| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0499/Э |
| Дугаар | 511 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Цолмон |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 511
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О,
Улсын яллагч Д.Цолмон,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б От холбогдох 1808006380499 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б О /РД: ....
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын ...тоотод хамтран амьдрагч Л.Рыг “худлаа ярьж гадуур тэнэлээ” хэмээн гараараа нүр лүү нь цохих, хөлөөрөө гуянд нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Л.Рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед хамтран амьдрагч О согтуу гаднаас гэртээ орж ирсэн юм. Тэгснээ намайг чи худлаа ярьж гадуур тэнэж барьлаа гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжпоод би өөдөөс нь уурыг нь дарах гээд тайлбарлаад хэлсэн чинь дахин дахин намайг гадуур тэнэлээ энэ тэр гээд үглээд байхад нь би уурлаад алгадаад авсан юм. Тэгсэн чинь намайг О үсдэж аваад гараараа нүүр лүү цохиод, хоолойг боогоод миний булчингаас базаад баруун талын хөл рүү өшиглөсөн. Тэгээд намайг тавиад эргээд харахаар нь би зугатаагаад гэрээс гараад цагдаа дуудаад цагдаад барьж өгсөн юм...би цохиж зодуулсан талаараа гэрийнхэндээ болон найз нөхөддөө хэлж байгаагүй. Би шүүх эмнэлэгт л үзүүлсэн тэрнээс өөрөөр эмнэлэгт үзүүлж харуулаагүй. ... гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг. /хх 12-13/,
2.Шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би нэг удаа хөлөөрөө хөл рүү нь өшиглөөд үснээс нь зулгаасан чинь эхнэр эсэргүүцээд тэгээд би гарынх нь бугалганаас барьсан чинь намайг цохих гээд байхаар нь би нэг удаа гараараа нүүр лүү нь цохисон. Дээрх гэмтлийг би учруулсан ...би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. ...” гэх мэдүүлэг /хх 22 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3.Гэрч Л.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би яг цохиж
зодохыг нь хараагүй зодуулсан гээд 2 хүүхдээ дагуулаад Р манай гэрт ирсэн. Тэгээд л би мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 1-17 х/,
4.Шинжээчийн 1462 тоот дүгнэлт
1.Л.Рын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун хацрьн шонтонгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалганы цус хуралт баруун шуу, 2 гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндий түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй.
6.Учирсан гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх 19 х/,
5.Аюулын зэргийн үнэлгээ “өндөр” гэх дүгнэлт /хх 43-44 х/
6.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 45-53 х/
7.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 31, 33 х/
8.Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29 х/
9.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 х/
10.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 32 х/
11.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 39 х/
12.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 40 х/
13.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 41 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын ...тоотод хамтран амьдрагч Л.Рыг “худлаа ярьж гадуур тэнэлээ” хэмээн гараараа нүр лүү нь цохих, хөлөөрөө гуянд нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Рын “...би уурлаад алгадаад авсан юм. Тэгсэн чинь намайг О үсдэж аваад гараараа нүүр лүү цохиод, хоолойг боогоод миний булчингаас базаад баруун талын хөл рүү өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг. /хх 12-13/,
Шүүгдэгч Б.Оын “...би нэг удаа хөлөөрөө хөл рүү нь өшиглөөд үснээс нь зулгаасан чинь эхнэр эсэргүүцээд тэгээд би гарынх нь бугалганаас барьсан чинь намайг цохих гээд байхаар нь би нэг удаа гараараа нүүр лүү нь цохисон. Дээрх гэмтлийг би учруулсан ...” гэх мэдүүлэг /хх 22 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээчийн 4937 тоот дүгнэлт
1.Л Рын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун хацрын шонтонгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалганы цус хуралт, баруун шуу, 2 гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.
З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
5.Учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй.
6.Учирсан гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх 14 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:
Б.Оын Л.Рыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй эсэх шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон эсэхийг тус тус шалгахад үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол: Л.Рын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Б.О түүнийг зодсоноос болсон нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Б.О хохирогчийг зодсон нь шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Б.О хуулиар тогтоосон насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.-д ..., хамтран амьдрагч ... дундааасаа хүүхэдтэй этгээд гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Б.О, хохирогч Л.Р хоёр гэр бүлийн баталгаа байхгүй ч гэсэн нэг гэр бүлд хамтран амьдардаг, дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдгээрийн өөрсдийн мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 31, 33 х/ зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Оын хамтран амьдаргч Л.Рын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Л.Р эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй болох нь хавтаст хэргийн 12-13, 65 дугаар хуудсан дахь баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Б.От холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ ахуйн хүрээнд үйлдэгдсэн, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Д овогт Б Оыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.От үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.От мэдэгдсүгэй.
5.Б.Оын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ