай ярихад хүний халааснаас ийм их мөнгө гарах уу, чадах уу гэх мэт загнасан байдалтай ярьсан. Хэрэв өөрийнх нь хүүхэд ийм байдалтай болсон бол над шиг хамаг сэтгэлээ зориулах байсан байх. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

5.Шүүгдэгч Т.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өглөө 09 цагийн үед ...улсын дугаартай Т.Приус маркийн автомашин жолоодоод өөрийн төрсөн дүү Б.Эын хамт Улаанбаатар хот явахаар гэрээсээ гарсан. Бид 2 замдаа манай дүүгийн найз Т болон зарын дагуу Улаанбаатар хот явна гэж байсан О гэдэг хүүхдийг гэрээс нь аваад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд би машинаа жолоодоод Эмээлтийн замаар Улаанбаатар хот руу чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байсан ба нэг толгод дээгүүр даваад уруудаад зүүн гар тийш эргэдэг тойрог дээр машин шарваад хөндөлдөөд тормозоо гишгээд зогсчихлоо гэж бодтол машин онхолдсон. Машин баруун талын 2 хаалга хэсгээрээ тогтсон байсан ба би болон зорчигч нар машин дотор сууж байсан. Тэгээд тэр хавьд байсан хүмүүс ирээд машиныг түлхэж дөрвөн дугуйн дээр босгож би машин дотроос гарсан. Тэгээд манай дүү Э ухаангүй байсан ба амнаас нь цус гарч байсан дүүгийнхээ бүсийг тайлаад Тг дуудаж дүүгийнхээ толгойг боолгуулсан. О хойд суудалд сууж байсан ба эгчээ миний хөл хөдлөхгүй байна гээд тэнд байсан хүмүүсийн хамт Ог машинаас гаргасан. ...Би Ог танихгүй, бид нар хот руу явахдаа нэг хүн аваад явъя гэж бодоод Фэйсбуук дээр байдаг зарын групп руу орсон чинь хот руу явна гээд утасны дугаараа тавьсан байсан ба утсаар залгаад гэрээс нь аваад Улаанбаатар хот руу явсан. Заамараас Улаанбаатар хот руу 20.000 төгрөгөөр хүн авч явдаг юм. ... хохирогч О эмчилгээний зардалд 3,443,409 төгрөг зарцуулсан байгаа, би үлдэгдэл хохирлыг боломжоороо төлж барагдуулна. Би санамсар болгоомжгүй байдлаас ийм осол гарсанд маш их гэмшиж байна. Би өөрийн буруугаа ухамсарлан ойлгож байгаа миний гэм буруугаас ийм зүйл болсонд маш их гэмшиж байгаа өөрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байна. ... хохирлыг төлнө ...” гэх мэдүүлэг /1 хх 119-120 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

 

6.Гэрч Б.Тн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 09 цагийн орчим Төв аймгийн Заамар сумаас Улаанбаатар явах гээд хот руу Т.Эын ...улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд суусан юм. Тухайн үед Т.Э машин бариад урд суудал дээр нь талийгаач Б.Э суугаад жолоочийн ар талд буюу баруун гар талд би миний зүүн гар талд О сууж явсан. Тэгээд Улаанбаатар хот луу 15 цаг өнгөрч байхад орж ирээд СХД-ийн 32 дугаар хороо Эмээлтийн зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй буюу Улаанбаатар хот чиглэлтэй замын 1 дүгээр эгнээгээр багцаагаар 80 орчим км цагийн хурдтай явж байтал гэнэт машин шарваад л тас няс гээд л явчихсан нэг сэртэл машин замын баруун гар талд жолооч бид 2-ын талаар онхолдсон байсан. ... Уг ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй тийм болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй ямар нэгэн санал гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 224 х/,

 

              7.Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цагийг нь санахгүй байна. 13 цагийн үед байх, би ...улсын дугаартай Т.Приус-11 маркийн машин жолоодоод Улаанбаатар хотоос хүй 7 худаг орох гээд Эмээлтийн замд явж байтал эсрэг урсгалд 1 машин, замын хажууд 1 машин тоос шороо манараад нэлээн хэд эргэлдэж онхолдсон. Би машинаа баруун гар тал руу нь шахаж зогсоогоод нөгөө машин дээр очтол Т.Приус-20 маркийн машин онхолдсон байсан. Автомашин хажуу талаараа тогтсон байсан ба хойд хаалгаар нь 1 залуу гарах гэж байхад нь туслаад гаргасан. Жолооны ард 1 эмэгтэй хүн байсан ба ухаан алдсан байсан, тэр хавьд баахан хүмүүс хүрч ирээд бид нар машиныг түлхэж 4 дугуйн дээр нь босгосон. Жолоочийн хажууд сууж явсан хүний толгойноос аймаар их цус гарсан байсан. Тэгээд би их цус хараад дотор муухай оргиод явчихсан. Тэгээд хүй 7 худаг дээр гулгаж байгаад буцаад явж байхад цагдаа ирсэн байхаар нь би зогсож буугаад цааш явсан. ... Миний бодлоор тэр машин жолоогоо алдаад өнхөрсөн байх. ...” гэх мэдүүлэг /1 хх 229-230 х/,

 

           8.Гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Э нь эхээс дөрвүүлээ дээрээ нэг ахтай, доороо хоёр эрэгтэй дүүтэй айлын дунд хүүхэд байгаа юм. Одоо Т.Э нь ээж Ж, хойд аав Энхамгалан талийгчийн ихэр дүү Энхамгалан, өөрийн 4 настай хүү Төгөлдөр нарын хамт Төв аймгийн Заамар сумын 3-р баг Хайлааст 2-р гудамж 23 тоот хашаанд монгол гэртэй амьдарч байгаа. Т.Эын ээж Ж эрхэлсэн тодорхой ажилгүй, хойд аав Энхамгалан нь ажилгүй, дүү Энхамгалан нь одоогоор эрхэлсэн ажилгүй гэртээ байгаа. Эын ээж, аав нь хувиараа Заамар сумын нутагаар шороо ухаж алт хайх ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг юм. Т.Э нь Налайх дүүргийн 1-р 10 жилийн сургуулийг 2010 онд төгссөн ба энэ үед манайд Налайх дүүрэгт амьдардаг байсан. 10 жилийн сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн газар зохион байгууллатын ангид суралцаж байгаад 2013 онд 3-р курст байхдаа төлбөрөө төлж чадалгүй сургуулиасаа чөлөө аваад гарсан ба буцаж сургуульдаа сураагүй. Тэгээд 2014 оноос Төв аймгийн Заамар суманд амьдарч байсан ба Улаанбаатар хот руу ирж очоод явдаг байсан. 2016-2017 онд нэг хэсэг Улаанбаатар хотод караоке бааранд зөөгч хийж найзтайгаа түрээсийн байранд амьдарч байсан. Тэгээд буцаад 2017 онд Заамар суманд ээж, аавтайгаа амьдарч байсан. Одоо Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүүхдээ хараад гэртээ байж байгаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 231 х/,

 

               9.Шинжээчийн 2016 дугаар дүгнэлт:

              1.Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Приус 20 маркийн 1305 УБУ улсын дугаартай автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

              2.Автомашины урд бамбай байхгүй, автомашины зүүн, баруун тал бүхэлдээ зурагдаж хонхойсон, баруун урд талын хаалга, баруун хойд талын далбаан дээр байрлах цонхны шилнээс бусад хаалга болон урд салхины, далбаан дээр байрлах цонхны шил хагарсан. Дээвэр шахагдаж хэлбэр дүрсээ алдсан. Тээшний таг гажсан. Зүүн талын аюулгүйн хийн дэр задарч гарсан. Хөдөлгүүрийн арьс сэтэрсэн, тосны тэвшний ирмэг гулзайсан, баруун хойд талын эргэх нударга гулзайсан, зүүн талын доод гар болон жолооны хөндлөн татуурга гулзайсан зэрэг гэмтлүүдтэй байна

              3.Автомашинд үүссэн гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй.

              4.Нөлөөлөхгүй.

              5.Автомашин тоормосны шингэн дамжуулгатай, тоормосны АВS системтэй байна. Урд тэнхлэгийн тоормосны механизм ажиллаж байна. Хөдөлгүүр асаж автомашин явах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй байна.

            6.Тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно. гэх дүгнэлт /1 хх 234-236 х/,

             10.2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

            1....улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

             2.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

            3.Тоормосны мөр бүрэн гараагүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй. ...” гэх магадлагаа /2 хх 17 х/,

 

              Шинжээчийн 191 дүгээр дүгнэлт.

              Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош:

              1.Авто ослын хавсарсан гэмтэл: Гавлын дух, зулай, суурь ясны урд хонхор, самалдгийн дээд ханыг хамарсан олон сэлтэрхий бүхий далд хугарал. Суурь ясны 2 талын дунд хонхор, Турк эмээл, суурь ясны 2 талын арын. хонхрыг хамарсан хугарал. Тархины няцралт. Тархины аалзан бүрхүүлиг* доорх цус харвалт. Зүүн шуу, богтос ясны далд зөрөөтэй хугарал.

            2.Амьсгалын дээд зам дахь цус алдалт. Амьсгалын зам гадны биетээ|. /цусаар/ бөглөрөлт. Ходоодон дахь сул цус. Дотор эрхтнүүдийн холбоос 41 дагасан зөөлөн эд дэх цус хуралт. Тархи, уушгины хаван. Дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хямрал.

             3.Дагзны баруун доод хэсгийн хуйхны хууларсан шарх. Дух, баруун хацар, шанаа, зүүн эгэм, мөр, зүүн тохой, шуу, бугуй, сарвууны зөөлөн эдийн няцралт, зулгаралт, цус хуралт. ...” гэх онош /1 хх 248-249 х/

           12.Шинжээчийн 191 дүгээр дүгнэлт.

            1.Б.Эын   цогцост  хийсэн   Шүүх   эмнэлгийн   задлан  шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ.

            3.Б.Эын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

            4.Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн гавал тархины /амь насыг аврах боломж муутай/ гэмтлийн улмаас нас баржээ.

            5.Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.

            6.Б.Э нь АВО системээр Ва ( III ) бүлгийн цустай байжээ. гэх дүгнэлт /1 хх 248-249 х/,

 

           12.Шинжээчийн 158 дүгээр дүгнэлт.

1.Б.О биед хүзүүний 5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 5-р нугалмын зүүн талын нуманд ташуу зөрүү багатай хугарал, хүзүүний 4-6-р нугалмын түвшинд нугасны эдэд цус хуралт, няцрал, зүүн гарын шуу ясны далд хугарал, зүүн гарын шууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл учирчээ.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

            3.Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /2 хх 2 х/,

 

           13.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /1 хх 7 х/

           14.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 9-17, 21, 188-193,  237-246, 250 х, 2 хх 1 х/

           15.Хохирлын баримтууд /1 хх 93-149, 156-172, 185-210 х, 2 хх 93-115 х/

16.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 32 х/

17.Т.Эын  иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх 37 х/

18.Т.Эын  жолоочийн лавлагаа /2 хх 38 х/

19.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 39 х/

20.Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /2 хх 40 х/

21.Т.Эын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 хх 42 х/

22.Т.Э өрх толгойлон амьдардаг тухай багийн засаг даргын тодорхойлолт /2 хх 36 х/

           23.Т.Эын хувийн байдлын тодорхойлолтууд /2 хх 41-44 х/

           24.Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2 хх 45 х/

           25.Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хх 46, 47 х/

           26.Хохирол төлсөн баримтууд /2 хх 55-61 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.Эын хэрэг үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

  Т.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 50 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдон автомашинд сууж явсан зорчигч Б.Эын амь насыг хохироож, зорчигч Б.О эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Т.Эын “...Машин баруун талын 2 хаалга хэсгээрээ тогтсон байсан ба би болон зорчигч нар машин дотор сууж байсан. Тэгээд тэр хавьд байсан хүмүүс ирээд машиныг түлхэж дөрвөн дугуйн дээр босгож би машин дотроос гарсан. Тэгээд манай дүү Э ухаангүй байсан ба амнаас нь цус гарч байсан ба дүүгийнхээ бүсийг тайлаад Тг дуудаж дүүгийнхээ толгойг боолгуулсан. О хойд суудалд сууж байсан ба эгчээ миний хөл хөдлөхгүй байна гээд тэнд байсан хүмүүсийн хамт Ог машинаас гаргасан. ... Би өөрийн буруугаа ухамсарлан ойлгож байгаа миний гэм буруугаас ийм зүйл болсонд маш их гэмшиж байгаа өөрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 119-120 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

             Насанд хүрээгүй хохирогч Б.О “... автомашин баруун талаараа тогтсон байсан ба би машин дотор байсан, тэнд байсан хүмүүс ирж машиныг түлхэж дөрвөн дугуйн дээр нь босгоод жолооч болон миний хажууд сууж байсан хүүхэд машинаас гарсан. Би босох гэтэл босч чадахгүй байсан ба тэнд байсан хүмүүс намайг машинаас гаргаад дээш нь харуулаад хэвтүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 35-37 х/,

Гэрч Б.Тн “... Улаанбаатар хот луу 15 цаг өнгөрч байхад орж ирээд СХД-ийн 32 дугаар хороо Эмээлтийн зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй буюу Улаанбаатар хот чиглэлтэй замын 1 дүгээр эгнээгээр багцаагаар 80 орчим км цагийн хурдтай явж байтал гэнэт машин шарваад л тас няс гээд л явчихсан нэг сэртэл машин замын баруун гар талд жолооч бид 2-ын талаар онхолдсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 224 х/,

              Гэрч Б.Мын “...Эмээлтийн замд явж байтал эсрэг урсгалд 1 машин, замын хажууд тоос шороо манараад нэлээн хэд эргэлдэж онхолдсон. ... Автомашин хажуу талаараа тогтсон байсан ба хойд хаалгаар нь 1 залуу гарах гэж байхад нь туслаад гаргасан. Жолооны ард 1 эмэгтэй хүн байсан ба ухаан алдсан байсан. Тэгтэл тэр хавьд баахан хүмүүс хүрч ирээд бид нар машиныг түлхэж 4 дугуйн дээр нь босгосон. Жолоочийн хажууд сууж явсан хүний толгойноос аймаар их цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 229-230 х/,

            Шинжээчийн 191 дүгээр дүгнэлт.

            1.Б.Эын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ.

            3.Б.Эын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

            4.Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн гавал тархины /амь насыг аврах боломж муутай/ гэмтлийн улмаас нас баржээ.

            5.Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.

            6.Б.Э нь АВО системээр Ва ( III ) бүлгийн цустай байжээ. гэх дүгнэлт /1 хх 248-249 х/,

            Шинжээчийн 158 дүгээр дүгнэлт.

 1.Б.О биед хүзүүний 5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 5-р нугалмын зүүн талын нуманд ташуу зөрүү багатай хугарал, хүзүүний 4-с 6-р нугалмын түвшинд нугасны эдэд цус хуралт, няцрал, зүүн гарын шуу ясны далд хугарал, зүүн гарын шууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл учирчээ.

             2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3.Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

             4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

             5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлеөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /2 хх 2 х/,

             2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

             1....улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

             2.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

            3.Тоормосны мөр бүрэн гараагүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй. ...” гэх магадлагаа /2 хх 17 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

          

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас автомашинд сууж явсан зорчигч Б.Эын амь насыг хохироож, зорчигч Б.О эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх  Прокурорын дүгнэлтийн талаар:

            Т.Э нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, нэг хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангах гол шалгуур нь Т.Эын автомашин жолоодож явахдаа хийсэн дүрмийн бус үйлдэл, хохирогч Б.О эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Б.Эын амь нас хохирсон хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, болгоомжгүй үйлдэл, хор уршиг цаг хугацааны хувьд дараалсан шинжтэй байж, уг үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Т.Э замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж яваагүй үйлдлээс Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалт зөрчигдөж осол гарснаас Б.О эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Б.Эын амь нас хохирсон болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хууль бус үйлдэл, түүний улмаас үүдэн гарсан хор уршиг хоёр шууд шалтгаант холбоотой, мөн хохирогч Б.О эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хохирогч Б.Э “... авто ослын улмаас үүссэн гавал тархины /амь насыг аврах боломж муутай/ гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэх дүгнэлт /1 хх 248-249 х/ зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т зааснаар: “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Т.Э нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

Болгоомжгүй гэдэгт: Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан болохыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг.

 

Т.Э автомашин жолоодож явахдаа замын хоёр хажуу хэсгээр цастай, хальтиргаатай замд хурдаа зөв тохируулж явах ёстойг ухамсарласан, хурд ихтэй явбал хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч өөртөө найдан замын нөхцөл байдлыг тооцоолж хурдаа зөв тохируулж яваагүйгээс онхолдож автомашинд сууж явсан зорчигч Б.Эын амь насыг хохироож, зорчигч Б.О эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршигт хүргэжээ гэж  дүгнэх боломжтой.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч Д.Өлзийсайхан: Шүүгдэгч Т.Э 4 настай хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд тооцож өгнө үү? гэх асуудлын талаар:

Шүүгдэгч Т.Э бага насны буюу 4 настай хүүхэдтэй /2 хх 42 х/, өрх толгойлсон эмэгтэй /2 хх 36 х/ болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч дээрх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ...”-д хамруулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах нөхцөл байдал болгон үзэх үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

 

            Шүүгдэгч Т.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүний амь нас хохироосонтой холбоотой гарсан зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн, хүнд хохирол учирсан хохирогч Б.О эмчилгээнд гарсан болон цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуульд заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байна гэж шүүх үзсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 04 жилээр тогтоож, хохирогч Б.О эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгах талаар гадаад, дотоодод эмчлүүлсэн бүх зардлыг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Т.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан болно. 

            Насанд хүрээгүй хохирогч Б.О хууль ёсны төлөөлөгч А.Д эмчилгээний зардалд 10,690,203 т, шатахууны зардалд 1,682,800 т, хувцасны үнэ 533,000 т, таксины төлбөр 35,000 т, ломбарднаас авсан зээл 7,000,000 төгрөг, уг зээлийн нийт 06 сарын хүү 1,350,000 т, Улаанбаатар хот дахь байрны түрээсийн төлбөр 3,362,556 т, хоёр хонь худалдаж авсны төлбөр 360,000 т, өмнө банкнаас авсан зээлийн хүү 3,244,800 т, нийт 28,448,359 төгрөг нэхэмжилснээс эмчилгээний зардлын 10,690,203 төгрөг, ломбарднаас зээлсэн 7,000,000 төгрөгийг тус тусад нь хохиролд оруулж нэхэмжилж байгаа боловч ломбарднаас зээлсэн 7 сая төгрөгийг  хүүхдийн эмчилгээнд зарцуулсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарласнаас үзэхэд дээрх хоёр зардлыг тус тусад нь нэхэмжлэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл ломбарднаас авсан зээлээ хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулсан гэж байгаа учраас уг хохирлыг эмчилгээний зардлаар тооцож шүүгдэгчээс гаргуулж, ломбардны зээл 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Т.Э 3,443,409 төгрөгийг төлсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 55-61 дүгээр хуудсан дахь баримтуудаар тогтоогдсон тул баримтаар тогтоогдсон нийт хохирол 28,448,359 төгрөгнөөс төлөгдсөн хохирол 3,443,409 т, давхардуулж нэхэмжилсэн 7,000,000 төгрөгийг тус тус хасахад 18,004,950 төгрөг гарч байгаа тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох.

               Шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн  дээрх зардлууд нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой, мөн түүнийг асарч сувилах, байр хоолоор хангах, такси унаагаар үйлчлэх, түүний төрүүлсэн эх нь байнга асарч сувилж байгаагаас үүдэн түүний банкны зээлийн төлөгдөөгүй хүү зэрэг нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн шууд болон шууд бус  хохирлууд тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. 

 

               Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүүхэд асарч байх хугацааны бизнесийн алдагдал, Солонгос улсад явж эмчлүүлэх зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолд тусгаж өгөхөөр шүүх шийдвэрлэсэн.

                

            Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигин овогт Тын Эыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1, 3 дахь хэсгүүд, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Т.Эд мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хуулийн 508  дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Т.Эаас 18,004,950 төгрөг гаргуулж Төв аймаг, Заамар сум, 3-р баг, Хайлааст өгөөмөр-15 гудамж 11 тоотод оршин суух ГО74120861 регистрийн дугаартай А.Дд олгож, нэхэмжлэлээс 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хүүхэд асарсан хугацааны бизнесийн орлого, хүүхдийн Солгонгос улсад явж эмчлүүлэх зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Т.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Т.Эын 834143 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ