Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1184

 

 

 

 

 

    2024          10             24                                        2024/ДШМ/1184

 

Н.Уод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

хохирогч О.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Н.Уын өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/676 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.У, хохирогч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Уод холбогдох эрүүгийн 1905 01234 0142 дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 656 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 510.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Н.У нь 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Бтэй маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт цохисны улмаас гавлын дух ясны зүүн хэсэг дэх цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Уод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уоос 100.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Бт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.900.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч О.Б нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.У давж заалдах гомдолдоо: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 676 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Цагдаагийн байгууллага намайг 5 жилийн өмнө гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж, хууль бусаар мөрдсөн бол прокурор ямар ч нотлох баримтгүйгээр намайг яллаж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс ямар ч гэрч, нотлох баримт байхгүй байхад надад ял оноосон. Өмгөөлөгч М.Өлзийцэцэг нь шүүх хуралдаанд “хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Н.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй байна” гэж маргадаг.

...Хохирогч Б цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа зураг, CD өгсөн талаар тусгасан байдаг. Гэтэл энэ зураг, CD хэрэгт байдаггүй. Анх гомдол гаргахдаа өргөлдөө дурдсан боловч энэ нотлох баримтууд огт байгаагүй, өргөдөлдөө хавсаргасан бол хүлээн авсан баримт байх ёстой. Хүлээн авсан, хүлээлгэж өгсөн баримт байхгүй талаар болон хохирогч 4-5 удаа мэдүүлэг өгөхдөө “...миний толгойн хэсэгт (юугаар цохисныг сайн санахгүй) гараагаа шууд цохисон...” гэж, дахин өгсөн мэдүүлэгтээ “...Удалгүй өндөр залуу халааснаасаа гараа гаргаад миний толгойны зүүн хэсэгт цохисон, ...Надтай маргалдсан 2 залуугийн нэг нь л учруулсан байх..., төмрөөр л цохисон байх..., духны дээд хэсэгт нэг удаа цохисон...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлэг өгсөн талаар шүүх хурал дээр өмгөөлөгч маань олон удаа ярьсан.

Мөн гэрч М.Н “Б 2 залуутай маргалдаад хоорондоо ноцолдож байсан. 174 см өндөртэй залуу манай найзын толгойны зүүн ар талын хэсэг рүү цохиж газарт унагаасан...” гэж цагдаад мэдүүлдэг.

Харин шүүх хуралдаан дээр “цохисныг нь хараагүй, ...хохирогчийн толгойн зүүн хэсэг гэмтсэн байсан учраас би зүүн хэсэгт цохисон” гэж хэлсэн. Тэгэхээр хохирогч л зөвхөн намайг цохисон гэж гүтгээд байгаагаас өөр намайг цохисон гэх ямар ч баримт байхгүй байтал шүүх надад 2 жилийн хорих ял оноосонд маш их гомдолтой байна.

Шүүх хурал дээр миний зураг, хаяг, утсыг хаанаас олсон талаар хохирогчоос асуухад “...фейсбүүкийн хуурамч хаягаас олсон” гэдэг. Хуурамч хаягаас намайг зааж өгсөн зураг, хохирогчийн худлаа мэдүүлгээр надад ял оноож байгаа нь шүүх дэндүү шударга бусаар хэрэг шийдсэнийг харуулж байна.

Хохирогч гээд байгаа хүнийг зодсон гэх өдөр би гэртээ байсан. Манайх бичил хороололд байдаг. Бага насны хүүхэдтэй, орой тараад гэртээ л харьдаг. Би 10 дугаар хороололд баар караокед орж байсан удаа байхгүй. Хотын төвд ажилтай, бичил хороололд гэртэй хүн тэнд ямар шалтгаанаар явах юм бэ?. Би энэ талаар шүүх хурал дээр хэлсэн.

Ямар ч буруугүй байж байгаад гэнэт л гэмт хэрэгтэн болж байгаад үнэхээр гайхаж, бас гомдож байна. Шүүх прокурорын ялласан зүйл анги үндэслэлтэй байна гэж хэлсэн. Харин манай өмгөөлөгчийн тайлбар юугаар няцаагдаж байгаа, яагаад өмгөөлөгчийнх нь саналыг харгалзахгүй байгаа талаар шүүх юу ч тайлбарлаагүй. Надад хийсэн хэрэг байхгүй, маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хохирогч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн О.Б би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/676 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Тодруулбал, миний бие Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 1905012340142 дугаартай Н.Уод холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Тус хэргийг анхан шатны шүүх 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, Н.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан. Гэтэл шүүгдэгч Н.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хувьд шөнийн цагаар надаас “Ломбард ажиллаж байгаа юм уу” гэж асуугаад “мэдэхгүй байна” гэж хэлсний төлөө буюу үл ялих зүйлээр шалтаглан зодож, “Гавлын дух ясны зүүн хэсэг дэх цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, дух зүүн орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл учруулсан, түүнээс шалтгаалан тархиндаа оёдол тавиулж бие сэтгэл болон гоо сайхнаараа хохирохын зэрэгцээ, өнөөдрийг хүртэл тархины өвчин бүрэн эдгэрээгүй, толгой өвддөг зовуурьтай болсон. Түүнчлэн шүүгдэгч нь хувийн байдлын хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хохирол төлбөр төлөөгүйгээс гадна урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байснаас дүгнэхэд хийсэн хэрэгтээ гэмшихгүй, нийгэмшихгүй байгаа гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай. Шүүхээс тухайн ялын төрөл хэмжээг тогтоохдоо дээрх нөхцөл байдлыг харгалзан ялын хэмжээг хуулийн үндэслэл бүхий тогтоох учиртай байтал илтэд үндэслэлгүйгээр ялын доод хэмжээ болох 2 жилийг оногдуулж, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хорих ял эдэлсэнд тооцсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. 2015 оны Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагын зорилгыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь зорилгодоо нийцээгүй буюу хохирогч миний зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй, мөн гэмт хэрэг үйлдсэнд нь цээрлүүлж чадаагүйд иргэн О.Б миний бие маш их гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/676 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

Уг хэрэгт шүүгдэгчээс зураг бүхий нотлох баримттай холбоотойгоор бодит байдлыг гуйвуулж гомдол гаргасан байна. Яригдаад байгаа зураг нь тухайн үед надтай хамт явсан гэрч Нгийн авсан зураг юм. Анхан шатны шүүх хуралдаанд ийм байдлаар оролцож, мэдүүлэг өгсөн. Буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.” гэв.

Хохирогч О.Бийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн зүгээс ямар ч нотлох баримт байхгүй гэдэг байдлаар гомдол гаргасан байна. Хэрэгт тухайн үед хамт явж байсан Нгийн мэдүүлэг бий. Гэрчээс таньж олуулах ажиллагааг явуулж, таньж олуулсан баримт мөн бий. Уг ажиллагааг явуулахдаа маргаантай байсан учраас онцгой байдлаар буюу хүмүүсийн байрлалыг 2-3 удаа өөрчилж “Таны найзыг цохисон хүн хаана байна вэ” гэж асуухад “Тодорхой байна, 2 дугаартай хүн байна” гэж удаа дараа заасан. Үүнийг үгүйсгэн няцаасан нотлох баримт хэрэгт цуглараагүй учраас гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Харин анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй нөхцөл байдлууд харагдсан. Тодруулбал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдоогүй, урьд нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогдож байсан. Мөн шүүх тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн бага ялыг оногдуулах болсон үндэслэлээ заах ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг торгох болон 2-8 жилийн хорих ялтай бөгөөд шүүх хорих ялыг сонгохдоо хамгийн багаар оногдуулж, Өршөөлийн хуульд хамруулсан. Хамгийн бага ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, хохирол, хор уршгаа нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан бол шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болох байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн хууль зүйн дүгнэлтэд энэ байдлыг ямар байдлаар тогтоож, улсын яллагчийн дүгнэлтийг яагаад хүлээж аваагүй талаараа хангалттай дурдаагүй байна. Энэ нь шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын дүгнэлт бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой уялдахгүй байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Түүнчлэн, хүнд гэмтэлтэй холбоотой асуудал хүнийг эд, эрхтэнээс нь салгах, буцаад хэвийн амьдралдаа орох боломжгүй болгох зэргээр янз бүр байдаг. Хэрэгт гаргаж өгсөн Гэмтлийн эмнэлгийн эмчийн мэс заслын тэмдэглэлээр 5 ширхэг шүрүүпээр гадны биетийг толгойд нь бэхэлж суулгасан. Тиймээс хүний зөрчигдсөн эрхийг харгалзаж үзнэ үү. Гадны биет орлуулж, толгойныхоо хэсэг яснаас салсан байдалтай байна. Хүнд гэмтэл хугарч эдгэрэх, эсхүл амьдралын чанарт нөлөөлөх нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх харгалзаж үзнэ үү.” гэв.

Шүүгдэгч Н.Уын өмгөөлөгч М.Өлзийцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах гэж байгаа боловч ямар үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхой бус. Агуулгыг нь харвал анхан шатны шүүх шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан гэсэн байна. Миний үйлчлүүлэгч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгуулах гэсэн байр суурьтай гомдол гаргасан учраас хохирогчийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн саналыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоож, ял шийтгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг. Энэ хэрэгт уг хуулийн зорилгыг хангаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан буюу  5 жил мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд цуглуулсан нотлох баримт шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал, Н.У тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх “Монголиан траффик” нэртэй фэйсбүүк группт зар тавьсны дагуу олж авсан зураг, уг зургаа мөрдөгчид үзүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэдэг. Гэтэл үнэхээр групп дээрээс зургийг нь олсон бол зартай холбоотой асуудлыг мөрдөгч шалгаагүй. Хохирогч хуурамч хаяг нээж асуусан гэдэг бөгөөд хэрэв хуурамч хаягаас бичсэн бол чат нь үлдэх ёстой. Гэтэл энэ талаар ямар ч баримт байхгүй. Тиймээс энэ нь анхнаасаа ийм баримт байгаагүй, хуурамч болохыг харуулж байна. “Монголиан траффик” группт “Энэ хүнийг таних уу” гэсэн зар тавьсан гэж мэдүүлдэг учир тухайн групп дээр бичсэн зар нь байх ёстой. Гэтэл тийм зар байхгүй, ямар мессеж бичсэн нь ч тодорхойгүй. Энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Хохирогчийн өмгөөлөгч таньж олуулах ажиллагааг онцлогтой явуулж, зургуудын байрлалыг сольсон гэдэг. Гэтэл зургийг гаргаж өгсөн хүн нь Н тул өөрийнхөө гаргаж өгсөн зургийг заана. Тиймээс таньж олуулах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй. Мөн зураг дээрх малгай, куртик нь хавар, намрынх байдаг ба хэрэг 02 дугаар сард өвлийн идэр есийн хүйтэнд болсон гэдэг. Идэр есийн хүйтэнд хүн нимгэн куртиктэй явах уу. Мөн Баянгол дүүргийн прокурорын газраас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Н.Уыг яллагдагчаар татсан. Хэрэг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гарсан. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 20 хоногийн өмнө яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах гээд эзэнгүй болсон хэргийг Н.Уод тохож, ял шийтгэл оногдуулсан. Н мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Толгойных нь зүүн хэсэгт цохисон” гэж хэлсэн бол шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Толгойныхоо зүүн талыг бариад суусан байсан учраас би зүүн талд нь цохисон юм байна гэж бодсон” гэж тайлбарласан. Цохиулаад унасан эсэх, тухайн үед Н.У байсан эсэх талаар ямар ч нотлох баримт байхгүй. Ял шийтгэл оногдуулах гэж байгаа бол нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх ёстой. Ийм учраас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д тус тус зааснаар гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Н.Уод холбогдох хэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч анх 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үл таних хоёр этгээд миний биед халдсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үүний дараа 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Хоёр хүн байсан, хоёр залуутай маргалдахад аль нэг нь миний биед халдаж цохисон” гэдэг. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр энэ талаараа хөдөлбөргүй мэдүүлсэн. Хохирогч өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч өөрийнхөө биед халдсан хүнийг харвал танина гэдэг. Тухайн үед хагалгаанд орсон учраас гомдол гаргаж чадаагүй. Найз Нд нь өөрийг нь цохисон хүний зураг байсан учраас уг зургийн дагуу өөрийнхөө төлөө маш уйгагүй явж, буруутай этгээд хэн болохыг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явуулсан. Улмаар гэмт хэрэг үйлдсэн этгээд Н.У болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 20 хоногийн өмнө яллагдагчаар татсан гэж байна. Гэмт хэрэг үйлдсэн болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бол 1 хоногийн өмнө ч яллагдагчаар татаж болно. Энэ нь хууль зөрчсөн ажиллагаа биш юм. Мөн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэдэг боловч хохирогчийн тууштай, хөдөлбөргүй өгч байгаа мэдүүлгийн нотлогдож байгаа байдал нь гэрч Нгийн мэдүүлэг болон түүний дарсан зураг байдаг. Тухайн үед Н туслаач гээд гуйхад хоёр залуу гүйгээд явсан тул араас нь явж зургийг нь дарсан байдаг. Хүн өөрийнхөө биед халдсан хүнийг нүдэндээ тогтоох боломжтой. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед цөмөрсөн яс, хүнд гэмтэл байна гэсэн хэрнээ шинжээч эмчийн дүгнэлтээр “Гараараа цохисноос илүүтэй 3,5 см хэмжээтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохисон байх боломжтой” гэж тогтоогдсон. Хохирогчийн 2019, 2022, 2023 онуудад өгсөн мэдүүлэг нь эргэлзээгүй бөгөөд нэг юмаар цохисон гэж мэдүүлдэг. Эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн, эсхүл эргэлзээ төрүүлэхээр ямар нэгэн нотлох баримтыг шүүгдэгч гаргаж өгөөгүй. Шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тухайн үед хэнтэй явснаа мэдэхгүй, юу хийж явснаа мэдэхгүй гэж байгаа ч хохирогчоос гаргаж өгсөн мэдүүлгийг няцаасан баримт гаргаж өгч чадаагүй. Хэрэгт яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судалж, дүгнэлт хийсэн. Иймд шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуулийн зүйл, заалт дотор оногдуулах ёстой ялыг оногдуулсан тул энэ талаар хэлэх зүйлгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч идэр есийн хүйтэнд хавар, намрын куртик, малгайтай байна гэж байхгүй гэх зүйлийг ярьж байна. Гэтэл хүн ямар ч хувцастай байж болно. Маргасан газар нь зургийг нь дарсан үйл баримт тогтоогдож байх тул Н.Уын үйлдэл нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.У нь 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Бтэй маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа цохисны улмаас гавлын дух ясны зүүн хэсэг дэх цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч О.Бийн “...юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Намайг гэнэт хэл амаар доромжлоод над руу гараа далайхад нь би гарыг нь цааш түлхсэн чинь тэр 2 хүний 170 см-ээс дээш өндөртэй нэг залуу нь миний толгойн зүүн дээд хэсэгт юугаар цохисныг нь мэдэхгүй байна, шууд цохисон. ...Намайг цохиулаад унахад найз Н нь эмнэлэг дуудсан бөгөөд намайг цохисон гэх эрэгтэйн зургийг нь гар утсан дээрээ дарж авсан ба тухайн зургийг надад 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үзүүлсэн, ...Эмнэлэгт байх хугацаандаа найзаасаа юу болсон талаар асуухад чамайг цохисон залуугийн зургийг хажуу талаас дарахад тухайн залуу уурлаад хажуудаа байсан чулууг аваад намайг цохино гэж дайрсан. Тэр хоёрт хандаж, энэ хүн чинь ухаан орохгүй байна, та нар туслаач гэхэд нөгөө хоёр залуу орон сууцны дундуур ороод зугтаад явчихсан гэж хэлсэн. Би гар утсан дээр нь байсан зургийг 2019 оны 03 дугаар сарын 09-ний өөрийнхөө утсанд татаж авсан”, “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Paparazzi Traffic Mongolia гэх нэртэй 163.000 дагагчтай группт намайг зодсон гэх залуугийн зургийг тавиад тайлбар дээр нь “энэ дуракийг мэдэх хүн байна уу?, Монголын цагдаа 3 жил хайгаад олдоггүй юм байна. Өөрөө л хайхаас даа” гэж бичиж үлдээхэд англи нэртэй хуурамч фейсбүүк хаягаас миний О.Б гэх фейсбүүк хаяг руу ...наад хүнийг чинь танина, надтай хамт бодь цамхгийн барилга дээр ажил хийж байсан У ах мөн байна, одоо яармагт барилгын заслын ажил хийж байгаа сураг байсан гэхээр нь холбоо барих дугаар, фейсбүүк нь байна уу гэж асуутал надад тухайн хүний фейсбүүк болон утасны дугаарыг өгсөн...” /хх 45-50/ гэсэн,

гэрч М.Нгийн “...174 см өндөртэй залуу манай найзын толгойн зүүн ар талын хэсэг рүү цохиж газарт унагаасан. Юугаар цохисныг хараагүй. Би очиж тухайн залуугийн зургийг гар утсан дээрээ дараад “та хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд над руу жижиг биетэй залуу нь чулуу барьж дайрахаар нь өөрийгөө гараараа хамгаалахад чулуу нь миний хажуугаар өнгөрсөн, ...Би зураг дээр байгаа эрэгтэй хүнийг Бийн толгой хэсэг рүү нэг удаа цохиж байгааг харсан. Уг хэрэг болдог өдөр би Бийн хажуу талд зогсоод уг залуучуудын маргааныг болиулах гээд оролдож байх үед зураг дээр байгаа эрэгтэй хүн Бийн толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн чинь Б газар унасан...” /хх 61, 68/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...таньж олуулах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мэдүүлэг авах 208 тоот өрөөнд өрөөний тасалгааны гэрэлд нас ойролцоо, ижил төстэй 5 хүний гэрэл зургийг А4 цаасан дээр IV хэвлэн тавьж, танигч гэрч М.Н-ээр таниулахаар тогтов. ...гэрч М.Нг мэдүүлгийн өрөөнөөс гаргаж, хөндлөнгийн гэрч нараар танигдагч нарыг байрлуулан оруулж, “та хэргийн холбогдогч этгээдийг заана уу” гэхэд, “би хараад л мэдэж байна. Хананд өлгөсөн байгаа 5 хүний 2 дугаартай хүн” гэж заав. ...танигч гэрч М.Нг мэдүүлгийн өрөөнөөс гаргаж хөндлөнгийн гэрч нараар танигдагч нарын байрлалыг сольж оруулан “та хэргийн холбогдогч этгээдийг заана уу” гэхэд “4 дугаартай хүн байна” гэснээр таньж олуулах ажиллагааг дуусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 79-82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3090 дугаартай: “...О.Бийн биед гавлын дух ясны зүүн хэсэг дэх цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2019.02.23-24-нд шилжих шөнө үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх 86/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн хохирогч О.Бийн хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний түүх /хх 104-110/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Н.Уыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Уын хохирогч О.Бтэй маргалдаж, улмаар хохирогчийн толгой хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.У “...Цагдаагийн байгууллага намайг 5 жилийн өмнө гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж, хууль бусаар мөрдсөн бол прокурор ямар ч нотлох баримтгүйгээр намайг яллаж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс ямар ч гэрч нотлох баримт байхгүй байхад надад ял оноосон. Ямар ч буруугүй байж байгаад гэнэт л гэмт хэрэгтэн болж байгаад үнэхээр гайхаж, бас гомдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн,

хохирогч О.Б “...анхан шатны шүүхийн шийдвэр нь зорилгодоо нийцээгүй буюу хохирогч миний зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй, мөн гэмт хэрэг үйлдсэнд нь цээрлүүлж чадаагүйд иргэн О.Б миний бие маш их гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/676 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хохирогч О.Б нь хаана, хэзээ, хэрхэн бусдад зодуулсан, уг хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирсон нөхцөл байдлын талаар, түүнчлэн хамт явсан М.Н нь хохирогч О.Бийг хаана, хэзээ, хэрхэн бусдад зодуулсан, зодсон хүмүүс ямар нөхцөл байдлын улмаас орхиж явсан, ямар учир шалтгаанаар зургийг нь гар утсаараа дарж, улмаар хохирогчид өгсөн, түүнчлэн уг зургийг ашиглан шүүгдэгч Н.Уыг олсон талаар тус тус үндэслэл бүхий мэдүүлгүүд өгсөн, уг мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Уод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд дээрх байдлаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно.” гэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан ... хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж тус тус заасны дагуу Н.Уод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хохирлыг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд буюу 100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, цаашид гарах хохирлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж, мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж тус тус заасанд үндэслэгджээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.У, хохирогч О.Б нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/676 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Б, шүүгдэгч Н.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР