| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2018/00074/И |
| Дугаар | 148/ШШ2018/00077 |
| Огноо | 2018-02-21 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 148/ШШ2018/00077
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Г.У*******ийн нэхэмжлэлтэй Ж.Э*******т холбогдох Хувийн орон сууцны зориулалттай №******* бүртгэлтэй ******* дугаартай гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Урангуа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 онд Ж.Э*******оос 25 сая төгрөг зээлээд 35 сая төгрөгийг төлөхөөр тохиролцож 2016 оны 09 сарын01-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 465 тоот шийдвэрээр төлөхөөр шийдвэрлэгдсэн. 2017 оны 09 сарын 20-ны өдөр тус шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн 35 сая төгрөгийг бүрэн төлж дуусгасан тул ******* шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарсан юм.
Тухайн үед мөнгө зээлэхдээ Ж.Энхоригт өөрийн өмчлөлийн ******* дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байрлах хувийн 2 даьвхар амины орон сууцны гэрчилгээг барьцаалсан юм. Нэгэнт төлбөр төлж дууссан учир шүүхийн гүйцэтгэлийн газраас барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай албан тоот Улсын бүртгэлийн газарт явуулсан юм. Гэтэл Ж.Э******* төлбөрийг нь төлөөд дуусгавар болсон байхад миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгэээг одоо болтол өгөхгүй намайг хохироож байна. Тиймээс Ж.Э*******оос өөрийн өмчлөлийн хувийн орон сууц гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.Урангуа нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ... Миний бие Г******* овогтой Урангуа нь тус шүүхэд Ж.Э*******т холбогдуулан Ү-1317003726 тоот дугаартай гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ж.Э******* нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус гэрчилгээг надад гаргаж өгсөн. Бидний хооронд маргаан байхгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. /үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 хуудас хавсаргав./ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Урангуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээр батлагдаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 35100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74р зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Г.У*******ийн нэхэмжлэлтэй Ж.Э*******т холбогдох Хувийн орон сууцны зориулалттай №******* бүртгэлтэй ******* дугаартай гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 35100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН