Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00651

 

А.Ч-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/00227 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Ч-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Г-, Д.Э- нарт холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч Ш.Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ч-, хариуцагч Ш.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Арцатын амны 18 дугаар гудамжны 0-00 тоот хаягт байх 1781111826 нэгж талбарын дугаартай, Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтын 0,7 га газрыг Ш.Г- болон Д.Э- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ.

Чойжамц нь Байгаль орчин аялал зуучлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зөвшөөрлөөр №0201471 дугаар бүхий гэрчилгээтэй, газар ашиглах эрхтэй, Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Арцатын амны 18 дугаар гудамжны 0-00 тоот хаягт байх 0,7 га газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглахаар зөвшөөрлөө авсан. Уг газрыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулах барилга, газрын сайжруулалтын ажил эхлэх гэтэл хариуцагч этгээд Ш.Г- болон Д.Э- гэх 2 иргэн газар эзэмших гэрчилгээгүй боловч эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр дур мэдэн тус тусын гэрийг барин амьдарч байна.

Ш.Г-, Д.Э- нартай уулзаж газрыг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочин цааргалсаар өнөөдрийг хүрлээ. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга болон дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрх бүхий этгээдүүдэд хандахад Ш.Г- болон Д.Э- нарт газар чөлөөлөх тухай шаардлагыг тавьсан боловч үл тоон биелүүлээгүй. Намар тухайн газартаа аялал зуучлалын зориулалттай барилгын ажлыг эхлүүлэхээр хамтрагч байгууллагатай төлөвлөсөн ажлууд хүлээгдэж санхүүгийн асуудалд ороод байна.

 

2. Хариуцагч Ш.Г-ийн тайлбарын агуулга:  

Хан-Уул дүүргийн 4-р хорооны ажилтан Л-гийн зөвшөөрлөөр анх 2012 онд буусан. Анх энд буухад С гэдэг айл хүүгийнхтэйгээ байсан. Хорооны ажилтан чи өөрөө хөөцөлдөөд бичиг баримтыг нь ав гэж хэлсэн бөгөөд би холбогдох байгууллагад газар эзэмших зөвшөөрөл авахаар удаа хандсаар байтал төрийн байгууллага асуудлыг шийдвэрлэж өгөөгүй өдийг хүртэл хохироосон. Албан ёсоор хариу өгсөн зүйл байхгүй.

 

3.Хариуцагч Д.Э-ын тайлбарын агуулга:  

Анх 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн 2 дугаар буудал, амын урд талд Тэс Петролиум колонкийн урд задгай хашаанд нүүж буусан. Эзэнтэй эзэнгүй мэдэгдэхгүй, газар нь барилгын, хүнд механизм машины хог, шарилжаар дүүрсэн байсан. Би түүнийг бүгдийг нь шатааж, хүүхдийнхээ найз, нөхөд, дүү нараас тусламж гуйгаад цэвэрлэсэн. Гэтэл хогны машин задгай хог ачихгүй гэсэн тул би захаас 40 ширхэг шуудай авч, барилгын машинд ачаад 150,000 төгрөгийн хөлсийг тохирч, задгай хашааг барилгаас түлээний мод 100,000 төгрөгөөр аваад портер хөлсөлж, 20,000 төгрөгт авч, хашааг бөглөсөн. Гэтэл 1 хоногийн дараа буюу 8 сард А.Ч- гэх иргэн манай эхнэр хүүхдийг миний хашаа, эндээс хурдан нүү, дураараа буусан байна, энэ газрын эзэн гэж хэлсэн, хөөсөн байсан.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ч-ын ашиглах эрхийн гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18 дугаар гудамж 0-00 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ш.Г-, Д.Э- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г-оос улсын тэмдэгтийн хураамжинд 35,100 төгрөгийг, хариуцагч Д.Э-оос улсын тэмдэгтийн хураамжинд 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ч-ад олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч Ш.Г- давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, газар эзэмших гэрчилгээ гаргуулахаар хүсэлтийг гаргасан хэдий ч шийдвэрлэхгүй байгаа учир гомдол гаргасан талаар шүүхэд тайлбарласан.

Анхан шатны шүүх энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан боловч энэ талаарх хэрэгт авагдсан баримтгүй гэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Үүнд хариуцагч миний бие гомдолтой байна. Нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн, нотлох баримт хангалттай бүрдээгүй учир Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Миний бие тус хашааг 2012 онд хоёр дүүтэйгээ хамт барихад хог байгаагүй. Харин сүүлд Д.Э- нь хашаанд буусан хогийг нь цэвэрлэчихье гэж ярьж байсан. Ш.Г- нь танай ахынх байхад нь гуйж хашаанд бууж байсан гэж ярьж байсан. Иймд гомдол үндэслэлгүй.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч Д.Э- тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч А.Ч- нь хариуцагч Ш.Г-, Д.Э- нарт холбогдуулан

1.1. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Арцатын амны 18 дугаар гудамжны 0-00 тоот хаягт байх 1781111826 нэгж талбарын дугаартай, Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтын 0,7 га газрыг Ш.Г-, Д.Э- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

А. Хэрэгт дараах үйл баримт маргаангүй байна. Үүнд:

А.1. А.Ч- нь Хан-Уул дүүргийн Богдхан уулын Арцатын ам гэх газарт 700 м.кв газрын ашиглах эрхийн зөвшөөрлийг Байгаль орчин аялал зуучлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн А/283 дугаар тушаалаар авсан талаарх №0201471 дугаар бүхий гэрчилгээ авагджээ. /хх7/

 

А.2. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18 дугаар гудамжны 0-00 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ш.Г-, Д.Э- нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт Д.Э- давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

А.3. Хариуцагч Ш.Г-, Д.Э- нар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй талаар тайлбарласан. /хх24/

 

В. Зохигчид дараах асуудлаар маргажээ. Үүнд:

В.1. Нэхэмжлэгчийн газар чөлөөлүүлэх шаардлагын эсрэг хариуцагч Ш.Г- “дээрх газар дээр оршин суудаггүй” гэж тайлбарлаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын амны 18/1 гудамжны 15 тоотод оршин суудаг талаар хорооны засаг даргын тодорхойлолтыг хэрэгт ирүүлжээ. /хх19/

 

Хэргийн баримтаас үзэхэд хэдийгээр А.Ч- нь Хан-Уул дүүргийн Богдхан уулын Арцатын ам гэх газарт 700 м.кв газар ашиглах эрхтэй, №0201471 дугаар гэрчилгээтэй ч уг 700 м.кв газрынхаа хаягжуулалт, байршил, кадастрын зураглалыг нарийн гаргуулж баталгаажуулаагүйгээс түүний эзэмшлийн газар дээр Ш.Г-, Д.Э- нар гэр барин амьдарч байгаа гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдоогүй байна.

 

Иймд Ш.Г-, Д.Э- нарын гэрээ барин амьдарч байгаа газар нь нэхэмжлэгч А.Ч-ын эзэмших эрхтэй газартай давхцаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллага, газрын албаар тогтоолгосон баримт хэрэгт авагдаагүй, давж заалдах шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж хариуцагч Ш.Г-ийн “нотлох баримтыг бүрэн үнэлээгүй” талаарх гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/00227 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ш.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД